Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00876

 

А.М-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03167 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дугаар магадлалтай

А.М-гийн  нэхэмжлэлтэй

Ү ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 758 066 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ү ХХК-д 2015 оны 07 сард гидромеханикчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 4 сарын эхээр хүний нөөцийн ажилтан Г.Одончимэгтэй уулзахад манай байгууллага орон тооны цомхотгол хийж байгаа, таны ажлын байрны орон тоо байхгүй болсон гэсэн. Ажлаас халсан тушаалаа авъя гэхэд одоохондоо гараагүй байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа буюу 2017 оны 4 сарын 17-ны өдөр очиж Г.Одончимэгээс ажлаас халсан тушаалаа авсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, гарын үсэг зуруулах хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тэтгэмж олгох үүрэгтэй. Тушаалд тэтгэмж олгох талаар заагаагүй, нэхэмжлэгчид тэтгэмж олгоогүй. Гэрч Д.Бат-Амгалан орон тоо байхгүй болсон гэдэг боловч 3 харуул тухайн ажилтны ажил үүргийг гүйцэтгэж байгаа гэж мэдүүлдэг учир тухайн орон тоог бүхэлдээ байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 758 066 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай төлүүлж өгнө үү. Сарын дундаж цалин 550 000 төгрөг, нэг өдрийн цалин 25 581 төгрөг, нийт ажилгүй байсан хугацаа ажлын 186 хоног болж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.М- нь Ү ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулан гидротехникчийн албан тушаалд томилогдсон. А.М- нь туршилтын хугацаагаар ажиллах үедээ ажил үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Гэвч энэ шалтгаан хамаарахгүйгээр А.М-гийн орон тоо хасагдсан тул түүнийг хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Түүний ажил нь жил бүрийн 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл хугацаанд улирлын чанартай ажилладаг тул хариуцдаг нуурын усыг 3 сантехникчид хариуцуулахаар зохицуулалт хийсэн. А.М- нь улирлын ажилтай, ажил дээрээ байгаагүй тул орон тоо хасагдсан талаар Д.Бат-Амгалан захирал түүнд утсаар мэдэгдсэн. Өөрөө ажил дээр ирж ажлаас халсан тушаалаа авч, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирж тойрох хуудсаа авсан. Тойрох хуудас авах үедээ Солонгос улсад зуучлуулж ажиллахаар болсон виз, гадаад паспорт байна гээд Д.Бат-Амгалан захиралд үзүүлээд ах нь явах гэж байгаа, эрүүл мэндийн дэвтэр, бусад бичиг баримтаа аваад явмаар байна, тэтгэмж авахгүй гэж харилцан тохиролцсон учир тэтгэмжийн хэмжээг тушаалд тусгаагүй. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслээд гидротехникч гэх албан тушаалыг хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч тал мэдсэн, манайх мэдэгдсэн гэдгээ зөвшөөрдөг. Нэхэмжлэгч мэдсэн ч гэсэн бичгээр мэдэгдэл өгөөгүй гэж маргадаг. Бичгээр мэдэгдсэн, мэдэгдээгүй гэдгийг гэрчээр нотлуулна гэж хүсэлт гаргахад бичгээр мэдэгдсэн дээр маргана, харин мэдсэн гэдэгт маргахгүй гэж хэлсэн. Гэрч утсаар мэдэгдсэн гэж мэдүүлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоогүй гэдэг боловч тэтгэмжийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй учир энэ асуудал хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03167 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.М-г Ү ХХК-ийн Үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанд гидротехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 179 625 төгрөгийг гаргуулан А.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1 578 441 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж /70200+66112/ нийт 136 312 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...3 179 625 төгрөг гэснийг ...3 197 625 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 65 824 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Ү” ХХК-ийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан миний бие Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 379 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ "... Хариуцагч энэ талаар нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх үйл баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь ажил олгогч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулах нь түүнд хуулиар ногдуулсан үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой. Иймд гэрч А.Бат-Амгалангийн “нэхэмжлэгчтэй утсаар ярьсан” гэх мэдүүлэг хариуцагчийн татгалзлыг нотлохгүй” хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж зааснаас үзэхэд ажилтанд заавал бичгээр мэдэгдэнэ гэсэн үг үсэг хуульд байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан байна.

Ажил олгогчийн тухайд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэх нь ажилтны эдийн засгийн баталгаагаа тасралтгүй авч явах боломжоо бүрдүүлэх бололцоогоор хангах боломжийг олгож байгаа явдал бөгөөд хууль заасан хугацаанд ажилтанд мэдэгдэх нь л ач холбогдолтой болохоос ажилтанд бичгээр мэдэгдсэн бол илүү ач холбогдолтой байх талаар ойлголт, зохицуулалт байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаад үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч А.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 4 дүгээр сард ажлаас халагдсанаа мэдээд 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаалаа гардаж авсан гэж тайлбарладаг гэтэл Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн ажлын байраа хүлээлгэн өгсөн “Тойрох хуудас”-д 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эхний гарын үсгийг зурж баталгаажуулсан байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны үеэр ажлаас халах тухайгаа бичгээр мэдэгдсэн эсэх дээр маргана, харин утсаар мэдсэн талаар маргахгүй хэмээн ярьсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд баталгаажиж хавтаст хэргийн 57, 58 дугаар хуудсанд бэхжигдсэн байна.

Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд ажлаас халагдах гэж буй талаараа утсаар асууж мэдсэн дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байсан атлаа шүүхийн шийдвэр эсрэг гарсны дараа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд ажлаас халагдах гэж буй талаараа огт мэдээгүй хэмээн тайлбараа өөрчилөн оролцсон нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Энэ талаар үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа тавьж, хавтаст хэргийн хэргийн 57, 58 дугаар хуудсанд буй шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судалсан боловч анхан шатны шүүхээс ажил олгогч ажилтанд ажлаас халах тухайгаа сарын өмнө бичгээр мэдэгдээгүй гэж үзэн нэхэмжлэгчийг “Ү” ХХК-д байхгүй ажлын байранд эргүүлэн томилсон, харин давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ давж заалдах гомдолд дурдсан дээрх нотлох баримтуудыг огт дурдаагүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй, хүчин төгөлдөр тушаал юм. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан мэдэгдэх заалт нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл биш бөгөөд тушаал гаргахтай холбогдсон процесс журам гэж ойлгож байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч А.М-г 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5 дугаар зүйлийг үндэслэн Гидротехникчийн ажлын байрнаас чөлөөлсөн байдаг.

“Ү” ХХК-д Гидротехничкийн ажлын байр үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанд 1 ширхэг байсан бөгөөд энэ ажлын байр нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу хасагдсан. Одоо Гидротехникчийн ажлын байр “Ү” ХХК-д байхгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.М- нь Ү ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А.М-г Ү ХХК-д гидромеханикчаар ажиллаж байхад нь захирлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №47 тушаалаар “...ажлын байр нь бүтэц орон тоо ны цомхотголд орсон...” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд хуульд заасны дагуу тэтгэмж олгох талаар заагаагүй, тэтгэмж олгоогүй, түүнчлэн ажилтны гүйцэтгэж байсан ажлын байр байхгүй болсон гэх боловч 3 харуул тухайн ажил үүргийг гүйцэтгэж байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна” гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ...” гэж, 42 дугаар зүйлийн 42.1.-д “Ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1...-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж зохицуулсан байна.

Захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №14 дугаартай тушаалаар  Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталсан 2017 оны Бизнес төлөвлөгөөний дагуу бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, зарим орон тоог хасах, зарим орон тоог цөөрүүлэхэд А.М-гийн ажлын байр хасагдсан болох нь нотлогдсон байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдсэн гэж тайлбарлах боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд, хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар ажилтанд тэтгэмж олгох талаар тушаалд тусгаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул А.М-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ олговрын үнийн дүнг шийдвэрийн тогтоох хэсэгт зөрүү бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчилсөн нь  үндэслэл бүхий болсон байна.

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч А.М- эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа зөвтгөж засаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг засч, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд “...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...өөрчлөн, гэсний дараа “...1 578 441 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...1 578 441 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн,

2. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж,

шийдвэрийн 2., 3. дахь заалтын дугаарыг 3., 4. болгон өөрчилж,” гэсэн нэмэлт оруулж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 824 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                              Х.ЭРДЭНЭСУВД