Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2017/00029

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Цахиуртын 3-3а тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт туслах ажилтай, Илжигэн овогт Ганболдын Янжинсүрэн /РД:ЕЙ69100104, утас: 90699000/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8-4-53 тоотод оршин суух, Боржигон овогт Довдон-Өлзийгийн Пүрэвчулуу /РД: ЕЙ75112049, утас: 99248071/-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт тогооч ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Цагаан-Усны 1-15 тоотод оршин суух, Дайртан овогт Мишкагийн Нарангэрэл /РД: ЦВ65012600, утас:93035920 /-ийн бие даасан шаардлагатай хариуцагч Д.Пүрэвчулууд холбогдох

 

Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр байрны 8 дугаар орцны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай тус тусын шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн, хариуцагч Д.Пүрэвчулуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, гэрч Д.Нямжав, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 20-нд М.Нарангэрэлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний өмчлөлийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр 3 жилийн хугацаатай шилжүүлэн аваад, зээл авч хуваарийн дагуу төлж байсан хэдий боловч хувийн шалтгааны улмаас тохирсон хугацаандаа тус орон сууцыг М.Нарангэрэлд эргүүлэн шилжүүлж чадаагүй. Ингээд уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан Хас банкнаас зээл авах зорилгоор Д.Нямжав бид хоёр харилцан тохиролцож, түүний дүү Д.Пүрэвчулууд тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Бодит байдал дээр Д.Пүрэвчулууд худалдаагүй, хариуцагч Д.Пүрэвчулуу ч худалдаж аваагүй. Д.Нямжав  зөвхөн Хас банкнаас зээл авах зээлийн барьцааны хөрөнгө болгох зорилго агуулж, түр надаас байрыг шилжүүлж авахаар бид хоёр тохиролцсон. Харин Д.Пүрэвчулуу бид хоёрын хооронд ямар ч яриа хийгдээгүй. Тиймээс өнөөдөр 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох М.Нарангэрэлийн хүү Э.Ууганбаатар тус орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч, өмчлөгч М.Нарангэрэл, Э.Ууганбаатар нар тус орон сууцны ус, дулаан, цахилгааны зардлыг төлж байгаа болно. Тэгээд би Хаан банкинд  1 800 000 төгрөгийн барьцаанд байсан уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж аваад Д.Пүрэвчулуутай гэрээ хийсэн. Тэр үед Д.Пүрэвчулууг таньдаггүй байсан. Харин Д.Нямжав өөрийнх нь нэр дээр зээл гарахгүй байна гээд дүүгийнхээ нэрээр зээл авъя гэж бид тохиролцоод Д.Пүрэвчулуугийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэн. Тэр үед Д.Нямжав, Д.Пүрэвчулуу 2 хоёулаа М.Нарангэрэлийн байр гэдгийг мэдэж байсан.  Д.Нямжав намайг байрыг 1 жилийн хугацаатай түр хугацаагаар өгөөчээ л гэсэн. Тухайн үед манай нөхөр өвдөөд надад мөнгөний хэрэгцээ байсан учраас би зөвшөөрсөн. Энэ зээлнээс Д.Нямжав намайг шагнаж байна гээд надад 3 500 000 төгрөг өгсөн, бусдыг нь өөрөө авсан. М.Нарангэрэл эгч байраа авъя гэж маргаан үүсгэхээр нь би Д.Нямжавтай хамт очиж уулзахад өөрөө баталгаа гаргаж өгсөн. Тэгсэн хэрнээ одоо шүүх хуралдаан дээр огт өөр зүйл ярьж байна. Мөн Д.Пүрэвчулуу өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөөд надтай эвлэрлийн гэрээ хийж гарын үсэг зурсан баримт байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Янжинсүрэнгээс хариуцагч Д.Пүрэвчулууд шилжүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус орон сууцыг Д.Пүрэвчулууд шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Пүрэвчулуу шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр байрны 122 тоотод байрлах, 48 м.кв, 3 өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж, 24 500 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авахдаа 10 500 000 төгрөгийг байршуулаад 24 500 000 төгрөгийг Хас банкнаас зээлж, одоо сар бүр төлбөр төлж байна. Г.Янжинсүрэн, М.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 тоот шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4-122 тоот орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул орон сууцны үнийг Г.Янжинсүрэнгээс гаргуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд М.Нарангэрэл гэдэг хүн оролцоогүй, гэрээний талууд биш учраас ямар нэг шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Г.Янжинсүрэн, М.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг үндэслэн миний бие улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй, харин худалдах, худалдан авах гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоогийн байдлаар уг орон сууцанд амьдарч байгаа хүн ус, дулааны төлбөрийг төлсөнөөр өмчлөгч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. 2014 онд орон сууцыг худалдаж авах үед Г.Янжинсүрэн би энэ байранд амьдарч байгаа, түрээсийн төлбөрийг төлөөд хүссэн үед чинь байрнаас гарна гэсэн тул би орон сууцыг худалдаж авахдаа үзээгүй. Нэгэнт байрны үнийг гаргуулах талаар шүүхээс шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон тул М.Нарангэрэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Пүрэвчулуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар ярина. Нэхэмжлэгч уг хэлцлийг хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж даргалагчийн асуултанд хариулж байна. Хуурч, мэхэлж хийсэн хэлцэл гэж юуг хэлдэг вэ гэхээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч түрүүнд миний асуусан асуултанд хариулсан. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шаардлага гаргах эрх нь нээгдсэн.. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар шаардлага гаргасан талаар нотлох баримтаа хавтаст хэрэгт өгөөгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл хавтаст хэрэгт шаардлага гаргасан талаар нотлох баримт байхгүй. Зөвхөн өөрийнх нь тайлбараар нэг жилийн хугацаанд гэдэг тайлбар байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байх үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байсан. М.Нарангэрэлийн эрх үүрэг дуусгавар болж Г.Янжинсүрэнгийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн талаар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авсан гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотолдог. Банк нотлох баримтан дээр үндэслэж ипотекийн зээл олгодог. Тийм учраас гуравдагч этгээдийн гаргасан тайлбар нотлогдож байна гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар Улсын бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний хуульд өмчлөгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлж зааж өгсөн байдаг. Өмчлөгч гэдэг нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэнэ. Ямар нэгэн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа, ус, дулаан цахилгааны төлбөрийг төлж байгаа этгээд тухайн байрны өмчлөгч биш юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна заасан байдаг. Өмчлөгч тэр байрыг үзэх, үзэхгүй байх шаардлага байхгүй. Ямар нэгэн байдлаар шаардлагатай гэсэн зүйл байхгүй. Д.Пүрэвчулуу гэдэг өмчлөгч тэр байрыг үзсэн, үзээгүйгээр өмчлөх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж хэлж байгаа боловч эскро данснаас мөнгө авч захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гар дээр ирсэн байдаг. Ямар ч байсан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч Г.Янжинсүрэн эд хөрөнгийг шилжүүлсэн, түүний хариу төлбөр болгож Д.Пүрэвчулуу банкнаас ипотекийн зээлээр авсан мөнгөө өгсөн. Энэ нь эскро дансны хуулгаар нотлогдож байгаа. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл хоёрын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээий асуудлыг шийдсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг шийдвэрийн тогтоох хэсэгт хэсгийн 2-т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Нарангэрэл нь орон сууцны үнийг Г.Янжинсүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш М.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаас гадна шийдвэрийг дахин хянагдаж ажиллагаа явуулах ёсгүй, энэ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хөдөлгөөнд оруулах, сонирхогч этгээдийг ашиг сонирхлыг хязгаарлаж өгч байгаа. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж нь заавал биелэгдэх ёстой эрх зүйн акт,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь өмчлөгч Д.Пүрэвчулуугаас тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна. Зохигч, хэргийн бусад оролцогч шүүхээр шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж заасан байдаг. Гэтэл бие даасан шаардлага гаргаж байгаа гуравдагч этгээдийн шаардлагыг шүүхээс хүлээж авч байгаа нь буруу юм. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргаж байгаа шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр болж, маргаан бүхий иргэний хэрэг нотлох баримтаар авагдсан, нотлох баримт шинжлэн судлахад үүнийг судалсан. Энэ маргаан Хас банкны дотоод журмын талаар, банкийг буруутгах гэсэн банктай холбоотой маргаанаар шаардлага гаргасан иргэний хэрэг биш, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд ямар хэлцлийг халхавчлаад худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм бэ гэдгийг тодорхойлж чадсангүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тайлбар гаргаж байна гэсэн. Гэтэл Иргэний хуулийн тайлбар дээр, хэлцэл хийгч тал халхавч хэлцлийг аливаа үр дагаврыг би болгохыг зорихгүй, үүргээр дүр үзүүлсэн хэлцлийн нэгэн адил гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг эрмэлздэг гэж бичсэн байдаг. Гэтэл үр дагавар би болохыг шаардахгүй гэсэн хэрнээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдээд хариу төлбөр нь худалдагч талд шилжиж очсон байгаа. Мөн зээлийн гэрээ байгуулахын тулд дүр үзүүлсэн хэлцэл гэж байх шиг байна. Гэтэл ипотекийн зээлийн гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа, тэрийг халхавчлаагүй, барьцааны гэрээ болон зээлийн гэрээ бүгд хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр аль зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа талаар шаардлага гаргаж чадсангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогчид өөрсдийнхөө ярьж байгаа үйл баримтын талаар нотлох баримтыг гаргаж өгөх нь өөрсдийнх нь үүрэг байдаг. Гэтэл ийм хэлцлийг халхавчлаад байна гэсэн нотлох баримтаа гаргаж өгч чадсангүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг 2010 онд Г.Янжинсүрэнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00098 дугаар шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Харин Г.Янжинсүрэн уг орон сууцыг Д.Пүрэвчулууд худалдах, худалдан авах гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 20-нд шилжүүлсэн байсан. Ийм боломж байхгүй. Тэр миний сайхан сэтгэлийг ашиглан хууран мэхэлж, элдэв шалтаг тоочин, надад мэдэгдэлгүй, хууль бус аргаар нуун дарагдуулж миний орон сууцыг Д.Пүрэвчулууд худалдсан байна. Учир нь энэ орон сууцанд миний хүү Э.Ууганбаатар гэр бүлийн хамт 2012 оноос хойш амьдарч байгаа ба миний бие худалдаж авсанаас хойш буюу 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цахилгаан, дулаан, бусад холбогдох зардлыг хүү Э.Ууганбаатарын хамт төлж байгаа. 2014 оноос хойш хэн ч тус орон сууцыг худалдаж авсан талаар бидэнд мэдэгдэж чөлөөлөхийг шаардаагүй. Миний нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа бэлэглэлийн гэрээний асуудал нь худалдах, худалдан авах гэрээний  асуудал байдаг. Тэгэхээр энэ нь 2 өөр эрх зүйн харилцаа юм.  Мөн хариуцагч Д.Пүрэвчулуугийн орон сууц худалдан авах хүсэл зорилго байгаагүй нь өмнөх шүүх хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Тэр нь орон сууцыг худалдаж аваад өдөрт нь Хасбанкны зээлийн барьцаанд тавьсан. Энэ худалдах, худалдан авах гэрээг өөрөө оршин суух зорилгоор, өөрөө амьдрах зорилгоор хийгээгүй. Зөвхөн зээлийн барьцаанд тавьж хөрөнгө барьцаалах зорилгоор худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж, өөр бусад гэрээг  халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь 2016 оны 11 дүгээр сарын  02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл Д.Пүрэвчулуу тухайн орон сууцанд хэн амьдарч байгаа, орон сууцыг худалдаж авах үед ямар засвар хийцтэй, хэдэн цонхтой, хэдэн өрөө байгааг мэдээгүй. Мэдэхийг ч хүсээгүй. Ийм байдлаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хэн ч хийхгүй. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн хэлж байсан. Хүн үзэг худалдаж авахдаа гарч байна уу гэж зурж үзсэний дараа авдаг. Түүн шиг амьдрах орон сууц худалдаж авахдаа мөнгөө өгөхөөсөө өмнө үзэж хардаг. Гэтэл орон сууцыг үзэж хараагүй байж Г.Янжинсүрэн байгаа гэсэн зүйлийг ярьдаг. Энэ нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээсээ татгалзсан зүйл харагддаг. Г.Янжинсүрэн орон сууцыг бие даан захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж надад хэлэхгүйгээр Д.Пүрэвчулууд шилжүүлсэн гэдгээ ойлгож байсан. Үүнийг би дараа нь мэдээд харилцан ярилцаж, ойлголцсон байдаг. Гэрч Д.Нямжав энэ байр нь М.Нарангэрэлийн байр, буцааж өгөх ёстой, орон сууц худалдагдаагүй зээлийн барьцаанд тавих зорилгоор худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нотлох баримт болон бусад тайлбаруудаас үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Пүрэвчулуу нь уг орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан гэж тайлбарлаж байна. Уг асуудлаар тус шүүхийн 2016 оны 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдсан гэрээ, Хас банкны зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн ба хуулийн хүчин төгөлдөр болсон. Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр банк 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.Пүрэвчулуутай зээлийн гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттай зээл олгосон. Хэрэв орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүсэл сонирхлыг илэрхийлээгүй байсан бол Г.Янжинсүрэнгээс Д.Пүрэвчулууд өмчлөх эрх үүсэхгүй байсан. М.Нарангэрэл нь өөрийнхөө хөрөнгийг бусдад алдсан бол энэ тухай банкинд мэдэгдэж сэрэмжлүүлэх байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй. Бид улсын бүртгэлээс лавлагаа авахад Г.Янжинсүрэнгийн нэр дээр орон сууц бүртгэлтэй байсан. Тэгэхээр Д.Пүрэвчулуу нь шударга өмчлөгч юм. Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй тул банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг шүүх хуралдаан дээр хариуцагч Д.Пүрэвчулуу өөрөө байсан. Зээлийг Янжинсүрэнд төлж дуусгахад үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгнө гэдгийг хоорондоо ярилцаад шийдсэн гэж шүүх хуралдаан дээр хэлсэн байсан. Г.Янжинсүрэн ийм тохиролцоо хийсэн болохоор эвлэрэх хүсэлтэй байна гэж тодорхой нотолж байсан. Одоо болохоор өөр зүйл ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь хариуцагч Д.Пүрэвчулууд холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 4 дүгээр байрны 8 дугаар орцны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

 

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь хариуцагч Д.Пүрэвчулууд холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 4 дүгээр байрны 8 дугаар орцны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ. 

 

            Нэхэмжлэгч Г.Янжинсүрэнгийн “...хэдийгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийсэн боловч 1 жилийн дараа банкны зээлийг төлж дуусган миний нэр дээр байрыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар түүний гомдлын шаардлага гаргах 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.  Гэвч тэрээр өөрийнхөө тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн, түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дуусаагүй байна гэж үзэв. 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд хийгдсэн Худалдах худалдан авах гэрээ хууль зөрчсөн болох нь мэдэгдсэн тул шүүхийн шийдвэрт зааснаар байрныхаа үнийг гаргуулахгүйгээр байраа буцаан авах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч Д.Пүрэвчулуу нь маргаан бүхий орон сууцыг Г.Янжинсүрэнгээс хуульд зааснаар Худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдаж  авсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хувьд өмнө нь гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүх энэ асуудлыг дахин шийдвэрлэхгүйгээр хүлээн авахаас татгалзах ёстой хэмээн маргаж байна. 

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 4 дүгээр байрны 8 дугаар орцны 122 тоот, улсын бүртгэлийн Ү-1902000456 дугаар бүхий 48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь 2010 онд М.Нарангэрэлээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Д.Пүрэвчулуугийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Гэтэл тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрээр /хх-70-72/  М.Нарангэрэл, Г.Янжинсүрэн нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн хүчин төгөлдөр /тухайн үед/ Худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэн, М.Нарангэлэлийг орон сууцны үнийг Г.Янжинсүрэнгээс гаргуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Иймд шүүх дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

   

Учир нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад талууд Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд хийгдсэн Худалдах худалдан авах гэрээний талаар маргаан үүсгээгүй тул шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй. Яагаад гэвэл тухайн үед уг орон сууц нь хэлцлийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжсэн байсан бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэлийн хувьд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу буруутай этгээд болох Г.Янжинсүрэнгээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэсэн. Үүнийг гагцхүү мөнгөн хэлбэрээр хохирол шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд хийгдсэн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгаа гэж үзвэл байраа буцаан авч хохирлоо арилгах зорилгоор дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ. Харин энэ шаардлага нь үндэслэлтэй эсэхэд түүний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Ингэхдээ М.Нарангэрэл нь Худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан талаар 2016 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдэж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан ... нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах гэснийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл түүний хувьд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

 

Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нарын хувьд нэхэмжлэлийн шаардлага нь адил бөгөөд хоёулаа хариуцагч Д.Пүрэвчулууд холбогдуулан шаардлага гаргасан тул тэдний нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгтгэн дүгнэхэд:

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна,  4.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 4.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцааг хуулиар зохицуулсан.

 

Гэхдээ Иргэний хуулийн  109 дүгээр зүйлийн 109.3-т зааснаар эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 

Гэтэл нэхэмжлэгч Г.Янжинсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нар нь худалдан авагч Д.Пүрэвчулууг тухайн үед буюу 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ уг орон сууцны жинхэнэ өмчлөгч нь М.Нарангэрэл гэдгийг мэдэж байсан, түүнчлэн биднийг хууран мэхэлж гэрээ хийсэн  гэдгийг нотолж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь ...би Д.Пүрэвчулууг танихгүй, миний найз Д.Нямжав уг байрыг банкинд тавиулж зээл авчихвал, надад шагнал өгнө гэхээр нь надад мөнгө хэрэгтэй байсан учраас М.Нарангэрэлийн байр шүү гэдгийг хэлээд, 1 жилийн дараа банкны зээлээ төлж дуусгаад надад уг байрыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон гэсэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь ...би бэлэглэлийн гэрээгээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан үед Г.Янжинсүрэн, Д.Нямжав 2 над дээр ирээд Д.Нямжав нь банкны зээлээ төлж дуусгаад байрны чинь гэрчилгээг аваад өгнө гэж хэлсэн эд нар анхнаасаа миний байр гэдгийг мэдэж байсан гэрч Д.Нямжав худлаа мэдүүлж байна. Яагаад гэвэл уг байранд одоо ч миний хүү Э.Ууганбаатар гэр бүлийн хамт амьдарч, бид ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлж байна, хэн ч биднийг байрнаас гар гэж шаардаагүй гэсэн тайлбаруудыг гаргасан боловч тэдний тайлбар нь гэрч Д.Нямжавын ... Г.Янжинсүрэн бид хоёрын хооронд тохиролцоо байсан. Энэ байрыг хямдхан 25 000 000 төгрөгөөр зарчихмаар байна. Хэрэв 25 000 000 төгрөгөөр зарчихвал 30 хувиа байршуулаад дутуу мөнгө гарах гээд байсан гэсэн. Тэгэхээр нь бид хоёр 35 000 000 төгрөгөөр зарж байгаа болоод худалдах, худалдан авах гэрээг хийгээд 10 500 000 төгрөгийг банкинд байршуулсан. 24 500 000 төгрөгийг бэлнээр аваад дээр нь 500 000 төгрөг нэмж өгөөд байрыг худалдаж авъя гэсэн тохиролцоог хийсэн. Гэвч миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан учраас би дүү Д.Пүрэвчулууд санал тавиад тухайн байр зах зээлийн үнээс хямдхан байсан болохоор  24 500 000 төгрөгөөр миний төрсөн дүү Д.Пүрэвчулуу Г.Янжинсүрэнгээс худалдаж авсан. Тухайн үед М.Нарангэрэлийн байр гэдгийг Д.Пүрэвчулуу бид хоёрын хэн нь ч мэдээгүй байсан. Г.Янжинсүрэн Америк явна, байраа хямдхан зарлаа гэхээр нь Д.Пүрэвчулуу байрыг худалдаж авсан. Тэгээд виз бүтэхгүй болчихлоо, байраа буцаагаад авмаар байна гэхээр нь мөнгөө гүйцээгээд тушаачих, тэгвэл байрыг буцаагаад өгье гэсэн асуудал яригдсан. Байр худалдаж авахаас өмнө би Г.Янжинсүрэнтэй хамт байранд очиж үзэхэд хэн ч байхгүй хоосон байр байсан. Дараа нь Д.Пүрэвчулуутай очих гэтэл Г.Янжинсүрэн байхгүй байна гээд очиж чадаагүй. Тухайн байрыг хууль ёсоор худалдаж авсан нь үнэн, гэрчилгээ нь шилжсэн болохоор байранд очих шаардлага байхгүй. Г.Янжинсүрэн, М.Нарангэрэл бид хоёрын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдахаар боллоо гээд намайг гуйгаад ийм бичиг хийгээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд найзыгаа хамгаалаад шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн.  Надад өөр зорилго байхгүй. Бид нар Хонхорын байрны стандартыг мэддэг учраас заавал шалгаж үзэх шаардлага байхгүй гэж үзэж байсан. Д.Пүрэвчулуу маргаантай байр гэдгийг мэдээд банкинд байгаа миний зээлийг төлөөд, намайг хохиролгүй болгочихвол энэ байрыг М.Нарангэрэлд өгөхөд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэгчид хэлсэн гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.  

 

Ийнхүү нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч Д.Пүрэвчулууг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.

 

Нөгөөтэйгүүр тухайн үед бэлэглэлийн гэрээний үндсэн дээр олгогдсон Г.Янжинсүрэнгийн нэр дээр тэмдэглэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй, Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон лавлагаагаар эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгө байсан болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулгын “...банк үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгохдоо улсын бүртгэлийн лавлагааг үндэслэдэг. Уг орон сууц нь эрхийн зөрчилгүй байсан учраас зээл олгосон” гэсэн тайлбараар нотлогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Д.Пүрэвчулууг уг байрыг худалдан авахаас өмнө огт очиж үзээгүй худалдан авснаас хойш тэнд хэн амьдарч байгаа талаар сонирхоогүй, эзэмших эрхтэй холбоотойгоор ямар нэг шаардлага гаргаагүй учраас анхнаасаа уг байрыг Г.Янжинсүрэнгийн өмчлөлийн байр гэдгийг мэдэж байсан үндэслэлээр шаардлагаа гаргасан хэдий ч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхлэх зорилгоор хэлцэл хийсэн гэдгийг нотлоогүй байна.

 

Учир нь Г.Янжинсүрэнгийн хувьд М.Нарангэрэлийн байр гэдгийг мэдсээр байж П.Пүрэвчулууд энэ талаар хэлэлгүйгээр Худалдах, худалдан авах гэрээ хийсэн болохоос П.Пүрэвчулуугийн хувьд Г.Янжинсүрэн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нарыг ямар нэгэн байдлаар хуурч мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Г.Янжинсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан гэрч Э.Ууганбаатарын “...би 2010 оноос хойш гэр бүлийнхээ хамт уг байрны ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлөөд амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-76/, ус, дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримт /хх-ийн 104-105, 92-100, 139-143/ зэрэг нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Яагаад гэвэл дээрх нотлох баримтууд нь Худалдах худалдан авах гэрээ хийгдэх үед орон сууцны жинхэнэ өмчлөгч М.Нарангэрэл гэдгийг хариуцагч Д.Пүрэвчулуу мэдэх боломжтой байсан гэдгийг нотлох баримт болохгүйгээс гадна одоо уг орон сууцанд хэн амьдарч байгаа талаар зохигч маргаагүй тул Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.

 

Түүнчлэн гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж тайлбарлаж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээний талууд өөр ямар хэлцлийг халхавчилж уг гэрээг хийсэн болохыг тодорхойлж нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулсан боловч М.Нарангэрэл болон түүний өмгөөлөгч энэ талаар тайлбарлаж чадаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүх энэ үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хавтаст хэргийн 82, 83 дугаар хуудсанд авагдсан гэрч Д.Нямжавын гаргасан 2 баримтын талаар тэрээр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ  “...Г.Янжинсүрэн, М.Нарангэрэл бид хоёрын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдахаар боллоо гээд намайг гуйгаад ийм бичиг хийгээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд найзыгаа хамгаалаад шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн. Надад өөр зорилго байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд уг гэрчийн мэдүүлэг нь хариуцагч Д.Пүрэвчулуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын “...банкны зээлийг Г.Янжинсүрэн төлчихвөл би заавал энэ байрыг авах шаардлагагүй, буцаагаад Г.Янжинсүрэнд өгнө гэж Д.Пүрэвчулуу хэлсэн” гэсэн тайлбартай тохирч байгаа, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул дээрх 2 баримтыг шүүх үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нь цаашид тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрийн дагуу өөрт учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 403 150 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар Г.Янжинсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Пүрэвчулууд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 4 дүгээр байрны 8 дугаар орцны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Д.Пүрэвчулууд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 4 дүгээр байрны 8 дугаар орцны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Нэхэмжлэгч Г.Янжинсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2016/00750 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 403 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.   

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.НАРАНЧИМЭГ