Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 533

 

 

 

 

 

 

 

    2020          5             26                                      2020/ШЦТ/533       

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Эрдэнэчимэг, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

  улсын яллагч Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Х.Алтанчимэг,

  шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

    

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ын Бд холбогдох эрүүгийн ... тоот, 2 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Х овогт Ж-ын Б.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоотод оршин суух гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өглөө эрт ажилдаа яваад орой гэртээ харих замаараа талийгаачийн гэрээр орж асуухад байхгүй байсан. Тэгээд би гэртээ ирээд байж байтал орой 20 цагийн үед Б-ын охин О утасдаад аав танайд очно гэж байна, та гэртээ байж байгаарай гэж хэлсэн. Гэр галгүй хүйтэн байсан. Би дэлгүүрээс нүүрс аваад иртэл Б- манай гэрт нилээд халамцуу байдалтай сууж байсан. Надаас уух юм байна уу гэж асуусан. Манай гэрт 0.75 л архи байсан. Тэр архийг хоёулаа уусан. Би С.Б-ыг чи нилээн муудсан байна хоноод яв гэсэн. Гэтэл Б- хонохгүй гээд бид хоёр маргасан. Хэсэг маргалдаж байгаад бид хоёр үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. Бид хоёр хоёулаа согтсон байсан. Миний санаж байгаагаар Б- явлаа гээд манай гэрийн хаалга саваад гарсан. Би согтуугаар унтаад үлдсэн. Өглөө С.Б-ын эхнэр над руу залгаад “Б- танайд байна уу” гэж асуусан. Би тэр үед манайд хоноогүй, гэртээ очоогүй юм уу гэж хэлээд би сэрсэн. Тэгээд би найз М руу залгаж С.Б- танайд очсон уу гэж асуухад, цаадах чинь гэр амьтай хүн гэртээ харьсан байх гэсэн. Тэгээд байж байтал хоёр цагдаа орж ирээд та хоёр юм уусан уу гэж асуухад нь би уусан гэсэн. Та зодсон гээд хэлчих харилцан зодолдсон гээд хэлчих гэж байсан. Тэгээд тэр үгийг нь давтаад хэлтэл утсан дээрээ бичлэг хийж авсан байсан. Тэгээд тэр цагдаа нар намайг хувцсаа өмс хэлтэс орж мэдүүлэг өг гэсэн. Тэгээд цагдаа надаас хохирогч хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэмтлийн эмнэлэгт байна гэсэн гэж хэлсэн. Тэгээд намайг авч гаргаад та хаана байсан хаанаас яаж түлхсэн гэж асуусан. Би бүгдийг нь хэлсэн. Тэгтэл намайг битгий худлаа яриад бай гэсэн. Гэрийн гадаа баахан цус байсан. Шүүх эмнэлэг, прокурор зэрэг газруудаар явж байгаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирэхэд манай гэрийнхэн ирсэн байсан. Тэгээд би С.Б-ын бие яаж байна гэж асуухад нас барсан гэж хэлсэн. Тэгээд надаас яллагдагчаар байцаалт авсан. Та өмгөөлөгч авах эрхтэй гээд надад нэг нэрийн хуудас өгсөн. Би тэр үед нь хэлж байсан. Мэдүүлэг өгч чадахгүй байна. Шоконд ороод гар салгалаад байна гэж хэлж байсан. Та аяга ус уучих гээд надад ус өгсөн. Мэдүүлэг өгөхдөө би ямар ч зодоон болоогүй, бид нар 10 гаруй жил нөхөрлөж байгаа хүмүүс гэж би хэлж байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М мэдүүлэхдээ:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед дүүтэйгээ дүрсээ харж ярихад манай аав нүүрэндээ ямар ч шарх сорви байхгүй байсан. Аав цагаан сардаа бэлдээд мах чанах гээд байж байна гэж хэлж байсан. Би өмнө нь 1 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ очсон. Оршуулахад нь гадны нөлөөтэй нас барсан гэж хэлж байсан. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардал нийт 5.728.000 төгрөг болсон. Гэр бүлийн зүгээс гаргасан нийт төгрөгийг хохирлын зардал гэж нэхэмжилж байгаа...” гэв. 

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Б-ийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед би Б-ын гэрт очиход Б-ын охин О гэртээ байсан ба Б-ыг гэртээ байхгүй байна гэхээр нь би шууд гэртээ хариад байж байтал 22 цаг болж байсан байх Б-ын охин О над руу утсаар залгаад та гэртээ байна уу, гэртээ байж байх уу, аав танайд очино гэж байна гэхээр нь би гадагшаа дэлгүүр гарч нүүрс аваад 20 орчим минутын дараа гэртээ ирэхэд Б- манай гэрт нилээд халамцуу байдалтай ирчихсэн сууж байсан юм. Тэгээд бид хоёр манайд байсан 0,75 литрийн Нутаг нэртэй архийг хувааж уугаад 2 цаг орчим суусан тэгэхэд Б- нилээд согтоод муудахаар нь би чи муудсан байна манай гэрт хоноод яв гэсэн чинь Б- би ийм гэрт хонодог хүн бишээ гээд агсам тавьж эхэлсэн юм. Тухайн үед би зуухныхаа өмнө гал түлээд сууж байтал Б- хойморын орон дээр сууж байгаад зуухны урдаас миний түлж байсан модноос аваад намайг цохих гэхэд нь баруун гараараа хаасан чинь гарнаас нь мод нь сугараад миний хамар луу цохиод шалбалчихаад үүд рүү гараад явах гэхэд нь би чи их согтсон байна шүү дээ унтаад яв, архи хувааж уугаад дуусгачихаад яв гээд гэр лүү буцаж ороод архиа хувааж ууж дуусгасан. Тэгэхэд Б- арай гайгүй болчихсон сууж байснаа гэнэт би явдаг хүн гээд хаалга саваад гэрээс гараад явчихаар нь би 5 орчим минутын дараа араас нь гарсан чинь Б- гадаа харагдахгүй байхаар нь би Баагий гээд хашгирсан чинь юм дуугараагүй, тэгэхээр нь би Б-ыг явчихсан юм байх гэж бодоод гэрээ ороод унтаж амарсан юм.

Гэрийн гадаа үүдэн хэсэгт Б- намайг заамдаад боохоор нь би гарыг нь хоёр гараараа салгасан, тэгээд бид хоёр буцаад гэрт ороод үлдэгдэл архиа уусан юм. Цагдаа нар Б-ыг доор унасан байсан гэж ярихаар нь би түлхсэн шиг санагдаад тэгэж мэдүүлэг өгсөн одоо бодоод байсан чинь би түлхээгүй юм байна. Намайг заамдахад нь хоёр гарыг нь хоёр гараараа тавиулсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх167-168, 249-250, 2-р хх-н 137-138/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би гэртээ байж байтал манай ээж Ц- 09 цагийн үед над руу утсаар залгаад аав чинь өнгөрчихсөн байна гэж хэлэхэд нь би итгэхгүй үнэн юм уу гэхэд ээж маань үнэн цагдаа нар гэрт ирчихсэн байна, гэрт хүрээд ир гэж дуудахаар нь би шууд ээж аавынхаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-15 тоот гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн аавыг маань нас барсан гэдгийг хэлсэн юм. Би хамгийн сүүлд аавтайгаа 2019 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр гэрт нь очиж уулзсан ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад дүү О-ийн утсаар нь видео колл хийж ярихад аав маань зүгээр эрүүл саруул гэрийнхээ цэвэрлэгээг хийгээд байж байсан юм. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 6,000,000 төгрөг орсон байгаа баримтуудыг хэрэгт хавсаргуулж байна. Гэмт буруутай этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 69-70/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.О-ийн өгсөн:

“...Би аав Б-, ээж Ц- нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-15 тоотод оршин суудаг байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө манай аав маань өөрийн төрсөн ахын буяны ажилд яваад 13 цагийн үед гэртээ ирчихээд 19 цагийн үед ээжийг хорооллын эцсийн буудлаас тосож авах гээд явсан юм. Аавыг ээжийг тосохоор явсны дараа аавын найз Б манайд ирж аавыг асуучихаад гэрлүүгээ яваад өгсөн юм. Тэгээд аав ээж хоёр 20 цаг болж байхад гэртээ ирэхэд нь би аавд Б ирээд таныг асуучихаад явлаа гэсэн чинь аав намайг утсаараа Б рүү залгаад өгөөч гэхэд нь би өөрийн 36125535 дугаарын утаснаасаа Б-ий утас руу залгаж хаана байгааг нь асуухад Б би гэртээ байна гэсэн. Тэгээд аав маань би Б-ийд очиж юм аваад ирье гээд 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан юм. Тэгээд ээж бид хоёр унтах гээд байж байтал аав маань 23 цаг өнгөрч байхад Б-ий утсаар ээжийн утас руу залгаад бид хоёр юм яриад сууж байна, жаахан юм уучихлаа энд хоночихож ч магадгүй очиж ч магадгүй гэхэд нь ээж маань юм уучихсан юм бол наанаа хонуул хоночих өөрөө л мэд гэж хэлээд ээж бид хоёр унтаад өгсөн. Тэгээд шөнө аав маань гэртээ хоноогүй болохоор өглөө нь 07 цаг болж байхад Б рүү утсаар залгаад аавыг асуусан чинь Б ээжид чамтай утсаар ярьсныхаа дараа гэртээ харих гээд явсан шүү дээ, энд хоноогүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирж аавыг маань нас барсан талаар хэлсэн юм.

Аав маань Б-ий гэр лүү явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шарх учраагүй байсан. Тухайн өдөр өглөө нь аав маань ажил явдалд явж ирчихээд цагаан сар болох гэж байсан болохоор гэрээ цэвэрлэгээ хийж өнжсөн байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 71-72, 2-р хх-н 44/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.З-гийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны 19:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 09:00 цагийн хооронд Бугат-112 чиглэлд БГД-н 8,10,13-р хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Бугат 10-с 00:38 цагт БГД-н 10-р хороо ЗН-н 12-102В тоот хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна хөлдчихвий гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу 00:55 цагт очиход уг тоот айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос цус гарсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан. Түргэний тэрэг ирээд аваад явахад уг хүн өөрийгөө хэн гэдгийг болон юу болсон талаар надад хариулаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 79-80, 85/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.О-ын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн жижүүрт гарах хугацаанд 02 цагийн орчимд 103-аар О.Батсайхан гэх өвчтөн хүргэгдэн ирсэн ирэх үедээ ухаан бүдэг хөөрлийн байдалтай асуултанд тодорхой бус хариулна, дух баруун чамархай орчим 3х4 см орчим шархтай байсан. Шархыг цэгцлээд рентген зураг авч үзэхэд ясны хугарал байсан учир тархины нарийн шинжилгээ КТГ шинжилгээ хийж онош анхдагчаар тодорч сэхээн амьдрах тасагт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 86/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч О.Болороогийн өгсөн:

“...Талийгаачийн биед учирсан хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн чамархайд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Гараар цохиод үүсэх боломжгүй гэмтэл юм. Харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой юм. Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-н 112-113/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Ц-гийн өгсөн:

“...Би Хар хорин захын гадна талбайд хувиараа худалдаа эрхэлдэг юм. Тэгээд тэр өдөр зах тараад орой 19 цаг өнгөрөөд 20 цаг болох гэж байхад гэртээ харих гээд хорооллын эцсийн буудал автобусны буудал дээр буухад талийгаач нөхөр маань намайг тосож аваад бид хоёр гэртээ 20 цаг өнгөрч байхад хамт ирсэн юм. Тэгэхэд манай бага охин О- сая Б ах ирээд явлаа гэсэн чинь талийгаач нөхөр маань Б рүү утсаар яриад гэрт нь очихоор болоод 20 цаг 30 минутын үед Б-ий гэр лүү явсан юм. Талийгаач нөхөр маань гэрээс гарахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шархгүй гарсан юм.

Тэгээд орой нь 23 цаг өнгөрч байхад яг хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна над руу талийгаач нөхөр маань Б-ий утсаар миний 89125635 дугаарын утсаар залгаад би Бтэй нэг юм уугаад сууж байна гэхээр нь би аятайхан шиг уучихаад хүрээд ир аль эсхүл наанаа хоночихгүй юу гэж хэлээд утсаа тасалсан байсан юм. Түүнээс хойш яриагүй байж байгаад маргааш өглөө нь 07 цагийн үед би Б рүү залгаад нөхрийгөө асуухад Б чамтай ярьсныхаа дараа гараад явсан шүү дээ гэж хэлсэн юм. Архи уусан үедээ заримдаа жаахан үгэлж байгаад л унтаад өгдөг бусдаар хэн нэгэнтэй маргалдаад зодолдоод байдаггүй юм. Талийгаач нөхөр маань мэдэрлээ алдатлаа архи уудаггүй болохоор яаж ч уусан гэртээ хүрээд ирдэг, архи уусан юм чинь гуйвж дайвах юм байдаг, гэхдээ унаж тустлаа архи хэзээ ч ууж байгаагүй... Б нь хөдөө гадаа яваагүй үедээ өдөр болгон манайхаар орж ирж гарч байдаг 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манайхаар Б орж ирсэн. Тэгэхэд Б-ий биед гэмтэл шарх учраагүй байсан тэр үед Б сургалтанд суугаад шалгалт өгөх гээд байна гээд л цэмбэгнээд л яваад байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.М-гийн өгсөн:

“...Тухайн шөнө манайх бууз хийж байсан болохоор би буузаа хөлдөөх гээд гадагш манайхаас зүүн талд байх улаан тоосгон байшинтай хашаан дотор хашааны урд хэсэгт байх жорлонгийн хойд талд бараан өнгийн эрэгтэй хүн гуйвж дайваад унаж босоод яваад байсан. Биеийн аль хэсгээрээ унасныг хараагүй. 3-4 удаа унаж босоод байсан. Би уг айлын хүнийг согтуу унаж тусаад яваад байна гэж бодсон. Тухайн үед гудамж гэрэлтэй байсан болохоор уг айлын хашаан дотор хүн унаад яваад байсан нь харагдаж байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 52-53/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Н-ын өгсөн:

“...Тухайн үед гадаа хашаанд нохой хуцахаар нь би өвлийн сууцныхаа ертөнцийн зүгээр баруун зүгт харсан цонхоор гадагш харахад манай хашааны дотор баруун урд хэсэгт уг хүн гуйваад унаж өнхөрч унаад байхаар нь би цонхоороо хөөш хашаанаас гараачээ гэж салхивчаар орилоход миний хэлж байгааг ойлгохгүй байгаа бололтой л өнхөрч унаад байсан. Унаад дээшээ босоод л унаад байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 54-55/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.У-ын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө цагийг нь санахгүй байна, өглөө эрт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжнаас Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102в тоот хашаанд тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д-ын хамт очсон. Хэргийн газар дээр очиход амь хохирогчийн анх одсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй монгол гэрийн баруун доод хэсэгт эрэгтэй хүний малгай байхаар нь уг хашаагүй айл руу Д-ын хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход Б гэх хүн галаа түлээд сууж байхаар нь бид хоёр Бэс талийгаач Б-ыг таних уу урд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б, Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б- архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохьчихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан. Тухайн үед миний гэдэс өвдөөд гэрээс гараад явсан харин Д- Б-ий яриаг гар утсаараа бичээд зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 121-122/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Д-ын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08-09 цагийн үед байсан байх өглөө цагийг нь нь санахгүй байна, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжнаас Гэмт согог судлалын төвд хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэх дуудлага мэдээллийн дагуу, уг амь хохирогч олдсон гэх Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102в тоот хашаанд хэлтсийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчид болон Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын хамт очсон. Хэргийн газарт очсны дараа хэргийн газрын ойр очимоор биечилсэн суралжлага хийхээр тасгийн алба хаагчид тарж явсан ба эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У-тай хамт амь хохирогчийн анх олсон хашааны зүүн талын буюу дээд талын хашаагүй Монгол гэр лүү ороход Б гэх хүн галаа түлээд сууж байсан. Мөн гэрт нь архины шил байхаар нь хэнтэй архи уусан юм бэ талийгаач Б-ыг таних уу урд шөнө юу болсон юм бэ танайд зодоон болсон юм уу гэж асуухад, Б, Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь гэрт хоноод яв гэхэд Б- танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохьчихоод гэрээс гарахаар нь би араас нь гараад, би Б-ыг явуулахгүй гээд, Б- явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би Б-ыг түлхчихсэн чинь Б- доошоо газрын уруу өнхрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б- ёоё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь, би гэр лүүгээ ороод унтаж амарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийн ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 123-124/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно.

3. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1-р хх-н 109-111/,

 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 7-18/,

- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 21-24/,

- амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 180-187/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 63/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 188/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 205/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоотод оршин суух гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримт болон шинжээч О.Болороогийн “...Гараар цохиод үүсэх боломжгүй гэмтэл юм...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоотод оршин суух гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түлхэж унагаан С.Б-ын толгойн тус газар нь гавал тархины гэмтэл учруулсан шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хор уршиг учрах ёстойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд

Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цагдаа нар Б-ыг доор унасан байсан гэж ярихаар нь би түлхсэн шиг санагдаад тэгэж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,

Шинжээч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн “...Гараар цохиод үүсэх боломжгүй гэмтэл юм. Харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой юм. Уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад “...би Б-ыг түлхчихсэн чинь Б- доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм бил үү гэсэн чинь Б- ёооё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь би гэр рүүгээ ороод унтаж амарсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болно.

3. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1-р хх-н 109-111/,

 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 7-18/,

- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 21-24/,

- амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 180-187/,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгчээс 4.928.819 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол нөхөн төлөх завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авч завсарлуулсан.

Шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд дээрх хохирлыг төлсөн баримт гаргаагүй, хохирлыг төлөөгүй гэх тул шүүгдэгч Ж.Бэс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4.928.819 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурван/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ий цагдан хоригдсон 156 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж, эрэгтэй хүний малгай 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, шаргал өнгийн ургамал, Нутаг нэртэй архины шил 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Ж-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурван/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бэс 4.928.819 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж, эрэгтэй хүний малгай 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, шаргал өнгийн ургамал, Нутаг нэртэй архины шил 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ий цагдан хоригдсон 156 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

8. Шүүгдэгч Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧИД                                    Л.ОЮУН

 

 

                                                                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ