Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт ..........  О д холбогдох эрүүгийн 201725020239 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, Зүүн нарангийн .....  тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Tous le jours” бакерид менежер ажилтай байсан, бие эрүүл, ухаан бүрэн, / ..........  / .............. О нь:

 

2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 04 цагийн орчим согтуугаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “ Клаб 24 “ нэртэй бааранд хохирогч Б.Отгонсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Түлэ жүр үр бакери" нэртэй нарийн боовны ресторан дотор хохирогч Б.Отгонсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс зулгаан зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Отгонсүрэн хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө манай байгууллага шинэ жилээ Нарантуул ресторанд тэмдэглэсэн. Бид нар тэндээсээ гараад Клуб-24 ресторанд байхад Ж.О тэнд танилцсан залуучуудтайгаа гаъя гэсэн. Тэгэхээр нь би тэд нартай явахгүй ажлынхантайгаа явна гэхэд Ж.О битгий охин зан гаргаад бай гэхээр “би юу яриад байгаа юм бэ” гэтэл Ж.О миний яриад байгааг ойлгохгүй байна гээд намайг үсдээд авсан. Намайг дахин үсдээд зодоход манай ажлынхан салгасан. Маргааш өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ажил дээрээ очоод байж байхад Ж.О надаас уучлалт гуйхгүй болохоор нь “Өчигдөр яаснаа санаж байна уу? Чамд хэлэх юм алга уу гичий минь” гэхэд өөдөөс хараад “Хоёулаа гараад үзчих үү. Гичий минь” гээд дахиад үсдээд зодсон гэжээ. / хх 14-15 /       

 

Гэрч Г.Батсанаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон. Тэрнээс гараад өөр бараанд ороод гарах үед Ж.О, Б.Отгонсүрэн нар хоорондоо маргалдаад үсдэлцээд байсан. Маргааш нь бас ажил дээр үсдэлцээд зодолдсон. Юунаас болж маргалдсаныг би мэдээгүй гэжээ. / хх 33-34 /

 

Гэрч Хонгор мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шил шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон. Тэрнээс гараад өөр бараанд ороод гарах үед Ж.О нэг хэсэг залуучуудтай танилцаад тэд нартайгаа дахиад цаашаа явна гэхээр нь Б.Отгонсүрэн дургүйцсэнээс болж маргалдсан гэсэн. Тэгээд тэд нар хоорондоо маргалдаад үсдэлцээд байсан. Маргааш нь бас ажил дээр үсдэлцээд зодолдсон гэжээ. / хх 44 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 585 тоот дүгнэлтэнд:

1. Б.Отгонсүрэнгийн биед тархи доргилт, баруун гарын 2 дугаар хурууны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  / хх 10 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 27 /

 

           Шүүгдэгч Ж.Оыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр / хх 20-21 /, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-25 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Отгонсайхан мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 22-ны үүрийн 04 цагт зодоон болсон. 12 дугаар сарын 21-ний орой манай ажлынхан Нарантуул зочид буудлын ресторанд шинэ жилээ тэмдэглэж байгаад бид бааранд орж бүжиглэж байгаад хэдэн залуучуудтай танилцаад тэгээд цуг үргэлжлүүлэн нэг газар орж сууя гэхэд Отгонсүрэн эхэндээ “тэгье” гэж байснаа дараа нь “үгүй” гэсэн. Тэгэхэд нь би Отгонсүрэнгийн “үгүй” гэсэн муухай хандлагаас нь болж түүнтэй хэрэлдэж түүнийг 1 удаа үсдсэн. Тэгээд баарнаас гараад машины зогсоол дээр дахин маргалдсан. Гадаа гараад зогсоол дээр бид хоёр харилцан үсдэлцээд би түүнийг түлхэж унагаасан. Маргааш нь ажил дээрээ би түүнээс уучлалт гуйх гэж бодож байтал Отгонсүрэн над руу дайраад “хоёулаа одоо учраа олох уу гичий минь” гээд ирэхээр нь би үсдээд барьцалдаж авахад манай ажлынхан салгасан. Би үүрийн 4 цагт хохирогч Отгонсүрэнтэй харилцан зодолдохдоо түүний биед гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Харин өдрийн 14 цагт ажил дээр болсон зүйл дээр бол хөнгөн гэмтэл учруулаагүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-р зүйлчилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 5 настай хүүхэдтэй, эрх зүйч мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа. Хүүхэд маань сургуульд орох гэж байгаа. Би эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлж, уйчлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байгааг минь харгалзан үзнэ үү гэв.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Оыг 2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 04 цагийн орчим согтуугаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “ Клаб 24 “ нэртэй бааранд хохирогч Б.Отгонсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Түлэ жүр үр бакери" нэртэй нарийн боовны ресторан дотор хохирогч Б.Отгонсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс зулгаан зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99-2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Үүнд нь:

1.Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Отгонсүрэнгийн бие махбодид тархи доргилт, баруун гарын 2 дугаар хурууны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан / хх 10 / ба шинжээч эмч Ундармаа мэдүүлэгтээ ... Хоёр өдрийг ялгаж, тухайн өдөр ямар гэмтэл учирсан гэдгийг тогтоох боломжгүй / хх 50 / гэжээ.

2. Хэрэгт авагдсан Б.Отгонсүрэнг хохирогчоор байцаахад  / хх 14 / 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн үед  О намайг үсдээд автал манайхан салгасан. Тэгээд Хонгорын машины хойно ороод суусан байхад ирээд машинаас үстэж буулгаад газарт унагаан толгой руу өшиглөсөн. Маргааш нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим ажил дээр ирээд дахин үстэж автал Түвшинбаяр гэдэг залуу салгасан. Хуруугаа өмнө нь ажлынхаа хаалганд хавчуулаад хөхөрсөн байсан нь Од зодуулах үед унаад цус гарсан байсан гэж мэдүүлснийг гэрч Г.Батнасан / хх 32 /, гэрч Н.Амарбаатар / хх 47 /, Г.Хулан / хх 48 /,  гэрч Хонгор / хх 44 / нар тус тус гэрчилсэн байна.

3. Дээрхээс дүгнэхэд хохирогч Б.Отгонсүрэнд учирсан тархи доргилт нь 21-нээс 22-нд шилжих шөнийн 04 цагт машинаас үстэж буулган газар унагаж өшиглөх үед үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. 14 цагт үсдэснээс гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн зүйлийн 13.2-д зааснаар “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Од ашигтайгаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.О нь 2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 04 цагийн орчим согтуугаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “ Клаб 24 “ нэртэй бааранд хохирогч Б.Отгонсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд:  …2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Клуб-24 ресторанд байхад тэнд танилцсан залуучуудтайгаа гарна гэхээр нь би тэд нартай явахгүй ажлынхантайгаа явна гэхэд Ж.О “Битгий охин зан гаргаад бай“ гэхээр “би юу яриад байгаа юм бэ” гэтэл Ж.О үсдэхэд манай ажлынхан салгасан. Машинд суутал үстэж буулгаад газар унагаан өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Отгонсүрэнгийн мэдүүлэг / хх 14-15 /, …2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө өөр бараанд ороод гарах үед Ж.О, Б.Отгонсүрэн нар хоорондоо маргалдаад үсдэлцэхээр нь салгасан. Отгонсүрэнгийн хумс нь өмнө нь ажлынхаа хаалганд хавчуулаад хөхөрсөн байсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Г.Батсанаагийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 33-34 /, ...2016 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө өөр бааранд ороод гарах үед Ж.О нэг хэсэг залуучуудтай танилцаад тэд нартайгаа дахиад цаашаа явна гэхээр нь Б.Отгонсүрэн дургүйцсэнээс болж маргалдсан гэсэн. Тэгээд тэд нар хоорондоо маргалдаад үсдэлцээд байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Хонгорын мэдүүлэг / хх 44 /, ... хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 585 тоот дүгнэлт / хх 10 / зэрэг болно. 

Шүүхээс шүүгдэгч Ж.Оыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Гэвч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь шүүхэд өгсөн бичгийн баримтаар нотлогдож байх тул Ж.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Ж.Оы 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Түлэ жүр үр бакери" нэртэй нарийн боовны ресторан дотор хохирогч Б.Отгонсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс зулгаан зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос Жаргалсайханы Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

 

3. Их шавийн боржигон овогт Жаргалсайханы Оыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Ж.Оунсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, Ж.О нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Ж.Од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг оролцогчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ