Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00877

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00075 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар магадлалтай

Д.Т-ын нэхэмжлэлтэй

Ц.Э-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 44 791 270 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр Д.Т- нь хариуцагч Ц.Э-тэй амаар тохиролцож 2012 оны 8 дугаар сараас эхлэн тодорхой бус хугацаагаар мөнгө зээлсэн. Энэ хугацаанд Ц.Э-т нийтдээ 132 426 175 төгрөгийг төлсөн. Энэ талаарх баримт Хаан банкны хуулгаар тодорхой харагдаж байгаа.

Ц.Э- нь Д.Т-ыг 49 000 000 төгрөг залилсан гэж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд тус эрүүгийн хэрэг нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Их хэмжээний мөнгө авчихаад нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй юм шиг нөхрийг минь хуулийн хүнд зүйл заалттай гэмт хэрэгт гүтгэн, доромжилж байгаад харамсалтай байна. Миний хувьд илүү төлсөн 44 791 270 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.Т-д 138 000 000 төгрөг зээлж байсан. Мөнгө өгч байсан талаар миний өөрийн хөтөлдөг дэвтэрт байгаа. Бусад баримтыг нь эргэн төлөлт хийж байгаа учир ийм асуудал гарна гэж бодоогүй учраас устгасан. 2014 онд 20 000 000 төгрөг авсан гэж ярьж байна. 2014 оны сүүлийн 5 гүйлгээг харах юм бол 60 000 000 гаруй төгрөг авсан байдаг. Энэ талаарх дансны хуулга нь байгаа.

Хэрэгтэй үед нь машин, сэлбэг буулаа гэхээр нь тухайн үед өгч байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц.Э-өөс ямар ч үндэслэлгүйгээр мөнгө зээлж авсан. Хувь хүнээс өндөр хүүтэй зээлж авсан тул энэ мөнгийг төлж чадахгүй гэж бичсэн байсан. Би итгэсэн учраас мөнгө зээлсэн. 138 000 000 төгрөгийг Д.Т-д өгсөн ба эргэн төлөлт хийж хасагдаад, одоо 49 000 000 төгрөг үлдсэн нь үнэн. Надад хүү төлж байсан. Би тэрийг үгүйсгэхгүй. Бид хоёр тохиролцоод авсан. Надаас мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00075 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Э-өөс зээлийн гэрээний төлбөрт илүү төлсөн 44 791 270 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 510 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/00075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, “44 791 270 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “25 092 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгон, үлдэх 19 699 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Э-өөс 283 410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 381 906 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Ц.Э- би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж доорх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

...Тус магадлалын үндэслэлээ “Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учраас Иргэний хуулийн 282.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй гэж үзэж дансаар тогтоогдсон илүү төлөлтийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэн 25 092 270 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр “Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч амаар харилцан тохирч Д.Т нь хариуцагч Ц.Э-ийн хүний нутагт хөлсөө дуслуулан олсон бүх мөнгийг 5 хувийн хүүтэй зээлж авсан юм. 5 хувийн хүүтэй зээлж авсан тухайгаа өөрөө ойлгож ухамсарлаж байсан бөгөөд хүүгээ үүргийнхээ дагуу төлж байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг мэдсэнийхээ дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн тухайн заалт нь зээлдүүлэгчид хамааралтай буюу зээлдүүлэгчийн хүү авах эрхэд хамаарах бөгөөд харин зээлдэгч нь хүлээн зөвшөөрөөд төлсөн хүүнд буюу зээлдэгчийн хүү төлөх үүрэгт хамаарахгүй гэж үзэж байгаа юм.

Д.Т- нь “2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор 5 хувийн хүүтэй зээлж авсан мөнгөнийхөө хүүг төлж барагдуулна” гэсэн утга бүхий тодорхойлолтыг өөрийн гарын үсгээр баталгаажуулан бичиж өгсөн. Мөн дансны хуулгуудаар хүүтэй зээлж авсан гэдгээ нотолж зээлийн хүү утгатайгаар мөнгө буцаан төлж байсан зэргүүдээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл авахдаа 5 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж авсан болох нь тогтоогдож байх бөгөөд өөрөө сайн дураараа амаар тохиролцсоныхоо дагуу үүргээ биелүүлж дуусгасан байх тул буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас зээлдэгч хүү авах эрхээ алдаж байгааг үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Тухайн үед бичгээр байгуулаагүй ч гэсэн 5 хувийн хүүтэй зээлсэн гэдгээ ойлгож ухамсарлаж, тохиролцсон үүргийнхээ дагуу хүүгээ төлж байсан мөн гэрээний 2 талын чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн тохиролцсон тул үүргээ биелүүлж хүүгээ төлж байсныгаа зээлдүүлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хүүнд төлсөн мөнгөө буцаан шаардах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн 44 791 270 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэгч Д.Т-д түүний хүсэлтээр 8 удаагийн гүйлгээгээр нийт 87 634 900 төгрөгийг шилжүүлж, 5 хувийн хүүтэй зээлж, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт төлж, нийт 38 удаагийн гүйлгээгээр 132 426 170 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээ бодит байдалд хэрэгжсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсээгүй... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй тул зээлдэгчид хүү төлөх үүрэг үүсээгүй үндэслэлээр зээлийн хүүд шилжүүлсэн мөнгийг зээлдэгч буцаан шаардсан, зээлдүүлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр зээлдүүлэгч нь  25 092 270 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.,  492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцсэн байна.

Иймд “...харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлж, зээлийн хүүг төлсөн байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзснийг зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 420 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД