Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00478

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2499 дүгээр магадлалтай,  

                                                                                                           

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Б-д холбогдох

Амины орон сууц захиалгаар барих гэрээний үүрэгт 31.050 ам.доллар, алданги 9.185.93 ам.доллар буюу нийт 40.235.93 ам.доллар гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Б-аас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Б- болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх өдрөөс хэтрүүлсэн 212 хоногийн алданги 793 ам.доллар буюу 1.804.701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47.378 ам.доллар буюу 107.799.620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40.094.632 төгрөг, нийт 149.698.962 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагч Ш.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандахын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Ш.Б- нь 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Б” ХХК-тай 20100428-02 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээг байгуулан, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй Санзай виллаж хотхон дахь Town house Cervina загварын THA-2/1202 дугаартай байшинг 310.500 ам.долларын үнэ өртөгтэйгөөр захиалан бариулах болсон. Нийт үнэ болох 310.500 ам.долларыг Захиалагч тал гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор төлөхөөр гэрээний 2.2-т дурдсан боловч Захиалагч тал дараах байдлаар төлсөн. Үүнд: 2010.11.05-нд 193.425 ам.доллар, 2012.02.21-нд 46.575 ам.доллар, 2012.03.21-нд 39.450 ам.доллар, нийт 279.450 ам.доллар төлсөн. Захиалагчийн хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй байсан хэдий ч тухайн захиалсан байрыг нь хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр бүртгүүлэн, улмаар газар эзэмших эрхийг нь мөн захиалагчийн нэр дээр гаргуулан өгч өмчлөх болон эзэмших эрхэд нь хүндэтгэлтэйгээр хандсан боловч үлдэх төлбөрөө барагдуулалгүй гүйцэтгэгч компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Улмаар үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч мөн л тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ш.Б- нь гэрээний зүйл болох Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2013 онд Б.Дашням гэх хүнд бэлэглэлээр шилжүүлсэн болохыг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/669 тоот албан бичгээс нэхэмжлэгч тал мэдсэн. “Б” ХХК нь Ш.Б- болон Б.Дашням нарын хооронд 2013 онд хийгдсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тул хийгддэг болно. Өөрөөр хэлбэл, Ш.Б- нь өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илэрлийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал Ш.Б-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг шаардах эрх 2011 онд үүсгэж, талууд төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан актыг 2012 оны 03 дугаар сарын 15-нд үйлдсэн байхад Ш.Б- нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй гэж урьдчилан төлөвлөж 2013 онд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлж, төлбөр төлөх үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн. Ш.Б- нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгө болох амины орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулсан 20100428-02 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрийн үлдэгдэл 31.050 ам.доллар, гэрээний 2.4-т заасны дагуу 9.185.93 ам.долларыг буюу нийт 40.235.93 ам.долларыг хариуцагч Ш.Б-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Ш.Б-, Б.Дашням нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Б- болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Б-ы шүүхэд гаргасан тайлбарт: Бид гэрээ хийж байраа авсан. Би төлбөрөө төлсөн гэж бодож байсан. Гэтэл нягтлан н.Сувдаа нь 2014 онд 10 хувь дутуу байна гэж хэлэхэд л мэдсэн. Би газрын гэрчилгээ гартал гээд 10 хувь үлдсэн гэдгийг санасан. Тэгээд, би тэгэлгүй яах вэ, би төлнө гээд мэдэгдэл өгөхөд би гарын үсэг зурдаг л байсан. Би төлнө гэж бодож байсан. н.Сувдаатай ойлголцоод явж байсан. Захиралтай нь уулзъя гэсэн боловч хүлээж аваагүй. Ам.долларын ханшаа тохиръя гэж байсан. Гэтэл шүүхэд өгсөн байна. Тэгээд нөхөртэйгөө хамт бичиг баримтаа харахад 200 м.кв гэж байснаа 172 м.кв талбайтай гэж мэдсэн. Бэлэн байшинд ороогүй, карказ худалдаж аваад өөрөө дотоод заслуудаа хийсэн. Наад захын замаск, эмульс гэх мэт ажлыг бид нар хийсэн. “Б” ХХК-д төлбөрийг зээл авч хийж байсан. Сүүлд нь н.Дашням зээл авч миний төлбөрийг төлж өгсөн. Одоо ч гэсэн зээлээ төлж байгаа. Тэгээд тэр хүний нэр дээр шилжсэн. Үүнийг дүр эсгэсэн гэх юм уу, би сайн мэдэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Б-ы сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: “Б” ХХК нь надаас гэрээний үүргийн биелэлтийг шаардахаас илүү өөрөө гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй болно. Гэрээний 3.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн гэрээний 3.7-д Барилга хүлээлцсэн тухай актыг баталгаажуулан захиалагчаар гарын үсэг зуруулснаар захиалагч талд хүлээлгэн өгсөнд тооцно гэсний дагуу Барилга хүлээлцсэн тухай актыг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талууд үйлдсэн. Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 193.425 ам.долларыг төлсөн бөгөөд гэрээний 3.3-т заасны дагуу төлөгдсөн үнийн дүнгийн 0,01 хувиар 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 212 хоногт алдангийг тооцоход 793 ам.доллар болж байгааг нэхэмжилж байна. Гэрээний 3.1-д заасны дагуу Гүйцэтгэгч биет байдлын доголдолгүй, мөн гэрээний 3.2-т заасны дагуу үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Энэхүү орон сууцыг анх Гүйцэтгэгч талаас сурталчлан санал болгохдоо захиалагчийг төөрөгдүүлсэн, биет байдлын доголдолтой хөрөнгө өгсөн болохыг миний бие 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эхний байдлаар мэдсэн. Гүйцэтгэгчийн зүгээс анх санал болгосны дагуу амины орон сууцны А блок буюу нэхэмжлэлд дурдсан Town house Cervina загварын байрыг захиалсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр энэхүү загварын сайр 196.61 м.кв болохыг мэдлээ. Иймд эд хөрөнгийн доголдолтой болох 30 м.кв талбайн зөрүү 47.378 ам.долларыг нэхэмжилж байна. Гэрээний 3.1-д заасны дагуу Гүйцэтгэгч нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй учраас Захиалагч өөрийн хөрөнгөөр байрны дотоод заслыг хийж гүйцэтгэсэн болно. Гэрээний 1.1-д гүйцэтгэгч орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан учраас 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан дотоод заслын зарим ажлуудыг 72.700.000 төгрөгөөр гүйцэтгэсэн болно. Энэхүү зардлаас гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх үүргээс хавсралтад заасан зайлшгүй шаардлагатай хийсэн ажлын зардал 40.094.632 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд гэрээний дагуу нэгдүгээрт 212 хоногийн алданги 793 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн 1 ам.долларыг төгрөгтэй харьцуулсан ханш болох 2.275.79 төгрөгөөр тооцоход 1.804.701 төгрөгийг, хоёрдугаарт 30 м.кв талбайн зөрүү болох 47.378 ам. долларыг мөн 2.275.79 төгрөгөөр тооцоход 107.799.620 төгрөгийг, гуравдугаарт зайлшгүй шаардлагатай хийсэн ажлын зардал 40.094.632 төгрөг, нийт 149.698.962 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандахын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Талуудын хооронд байгуулсан гэрээнд ямар нэг м.кв-ын асуудал яригдаагүй тул м.кв-ын зөрүүг тооцох боломжгүй. Тухайн байрыг захиалагчид бодит байдлаар үзэж танилцуулсны үндсэн дээр захиалгын гэрээ хийгдсэн. Өөрийнх нь хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр хийсэн. Ямар нэгэн тулган шаардсан зүйл байхгүй. Байрны талаар өнөөдрийг хүртэл гомдол гарч байгаагүй. м.кв-ын хэмжилт хийсэн нь хөндлөнгийн, хараат бус, шүүхийн журмаар хэмжилт хийлгээгүй учир нэг талыг барьсан, өрөөсгөл учраас тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талбайтай холбоотой асуудал гарахаар байсан бол талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэх ёстой гэж үзэж байна. Гэрээнд энэ талаар заалт байхгүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн хүн өөрийн хөрөнгөндөө хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь өөрийнх нь эрхийн асуудал. Талуудын хооронд ийм хөрөнгө оруулна гэсэн заалт байхгүй. Энэ нэг талын асуудал учир хүлээн авах боломжгүй юм. Энэ талаар нотлогддоггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Б-аас 37.862.37 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.373.56 ам.долларт холбогдох хэсэг, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Б-аас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Б- болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас 212 хоногийн алданги 793 ам.доллар буюу 1.804.701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47.378 ам. доллар буюу 107.799.620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40.094.632 төгрөг, нийт 149.698.962 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.Б-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635.977 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906.450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 541.672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2499 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “Б” ХХК-ийн Ш.Б-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31.050 ам.доллар, алданги 9.185.93 ам.доллар буюу нийт 40.235.93 ам.доллар гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Б-аас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Б- болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь, “Б” ХХК-иас 212 хоногийн алданги 793 ам.доллар буюу 1.804.701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47.378 ам.доллар буюу 107.799.620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40.094.632 төгрөг, нийт 149.698.962 төгрөг гаргуулах хариуцагч Ш.Б-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б“ ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.12.11-ний өдрийн 2499 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсэгт “...Төлбөр төлөх хугацааны талаар талууд дахин  тохиролцож 2012 оны 03 сарын 15-ны өдөр акт үйлдэж, \хх13\ гэрээнд заасан хугацааг өөрчлөн, дараах байдлаар хугацааг тогтоосон. Үүнд: Захиалагчаас гүйцэтгэгчийн дансанд 2012 оны 03 сарын 20-ны дотор 39.450 ам.долларыг шилжүүлэх, үлдэгдэл 31.050 ам.долларыг орон сууцны газар эзэмших гэрчилгээ гарсан даруйд ”Б” ХХК-ийн дансанд шилжүүлэх агуулгатай ажээ. Актанд үүрэг гүйцэтгүүлэгч “Б” ХХК-ийг төлөөлж О.Жаргалсайхан, үүрэг гүйцэтгэгч Ш.Б- нар гарын үсэг зурсан боловч үүрэг гүйцэтгэгч 39.450 ам.долларыг актаар тохирсон хугацаа хэтрүүлэн 2012.03.21-ний өдөр төлсөн бөгөөд уг актын 3-т “Дурьдсан хугацааны дотор шилжүүлээгүй тохиолдолд энэхүү актыг хүчингүйд тооцох гэж” гэж заасан тул талуудын 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дээрх тохиролцоо хүчингүй болжээ.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь үүрэг гүйцэтгүүлэгчээс 2012.03.21-ний өдөр төлсөн төлбөрийн талаар талууд маргаагүй тул талуудын хооронд байгуулсан 2012 оны 03 сарын 15-ны өдрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 2012 оны 03 сарын 15-ны өдөр үйлдэгдсэн актын талаар маргаан бий эсэх талаар давж заалдах шатны шүүхээс хуралдааны явцад тодруулах ажиллагааг огт хийгээгүй, түүнчлэн тухайн актын талаар огт маргаангүй гэдэг нь хариуцагчийн гаргасан тайлбар болон мэдүүлэгт тодорхой дурдагдсан байгааг шүүх дутуу үнэлж, хэт туйлшруулан нэг талыг барьж шийдвэрлэснээр хэргийн үнэн зөвийг тогтоох ажиллагаанд саад учруулж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхэд илтэд хууль бусаар халдсан үйлдэл болоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг 2012 оны 03 сарын 15-ны өдрөөс тооцох ёстой гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Тухайн актын 2-т зааснаар “орон сууцны газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан даруйд “Б” ХХК-ийн данс руу үлдэгдэл 31.050 ам.долларыг шилжүүлнэ” гэж заасан бөгөөд газрын гэрчилгээ 2013 оны 10 дугаар сарын 05-нд гарсан байдаг. Эндээс дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх боломжтой байх бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан нь хуулийг огт зөрчөөгүй болохыг нотолж байна. Түүнчлэн хариуцагч Ш.Б-д төлбөрийг төлөх талаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн тус мэдэгдлийг хүлээж авсан болохыг Ш.Б- нь анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрөө төлөх болохоо илэрхийлсэн гэдгээ хэлсэн байдаг. Нөгөөтэйгүүр, хариуцагч тал анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаа, төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж хүлээн зөвшөөрсөн байхад шүүгч хариуцагчийн хариу тайлбар, гомдолд огт дурьдагдаагүй үндэслэлээр хэргийг хянаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хязгаарласан хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй магадлалыг гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байгааг зохих ёсоор хянан, хуульд нийцүүлэн үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2499 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/02539 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан “Амины орон сууц захиалгаар барих гэрээ”-ний үүрэгт 31,050 ам.доллар, алданги 9,185.93 ам.доллар буюу нийт 40,235.93 ам.доллар гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Б-аас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Б- болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг барьж хүлээлгэн өгөх өдрөөс хэтрүүлсэн 212 хоногийн алданги 793 ам.доллар буюу 1,804,701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47,378 ам.доллар буюу 107,799,620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40,094,632 төгрөг, нийт 149,698,962 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр талуудын хооронд 20100428-02 дугаартай, “Амины орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдсан ба гүйцэтгэгч “Б” ХХК нь сууцыг барьж 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан захиалагч Ш.Б-д хүлээлгэн өгөх, захиалагч Ш.Б- нь сууцны нийт үнэ 310,500 ам.долларыг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон бөгөөд анхан шатны шүүх энэхүү гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин үлдэгдэл хөлс төлөх үндэслэлтэй эсэх, гэрээгээр хүлээлгэн өгсөн ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан эсэх талаар маргасан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний үүрэгт 279,450 ам.долларыг хариуцагч Ш.Б- нь төлсөн талаар талууд маргаагүй, тэрээр төлбөрийн үлдэгдэл 10 хувь болох 31,050 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний дагуу захиалагч барилгын үндсэн хийц, элементүүдийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авсан тухай актыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүрдүүлсэн байх бөгөөд ажлын үр дүнг Ш.Б-ы нөхөр З.Пүрэвжав хүлээн авч гарын үсэг зурсан тухайд маргаагүй.

Талууд үлдэгдэл төлбөр 70,500 ам.долларыг хэрхэн төлөх талаар дахин тохиролцож 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж, төлбөр төлөх хугацааг 1/.Захиалагчаас гүйцэтгэгчийн дансанд 2012 оны 03 дугаар сарын 20-ны дотор 39,450 ам.долларыг шилжүүлэх, 2/.Үлдэгдэл 31,050 ам.долларыг орон сууцны газар эзэмших гэрчилгээ гарсан даруйд “Б” ХХК-ийн дансанд шилжүүлэх, 3/.Дурдсан хугацааны дотор шилжүүлээгүй тохиолдолд энэхүү актыг хүчингүйд тооцохоор хүсэл зоригоо илэрхийлж, “Харилцан тохиролцсон акт” нэртэй баримт үйлдэж, гарын үсэг зурцгаажээ.  

Захиалагч Ш.Б- нь дээрх актын эхний хэсэгт заасан төлбөр болох 39,450 ам.долларыг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэгчид төлсөн, харин уг актын хоёр дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгэгч тал биелүүлснээр 000468660 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан боловч захиалагч нь үлдэгдэл 31,050 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  хөөн хэлэлцэх хугацааг  захиалагчаас ажлын үр дүнг хүлээн авсан 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс тоолсныг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д нийцсэн гэж үзэхгүй бөгөөд талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн “Харилцан тохиролцсон акт”-ын агуулга буюу талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар тайлбарлаагүйгээс магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн “Харилцан тохиролцсон акт”-ын хоёр дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгэгч тал биелүүлсэн болох нь “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан тухай баримт хэрэгт авагдсан ба  энэ өдрөөс захиалагч Ш.Б- нь  31,050 ам.долларыг гүйцэтгэгч талд төлөх үүрэг үүссэн хэдий ч энэ үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч шаардах эрхээ алдаагүй, тэрээр 2016 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймээс хариуцагчаас үлдэгдэл төлбөр 31,050 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2.4-т заасан нөхцлөөр тооцож хариуцагчаас алдангид 6,812.37 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна. 

Талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн “Харилцан тохиролцсон акт”-аар гэрээний төлбөр төлөх нөхцлийг өөрчилсөн буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй энэ “акт”-д алданги төлөх талаар тохиролцоогүй учраас нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй гэж дүгнэн, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.  

Харин улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Б-аас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, өмчлөгч нь Ш.Б- болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д нийцсэн гэж үзнэ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний хугацаа хэтрүүлсний алданги, ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Хэргийн 84-96 дугаар талд авагдсан барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн зааж буй доголдол гэх зүйл нь амины орон сууцны дотоод тохижилттой холбоотой байх ба уг байшингийн газартай салшгүй хэсэг болсон үндсэн хийц, бүрэлдэхүүн хэсэгтэй хамааралтай гэж үзэхэд учир дутагдалтай, үүнийг нотолсон баримт, экспертизийн комиссын дүгнэлт байхгүй тул барилга, байшингийн дутагдалтай холбоотой гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг хамааруулах боломжгүй юм.

Хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, тэрээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлээ гаргасан ба шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, 31,050 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, хариуцагчаас 62,936,176 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2499 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “37,862.37 ам.долларыг” гэснийг “62,936,176 төгрөгийг” гэж, “2,373.56 ам.долларт” гэснийг “18,619,237 төгрөгт” гэж, 3 дахь заалтын “541,672” гэснийг “472,630” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 617,500 /зургаан зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН