Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 216/МА2017/00005

 

Ч.Б нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 134/ШШ2017/00027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч-О Б /РД:/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г аймгийн и Т Х /Хуулийн этгээдийн РД:/ холбогдох

 

тэтгэмжийн 4 986 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Мөнхзул,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн,  

нарийн бичгийн даргад А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г аймгийн и Т Х н б даргаар 2013 оны 04 дүгээр сарын 16-наас эхлэн томилогдож ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 дугаар хуралдаан болж энэ хурлаар хурлын даргаар Г.Б томилогдсон. Хурлын дарга солигдсон цагаас хойш Ч.Б би багаа бүрдүүлж ажиллана, чиний ажиллаж байгаа байдал ажилдаа тэнцэхгүй байна гэдэг зүйлийг удаа дараа хэлж, ажилдаа тэнцэхгүй байна гэж ажлаас чөлөөлж, хуульд нийцүүлэн тэтгэмж олгоно гэж надад хэлж байсан. Тэтгэмж олгоно гэсэн хүсэлт тавьж байсан болохоор би хүсэлтийг хүлээн авсан. Энэ нь ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэр байгаа. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар намайг үүрэгт ажлаас чөлөөлж, тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар надад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 4 986 000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хурлын дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал оруулдаг. Энэ эрхийн хүрээнд өөрөө санал оруулсан. Хурлын СД-ний бичлэг дээр ч тодорхой хэлсэн байгаа. Тухайн үед зөвшилцсөн гэж байсан. Зөвшилцөнө гэдэг нь надтай санал солилцон ажлаас чөлөөлж тэтгэмж өгөх талаар ярилцаж байсан. Үүнийг зөвшилцсөн гэж ойлгож байгаа. Намайг ажлаас чөлөөлөхөд би ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаагүй байсан. Яагаад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй вэ гэвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол одоо тэтгэмж авна гээд зогсож байхгүй. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсний дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тэтгэмжийг олгодог. Тухайн үед би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгөөгүй байсан. Тэргүүлэгчдийн хурал дээр ч гэсэн надаас гаргаж өгсөн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл юм уу холбогдох зүйлийг яриагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-г удирдлага болгон тэтгэмж олгохтой холбоотой заалтуудыг үндэслэсэн байсан болохоор тэтгэмж олгох юм байна гэж бодож байсан. Тухайн үед тогтоол гараагүй. Сүүлд 2015 оны 12 дугаар сарын 31-нд хуралд өргөдөл бичээд өгчих, түүний дагуу тэтгэмжийг олгоё гэсэн. Тэгээд би тухайн үед тэтгэмж олгох юм байна гэж бодоод өргөдлийг өөрсдийнх нь гаргасан санааны дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр нөхөж бичиж өгсөн. Тогтоол дээр өөрийн хүсэлтээр гэсэн үг үсгийг оруулсан байсан. Дараа нь лавлаж асуухад ямар ч байсан тэтгэмжийг нь олгоно, санаа зовохгүй байж болно гэж хэлж байсан. Оны эхэн болж байна, оны сүүлд төсөв мөнгө байхгүй гэдгийг төсвийн шууд захирагч хийж байсан болохоор би мэдэж байсан.  Оны эхэнд тодотгол хийгээд тэтгэмжийг нь олгоно гэж байсан боловч тодотгол хийгдэхгүй явсаар байгаад 2016 оны 08 дугаар сарын 18, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тодотгол хийсэн. Энэ бүгдэд би очиж уулзаж байсан. Эхлээд үүн дээр тодотгол хийгдсэнгүй, дараагийн удаа мөн адил тодотгол хийгдсэнгүй гэж хэлсэн. Тэгээд асуудал шийдэгдэхгүй болохоор нь Г.Б дарга дээр очиж уулзсан. Ингэхдээ надад тодотгол хийхээр тэтгэмж олгоно гэсэн. Тодотгол хийгдсэн боловч тэтгэмжийг олгохгүй байна гэхэд надад Ч.Б бодохоор тэтгэмжийг өгчихмөөр, намыг нь бодохоор тэтгэмжийг өгмөөргүй байна гэсэн хариуг хэлсэн. Тухайн үед надад тэтгэмж өгнө гэж хуурч, мэхэлж өөрсдийнхөө хэрэгцээнд тулгуурлаж өргөдлийг нөхөн бичүүлэн авч залилан хийчхээд өөрсдөө нотлох баримттай болчихлоо гэж үзэн надаас нүүр буруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хувьд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 4 986 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг шүүхэд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Т Х н б д т ажиллаж байсан Ч.Б 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа хийх боломжгүй удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн. Гэвч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн атлаа нэг сар гаран хугацааны дараа аймгийн Уул уурхайн салбарын жишиг Политехникийн коллежид Захиргаа аж ахуйн менежерийн албан тушаалд томилогдож ажиллаж байдаг. Иймээс Ч.Б нь өөр ажил албан тушаалд томилогдон ажиллахын тулд эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан худал хуурмаг бүхий үндэслэлгүй хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир түүнд 6 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх буюу 4 986 000 төгрөгийг олгох нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн тэтгэмжийг олгоогүй болно. Ч.Б нь өнөөг хүртэл уг албан тушаалыг эрхэлж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Ч.Б ажлаас чөлөөлсөн. Ямар тохиолдолд тэтгэмж олгодог вэ гэвэл ажлаас халагдсан тохиолдолд тэтгэмж олгоно. Түүнээс биш ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тэтгэмж олгохгүй. Тухайн үеийн Хурал хууль бус шийдвэр гаргасан болохоор одоогийн Хурлын Тэргүүлэгчид зөвшөөрөхгүй байгаа. Ч.Б гаргасан хүсэлтэд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа хийх боломжгүй болж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн байна. Үүн дээр ямар нэгэн тэтгэмжийн талаар дурдсан зүйл байхгүй байна. Тийм учраас хүсэлтийг үндэслэн тогтоол гарсан. Энэ тогтоолыг харин иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж хүчингүй болгох ёстой байсан. Гэвч одоо шүүхийн ажиллагаа явагдаж байгаа учраас хүчингүй болгох боломжгүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гомдлоо хэлэлцэж байгаа хурал биш. Тэтгэмжийн асуудлыг ярилцаж байна. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн хүнд халагдсан үндэслэлээр тэтгэмж олгоно гээд ярьж байгаа нь зохимжгүй байна. Мөн тэтгэмж олгоход санхүүгийн баримтыг бүрдүүлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх ажилдаа тэнцэхгүй талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан тохиолдолд ажлаас хална. Гэтэл албан ёсны дүгнэлт байхгүй байна. Бид нар Ч.Б тэтгэмжийг олгоё гэхээр ямар нэгэн баримт байхгүй. Хэрвээ нэхэмжлэгч хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн бол 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах боломжтой байсан. Иймд ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг үндэслэн тэтгэмж олгох ямар ч боломж байхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар Ч.Б нэхэмжлэлтэй хариуцагч Г аймгийн и Т Х холбогдох тэтгэмжийн 4 986 000 /дөрвөн сая есөн зуун наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэрэгт авагдсан СД-ний 1 ширхэг бичлэгийг /дүрсгүй/ хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нь Г аймгийн и Т Х Т 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол дээрх хурлаар баталсан тогтоолын төслийг өөрчилж “...ажилтан өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлийг тэмдэглэж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 42.1-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Б 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 4 986 000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. 48 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр бөгөөд МУЗЗНДНТУТХ-ийн 25.4-т зааснаар хурлаас гарсан тогтоомжид нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөн хүчингүй болгоно. 41.2-т хурал гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа хэдий ч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ажлаас халагдсаны тэтгэмж олгоход хамааралгүй зохицуулалт байх тул уг тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар бусад нотлох баримтуудтай бодитойгоор харьцуулан үзэхэд үнэн зөв болох нь эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, тэтгэмж олгох боломжгүй гэж дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй юм.  Учир нь Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол  хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон захиргааны хэргийн шүүхээс уг актыг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус болоогүй байхад шүүхээс уг актыг хуульд нийцээгүй талаар дүгнэлт өгөх эрхгүй юм.

2. Нэхэмжлэгч Ч.Б нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолын 3 дахь заалтыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлж 4 986 000 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр /42.1/ ажлаас халагдсан тул тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гагцхүү хурал гаргасан тогтоолоо хэрэгжүүлэхийг хүссэн билээ. Тэгээд ч нэхэмжлэгч Ч.Б нь төрийн захиргааны албан хаагч тул түүнийг ажлаас халах, чөлөөлөх, тэтгэмж, тусламж олгохтой холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах тул шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.  Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116. 2 дахь хэсэгт заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Б нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...тогтоолыг биелүүлж, 4 986 000 төгрөгийн тэтгэмжийг олгуулж өгнө үү“ гэсэн шаардлага гаргасан байхад шүүх иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /хх-5/-д “тэтгэмжийн 4 986 000 төгрөгийг гаргуулах”  тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн,  харин “тогтоолыг биелүүлж“ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, улмаар уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч буй эсэх нь тодорхойгүйгээр орхигдуулсан байна

.

Мөн анхан шатны шүүх нь Г аймгийн И т х 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсныг “Нэхэмжлэгч Ч.Б нь ажлаас чөлөөлсөн  тогтоолыг хүлээн аваад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна” гэж  шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа

- Нэхэмжлэгч нь уг тогтоолын биелэлт болон тогтоолоор олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжтэй холбоотой “тогтоолын 3 дахь заалт” нь хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад,

 - Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасан ”Хурлаас гаргасан тогтоол хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсний дагуу уг тогтоол болон холбогдох заалтыг тухайн хурал өөрчлөөгүй болон хүчингүй болгоогүй байхад,

 - Дээрхи тогтоолтой холбогдолтойгоор урьд нь захиргааны хэргийн шүүхээс ямар  нэгэн шийдвэр гараагүй өөрөөр хэлбэл урьд нь уг тогтоол болон тогтоолын холбогдох заалт нь хуульд нийцсэн эсэх талаарх маргаан зохих харъяаллын шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад анхан шатны шүүх нь иргэний хэргийн шүүхээс өөр шүүх болон  өөр байгууллага шийдвэрлэх асуудлыг буюу  Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 48 дугаар тогтоол нь хуульд нийцээгүй, хууль зөрчиж гарсан тул тогтоолын 3 дахь заалтаар тэтгэмж олгох үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж энэхүү дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 134/ШШ2017/00027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ