Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Э-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 84.176.170 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д /ШТҮД: /, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Д.Т нь хариуцагч Ц.Этэй амаар тохиролцож 2012 оны 8 дугаар сараар эхлэн тодорхой бус хугацаагаар мөнгө зээлсэн. Энэ хугацаандаа зээлээ бага багаар төлөөд Ц.Эт нийтдээ 132,426,175 төгрөгийг төлсөн байсан. Энэ талаархи баримт Хаан банкны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Энэ төлөлтийг хийчихсэн байхад удаа дараа дахин дахин мөнгө нэхэмжилж өдөр, шөнөгүй залгаж, утсаар доромжилж байсан. Адаг сүүлдээ цагдаад хүртэл Д.Т гэдэг хүн 49.000.000 төгрөг залилаад авсан гэж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарсан байдаг. Энэ бол үндэслэлгүйгээр нөхрийг минь гүтгэсэн гэж би үзэж байгаа. Тэгээд тус эрүүгийн хэрэг нь прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Ямар ч залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Субъектив санаа тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Их хэмжээний мөнгө авчихаад нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй юм шиг нөхрийг минь хуулийн зүйл заалттай хүнд гэмт хэрэгт гүтгэн, доромжилж байгаад харамсалтай байна. Тодорхой хугацаанд авсан мөнгөө эргүүлж төлсөн нь үнэн. Сүүлд 29.000.000 гаруй төгрөг зээлсэн тухай баримт гарч ирж байна. Миний хувьд 29.000.000 төгрөгийг хасаад  илүү төлсөн 44.791.270 төгрөгийг гаргуулж авах хүсэлт байна. Үндэслэлгүйгээр төлсөн мөнгөө гаргуулж авмаар байна гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон үйл явдлыг харахаар Д.Т, Ц.Э хоёр нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээг амаар байгуулсан байна. Зээлийн гэрээг амаар байгуулаад Ц.Эөөс 3 удаагийн гүйлгээгээр нийт 77.250.000 төгрөгийг авсныг зөвшөөрсөн гэж үзэж байна. Тэгээд үүнийг хасаж тооцно. Авсан мөнгө нь 2013 оны 3 удаагийн гүйлгээгээр, 2014  оны 20 удаагийн гүйлгээгээр, 2015 онд 15 удаагийн гүйлгээгээр Ц.Эт 132.426.000 төгрөгийг өгчээ гэдэг нь дансны хуулгаар нотлогдож байна. Сүүлд Ц.Эөөс нэмж баримт гарч ирсэн болохоор авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Одоо нийт нэхэмжлэл үнийн дүн 44.791.270 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Эийн хувьд мөнгө хэзээ өгсөн гэдэг дээрээ будилаад байна. Ямар итгэлцлийн үндсэн дээр 20.000.000 төгрөгийг хүнд өгчихөөд ямар ч баримт авахгүй явдаг юм. Өгсөн өдрөө санахгүй гэж ярьж байгааг нь ойлгохгүй байна. 20.000.000 төгрөг гарч ирж байна. Бас 10.000.000 төгрөг өгсөн гэж гарч байна. Үүнийгээ нотолж байгаа юм байхгүй. Хэзээ яаж өгсөн гэдгээ санахгүй. Зээлсэн мөнгөний хүүнд 90.000.000 төгрөг төлсөн гэж хэлж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ хийгдсэн. Бичгээр байгуулаагүй учраас хүү авах эрхээ алдана. Тийм болохоор хариуцагчаас 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөнгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн өгсөн мөнгө нь банкны хуулгаар харагдаж байна. Иргэд хооронд хүү ингэж ихээр төлөх хуулийн заалт байхгүй байна.  Анх энэ талаар яаж мэдсэн бэ гэвэл. Д.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэсэн. Ингээд бүх асуудал эхэлсэн байдаг. Тэгээд бүх хуулгаа тулгаж үзсэн чинь их хэмжээний мөнгө гарч ирсэн. Нэхэмжлэгч тал маш их өрөнд орж ирсэн. Одоо хашаа байшин бүх зүйл нь барьцаанд байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийг дуудаад мөнгө нэхдэг. Нөгөө нь мөнгөө барьж очоод өгдөг. Тэгээд энэ талаар эхнэр нь мэдээд гэр бүлийн хооронд хэрүүл үүсээд Д.Т нь цагдаагаар яваад, Д.Бурмаа нь банкаар яваад шалгаад бүх юмаа барьцаанд тавиад энэ мөнгөө төлж эхэлсэн.  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 229 дүгээр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хариуцагч тал өгсөн мөнгөөсөө 90.000.000 төгрөгийг хүүнд авчихсан гэж байна. Хэдэн төгрөг зээлсэн болоод хүүнд энэ мөнгийг авсан гэдгийг ойлгосонгүй. Тэгэхээр энэ бол үндэслэлгүй мөнгө төлсөн гэж үзээд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгөө шаардах эрхтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Эцсийн дүнгээр 44.791.270 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.Тд 138.000.000 төгрөг зээлж байсан. Банкнаас хүртэл хоёр удаа дугтуйтай мөнгө авч өгч байсан. Энэ бүхэн миний өөрийн хөтөлдөг дэвтэр дээр байгаа. Бусад баримтыг нь эргэн төлөлт хийж байгаа учир ийм асуудал гарна гэж бодоогүй учраас устгасан. 2014 онд 20.000.000 төгрөг авсан гэж ярьж байна. Үнэндээ 2014 оны сүүлийн 5 гүйлгээг харах юм бол 60.000.000 гаруй төгрөг авсан  байдаг. Энэ талаарх дансны хуулга нь байгаа. Би худлаа ярьсан юм байхгүй. Энэ мөнгийг харь нутагт зовж олсон. Энэ хүнд зүгээр өгөөгүй. Хэрэгтэй үед нь машин, сэлбэг буулаа гэхээр нь тухайн үед өгч байсан. Энэ талаар нүүрэлдэж ярьсан ч болно. Нэхэмжлэл дээрээ Ц.Эөөс ямар ч үндэслэлгүйгээр мөнгө зээлж авсан. Хувь хүнээс өндөр хүүтэй зээлсэн авсан тул энэ мөнгийг төлж чадахгүй гэж бичсэн байсан. Би хувь хүн биш юм уу. Би танил талаараа энэ хүнд мөнгө зээлсэн. Би итгэсэн учраас мөнгө зээлсэн. Эргэн төлөлт хийгээд явж байсан. Би өөрөө ч гэсэн Хаан банкинд 106.000.000 төгрөгийн байрны зээлтэй явж байгаа. Би 106.000.000 төгрөгийг зээлсэн. Түүнийгээ 200.000.000 төгрөг болж илүү төлөлт хийгээд явж байгаа. Гэхдээ би илүү төлсөн гэж хэзээ ч зарга үүсгэхгүй. Тухайн үедээ Д.Т бүх л хэрэгтэй үедээ надаас зээлж байсан. Эргэн төлөлт хийгээгүй 49,000,000 төгрөг байгаа юм. Энэ талаараа би шүүхэд хандсан. н.Баярсайхан гэдэг найзаас минь миний нэрээр мөнгө зээлж авч байсан. Бас энэ талаар найзтай минь холбогдуулж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсчихсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Бурмаа оролцоод явж байгаа гэж сонссон. Надад хийсэн хэрэг байхгүй. Би бол 138.000.000 төгрөгийг Ч.Түвшинжаргалд өгсөн нь үнэн эргэн төлөлт хийгээд хасагдаад одоо 49.000.000 төгрөг үлдсэн нь үнэн. Надад хүү төлж байсан. Би тэрийг үгүйсгэхгүй. Бид хоёр тохиролцоод авсан. Зээлийн эргэн төлөлт хийгээд явж байсан. Үлдсэн 49.000.000 төгрөгөө авах л гэсэн юм. Тэгсэн надаас эргүүлээд мөнгө нэхэж байна. Надад одоо бол хэлэх үг ч алга. Би буруу зүйл хийгээд залилаад яваад байсан юм байхгүй. Би Д.Таас мөнгө зээлчихсэн. Түүнийгээ надаас нэхэж байгаа юм шиг санагдаж байна. Тухайн үед Д.Т надад мөнгө хэрэгтэй байна гэж надаас мөнгө авчихаад эргүүлээд өгөхдөө ингэж байна гэхэд гайхаж байна. Яг машин, сэлбэг орж ирээд надад мөнгө алга гаалийн татвар гээд мөнгө гуйж байхад нь би шууд мөнгөө шилжүүлээд бэлэн хоёр удаа өгч байсан. Надаас мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэл алга гэв.

          

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ц.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 84.176.170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дансны хуулгаа үндэслэн илүү төлсөн 44.791.270 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж,  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргав.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ц.Эөөс 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 9.500.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10.384.900 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 18.750.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7.000.000 төгрөг, нийт 87.634.900 төгрөгийг зээлсэн байна.

Улмаар 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 38 удаагийн гүйлгээгээр Ц.Эийн Хаан банк дахь тоот төгрөгийг дансанд 132.426.170 төгрөгийг шилжүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр байгуулагджээ.

Шүүх хуралдаанд зохигчдоос тодруулахад нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн ба нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөнийхээ хүүг тухай бүр төлж байсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн заалтыг баримтлан бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй учраас хүү төлөх үндэслэлгүй байснаа сүүлд мэдсэн тул хүүнд төлсөн мөнгөө буцаан шаардаж байна гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү авах эрхээ алдана гэсэн заалт нь зээлдүүлэгчид хамааралтай буюу зээлдүүлэгчийн хүү авах эрхэд хамаарах бөгөөд харин зээлдэгчид нь хүлээн зөвшөөрөөд төлсөн хүүнд буюу зээлдэгчийн хүү төлөх үүрэгт хамаарахгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар зээлийн гэрээнд хүү авах бол бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлан хүүнд төлсөн төлбөрөө буцаан шаардаж байгаа гэлээ.

Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан болохоос зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй юм. Бичгээр байгуулаагүйн улмаас зээлдэгч хүү авах эрхээ алдаж байгааг үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ц.Эөөс зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 44.791.270 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Эөөс зээлийн гэрээний төлбөрт илүү төлсөн 44.791.270 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578.8321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ