Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Г.Мд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Ж.Бат-Эрдэнэ,

            шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

хохирогч Г.О,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201725020853 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Ганбаатарын Г.М, Дархан-Уул аймагт 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт амьдардаг гэх, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 19 дүгээр гудамжны 644б тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 627 тоотод оршин сууж байсан,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,  

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 онд Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд хамруулан эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: ГЮ80060111/

Г.М нь давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 280 тоотод байрлах Г.Оийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлан 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 18 дугаар гудамжны 31 тоотод байрлах М.Бын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “SHARP” загварын зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 хохирогчид 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Мгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Мг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Мгаас 1.490.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Од 1.360.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Баттулгад 130.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн 39 инчийн “Фунай” загварын зурагтыг шүүгдэгч Г.Мгийн бусдад төлөх төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу үнэн зөв хийгдээгүй. Хэрэгт холбогдолтой нотлох баримт бүрийг хуулийн хүрээнд нэг бүрчлэн шалгаж өгөөгүй.

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хусхан” зочид буудалд эхнэр Т.Нарангэрэл, найз Ч.Отгонбат түүний эхнэр Онон нарын хамт хоносон. Үдээс хойш нь Ч.Отгонбат “зурагт тэвэрч орж ирээд, барьцаанд өгнө” гээд Т.Нарангэрэл, Онон нартай гарч явсан. Би зочид буудалд үлдсэн. 2-3 цагийн дараа зочид буудалд 2 цагдаа орж ирээд намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирч, тухайн үед Т.Нарангэрэл үүдний сандалд гавлуулсан сууж байсан. Ч.Отгонбат, Онон нар байхгүй байсан. Эхнэр Т.Нарангэрэлийг явуулж тухайн хэрэгт би холбогдох болсон. Цагдаагийн хэлтэст 2 хоног тогтоол, захирамжгүй хонох цаг хугацаанд хууль бус удаа дараагийн үйлдлүүд эхэлсэн.

Миний бие зочид буудлаас гараагүй тул Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн хамт байсан Т.Нарангэрэл, Онон, Ч.Отгонбат нараас мэдүүлэг авч, шалгаж өгөөгүй, тэдгээрээс мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна.

Би батлан даалтад байхдаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж, дахин цагдан хоригдохгүйн тулд эрүүгийн төлөөлөгч Тамжидын нөлөөнд автаж хэрэг хүлээсэн. Тамжид нь Баянзүрх дүүрэгт байрлах “Вашингтон” зочид буудалд эхнэр Т.Нарангэрэлийг байлгаж, төлбөр тооцоог хийж өгч байсан үйлдлийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа. Надад нэр бүхий 20 орчим гэмт хэргийг даалгаж байсан болон хэрэг хүлээгээгүй болохоор эхнэр Т.Нарангэрэлийг 111-т баривчлуулсан хууль бус үйлдлүүдийг эрүүгийн төлөөлөгч Тамжид нь удаа дараа гаргаж байсан.

2017 оны 6 дугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангийн 11 номерын өрөөнд надаас мэдүүлэг авсан. Тухайн өрөөний камерын бичлэг болон чагнах төхөөрөмж гэх мэтийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ үед хууль бус хэрэг авчих зэрэг асуудлыг ярьж байсан. Ч.Отгонбат нь Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хулгайлах гэмт хэрэгт 2015-аас 2016 онд шалгагдаж байсан. Тэрээр одоо Төв аймагт шалгагдаж байгаа.

Анхан шатны шүүх, эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийн хэрэгжилтээр ханган өгч, үнэн зөвийг шударга зарчмаар шийдвэрлэж өгнө гэсэн бодлоор өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон. Энэ хэрэгт ямар ч өмгөөлөгч оролцоогүйд харамсалтай байна.

1-р хх-29-р хуудас дахь сэжигтний мэдүүлгийг мөрдөгч Буянбат нь хэлж өгч, хэрэг хүлээлгэсэн. Мөрдөгч Жанрисыг, Буянбат нар батлан даалтад гаргана, хуулийн өөрчлөлтөд энэ гэмт хэрэг хамрагдана гэх мэтээр ярьдаг байсан.

2017 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 62 хоног цагдан хоригдсныг прокурор Ж.Бат-Эрдэнэ 61 хоногоор бичсэн.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн дэд дарга Байдраг болон эрүүгийн төлөөлөгч Тамжид нар нь архи авч өгч, цагдаагийн хэлтэст 2 хоног байлгах хугацаандаа огт үндэслэлгүй, үйлдээгүй 20 орчим үйлдлийг бичсэн ба энэ байдалд нь би өлсгөлөн зарлаж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор Ж.Бат-Эрдэнэ үнэн зөв, бодитой асуудал болгоныг илт үгүйсгэж, өмгөөлөгчгүй оролцсон хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй намайг хувийн ашиг сонирхлоор хэргийн бодит байдлыг харгалзан үзэлгүй тухайн цагдаагийн албан хаагч нарыг хамгаалж байсан. Дээрх байдлуудыг хуулийн хэр хэмжээнд прокурор Ж.Бат-Эрдэнэ шалгуулаагүй.

Сэжигтний мэдүүлэг байцаалт бүрийг Жанрисыг, Буянбат нар хувийн онцлог, зан төрх, хэрэг наймаалцаж өгөх зорилгоор мөрдөн байцаах ажиллагааг зохион байгуулж, Буянбат нь миний эцэг Ганбаатартай хамт ажиллаж байсан нь хэрэг хүлээлгэхэд түлхэц болсон. Надад удаа дараа мөнгө болон бусад зүйлүүдийг өгсөн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Фунай” загварын 39 инчийн зурагтыг эзэнд нь олгуулах хүсэлттэй байна. Тухайн үед эрүүгийн төлөөлөгч Тамжид нь “чамайг цагдан хорихгүй, ганц нэг зарсан эд зүйлс заагаад өгчих, дарга асуугаад байна” гэхэд нь миний бие зурагт зарсан газрыг зааж өгсөн. Иргэний нэхэмжлэгч М.Баттулгын хохирлыг барагдуулж өгч чадна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Т.Нарангэрэл, Ч.Отгонбат, Онон нар нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарын хамт очсон үеийн камерын бичлэг болон тухайн үед барьж явсан зурагттай холбоотой сэжигтний байцаалтыг шалгуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас бусдын зохиомол үйлдэлд татагдаж оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу, миний эсрэг баримт бүрдүүлж эцэст нь хэргийн хугацаанд баригдсан. Тулгаж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Сэжигтнээр байцаасан тэмдэглэлд 2017 оны 3 дугаар сарын 24-ний гэмт хэргийг даалгасан. Энэ байцаалтыг мөрдөгч Буянбат цагдан хоригдсон цаг хугацаанд зам шалгалтаар авч явж, хэргийн газар миний зургийг авсан. Эхнэр Т.Нарангэрэл аргагүй 111-т саатуулагдсан ба эхнэртэйгээ уулзахын тулд гэмт хэргийг хүлээсэн.

Гэрч Б.Баянбаатарын “намайг 32 инчийн зурагт барьж явсан” гэх мэдүүлэг үндэслэлгүй. Энэ үед би “Хусхан” зочид буудалд байсан. Цагдаагийн албан хаагч Б.Баянбаатар болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан машин нь сэжигтэй хүн илрүүлсэн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү зурагт барьж орсон гэх камерын бичлэг, “Хусхан” зочид буудлын гадна талын камерын бичлэг зэргийг шалгуулах хүсэлттэй байна. Энэ бичлэгээр надад холбогдуулсан хэргийг тулгасан болох нь бүрэн нотлогдоно. Би дээрх гэмт хэргийг үйлдээгүй.” гэв.

 

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Мд холбогдох хулгайн гэмт хэргүүдийг Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцаасан байгаа. Дээрх хэргүүдийнхээ талаар Г.М мэдүүлэхдээ эрүүгийн төлөөлөгч нар даалгасан үйлдэл гэж ярьдаг. Нотлох баримтуудыг судалж үзэхэд хулгай хийсэн ч юм шиг, үгүй ч юм шиг баримтууд хэргүүдэд нь байдаг. Сүхбаатар дүүрэгт хэргээ шийдүүлээд 3 жилийн хорих ял авахдаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэж бодож өмгөөлөгчгүй орсон чинь анхан шатны шүүх хурал болсон гэдэг. Отгонбат зурагт хулгайлсан. Үүнийг Отгонбат, Онон, Нарангэрэл нар мэднэ гэж бүх шатны прокурорт өргөдөл гаргаж, түүнчлэн өлсгөлөн зарласан байдаг. Эдгээр хүмүүсийг байцаагаагүй. Анхны сэжигтний мэдүүлэгтээ хэргээ хүлээсэн гэдэг асуудал яригддаг учир сэжигтний мэдүүлгийг уншихад ногоон хаалгатай айлаас зурагт аваад, явуулан хүнд өгсөн гэж нотлох баримтгүй зүйл байдаг. Хөндлөнгийн нотлох баримтаар нотлох үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагын ажилтнуудын мэдүүлэг байдаг. Г.Мгийн мэдүүлгийн дагуу хулгай хийсэн зүйлийг зам шалгалтаар авч явж, бэхжүүлсэн байдаг. Энэ талаар гэрч Амартүвшин “Г.М айлуудаа олдоггүй, худал айл заадаг” гэж хэлсэн байдаг. Хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрдөг. Хэрэгт хоёр зурагт байдаг. Нэг зурагт нь М.Б гэдэг айлаас хурааж авсан зурагт байдаг. Хураан авсан тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хангаагүй. Хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст хөндлөнгийн гэрч оролцоогүй, эд зүйл хураалгасан хүний гарын үсэггүй тэмдэглэл байдаг. Энэ байдлуудаас харахад үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “3 дугаар сарын 24-ний өдөр манай гэр хүнгүй, гэр, хашааны хаалга цоожтой байсан. 17 цагт гэртээ ирэхэд бүх хаалга онгорхой байсан. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.М Болормаагийн гэрээс эд зүйл алдагдсан хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан. Уг хэрэгт мэдүүлэг өгөхдөө олон үйлдлүүдийг ярьдаг. 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн харалдаа замын урд байрлах ногоон өнгийн хаалгатай айлаас зурагт хулгайлсан гэж хэлснийх нь дагуу шалгаж үзэхэд, Г.Оийн гэрээс эд зүйл алдагдсан хэрэг байсан. Г.Мд холбогдсон 6 хэрэг байсан. Прокурорын зүгээс эргэлзээтэй гэсэн үйлдлүүдийг тусгаарлаж, Г.Мд холбогдох 4 үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. М.Бын гэрээс эд зүйл алдагдсан хэрэгт үйлдэл дээрээ баригдсан. Эргүүлийн цагдаа такси барьсан хүнийг шалгах явцад Г.М гэдэг нь тогтоогдсон. Энэ талаар гэрчээр Баянбаатарын өгсөн мэдүүлэг, түүний илтгэх хуудсаар тогтоогдсон. Нотлогдсон хэргийнх нь түвшинд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн харъяаллыг тогтоолгохоор 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хандсан боловч Шинэ хууль хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд зааснаар нутаг дэвсгэрийн харъяаллаар шийдвэрлэх ёстой гэж буцаасан учир хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаанд Г.М нь 3 өмгөөлөгчтэй байсан. Би цагдан хорих 461 дүгээр ангид яллах дүгнэлтийг өөрийн биеэр гардуулж өгсөн. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар шүүгч асуусан, би ч мөн хэлсэн. Шүүх хуралдааны бичлэг үзвэл мэдэгдэх байх. Өөрөө өмгөөлөгчгүй оролцоно гэж хүсэлт гаргаж өгсөн учир эрхийг тайлбарлаж өгч өмгөөлөгчгүй оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Г.Мд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах” тухай тогтоолоор Г.Мг 24 удаагийн үйлдлээр эд хөрөнгө хулгайлсан, 2 удаагийн үйлдлээр хүч хэрэглэн дээрэмдсэн, мөн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 126 дугаар зүйлийн 126.2.3, 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар ял сонсгон, яллагдагчаар татан шалгах явцад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр эд хөрөнгө хулгайлсан нь нотлогдсон гэж үзэж ял нэмж сонсгон, байцаажээ. /1-р хх-127-133/ 

 

Мөн тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нь “Г.Мд холбогдох бусад хэргүүд нь Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээр хэлэлцэгдэж прокурорт буцсан” талаар тайлбар гаргасан болно.

 

Г.Мгийн холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялуудыг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

 

Учир нь, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Г.Мд оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэхүү журмыг хэрэглэх үндэслэлгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлж, хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан нөхцөлд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болно.

 

Нөгөө талаар яллагдагч Г.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “... прокуророс шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Г.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой...” гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас үзэхэд талуудын хүсэлт, гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөн зүйл, хэсгийн 6.1-6.17 дахь заалтуудад заасан асуудлуудаар шийдвэр гаргахаар зохицуулжээ. Г.М нь “... хэргийн нөхцөл байдал...”, “... хавтаст хэргийн материал бүрдсэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох...”-оор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15 дахь заалтад хамаарч байхад хүсэлтийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзнэ.  

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Г.Мд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Шийтгэх тогтоолоос үзэхэд, шүүх хорих ялыг сонгон хэрэглэсэн үндэслэлээ заагаагүй, ялын хэмжээний талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

   Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Мгийн “хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Мд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Г.Мд урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН