Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 308

 

Б.Наранбаатар, Ч.Наранболд, П.Батхүрэл нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар магадлалтай, 201610010106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Лувсандорж овогт Базаррагчаагийн Наранбаатар нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Лувсандорж овогт Чулууны Наранболд нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жанцан овогт Пүгүүгийн Батхүрэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч П.Батхүрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батхүрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг тус бүр 251 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд болон шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх болсон үйл явдлыг логик дэс дараалалд оруулж дүгнэлт хийгээгүй. П.Батхүрэл нь хэрүүл маргаан, зодооныг огт өдөөгөөгүй, өөрөө ч эхлүүлээгүй юм. Тухайн үед зөвхөн өөрийгөө л хамгаалах үүднээс газраас төмөр авсан, түүгээрээ Б.Наранбаатарын толгойн тус газар нэг удаа цохьсон нь гэмт хэргийн шинжийг ялимгүй төдий агуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, төрсөн ах дүү хоёрын нэг нь галын хайч, нөгөө нь машины дорцов барьчихсан довтолж байхад П.Батхүрэл нь өөрийгөө хамгаалах нь зүйтэй гэж үзнэ. П.Батхүрэлийн учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөл байдалд өөр аргаар зайлуулах боломжгүй байсан. Дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуульд заасны дагуу П.Батхүрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь бүлэглэн П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, П.Батхүрэл нь Б.Наранбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Харин хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр П.Батхүрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Батхүрэлтэй маргалдаж улмаар гараар болон машины түлхүүр, галын хайчаар толгой руу нь цохиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч П.Батхүрэл нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаатартай маргалдаж, толгойн тус газарт гараар болон машины түлхүүрээр цохиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч П.Батхүрэлийн хувьд өөрийг нь хэл амаар доромжилж нүүрэн тус газар нь цохисон Б.Наранбаатарын үйлдэлд уурлан, түүний араас удаа дараа утасдан “Наранжаргалын гадаа байна, зодолдоё” гэж дуудан түүнийг өдөөн хатгаж, улмаар Б.Наранбаатарыг ирэхэд нь түүнтэй харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд Б.Наранбаатарын биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”, мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдал”-ын нөхцөлд учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан “П.Батхүрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин П.Батхүрэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул П.Батхүрэлд холбогдох бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

-“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар П.Батхүрэлд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН