Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00578

 

                          

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03464 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00054 дүгээр магадлалтай,

                                                                                               

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.А, Ж.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 58,751,320 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлд: Хариуцагч Г.А, Ж.Б нар нь 2014 оны 12 сарын 04-ний өдөр Хтай 1030017735 дугаар зээлийн гэрээ, 1030017735-01 дүгээр барьцааны гэрээ, 1030017735-02 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 60 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 2016 оны 12 сарын 05-ны өдөр дуусгавар болгохоор жилийн 27.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Ж.Б нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Цайз 1, Да хүрээ гудамжны 74 тоотод байрлах Ү-2204021318 улсын бүртгэлийн дугаартай, 157 м.кв талбайтай үйлчилгээний барилга, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24-р хороо, “Мондулаан” ХХК-ийн хойд талд байрлах Г-2204022888 улсын бүртгэлийн дугаартай, 180 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулсан. Зээлдэгч нь 1030017735 дугаар зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш зээл, хүүний эргэн төлөлтийг төлөлгүй 316 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөр төлөх боломжийг олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн нь дээрх нөхцөл байдлаас харагдаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 1030017735 дугаар барьцаат зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2017 оны 08 сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1030017735 дугаар зээлийн гэрээг үндэслэн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн байдлаар доорх зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 42,005,646 төгрөг, зээлийн үндсэн хүү 13,954,728 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,790,946 төгрөг, нийт 58,751,320 төгрөгийг зээлдэгч Г.А, Ж.Б нараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгсийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нар нь 2014.12.04-ний өдөр зээлийн, барьцааны, баталгаат ипотекийн гэрээ байгуулж зээл авсан. Ж.Б нь хамтран хариуцагчаар гэрээ байгуулсан. Үйлчилгээний барилга, газрын хамт барьцаалуулсан. Хариуцагч нь гэрээний 3.2-т заасан хуваарийг зөрчсөн. 2016.10.03-наас хойш зээлийг төлөөгүй. Гэрээний үүрэг зөрчигдсөн. Зээл төлөх боломжийг олон удаа мэдэгдэж, шаардаж байсан боловч зээлээ төлөх санаачилга гаргаагүй. Иймд гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан. Зээл төлөгдөөгүй байсан тул дахин зээл олгосон бичилт хийгээд ингэхдээ хуримтлагдсан дутуу бөгөөд төлөөгүй хүүний үлдэгдэл 5 сая төгрөгийг нэмж 53 сая гэж бичсэн. Гэхдээ нэхэмжлэл гаргахдаа энэ 5 сая төгрөгийг хассан. 2015 оны гэрээ гэж байхгүй тул үндсэн 2014 оны гэрээгээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 онд 60 сая төгрөгийн зээл авсан. 2015 оны сүүлээр 47 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн гэж байна. 2015 онд дуудаж уулзаад гэрээг шинэчлэн байгуулсан гэж байна. Банк зээлдэгч нартай уулзаж гэрээг шинэчлэх тохиолдол байдаг. Ингэхдээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр явдаг. Өнөөдрийн байдлаар 2015 онд нэмэлт гэрээ хийгээгүй. Зээлийн барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлээ төлөхгүй байгаа тул гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргасан. 2014 оны гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн боловч авсан зээлээ төлнө гэдэг нь ойлгомжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Б, Г.А нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Г.А нь 2014 оны 12 сарын 04-ний өдөр Хнаас 60,000,000 төгрөгийн зээл авсан. Би зээлийн төлөлтийг 45 сая төгрөг болгосон байсныг зээлийг хааж төлөгдөөгүй байсан мөнгийг нэмж 2015.12.23-ны өдөр 53 сая төгрөгийн зээлийн гэрээг 48 сарын хугацаатайгаар шинэчилсэн гэрээ байгуулсан. Би өнөөдрийг болтол гэрээний болон эргэн төлөлтийн хуваариа аваагүй байгаа. Гэрээгээ авъя гэхээр өгнө гэдэг. Хны нэхэмжлэлд хүчингүй болсон 2014 оны гэрээ хавсаргасан байна. Би боломжоороо төлөлтийг хийж байгаа ба банкны хуулгыг хавсаргасан болно. Зах зээлийн хямрал хүмүүсийн худалдан авах чадвар муудсан, мөн эргэлтийн хөрөнгө муудсан байгаа хэдий ч миний бие гэрээнд заасан хугацаанд банкыг хохиролгүй болгоно гэжээ.

Хариуцагч Г.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бгийн тайлбарт: 2014.12.04-нд 60 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийг хийж явсан. 2015 онд 2-3 сарын төлөлт хийгээгүй. Банкнаас ирж уулзах санал тавиад очсон. Биднийг хугацаандаа төлөгдөөгүй 5 сая төгрөг байна гэсэн. Тэр үед үлдэгдэл төлбөр нь 47 сая болсон байсан. 2015 оны 12 сард төлөгдөөгүй 5 сая төгрөгийг нэмж 53 сая болгоод дахин шинэчилсэн гэрээ байгуулсан. 2014.12.04-ний гэрээ нь дуусгавар болсон. Улмаар энэ гэрээг хаалгаад 53 сая төгрөгөөр 2015 оны 12 сард дахин шинэчилсэн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас ирж уулзаж байсан нь үнэн. Зах зээл хүндэрснээс болоод төлөөгүй байгаа. Шинэчилсэн гэрээ болон эргэн төлөлтийн хуваариа аваагүй. Иймд хүчингүй болсон гэрээгээр нэхэмжлэл гаргасан байх тул зөвшөөрөхгүй. Шинэчилсэн гэрээгээ авмаар байна. Зээл авсан тул 2015 онд 48 сараар гэрээ байгуулсан тул энэ гэрээгээр төлнө. Эргэн төлөлтийн хуваариа өгөөгүй. Дахин гэрээ хийсэн. 3 хувь гэрээн дээр гарын үсэг зураад явсан. Банкны хуулга дээр байгаа. Үлдэгдэл 47 сая төгрөг байгаад эргээд 53 сая болсон байдаг. Нийт 38,930,930 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй гэжээ.

                                  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Г.А, Ж.Б нараас 55,960,374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,790,946 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Г.А, Ж.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Мондулаан ХХК-ийн хойно байрлах, Г-2204022888 улсын бүртгэлийн дугаартай, 180 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цайз 1, Да хүрээ гудамж, 74 тоот хаягт байрлах, 157 м.кв талбайтай, эрхийн улсын Y-2204021318 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00054 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “452 дугаар зүйлийн 452.2” гэсний дараа “453 дугаар зүйлийн 453.1” гэж нэмж, “55,960,374” гэснийг “54,189,070” гэж, “2,790,946” гэснийг “4,562,250” гэж, 3 дах заалтын “507,952” гэснийг “428,895” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ/2017/03464 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 210/МА2018/00054 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Бид 2014 оны 12 сарын 04-ний өдөр Хнаас 60 сая төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 2016 оны 12 сарын 05-ны өдөр дуусгавар болгохоор авсан. 2016 оны 02 сарын 08-ны өдөр 1030017735 дугаартай зээлийн гэрээг дуусгавар болгож, 2015 оны 12 сарын 23-ны өдөр 53 сая төгрөгийн гэрээг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр 2020 оны 01 сарын 02-ны өдөр дуусгавар болох 1030022047 дансны шинэчилсэн гэрээг дахин байгуулсан. Миний бие Хны теллерийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий хуулгыг нотлох баримтаар өгсөн атал анхан шатны шүүхээс зээлийн дансны хуулга зөрүүтэй байна, 1030017735 дугаартай зээлийн дансны 2017 оны 06 сарын 21-ний өдрийн хуулганд /2014.12.02-2016.6.21 хүртэл/ 0 төгрөгийн үлдэгдэлтэй, 1030022047 дугаартай зээлийн дансанд 2015 оны 12 сарын 23-ны өдрийн хуулганд /2015.12.23-2017.6.21 хүртэл/ 47,698,916 төгрөгийн үлдэгдэлтэй байхад зээлийн гэрээг дуусгавар болгосон баримт байхгүй байна гэж дүгнэсэн. Дансны үлдэлдэл байхгүй зээл хаав гэсэн бариимтыг үнэлээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “зээлийг хаав, 53 сая төгрөгийн зээл олгов гэсэн эргэлзээтэй бичилттэй баримт байна” гэсэн атлаа дүгнэлт өгөөгүй. Мөн дансны хуулга 41,005,645 төгрөг гэж гаргаад, банк үндсэн төлбөр 42,005,646 төгрөг гэж 2 зөрүүтэй гарсан баримт хэрэгт байгаа. Хнаас бидэнтэй дахин шинэчилсэн гэрээ байгуулан өмнөх гэрээг хаасан байхад шүүхээс нэг гэрээг дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Бид анхан шатны шүүхэд “Хнаас 2015 оны 12 сарын 23-ны өдөр байгуулсан шинэчилсэн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2017 оны 10 сарын 25-ны өдөр бичгээр гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Энэ гэрээ нь хэргийн гол баримт байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг үүсгэх тухай 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/13842 дугаартай захирамждаа Хнаас зээлийн гэрээний үүрэгт 521,907 төгрөг гаргуулах тухай шаардлагаар үүсгэсэн байтлаа, иргэн Ж.Б, Г.А биднээс 55.960.374 төгрөг гаргаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад байгаа нь ойлгомжгүй, хүний эрхийг зөрчөөд байна. Анхан шатны шүүхээс Хны нэмэгдүүлсэн хүүгийн хамгийн их байх хязгаарыг тогтоосон байна гээд нэмэгдүүлсэн хүү болох 2,790,946 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байхад Давж заалдах шатны шүүх нэмээд 4,562,250 төгрөг болгоод нэхэмжлэгчийн шаардлагаас дахин нэмэгдүүлж гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Мөн Х нь зээлийн үндсэн хүүнд 13,954,728 төгрөг нэхэмжилж байгаа, өдрийн 27.6 хувийг / 365 хоног = өдрийн хүү 0.07561 төгрөг болж байна. Банкны зээлийн үндсэн хүүг хэдэн хувиар бодож гаргасан нь тодорхойгүй, 13,954,728 төгрөгийг 27.6 хувийн хүүгээр бодоход 10,036,309 төгрөг гарч байна. Зөрүү 3,918,419 төгрөг байна. Эдгээрт анхан болон давах шатны шүүх бас буруу дүгнэсэн. Х бидэнтэй хугацаа, хүү, дансны дугаар нь өөр шинэчилсэн гэрээ байхад тийм гэрээ байхгүй гэж шүүхэд болон бидэнд гаргаж өгөхгүй байгаагийн зэрэгцээ, шүүх бидний банкнаас гэрээ гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй. Иймд бидний гомдлыг хүлээн авч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ/2017/03464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 210/МА2018/00054 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.А, Ж.Б нараас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1030017735 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээл 42,005,646 төгрөг, хүү 13,954,728 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,790,946 төгрөг, нийт 58,751,320 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч .., 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг дүгнээд, үлдэгдэл төлбөр 47,000,000 төгрөг дээр хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй 5,000,000 төгрөгийг нэмээд 53,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 сарын 23-ны өдөр 48 сарын хугацаагаар шинээр байгуулсан тул дуусгавар болсон 2014 оны гэрээний дагуу шаардлага гаргах үндэслэлгүй гэж маргажээ.

Талууд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1030017735 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 60,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй байхаар тохиролцон, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөнгө хариуцагч нарын өмчлөлд шилжсэн ба энэ гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан тухай гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

Зээлдэгч нар нийт 38,930,930 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

Талууд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй төлөх нөхцөлтэй 1030017735 дугаар зээлийн, 1030017735-01 дугаар барьцааны болон 1030017735-02 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгчид 60,000,000 төгрөг олгогдсон талаар талууд маргаагүй, мөнгө шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан байна.

Дээрх гэрээг талууд дүгнээд дуусгавар болгохдоо зээлийн үлдэгдэл төлбөр дээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 53,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулж, зээлийг олгосон гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж, хэргийн 36 дугаар талд авагдсан “53,000,000 төгрөгийн зээл олгов” гэсэн банкны баримтаар нотлогдоно гээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн байгуулсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийг “Х”-наас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх-43/

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Бгийн гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...хүсэлтэд дурдсан гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, мөн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 38 дугаар зүйлийн 38.3-т нийцсэнгүй.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч зохигч аль нэг талын хүсэлтээр нотлох баримтыг шүүх эсрэг талаас албадан гаргуулна.  

Хэргийн 35 дугаар талд авагдсан 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт “зээл хаав” гэсэн, мөн 36 дугаар талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “53,000,000 төгрөгийн зээл олгов” гэсэн банкны баримтаар хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг хийж байсан тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд “...2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг дүгнээд, үлдэгдэл төлбөр 47,000,000 төгрөг дээр хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй 5,000,000 төгрөгийг нэмээд 53,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 сарын 23-ны өдөр 48 сарын хугацаагаар шинээр байгуулсан, одоо болтол энэ гэрээ, эргэн төлөлтийн хуваарийг банкнаас аваагүй...” гэж хариуцагч нар хариу тайлбар гаргасан зэргээс үзэхэд хариуцагчийн  хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл муутай, хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6, 40 дүгээр зүйлийн 40.40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.   

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг илрүүлэлгүйгээр, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00054 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Бгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,752 /гурван зуун дөчин долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН