Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2017/00027

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 73 дугаар байрны 02 тоотод оршин суух, Боржин овогт Чимэд-Очирын Батжаргалын /РД:ЕЙ85040511, утас:99999799/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Нутгийн удирдлагын ордонд байрлах, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /Хуулийн этгээдийн РД:9018662, утас:70543225/ холбогдох

 

Тэтгэмжийн 4 986 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батжаргал,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг, Д.Магвансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Нэхэмжлэгч Ч.Батжаргал нь хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тэтгэмжийн 4 986 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

     Нэхэмжлэгч Ч.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 2013 оны 04 дүгээр сарын 16-наас эхлэн томилогдож ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 дугаар хуралдаан болж энэ хурлаар хурлын даргаар Г.Батсуурь томилогдсон. Хурлын дарга солигдсон цагаас хойш Ч.Батжаргалаа би багаа бүрдүүлж ажиллана, чиний ажиллаж байгаа байдал ажилдаа тэнцэхгүй байна гэдэг зүйлийг удаа дараа хэлж, ажилдаа тэнцэхгүй байна гэж ажлаас чөлөөлж, хуульд нийцүүлэн тэтгэмж олгоно гэж надад хэлж байсан. Тэтгэмж олгоно гэсэн хүсэлт тавьж байсан болохоор би хүсэлтийг хүлээн авсан. Энэ нь ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэр байгаа. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар надад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 4 986 000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хурлын дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал оруулдаг. Энэ эрхийн хүрээнд өөрөө санал оруулсан. Хурлын СД-ний бичлэг дээр ч тодорхой хэлсэн байгаа. Тухайн үед зөвшилцсөн гэж байсан. Зөвшилцөнө гэдэг нь надтай санал солилцон ажлаас чөлөөлж тэтгэмж өгөх талаар ярилцаж байсан. Үүнийг зөвшилцсөн гэж ойлгож байгаа. Намайг ажлаас чөлөөлөхөд би ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаагүй байсан. Яагаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй вэ гэвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол одоо тэтгэмж авна гээд зогсож байхгүй. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсний дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тэтгэмжийг олгодог. Тухайн үед би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгөөгүй байсан. Тэргүүлэгчдийн хурал дээр ч гэсэн надаас гаргаж өгсөн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл юм уу холбогдох зүйлийг яриагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-г удирдлага болгон тэтгэмж олгохтой холбоотой заалтуудыг үндэслэсэн байсан болохоор тэтгэмж олгох юм байна гэж бодож байсан. Тухайн үед тогтоол гараагүй. Сүүлд 2015 оны 12 дугаар сарын 31-нд хуралд өргөдөл бичээд өгчих, түүний дагуу тэтгэмжийг олгоё гэсэн. Тэгээд би тухайн үед тэтгэмж олгох юм байна гэж бодоод өргөдлийг өөрсдийнх нь гаргасан санааны дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр нөхөж бичиж өгсөн. Тогтоол дээр өөрийн хүсэлтээр гэсэн үг үсгийг оруулсан байсан. Дараа нь лавлаж асуухад ямар ч байсан тэтгэмжийг нь олгоно, санаа зовохгүй байж болно гэж хэлж байсан. Оны эхэн болж байна, оны сүүлд төсөв мөнгө байхгүй гэдгийг төсвийн шууд захирагч хийж байсан болохоор би мэдэж байсан.  Оны эхэнд тодотгол хийгээд тэтгэмжийг нь олгоно гэж байсан боловч тодотгол хийгдэхгүй явсаар байгаад 2016 оны 08 дугаар сарын 18, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тодотгол хийсэн. Энэ бүгдэд би очиж уулзаж байсан. Эхлээд үүн дээр тодотгол хийгдсэнгүй, дараагийн удаа мөн адил тодотгол хийгдсэнгүй гэж хэлсэн. Тэгээд асуудал шийдэгдэхгүй болохоор нь Г.Батсуурь дарга дээр очиж уулзсан. Ингэхдээ надад тодотгол хийхээр тэтгэмж олгоно гэсэн. Тодотгол хийгдсэн боловч тэтгэмжийг олгохгүй байна гэхэд надад Ч.Батжаргалыг бодохоор тэтгэмжийг өгчихмөөр, намыг нь бодохоор тэтгэмжийг өгмөөргүй байна гэсэн хариуг хэлсэн. Тухайн үед надад тэтгэмж өгнө гэж хуурч, мэхэлж өөрсдийнхөө хэрэгцээнд тулгуурлаж өргөдлийг нөхөн бичүүлэн авч залилан хийчихээд өөрсдөө нотлох баримттай болчихлоо гэж үзэн надаас нүүр буруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хувьд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 4 986 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулах хүсэлтэй байна гэв.       

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Ч.Батжаргалыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа хийх боломжгүй удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн. Гэвч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн атлаа нэг сар гаран хугацааны дараа аймгийн Уул уурхайн салбарын жишиг Политехникийн коллежид Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд томилогдож ажиллаж байдаг. Иймээс Ч.Батжаргалыг нь өөр ажил албан тушаалд томилогдон ажиллахын тулд эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан худал хуурмаг бүхий үндэслэлгүй хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир түүнд 6 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх буюу 4 986 000 төгрөгийг олгох нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн тэтгэмжийг олгоогүй болно. Ч.Батжаргал нь өнөөг хүртэл уг албан тушаалыг эрхэлж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Ч.Батжаргалыг ажлаас чөлөөлсөн. Ямар тохиолдолд тэтгэмж олгодог вэ гэвэл ажлаас халагдсан тохиолдолд тэтгэмж олгоно. Түүнээс биш ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тэтгэмж олгохгүй. Тухайн үеийн Хурал хууль бус шийдвэр гаргасан болохоор одоогийн Хурлын Тэргүүлэгчид зөвшөөрөхгүй байгаа. Ч.Батжаргалын гаргасан хүсэлтэд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа хийх боломжгүй болж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн байна. Үүн дээр ямар нэгэн тэтгэмжийн талаар дурдсан зүйл байхгүй байна. Тийм учраас хүсэлтийг үндэслэн тогтоол гарсан. Энэ тогтоолыг харин иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж хүчингүй болгох ёстой байсан. Гэвч одоо шүүхийн ажиллагаа явагдаж байгаа учраас хүчингүй болгох боломжгүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гомдлоо хэлэлцэж байгаа хурал биш. Тэтгэмжийн асуудлыг ярилцаж байна. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн хүнд халагдсан үндэслэлээр тэтгэмж олгоно гээд ярьж байгаа нь зохимжгүй байна. Мөн тэтгэмж олгоход санхүүгийн баримтыг бүрдүүлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх ажилдаа тэнцэхгүй талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан тохиолдолд ажлаас хална. Гэтэл албан ёсны дүгнэлт байхгүй байна. Бид нар Ч.Батжаргалын тэтгэмжийг олгоё гэхээр ямар нэгэн баримт байхгүй. Хэрвээ нэхэмжлэгч хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн бол 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах боломжтой байсан. Иймд ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг үндэслэн тэтгэмж олгох ямар ч боломж байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Батжаргал нь хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тэтгэмжийн 4 986 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ч.Батжаргал нь өөр ажилд томилогдохын тулд эрүүл эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн хуурамч хүсэлт гаргасан, мөн ажлаас чөлөөлөгдсөн учраас ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэлгүй хэмээн маргажээ.

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэл, СД-ний бичлэгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Батжаргалыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохирсон үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болох нь нотлогдож байна.

 

 Гэтэл Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай “Ч.Батжаргалыг ажлаас чөлөөлөх” тухай тогтоолд дээрх хурлаар баталсан тогтоолын төслийг өөрчилж, ...ажилтан өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлийг тэмдэглэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 42.1-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн зохицуулалтыг баримталж нэхэмжлэгч Ч.Батжаргалд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 4 986 000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Ч.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...шинээр томилогдсон хурлын дарга, би багаа бүрдүүлж ажиллана,  чи гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй байна гээд ажлаас  чөлөөлж, хуульд нийцүүлэн тэтгэмж олгоно гэсэн болохоор би хүсэлтийг хүлээн авч, тэтгэмж авах хүсэлт гаргасныг Тэргүүлэгчдийн Хурлаар шийдвэрлэсэн гэсэн, мөн тэрээр тогтоол гаргасны дараа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө ...миний бие нь эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа хийх боломжгүй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай  байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас халах үйл явдал бий болоогүй болох нь дээрх нотлох баримтуудаар болон гэрч Д.Сүрэнжавын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

 Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шинээр томилогдож, өөрийн багаа бүрдүүлж ажиллах хүсэлт гаргаснаар, талууд харилцан тохиролцож, Ч.Батжаргалыг ажлаас чөлөөлсөн болох нь талуудын тайлбар, хурлын тэмдэглэл, СД-ний бичлэг, гэрч Д.Сүрэнжавын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч Ч.Батжаргал нь ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүлээн аваад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч.Батжаргал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдаагүй байх тул түүнд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Хурлаас гаргасан тогтоол хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Хурал гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа хэдий ч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ажлаас халагдсаны тэтгэмж олгоход хамааралгүй зохицуулалт  байх тул шүүх уг тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бусад нотлох баримтуудтай бодитойгоор харьцуулан үзэхэд үнэн зөв болох нь эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, тэтгэмж олгох боломжгүй гэж дүгнэлээ.

 

Мөн хариуцагч талын гаргасан ...Ч.Батжаргал нь өөр ажил албан тушаалд томилогдон ажиллахын тулд эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн худал хүсэлт гарган ажлаас чөлөөлөгдсөн гэсэн агуулга бүхий хариу тайлбар, хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/39 тоот албан бичиг, мөн коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Ч.Батжаргалын цалингийн хүснэгт, гэрч Б.Даваахүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД-ний 1 ширхэг бичлэгийг /дүрсгүй/  хэрэгт хавсарган үлдээв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар Ч.Батжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох тэтгэмжийн 4 986 000 /дөрвөн сая есөн зуун наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэрэгт авагдсан СД-ний 1 ширхэг бичлэгийг /дүрсгүй/  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ