Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1006

 

106/2020/0471/Э

 

 

 

 

    2020            08            13                                        2020/ДШМ/1006    

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл,

шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа, Г.Ганбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Эрдэнэчимэг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/533 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Нарангэрэл, шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Г.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Б-д холбогдох эрүүгийн 1905005620135 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоот өөрийн гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж, С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Хотгойд жамбуу овогт Жамбалын Б-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-эс 4.928.819 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдолдоо: “...энэ хэргийг би хийгээгүй ба мөрдөн шалгах болон шүүх ажиллагаа нь яллах талыг баримталж, миний эрх зүйн байдлыг дордуулан ял тулгасан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Миний зүгээс энэ хэргийн гэм буруутай эсэх талаар цуглуулж, бэхжүүлэн авсан нотлох баримтуудыг хууль ёсны үндэслэлтэй эсэх талаар дахин нягталж, шалгаж өгөхийг хүсэж байна.

Үүнд: 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр авсан мэдүүлгүүд нь миний хууль ёсны эрхийг зөрчин өмгөөлөгчгүй, хуурч мэхлэх арга замаар авсан мэдүүлгүүд болно. Эдгээр мэдүүлгүүдийг би уншиж чадаагүй, юу бичигдсэнийг мэдэлгүй гарын үсэг зурсан. /Миний баруун нүд 100 хувь, зүүн нүд 80 хувийн хараагүй ба эмчийн дүгнэлт хавтас хэрэгт байгаа. Хэргийн нөхцөл байдлыг ажил үүргийнхээ дагуу сайн мэдэх, надаар хуурч мэхлэх арга замаар мэдүүлэг өгүүлж, бичлэг хийж авсан гэх цагдаагийн шуурхай бүлгийн хоёр ажилтны мэдүүлгийг гэрчийн мэдүүлгээр авсан, гэрч Б.Уранбаярын мэдүүлгээр гэрт зодоон болсон мэт, гэрч Г.Дашнямын мэдүүлгээр гэрийн гадаа зодоон болсон мэт байна. Хэлэлцүүлгийн хурлаар прокурор шинжээчид ач холбогдол өгч дээж аваагүй, улаавтар өнгөтэй хувинтай угаадсыг нотлох баримтаар авсан /улаавтар өнгийн цусны хольц гэж үзсэн/, хамрын зүүн талд байсан тав болон эдгэрч байсан хуучин шархыг талийгаачтай зодолдсоны улмаас авсан шарх мэтээр нотлох баримтаар авсан нь хожим гэрч Ганчулууны мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Хэргийн газрын нөхөн үзлэгийн хөндлөнгийн гэрчээр тус тасагт дадлага хийж байсан хоёр сонсогчийг авч, улмаар айлган сүрдүүлэх замаар гарын үсэг зуруулах гэсэн оролдлого зэрэг нь мөрдөн байцаалтын явцад батлагдаж энэ хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Улмаар Баянгол дүүргийн прокурорын газраас над руу 2019 оны 12 дугаар сард утасдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай албан ёсоор мэдэгдсэн. Ингээд ажлаа хийж байтал гэнэт хэргийг сэргээсэн тухай байцаагч мэдэгдэж, намайг цагдан хорьж, шүүх хурал хийн, ял тулган ялласанд туйлын гомдолтой байна. Талийгаач бид хоёр арваад жил нөхөрлөсөн, бие биенийхээ гэрт орж гарч, нэг нэгэндээ тусалдаг, гэмгүй найзууд байсан ба янз бүрийн хар санаа агуулаагүй хүмүүс байсан. Ийм явдал болсонд би гүнээ харамсаж байгаа ба яллагдагч болж яваадаа гутардаг. Би энэ хэргийг хийгээгүй ба хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Б- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргийг бодит байдлаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирдэг ба гэмт хэрэгт холбогдуулан шалгаж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас л миний үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байдаг. Энэ талаар өмгөөлөгч нар, Б- зохих шатанд гомдол, саналаа гаргаж олон удаа хэргийг нарийвчлан шалгуулсны үндсэн дээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл Ж.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 102б тоотод Б-тай маргалдаж түүнийг түлхэн унагааж, амь насыг нь хохироосон хэргийг хангалттай шалгасан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, П.Цэцэгмаа, Б.Мөнхжаргал, гэрч Б.Оюунгэрэл, Т.Наранцацрал, П.Мягмарсүрэн У.Золзаяа, Д.Болорцэцэг, Э.Пагамсүрэн, Т.Отгонболд,  А.Хүрэлхүү,  шүүгдэгч Ж.Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогддоггүй. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр прокурорын 25 дугаар тогтоолоор хохирогчийн өмгөөлөгчийн хэргийг сэргээж шалгах талаарх гомдлыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж тус тус шийдэж байсан юм. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №4/1307 тоотод “хяналтын прокурор М.Мөнхзул, С.Цэрэндорж нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллахдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 дугаартай аргачлалыг зөрчсөн зөрчлүүдийг гаргаж хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг сэргээсэн. Ингэж прокурорууд хэргийг буруу шалгасан гэх үндэслэлээр хэргийг сэргээж, хэрэг сэргэснээр шүүх миний үйлчлүүлэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Улсын прокуророос хэрэг хянахдаа хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хэргийг сэргээсэн талаар дурдаагүй ба зөвхөн прокурор ажилдаа алдаа гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж сэргээж шийдвэрлэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр гарсан юм. Анхан шатны шүүх гэм буруутай байна гэж дүгнэхдээ Ж.Б-ийн мэдүүлэг, шинжээч О.Болороогийн мэдүүлэг, гэрч Дашнямын мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 423 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэргийг хангалттай сайн тогтоогоогүй байхад болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон болох нь тогтоогдсон гэж үзсэн нь буруу юм. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, хор уршиг, шалтгаант холбоо гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа зэргийг нягтлан шалгаж тал бүрээс нь нягтлан тогтоогоогүй ял халдаалаа гэж үзэж байна. Иймд Ж.Б-ийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэхдээ шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн анхны мэдүүлгийг үндэслэл болгосон. Миний үйлчлүүлэгч анх байцаалт өгч байхдаа харааны бэрхшээлтэй байсан гэдгийг хэрэгт авагдсан эмчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд нэг нүд нь 100 хувь хараагүй бөгөөд нөгөө нүд нь нүдний шил зүүгээгүй үедээ юм харах боломжгүй байхад мэдүүлгийг нь уншиж танилцах боломж олгохгүйгээр гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн байцаалтыг авах үедээ мөрдөгч нь өмгөөлөгч санал болгож, уг өмгөөлөгчтэй анхны байцаалт авсан процессын алдаатай бөгөөд нотлох шинж чанараа алдсан үйлдлийг анхан шатны шүүх үнэлэн хэргийг шийдсэн нь буруу юм. Миний үйлчлүүлэгч талийгаачийг түлхэж унагаасны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэдэг нь хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч болох П.Мягмарсүрэн, Т.Наранцацралын нарын мэдүүлэгт талийгаач өөрөө унаж байсан гэдгийг нотолдог. Энэ хэргийг миний үйлчлүүлэгч Ж.Б- үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад ямар нотлох баримтыг үнэлэн гэмт хэрэг үйлдсэнд тооцоод байгааг ойлгохгүй байна. Мөн шинжээчийн 423 тоот дүгнэлтээр илэрсэн гэмтлүүд нь талийгаач унаснаас уг гэмтлийг авах боломжтой гэсээр байхад үүнийг харгалзан үзээгүй, гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач унаж байсан талаар мэдүүлээд байхад ач холбогдол өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 16.2 дугаар зүйл, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн. Миний үйлчлүүлэгч Ж.Б- нь талийгаач С.Б-тай найз нөхдийн холбоотой олон жил явсан. Найзыгаа зуурдаар нас барсан үйлдэлд харамсаж байгаа бөгөөд тухайн өдөр хамт архи уугаагүй бол найз нь эрүүл саруул гэртээ харих байсан даа гэж байнга ярьж сэтгэл санааны гүн хямралд өртсөн.

Энэ хэрэг дээр мөрдөгч анхнаасаа хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан байхад анхан шатны шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, гэмт хэрэгтэн болгосон тул хэргийн үнэн зөвийг тунгааж, хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Нарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст шинжээч эмч О.Болороогийн “...гавал тархинд үүссэн гэмтэл нь нэг талаас цохиулаад, нөгөө талаараа унах үед үүсэх гэмтэл байна...” гэсэн мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч Ж.Б- С.Б-ыг цохиж зодсон болохыг нотолж байгаа бөгөөд энэ мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн дух чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсоноос харахад хатуу мохоо зүйлээр толгойн тус газраа цохиулсан болох нь нотлогдож байна. Түлхэж унагааснаас гавал тархины ийм олон тооны хүнд гэмтлүүд учруулсан байх боломжгүй юм. Прокуророос шүүгдэгч Ж.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал анхан шатны шүүхээс хэргийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг болгон өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүгдэгч Ж.Б-д 3 жилийн хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ял шийтгэл хөнгөдсөн гэж маш их гомдолтой байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнд маш их гомдолтой байна. Аав маань Ж.Б-тэй хамт уугаад нас барах хүртлээ хамт байсан. Ж.Б-ийн мэдүүлэгт “бид найз нөхөд, хэн хэндээ хар буруу санаагүй” гэсэн атлаа манай гэрт ирж архи уухаараа өс санаад, хэрүүл хийж, аавд гар хүрч байсан. ...” гэв.

 

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг гэмт хэрэг нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Гэрч Дашням, Уранбаяр нарын мэдүүлэг нь Б-ийн өгсөн мэдүүлэгтэй таарч байдаг. Үүнээс гадна шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэдгийг тогтоосон. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд тогтоогдсон нөхцөл байдлаар дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг болох нь тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Ж.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Прокуророос Ж.Б-ийг 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоот өөрийн гэртээ С.Б-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ж.Б-ийг С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь “...хэргийн үйл баримт болон шинжээч О.Болороогийн “...Гараар цохиод үүсэх боломжгүй гэмтэл юм...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна...” гэж дүгнэн Ж.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хэргийн хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдал, нотлох чадвар, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох учиртай. Гэтэл хэргийн бодит байдал буюу амь хохирогч С.Б-ын нас барсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн гэм буруутай ямар үйлдэл хэрхэн нөлөөлсөн болох, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтуудыг тоочиж, хуулбарлан бичиж Ж.Б-ийг бусдыг болгоомжгүй алсан хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл ямар нотлох баримтыг үндэслэн Ж.Б-ийг үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насыг хохирооход шууд бус болон болгоомжгүй хандсан гэж үзэн хэргийг өөрчлөн зүйлчилсэн талаарх хууль зүйн үндэслэл, нотолгоог шийтгэх тогтоолд дурдагдаагүй /дүгнэлт хийгдээгүй/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоот гэртээ С.Б-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түлхэж унагаан, толгойн тус газар нь гавал тархины гэмтэл учруулсан гэж хэргийн талаарх үйл баримтыг хэт ерөнхий байдлаар тогтоосон нь хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан “хүнийг санаатай алсан”, “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэсэн гомдлыг няцаан үгүйсгэх боломжийг хязгаарлаж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/533  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ                               

                                    ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН