Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 72

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

  Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Усны аж ахуйн 5-13 тоотод оршин суух, /РД:ЛК73112210, утасны дугаар 90911122/, Занги овогт Үржингийн Мөнхбатын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27В байрны 13 тоотод оршин суух, /РД:ЛЮ73122716, утасны дугаар 99519919/, Номч Бат-Очирын Ганбатад холбогдох

 

“21 100 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Мөнхбат, хариуцагч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбат, Мэндбаяр бид нар урьд нь найзууд байсан. 2009 оноос 2010 онд хадланд гаръя гэж тохиролцоод Улаанбаатар хотын “Аранзал трейд” ХХК-иас трактор зээлж авсан. Эрдэнэ гэдэг хүн том трактортай байсан учраас бидэнтэй хамтарч ажилласан. Тухайн үед би Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Хүнс, Хөдөө аж ахуйн газраас жижиг трактор түрээсээр, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Ганбаатараас жижиг тракторыг хадууртай нь авч хадланд гарч байсан. Энэ тракторыг би хариуцаж авч байсан. Тухайн жил би ажилтай байсан учраас хадлан руу ирэн очин байсан. Хадлангийнхны хоол хүнс, түлш зэрэг бүх зүйлийг зээлээр авдаг байсан. Дарьганга суманд байдаг найз Ганхуягаар зуучлуулж дүүгийнх нь дэлгүүрээс хүнсний зүйлээ зээлээр авдаг байсан. Тэр жил 8 000 боодол өвс боосон гэж Ганбат надад хэлсэн. Бид “Магнай Трейд” шатахуун түгээх станцаас түлшээ зээлсэн байсан. Тэр жил бид өвсөө зарж чадахгүйд хүрч борлуулалтгүй болсон. Гэтэл аймгийн Засаг дарга Батсуурь намайг дуудаж уулзаад чамд өвс байгаа юм уу? хаана байгаа юм бэ? хэдэн боодол өвс байгаа юм гэж асуухад нь Шилийн богдод байгаа, газар дээр нь 3000 төгрөгөөр зарна гэсэн. Гэтэл зуучилж байгаа хүнд нь 1 200 000 төгрөгийг өгөөрэй гэсэн. Тэгээд бид тохиролцоод тэр өвсийг Өмнөговь аймаг руу ачуулсан. Өвс ачиж байх хугацаанд Өмнөговь аймгаас над руу 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлсэн. Үүнээс зуучилсан хүн рүүгээ 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн.  “Магнай Трейд” шатахуун түгээх станцын захирал Эрдэнэ багшийн гэрт нь очиж түлшний үнэ 8 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгч байсан. Мэндбаярт 1 200 000 төгрөг, Ганбатад эхлээд 700 000 төгрөг, дараа нь 800 000 төгрөг, нийтдээ 1 500 000 төгрөг өгсөн. Өвсний прессчин залууд 500 000 төгрөг, мөн хадлангийн тогоочид хэдэн төгрөг өгсөн. Ер нь өртэй байсан бүх хүмүүст мөнгийг нь өгсөн. Надад тэр мөнгөнөөс 8 072 000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл Батсуурь дарга намайг дуудаж уулзаад “чи яасан найдваргүй хүн бэ? Тэнд чинь 6 000 боодол өвс байна” гэсэн тул над руу шилжүүлсэн 8 000 боодол өвсний үнэ 24 000 000 төгрөгөөс 2 000 боодол өвсний мөнгийг буцааж шилжүүлсэн. Тэнд ажиллаж байсан хүмүүс манай ажил руу ирж надаас мөнгөө нэхдэг байсан. Дараа жил нь хадланд гарна гээд хамт ажилладаг Нина гэж хүнээс би 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Би Нина эгчид бэлнээр 5 000 000 төгрөг өгч чадахгүй байсан учраас сар бүр 250 000 төгрөг бэлнээр өгдөг байсан. 7 дугаар сарын сүүлээр хадланд гарахдаа Улиастай руу сэлбэгэнд явах болоход намайг 1 000 000 төгрөг аваад ир гэсэн. Тэгээд би Нина эгчээс дахин 1 000 000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг надад хүүгүй зээлдүүлсэн. Хадлангийн прессчин Нямсайнд 1 000 000 төгрөг өгсөн. Дарьганга сумын хүнсний дэлгүүрт 700 000 төгрөг билүү 800 000 төгрөгний зээлтэй байсан. 2010 онд хадланд гарахдаа хятадуудаас 2 жижиг трактор чиргүүлтэй нь нэгийг нь 2 000 000 төгрөгөөр худалдаж аваад хадланд гарч байсан. Энэ бүх зүйлс Ганбатын мэдэлд үлдсэн. 2010 онд хадланд хадсан өвсөө зарж чадахгүй болж Дарьганга сумын нөөцөд татахаар болсон. Гэтэл энэ хэд алга болоод нөгөө өвсийг нь мал идээд, өвс ноос болсон. Дарьганга сумаас над руу яриад өвсөө тат гэсэн. Тэгээд би Отгонбаатар гэж хүнтэй яриад 1 500 000 төгрөгөөр гэрээ хийгээд 700 000 төгрөг урьдчилж өгөөд өвсөө татуулж байтал Мөнхбаяр, Ганбат нар над руу утсаар яриад “наана чинь чиний мэддэг зүйл гэж байхгүй, наад ажлаа одоо зогсоо” гэсэн. Тэгээд би өвсөө татаж байснаа болиод орхисон. Өвөл нь ядаж техник хэрэгслээ  татъя гэж бодоод Шилийн богд уулын энгэрт байдаг Батхүрэлийн жуулчны баазын гадаа аваачсан. Хавар нь Мөнхбаяр, Ганбат нар очоод “Мөнхбатын мэддэг зүйл гэж байхгүй, техник хэрэгслээ авлаа” гээд Ганхуягтай маргаж байгаад аваад явсан байсан. Гэтэл зун нь хүн над руу утсаар яриад “танай найзууд чинь хадланд гарч байна” гэсэн. Би гайхаад Ганбат руу залгаад “чи хаана яваа юм бэ? гэж асуухад хөдөө ажилтай явж байна” гэсэн. Та хэд хадланд гарч байгаа юм уу? гэж асуухад  “энд чиний хэрэг байхгүй пизда минь” гэсэн. Дараа нь би мөнгөний хэрэг гараад хоёр ч удаа ярихад “мөнгө байхгүй, би бас хүнд мөнгөний өртэй байна” гэж хэлсэн. 2011 онд би мөнгөгүй байна гэхэд надад 500 боодол өвс өгсөн. Нэг боодол өвсийг 5 000 төгрөгөөр тооцож өгсөн гээд байгаа. Тухайн үед өвс нэг боодол нь 2 500 төгрөгний үнэтэй байсан. Надад өгөхдөө “чи хэдээр зарах нь хамаагүй, 500 боодол өвс өглөө” л гэсэн. Энэ бүхний дараа сүүлд нь би хүмүүст өртэй болж хоцорсон. Багын найзууд учраас мөнгөө өгөх байх гэж олон жил харсан. Анхны хадлангийн салааг босгоход миний нүүр их хэрэг болсон. Өнгөрсөн жил мөн л найзууд минь буруу, зөрүү бодсон байх, эргэж хамт ажиллах байх гэж бодож хүлээсэн. Би эр хүний хувьд Ганбатаас элдэв зүйлийн мөнгө нэхээгүй ээ. Надаас гарсан мөнгийг л нэхэмжилж байгаа. Иймд Б.Ганбатаас нийт 21 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ганбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны намар бидний хэдэн найзууд ярилцаад хамтарч хадланд гарахаар тохиролцсон. Ингээд техник, тоног төхөөрмж байхгүй тул хүнээс зээлээр аваад өвсөө борлуулж төлье гэж тохиролцоод тэр үед “Аранзал трейд” ХХК-ийн захирал Батдэлгэр гэдэг хүнээс техник, тоног төхөөрөмж 10 000 000 төгрөгөөр авсан. Ингээд бид хадланд гарч 8 000 боодол өвс хадаад өвсөө ачихаар очиход өвснөөс хагас нь алга болсон байсан. Өмнөговь аймаг руу ачуулж байсан. Яг хэдэн боодол өвс ачуулснаа санахгүй байна. Зарим задарсан өвсийг боож ачуулж байсан. Өвс 24 000 000 төгрөгөөр борлогдсон ба энэ мөнгийг Мөнхбат өөрийн дансаар оруулж авсан. Уг мөнгийг банкнаас авах үед Эрдэнэ, Мэндбаяр    бид 3 Мөнхбаттай хамт явсан ба бидэнд ажлын хөлсний дээж гэж 20 000, 20 000 төгрөгийг өгч үлдсэн мөнгийг Мөнхбат бүгдийг нь техник, тоног төхөөрөмж болон бусад өрөө дарна гэж авсан. Тэр үед бид техник, тоног төхөөрөмжийн өрөө бүгдийг барагдуулсан гэж ойлгосон. Техник хэрэгслийн түлш, ажилчдын цалин, хүнсний зүйлд ганцхан Мөнхбатаас мөнгө гараагүй. Бид боломжоороо л мөнгө төгрөг гаргаж байсан. Дараа жил нь буюу 2010 онд бид дахин хадланд гарахаар болж, аймагтай 5 000 боодол өвсний гэрээ хийж, түүнийхээ урьдчилгаа болгон аймгаас 7 500 000 төгрөгийг авч Хятад улсын иргэн Хархүү гэдэг хүнд 2 тракторын үнэ 4 000 000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгөөрөө түлшээ аваад хадланд гарсан. Тэр жил бид       13 000 боодол өвс хадаж нуруулдсан ба цас зудтай байсан тул өвсөө татаж авч чадалгүй бууж ирсэн. Гэтэл Мөнхбат бидэнд ч хэлэлгүй нууцаар Отгонбаатар гэх жолоочтой хамтарч бүх өвсийг зөөж борлуулсан байсан. Үүнийг бид нутгийн иргэдээс сонсож мэдсэн ба дараа намар нь биднийг очиход нэг ч өвс байгаагүй.

2011 оны намар нь бид техник, тоног төхөөрөмжөө авах гэж Мөнхбаттай маргалдаад авч ирсэн. Ингээд бид намар нь дахин хадланд гарсан ба энэ үед “Аранзал трейд” ХХК-ний Батдэлгэрийн найз Эрдэнэ-Очир гэх залуу ирж биднээс техникийн үлдэгдэл үнэ 5 000 000 төгрөг нэхсэнийг би бэлнээр төлсөн. Мөнхбаяр гэдэг хүнээр 2 000 000 төгрөгөнд мяндас захиж авчруулаад энэ мөнгийг дараа нь би өөрөө төлсөн. Мөнхбат нь 24 000 000 төгрөгийг яаж зарцуулсан талаараа бидэнд тайлагнаагүй, өөрөө аваад л явсан. Надад 1 500 000 төгрөг өгөөгүй, Мэндбаярт           1 200 000  төгрөг өгсөн гэдгийг шүүхэд гаргасан тайлбар дээрээс уншлаа. Тэгэхэд нь бид найзын ёсоор бодож тэр үед 500 боодол өвсийг Мөнхбатад өгч байсан. Мөнхбат албан ажилтай байсан тул хадлан дээр ирэн очин байдаг байсан. Иймд Мөнхбатын нэхэмжилсэн өр төлбөрийг бид хангалттай барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь хариуцагч Б.Ганбатад холбогдуулан “21 100 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь “Ганбат, Мэндбаяр бид нар урьд нь найзууд байсан. 2009 оноос 2010 онд хадланд гаръя гэж тохиролцоод техник хэрэгсэл, бусад зүйлсээ зээлээр аваад хадланд гарч байсан. Би Ганбатаас элдэв зүйлийн мөнгө нэхээгүй. Өөрөөс гарсан мөнгийг л нэхэмжилж байгаа. Иймд Б.Ганбатаас нийт          21 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж, 

 

хариуцагч Ө.Ганбат нь “2009 оны өвс     24 000 000 төгрөгөөр борлогдсон. Уг мөнгийг банкнаас авахаар Эрдэнэ, Мэндбаяр бид 3 Мөнхбаттай хамт явсан ба бидэнд ажлын хөлсний дээж гэж 20 000, 20 000 төгрөгийг өгч үлдсэн мөнгийг Мөнхбат бүгдийг нь техник, тоног төхөөрөмж болон бусад өрөө дарна гэж авсан. Мөнхбат нь 24 000 000 төгрөгийг яаж зарцуулсан талаараа бидэнд тайлагнаагүй, өөрөө аваад л явсан. Тэр үед бид техник хэрэгсэл болон бусад өрөө бүгдийг барагдуулсан гэж ойлгосон. Техник хэрэгслийн түлш, ажилчдын цалин, хүнсний зүйлд ганцхан Мөнхбатаас мөнгө гараагүй. Бид боломжоороо л мөнгө төгрөг гаргаж байсан. Өр төлбөрийг бид хангалттай барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

Талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй ба Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт “дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заажээ. 

 

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь гэрээнээс татгалзаж цаашид хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсны улмаас хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

 Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаанд нийлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болох пресс, трактор, чиргүүл авахад зарцуулсан гэх 5 000 000 төгрөг, Г.Нинагаас зээлсэн гэх        6 000 000 төгрөг, түүний хүүнд 2 жил төлсөн 7 200 000 төгрөг, прессчин Ганбатад өгсөн гэх 500 000 төгрөг, Асгат сумын иргэн прессчин Нямсүрэнд өгсөн гэх 1 000 000 төгрөг, Дарьганга сумын дэлгүүрт төлсөн хүнсний үнэ гэх 700 000 төгрөг, нийт            21 100 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага , түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Ц.Ганхуяг, М.Нямсүрэн, Г.Нина нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбараас зөрүүтэй, болсон үйл баримтыг шууд нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ү.Мөнхбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт заасныг баримтлан Занги овогт Үржингийн Мөнхбатын нэхэмжлэлтэй Номч овогт Бат-Очирын Ганбатад холбогдох “21 100 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ү.Мөнхбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.                       

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ