Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Батцэрэн |
Хэргийн индекс | 105/2016/0085/Э |
Дугаар | 307 |
Огноо | 2016-11-30 |
Зүйл хэсэг | 181.3., |
Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 307
Б.Наранбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
хохирогчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 630 дугаар магадлалтай, 201625011506 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 онд Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сар баривчлах, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт 1 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулиар эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Халх овогт Баасандамбын Наранбаатар нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Наранбаатарыг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Б.Наранбаатарын үйлдлийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Б.Наранбаатар нь санамсар болгоомжгүйн улмаас хохирогчийн биед гэмтэл учруулсан байдаг. Хэдийгээр хохирогчийн биед гэмтэл учруулсан боловч анхнаасаа түүнийг гэмтээх сэдэлт, санаа зорилго байгаагүй байтал шүүгдэгчийг урьд ял шийтгэгдэж байсан гэдгээр хувийн байдлыг дордуулан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хэргийн газрын үзлэг хийгээгүй, 66 хоногийн дараа чулууг хүлээн авч эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан, Б.Наранбаатартай хамт явсан эхнэрийг нь гэрчээр асуугаагүй зэрэг байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байтал дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн ял халдаасан нь учир дутагдалтай. Шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй. Хохирогчийг хамрын мэс засалд орсныг нотлох баримт байхгүй, зөвхөн хамрын муруй засуулсан тухай бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “Тусгайлан гаргах саналгүй” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь саналтай байна” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн жанжины 13 дугаар гудамжны 258 тоот хашааны орчим ямар ч шалтгаангүйгээр хохирогч Д.Баднагарав луу чулуу шидэж, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар яс, тархины доргилт, хамрын няцарсан шарх, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Баднагарав /хх-10/, гэрч Б.Атарцэцэг /хх-12/, Б.Алтанцэцэг /хх-14/, Б.Чулуунхүү /хх-7/, шүүгдэгч Б.Наранбаатар /хх-51, 99, 102/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4968 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-23/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Наранбаатарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Б.Наранбаатар нь олон нийтийн газар буюу гудамж талбайд, архи ууж согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр газраас чулуу авч шидэн хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, эсхүл хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Б.Наранбаатар нь олон нийтийг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 630 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН