Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0006

 

 

Т.Р-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал.

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү.

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар.

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Т.Р.

Нэхэмжлэгч: Т.Р.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ш ш ү х,

 Л.П,

 Г.Г нар.

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Ш ш ү х-д, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т, мөн өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай“.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Т.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд Ш ш ү х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д нар.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул.

Хэргийн индекс: 128/2020/0770/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Р нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Ш ш ү х-д, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасныг тус тус баримтлан Т.Р-гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Ш ш ү х-д холбогдох хэсгийн захирамжийн дугаарыг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Ш ш ү х-д холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т холбогдох, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Т.Р дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

3.2. Газрын төлбөрт 7448360 төгрөг төлсөн баримтуудыг шүүх буруу үнэлсэн. Эдгээр нотлох баримтууд нь 2018 онд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эзэмшиж байсан газрыг нь бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас хойш захиргаа нэхэмжлэгчид газар эзэмшихтэй холбоотой үүргийг хүлээлгэсэн хэвээр байсан буюу газрын эрх олгосон этгээд болон газар эзэмшигчийн хооронд эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байсныг нотолно. Гэтэл шүүхгазрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй” гэж буруу үнэлсэн.

3.3. Гэрч Н.М-ын мэдүүлэг, Б-Э” ХХК-аар хийлгэсэн кадастрын зураг зэрэг баримтуудыг огт үнэлээгүй, ... дүгнэлт өгөөгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д нийцээгүй.

3.4. Гуравдагч этгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн эзэмшил газраа өнөөдрийг хүртэл газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлээгүй байгаад огт үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй. ... Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид “мэдэгдээгүй” эс үйлдэхүйн үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй. Энэ талаар мэдэгдээгүй нь хариуцагчийн тайлбар, бусад баримтаар тогтоогдсон.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйл 46.1-д зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/08 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд нийслэлийн Засаг дарга бусдад газар давхардуулан эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна тухайн актад гомдол гаргах эрхийг хязгаарлаж зөрчсөн шийдвэр байна.

3.6. Маргаж буй газрыг нэхэмжлэгч 2013 оноос хойш эзэмшихдээ бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн аливаа үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл шүүх захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахдаа энэ талаар үнэлж, дүгнэлт гаргаагүй нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтыг анхан шатны шүүх “захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж... захирамжийн дугаарыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ заалт хүчин төгөлдөр байгаа актад хамааралгүй, захирамжийн дугаар зэрэг эрх зүйн үр дагаваргүй, захиргааны актын илэрхий алдааг залруулах журмаар хэрэглэгддэг заалт биш, дугаарыг хууль бус байсныг тогтоож өөрчилснөөр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагаваргүй.

3.8. Анхан шатны шүүхсонсох ажиллагаа хийгээгүй болох нь ... тогтоогдож байх боловч ... сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй“ гэж тайлбарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасантай нийцээгүй байна

3.9. Захиргаа шийдвэр гаргахдаа хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй бол шийдвэр нь хууль зөрчсөн буюу “хууль бус шийдвэр” болох юм. Ийм байдлаар нийслэлийн Засаг даргын 2018 оны А/993 дугаар захирамж нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна.

3.10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. 2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэгчийн маргаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсгэхгүй асуудлыг буюу “захирамжийн дугаарыг хууль бус байсан болохыг тогтоосон” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.

2.2. Гэвч энэ нь давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Хариуцагч нийслэлийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 23000 м.кв газар 2013 оноос хойш эзэмшиж байгаа иргэн Т.Р нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

3.2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар тус дүүргийн 10 хороо, И н е г-ын зүүн талд 23000 м.кв газар эзэмших эрхийг иргэн н.М, н.Н, н.У нараас Т.Р-д шилжүүлж, 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

3.3. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/3230 (2 дахь хавтсын 20 дахь тал), 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/3388 (2 дахь хавтсын 174 дахь тал), нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 02-10/3134 дүгээр албан бичгүүд (4 дэх хавтсын 2 дахь тал), тэдгээрт хавсаргасан газрын кадастрын зургуудыг сансрын зургуудтай давхцуулсан зургуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Р-гийн уг газар нэгж талбарын 18633301525903 дугаараар 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээллийн санд 22999 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн, уг газраа гэрээнд заасан зориулалт, нөхцөлийн дагуу эзэмшээгүй нь тогтоогджээ.

3.4. Үүнээс үзвэл нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй“ нь тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагч албан тушаалтны маргаан бүхий А/993 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон энэ тохиолдолд “иргэний нисэхийн талбайн хэмжээг өөрчлүүлэх захирамжийн төсөл бэлдсэн гэх гэрчийн мэдүүлэг болон “Б-Э” ХХК-ийн хийсэн кадастрын зураг зэргийг үндэслэн Т.Р-г тухайн газраа эзэмшиж байсан гэх боломжгүй.

3.6. Үүнээс гадна цар тахлын улмаас маргаан бүхий газарт манаачаар ажиллаж байсан гэх этгээдээс авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн мэдүүлэг хууль ёсны болоогүйг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнгүй.

3.7. Нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Ш ш ү х-д, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т, мөн өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д тус тус холбогдох хэсгүүд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх боломжгүй, Ш ш ү х газар эзэмших эрхээ газрын мэдээллийн санд бүртгүүлсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.8. Нэхэмжлэгч Т.Р “газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон талаарх” нийслэлийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 01-06/4054 дүгээр мэдэгдлийг (1 дэх хавтсын 48 дахь тал) хүлээн авч, мэдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй ч анхан шатны шүүх “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагаа хийснээр үр дүнд хүрэхээргүй, нэгэнт нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж зориулалтын дагуу газраа ашиглаж, эзэмшээгүй, төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй байх тул зөвхөн мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Р-гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/993, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн Ш ш ү х-д, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Г.Г-т, мөн өдрийн А/101 дүгээр захирамжийн Л.П-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР