Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 02

 

Ү.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Б.Ганбатад холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Зулаа 

Хариуцагч Б.Ганбат нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ү.Мөнхбатын давж заалдах гомдлоор түүний “Хадлан хадахтай холбогдож гарсан зардал болох 21000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганбатад холбогдох иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ганбат, Мэндбаяр бид нар найз бөгөөд 2009 оноос 2010 онд “хадланд гаръя” гэж тохиролцоод Улаанбаатар хотын “Аранзал трейд” ХХК-иас трактор зээлж авсан. Тухайн жил би ажилтай байсан учраас хадлан руу ирэн очин байсан. Хадлангийнхны хоол хүнс, түлш зэрэг бүх зүйлийг зээлээр авдаг байсан. Тэр жил 8000 боодол өвс боосон гэж Ганбат надад хэлсэн. Бид “Магнай Трейд” шатахуун түгээх станцаас түлшээ зээлсэн. Тэр жил бид өвсөө зарж чадахгүйд хүрч борлуулалтгүй болж байтал аймгийн Засаг дарга Батсуурь намайг дуудаж уулзаад “чамд өвс байгаа юм уу? хаана байгаа юм бэ? хэдэн боодол өвс байгаа юм” гэж асуухад нь “Шилийн богд”-д байгаа, газар дээр нь 3000 төгрөгөөр зарна гэсэн. Гэтэл зуучилж байгаа хүнд нь 1200000 төгрөгийг өгөөрэй гэсэн. Тэгээд бид тохиролцоод Өмнөговь аймаг руу ачуулсан. Өвс ачиж байх хугацаанд Өмнөговь аймгаас над руу 24 сая төгрөг шилжүүлсэн байсан. Үүнээс зуучилсан хүн рүүгээ 1200000 төгрөгийг шилжүүлсэн. Магнай Трейд шатахуун түгээх станцын захирал Эрдэнэ багшийн гэрт нь очиж түлшний үнэ 8 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн.  Мэндбаярт 1200000 төгрөг, Ганбатад эхлээд 700000 төгрөг, дараа нь 800000 төгрөг, нийтдээ 1500000 төгрөг өгсөн. Өвсний прессчин залууд 500000 төгрөг, мөн хадлангийн тогоочид хэдэн төгрөг өгсөн. Надад тэр мөнгөнөөс 8072000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл Батсуурь дарга намайг дуудаж уулзаад чи яасан найдваргүй хүн бэ? Тэнд чинь 6000 боодол өвс байна гэсэн тул над руу шилжүүлсэн 8000 боодол өвсний үнэ 24000000 төгрөгөөс 2000 боодол өвсний мөнгийг буцааж шилжүүлж авсан.  

Дараа жил нь хадланд гарна гээд хамт ажилладаг Нина гэж хүнээс би 5000000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Би Нина эгчид бэлнээр 5000000 төгрөг өгч чадахгүй байсан учраас сар бүр 250000 төгрөг бэлнээр өгдөг байсан. 7 дугаар сарын сүүлээр хадланд гарахдаа Улиастай руу сэлбэгт явах болоход намайг 1000000 төгрөг аваад ир гэсэн. Тэгээд би Нина эгчээс дахин 1000000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг надад хүүгүй зээлдүүлсэн. Хадлангийн прессчин Нямсайнд 1000000 төгрөг өгсөн. Дарьганга сумын хүнсний дэлгүүрт 700000 төгрөг билүү 800000 төгрөгний зээлтэй байсан. 2010 онд хадланд гарахдаа хятадуудаас 2 жижиг трактор чиргүүлтэй нь нэгийг нь 2000000 төгрөгөөр худалдаж аваад хадланд гарч байсан. Энэ бүх зүйлс Ганбатын мэдэлд үлдсэн. 2010 онд хадланд хадсан өвсөө зарж чадахгүй болж Дарьганга сумын нөөцөд татахаар болж татсан. Отгонбаатар гэж хүнтэй яриад 1500000 төгрөгөөр гэрээ хийгээд 700000 төгрөг урьдчилж өгөөд өвсөө татуулж байтал Мөнхбаяр, Ганбат нар над руу  яриад наана чинь чиний мэддэг зүйл гэж байхгүй, наад ажлаа одоо зогсоо гэсэн.

2011 онд би мөнгөгүй байна гэхэд надад 500 боодол өвс өгсөн. Нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр тооцож өгсөн гээд байгаа. Тухайн үед өвс нэг боодол нь 2500 төгрөгний үнэтэй байсан. Надад өгөхдөө чи хэдээр зарах нь хамаагүй, 500 боодол өвс өглөө л гэсэн. Энэ бүхний дараа сүүлд нь би хүмүүст өртэй болж хоцорсон. Иймд Б.Ганбатаас нийт 21 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ганбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны намар бидний хэдэн найзууд ярилцаад хамтарч хадланд гарахаар тохиролцсон. Ингээд техник, тоног төхөөрмж байхгүй тул хүнээс зээлээр аваад өвсөө борлуулж төлье гэж тохиролцоод тэр үед Аранзал трейд ХХК-ийн захирал Батдэлгэр гэдэг хүнээс техник, тоног төхөөрөмж 10000000 төгрөгөөр авсан. Ингээд бид хадланд гарч 8000 боодол өвс хадаад өвсөө ачихаар очиход өвснөөс хагас нь алга болсон байсан. Өмнөговь аймаг руу ачуулж байсан. Яг хэдэн боодол өвс ачуулснаа санахгүй байна. Зарим задарсан өвсийг боож ачуулж байсан. Өвс 24000000 төгрөгөөр борлогдсон ба энэ мөнгийг Мөнхбат өөрийн дансаар оруулж авсан. Уг мөнгийг банкнаас авах үед Эрдэнэ, Мэндбаяр бид 3 Мөнхбаттай хамт явсан ба бидэнд ажлын хөлсний дээж гэж 20000, 20000 төгрөгийг өгч, үлдсэн мөнгийг Мөнхбат бүгдийг нь техник, тоног төхөөрөмж болон бусад өрөө дарна гэж авсан. Тэр үед бид техник, тоног төхөөрөмжийн өрөө бүгдийг барагдуулсан гэж ойлгосон. Техник хэрэгслийн түлш, ажилчдын цалин, хүнсний зүйлд ганцхан Мөнхбатаас мөнгө гараагүй. Бид боломжоороо л мөнгө төгрөг гаргаж байсан. Дараа жил нь буюу 2010 онд бид дахин хадланд гарахаар болж, аймагтай 5000 боодол өвсний гэрээ хийж, түүнийхээ урьдчилгаа болгон аймгаас 7500000 төгрөгийг авч Хятад улсын иргэн Хархүү гэдэг хүнд 2 тракторын үнэ 4000000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгөөрөө түлшээ аваад хадланд гарсан. Тэр жил бид 13000 боодол өвс хадаж нуруулдсан ба цас зудтай байсан тул өвсөө татаж авч чадалгүй бууж ирсэн. Гэтэл Мөнхбат бидэнд ч хэлэлгүй нууцаар Отгонбаатар гэх жолоочтой хамтарч бүх өвсийг зөөж борлуулсан байсан. Үүнийг бид нутгийн иргэдээс сонсож мэдсэн ба дараа намар нь биднийг очиход нэг ч өвс байгаагүй.

2011 оны намар нь бид техник, тоног төхөөрөмжөө авах гэж Мөнхбаттай маргалдаад авч ирсэн. Ингээд бид намар нь дахин хадланд гарсан ба энэ үед Аранзал трейд ХХК-ний Батдэлгэрийн найз Эрдэнэ-Очир гэх залуу ирж биднээс техникийн үлдэгдэл үнэ 5000000 төгрөг нэхсэнийг би бэлнээр төлсөн. Мөнхбаяр гэдэг хүнээр 2000000 төгрөгт мяндас захиж авчруулаад энэ мөнгийг дараа нь би өөрөө төлсөн. Мөнхбат нь 24000000 төгрөгийг яаж зарцуулсан талаараа бидэнд тайлагнаагүй, өөрөө аваад л явсан. Надад 1500000 төгрөг өгөөгүй, Мэндбаярт 1200000 төгрөг өгсөн гэдгийг шүүхэд гаргасан тайлбар дээрээс уншлаа. Тэгэхэд нь бид найзын ёсоор бодож тэр үед 500 боодол өвсийг Мөнхбатад өгч байсан. Иймд Мөнхбатын нэхэмжилсэн өр төлбөрийг бид хангалттай барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт заасныг баримтлан Занги овогт Үржингийн Мөнхбатын нэхэмжлэлтэй Номч овогт Бат-Очирын Ганбатад холбогдох 21 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ. 

 

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний өгсөн тайлбар, гэрчийн өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан үзэлгүй хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Миний бие шүүхэд гэрчээр Г.Нина, Ц.Ганхуяг, Нямсай, Отгонбатар нарыг асуулгах хүсэлтийг бичгээр гаргасан байхад гэрч Г.Нина, Ц.Ганхуяг, Нямсай нарыг асуусан. Гэрч Отгонбаатарыг асуугаагүйд гомдолтой байна. Миний асуулгах гэрчүүд надаас хэдэн төгрөг авсан талаар хэлсээр байтал үүнд нь дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ү.Мөнхбат нь хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаанд нийлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй ч нэхэмжлэлийн шаардлага болох трактор, чиргүүл авахад зарцуулсан гэх 5000000 төгрөг, Нинагаас зээлсэн гэх 6000000 төгрөг, Асгат сумын иргэн прессчин Нямсүрэнд өгсөн гэх 1000000 төгрөг, Дарьганга сумын дэлгүүрт төлсөн хүнсний үнэ гэх нийт 21100000 гэж бичсэн нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнтэй зөрж байна. Энэ хэсэгт Отгонбаатар 700000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг оруулаагүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ү.Мөнхбат нь 2009, 2010 онуудад Б.Ганбаттай хамтран ажиллахаар тохиролцож хадланд гарч ажиллах хугацаандаа хувиасаа бусдад 21100000 төгрөг өгсөн тул үүнийг Б.Ганбатаас гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

 Хариуцагч Б.Ганбат нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь: 2009 оны намар хадсан 8000 боодол өвсийг Ү.Мөнхбат 24000000 төгрөгөөр борлуулаад бидэнд тус бүр 20000 төгрөг өгөөд үлдсэнээр нь өрөө дарна гэж аваад дахин тооцоо хийгээгүй, 2010 онд 13000 боодол өвс нуруулдсаныг Ү.Мөнхбат бидэнд хэлэлгүйгээр Отгонбаатар гэх жолоочтой хамтарч ачаад зарсан байсан гэжээ. 

Ү.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ Б.Ганбат, Т.Мэндбаяр, З.Эрдэнэ бид дөрөв 2009 онд 8000 боодол өвс бэлдээд ширхэгийг нь 3000 төгрөгөөр борлуулсан, өвсний үнэ 24000000 төгрөг миний дансанд шилжиж ирсэн. Үүнээс өртэй байсан бүх хүмүүст мөнгийг нь өгөөд   надад 8072000 төгрөг үлдсэн байсан...”  гэдэг ч хамтран ажиллахад гарсан зардлыг хариуцагч Б.Ганбатаас гаргуулахаар давхардуулан нэхэмжлилж байгаа нь ойлгомжгүй төдийгүй  нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Харин шүүх нэхэмжлэгч Ү.Мөнхбатын Ц.Ганхуяг, Г.Нина, М.Нямсүрэн, Д.Отгонбаатар нарыг  гэрчээр асуулгах тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 12-ны өдөр 113 дугаартай шүүгчийн захирамжаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атал Д.Отгонбаатарыг гэрчээр асуугаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.3,168.3-т заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  төлөх улсын тэмдэгтийн хураамжаас 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 317 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                       ШҮҮГЧИД                 Я.АЛТАННАВЧ

     Д.БАЙГАЛМАА