Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 21

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар суралцах хугацааны цалинг 100 хувь олгоогүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгон, суралцах хугацааны буюу 2017 оны 11, 12 сарын цалингийн зөрүү 871501 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах,

3. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар 150000 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгосон 300000 төгрөгийн зөрүү 150000 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах, 

4. Г.Эын 2017 оны үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгах,

5. Х газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, суралцах хугацаанд цалинтай чөлөө олгож 2018 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг  даалгах,

6. Удирдлагын академид суралцах хугацаа /2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал/-ны замын зардлыг хэрэгт авагдсан баримтын дүнгээр гаргуулах,

7. Х газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу цалинаас суутгасан мөнгийг буцаан гаргуулах,

8. Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах /нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх/,     

9. 2018 оны ээлжийн амралтын дутуу бодогдсон зөрүү мөнгийг тооцож гаргуулах,

10. Ажилгүйдлийн тэтгэмж болох 1399307 төгрөгийг буруутай этгээдээс буюу хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бямба-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь анх шүүхэд Х газрын даргын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 377 тоот албан бичгийг болон 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, Ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох” А/30 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, суралцаж байх хугацаанд дутуу олгогдсон цалин хөлс болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчдад олгогдсон ажлын үр дүнгийн урамшуулал болон Удирдлагын академид Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах Төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь заалтын дагуу суралцах хугацаанд Улаанбаатар хотод ирж, буцах замын зардалд нийт 814856 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх, хариуцагч нь Төрийн албан хаагч миний 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ ялгаварлан харьцаж, илт шударга бусаар “D” үнэлгээтэй дүгнэсэн бөгөөд үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 'Урамшуулал олгох тухай” Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулан төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн тэгш байдлын зарчмыг үндэслэн алагчлалгүй үнэлүүлж, үнэлгээний дүнг үндэслэн зохих урамшууллыг олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж, зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулбал:

1. Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар суралцах хугацааны цалинг 100 хувь олгоогүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгон, суралцах хугацааны буюу 2017 оны 11, 12 сарын цалингийн зөрүү 871501 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах,

3. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар 150000 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгосон 300000 төгрөгийн зөрүү 150000 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах, 

4. Г.Эын 2017 оны үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгах,

5. Х газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, суралцах хугацаанд цалинтай чөлөө олгож 2018 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг  даалгах,

6. Удирдлагын академид суралцах хугацаа /2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал/-ны замын зардлыг хэрэгт авагдсан баримтын дүнгээр гаргуулах,

7. Х газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу цалинаас суутгасан мөнгийг буцаан гаргуулах,

8. Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах /нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх/,     

9. 2018 оны ээлжийн амралтын дутуу бодогдсон зөрүү мөнгийг тооцож гаргуулах,

10. Ажилгүйдлийн тэтгэмж болох 1399307 төгрөгийг буруутай этгээдээс буюу хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.

Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалын 2 дахь заалтаар А/26 дугаар тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч дээрх тушаал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэл, утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус шийдвэр болох нь уг тушаалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, түүнчлэн Г.Э, Х.Үүрцайх гэсэн 2 албан хаагчийн асуудалд нэг тушаал гаргасан зэрэг нөхцөл байдлуудаар хангалттай нотлогдоно гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан байхад төрийн жинхэнэ албан хаагчид холбогдох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн нь илт хууль бус юм. Тушаалын 2 дахь заалтын тухайд Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно" гэж тус тус заасан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.2.2-т “энэхүү журмын 4.2.1-д зааснаас бусад эзгүй байгаа удирдах, гүйцэтгэх албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлнэ", 4.3.3-т "байгууллагын даргаас бусад удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар тус тус орлон гүйцэтгүүлнэ", 5.4-т “Эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно" гэж тус тус заасан байхад төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг төрийн  үйлчилгээний албан хаагчид хавсран гүйцэтгүүлэхээр зохицуулсан нь хууль болон дээрх журмыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон.

Х.Үүрцайх нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Хүний нөөц, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний албан тушаал”-ыг эрхэлдэг боловч түүнийг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамааруулан цалинжуулдаг. Мөн А/26 дугаар тушаалын 2 гэж буруу дугаарласан 3 дахь заалтад Х.Үүрцайхад ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 40 хувиар тооцож олгосон нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 5.1-д “Энэхүү журмын 3.2-т заасан эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгож болно" гэж заасныг зөрчсөн байна. Хариуцагч нь уг хууль бус тушаалыг гаргаж Х.Үүрцайхад миний ажил, албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх нэрээр /төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг хавсран гүйцэтгэнэ гэх ойлголт байхгүй, харин түр орлон гүйцэтгэнэ/ 40 хувийн нэмэгдэл цалинг олгосноор төрийн жинхэнэ албан хаагч миний суралцах хугацааны цалин хөлс бүрэн олгогдох боломжгүй болж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах" эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдсөн болно. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэж тодорхой заасан бөгөөд төрийн албан хаагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сургалтын төв байгууллага болох Удирдлагын академид суралцах болон элсэлтийн нээлттэй зарлагдсан шалгалтад оролцоход байгууллагын захиалга огт хамааралгүй юм. Энэ нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтэд зарласан Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтад урьсан мэдээний элсэгчдэд тавих шаардлага, бүрдүүлэх материалын шаардлагаас тодорхой харагдана. Төрийн албан хаагчдын сургалтын төв байгууллага болох Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль нь төрийн байгууллагад ямарч шаардлагагүй мэргэжлээр элсэлт авдаггүй бөгөөд мөн Монгол Улсын Засгийн газраас сургалтын тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж хөдөө орон нутгийн боловсон хүчнийг чадавхижуулахад анхаарч байхад хариуцагчаас гаргасан тайлбар нь мөн хувийн үзэмжээр Төрийн албаны тухай хуулийн тэгш байдлын зарчмыг зөрчсөн байна.

Түүнчлэн орон нутгийн удирдлагууд шалгалтын онооны дарааллаар суралцах эрх авсан намайг мэргэшлээ дээшлүүлэхийг дэмжсэн бөгөөд энэ нь хариуцагчид Дорноговь аймгийн Засаг даргаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2166 тоот албан бичгийг хүргүүлсэн байгаагаар, Удирдлагын академид “Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн бичигт "Дорноговь аймгийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулж өгснөөр тогтоогдож байгаа юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор хариуцагчийн гаргасан дээрх А/26 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэн, миний хуулиар олгогдсон баталгааг хангаж суралцах хугацааны цалинг олгох нь зүйтэй, мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2166 тоот албан бичгээр Дорноговь аймгийн аймгийн Засаг дарга нэхэмжлэгч миний суралцах хугацааны цалин хөлсийг олгож, хууль хэрэгжүүлэхийг үүрэг болгосоор байтал хариуцагч нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-д “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх" гэж заасныг үл хэрэгсэн удирдлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй нь түүний хэр ёс зүйтэй албан тушаалтан болохыг бэлэхнээ нотолж байна.

Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар суралцах хугацааны цалинг 100 хувь олгоогүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгон, суралцах хугацааны буюу 2017 оны 11, 12 сарын цалингийн зөрүү 871501 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие нь Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтын Төрийн удирдлагын менежментийн ангид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах намрын элсэлтийн нээлттэй зарласан шалгалтад 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орж тэнцэн удирдлагын академиас олгосон 2 эрхийн бичгийн нэгийг авсан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х газрын захиргаанд Төрийн албаны тухай хуулийг үндэслэн 1 дүгээр улирлын сургалтын хугацаанд үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан боловч сургуульд суралцуулахыг дэмжихгүй байгаа агуулга бүхий хариуг өгч байсан. Учир нь удирдлагын академийн ээлжит мэргэшүүлэх дипломын сургалтын улсын хэмжээнд нээлттэй зарлагдсан шалгалтад ороход байгууллагын даргаас зөвшөөрөл аваагүй, өөрөө дур мэдэн шалгалтад орж тэнцсэн гэж үзсэн.

Миний хувьд хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэн Засгийн газрын тэтгэлэгтэйгээр мэргэшлээ дээшлүүлэн суралцах болсон боломжийг алдахгүйн тулд сургуульдаа суралцсан.

Хариуцагчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Чөлөө олгох, Ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар хууль бус тушаалыг гарган төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, 2017 оны 11,12 дугаар сарын цалин хөлсийг олголгүй нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тасалдуулсан. Иймээс миний бие аймгийн Засаг дарга, Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж суралцах хугацааны цалин хөлсийг олгуулж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан бөгөөд аймгийн Засаг дарга болон Төрийн албаны салбар зөвлөлөөс дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж дүгнэлт гарган Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөсөн албан бичгийг хариуцагчид хүргүүлсээр байтал дахин хууль зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ‘Цалин нөхөн олгох тухай ”А/29 дугаар тушаал гарган 11, 12 дугаар сарын цалинг 50 хувиар бодон цалин хөлсийг дутуу олгосон. Тодруулбал хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн А/26 дугаар тушаалынхаа үр дагавраар А/29 дүгээр тушаалыг гаргахдаа миний суралцах хугацааны цалинг 50 хувиар тооцож олгохоор зааж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчсөн юм.

Өөрөөр хэлбэл А/26 тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчаар миний ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр зааж, улмаар цалингийн 40 хувийн нэмэгдлийг олгох талаар зааснаараа нэхэмжлэгч миний Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар олгогдсон баталгаа болох “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах" эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хуульчилсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах" гэж заасан байхад уг зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хэрэгт хамааралгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг иш татан нотлох баримтаар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон" гэж заасан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-тэй ямар ч хамааралгүй байхад хуулийг өөрийн дураар тайлбарласан нь үндэслэлгүй. Хүнс, хөдөө аж ахуйн газраас Удирдлагын академид тэтгэлгээр суралцсан албан хаагч ойрын жилүүдэд байхгүй бөгөөд бусад сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу цалин хөлсөө бүтэн авч суралцаж байсан.

Миний бие хариуцагч Ж.Нод "Сургалтын хугацаанд үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн” өргөдлөө 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Гэвч хариуцагч нь нөгөө л хий хардлага, хувийн өс хонзонгийн сэдлээр хандсан ба Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 377 дугаар албан бичгийг хуулбарлан өгч, миний өргөдөлд албан ёсоор хариу өгөөгүй юм.

Хариуцагч тайлан мэдээний үеэр сургуульд явуулах боломжгүй гэж хэлэхэд жилийн эцсийн тайланг ажил үүргийн хуваарийн дагуу Хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний эцсийн байдлаар нэгтгэсэн тайланг ажлын байран дээрээ байсан ч, сургуульд суралцаж байсан ч цахимаар авч хянах тул хичээлийн зав чөлөөгөөр үндсэн ажлаа цалгардуулахгүй, чөлөө өгөөч гэж учирласан ч зөвшөөрөөгүй. Удирдлагын академид бүртгүүлэхээр Улаанбаатар хотод очсоны дараа суралцах хугацааны 3 талт гэрээний маягт аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Цэрэнгийн цахим шууданд очсон тул нэхэмжлэгч миний бие өөрийн гэр бүлийн хүн болох нөхөр Ж.Хүдэрчулуунаар гэрээний маягтыг авахуулж байгууллагын даргаар баталгаажуулан явуулахыг хүссэн. Нөхөр Ж.Хүдэрчулууныг хариуцагч Ж.Нтой ирж уулзахад элдэв хов живийн чанартай зүйл болон намайг хэрхэн хардаж сэрдэж байгаагаа ярин “... Г.Эыг ажлаас нь халах тушаалаа бэлдчихсэн байгаа, цалингүй чөлөө авна гэж тохирвол 3 талт гэрээг байгуулна” гэх зэргээр хууль бус шаардлагуудыг тулгасан байдаг бөгөөд миний нөхөр Ж.Хүдэрчулуун дараа нь хуулийн хүрээнд асуудал шийдвэрлэгдэж учир зүй нь олдоно гэж үзсэн учраас хууль зүйн үндэслэлгүй хүчээр тулгасан шаардлага бүхий чөлөөний хуудастай танилцаж гарын үсэг зурсан байдаг.

Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар 150000 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгосон 300000 төгрөгийн зөрүү 150000 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/2245 албан бичгийг үндэслэн төрийн албан хаагчдад олгосон 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг ямар нэгэн үндэслэлгүйгээр 50 хувь бодож дутуу олгосон. Уг асуудлын талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 1 албан хаагчид олгох 300000 төгрөг дутуу ирсэн мөн Г.Э нь үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй тул 150000 төгрөгийг өгсөн гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох"-оор шийдвэрлэсэн ба энэ нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй хамааралгүй, төрийн албанд ажиллаж байгаа /төрийн өндөр албан тушаалтан болон шүүгч, прокуророос бусад/ бүх албан хаагчдад олгогдсон урамшуулал юм.

Тус байгууллага 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Мал эмнэлгийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Банзрагчийг ажилд орох хүртэл нийт 24 ажилтантай ажиллаж байсан бөгөөд 2017 оны эхний хагас жилийн төсвийн мэдээнд 24 ажилтны мэдээлэл яаманд очсоноор 1 албан хаагчийн урамшууллын мөнгө дутуу орж ирсэн байж болох боловч энэ нь миний урамшууллыг хасаж олгох үндэслэл биш юм. “Байгууллага дотроо зохицуулалт хийж олго” гэсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 300000 төгрөгийн урамшууллыг ажилд ороод 2 сар болж байсан албаны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Банзрагч болон байгууллагын жолоочийн ажлын байранд шинээр ажилд ороод 21 хоног ажилласан Б.Эрдэнэбаатар нарт хуваан олгох боломжтой байсан гэж үзэж байна. Хариуцагч нь өөрийг нь матсан гэх өс хонзонгийн сэдлээр илтэд хувийн сонирхол гарган нэхэмжлэгч миний урамшууллыг хасаж олгосон нь үндэслэлгүй юм.

2017 оны үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Х газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Урамшуулал олгох тухай” Б/16 дугаар тушаалыг гарган төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон бөгөөд миний бие 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар өгсөн боловч өөрийн биеэр ирж гэрээний биелэлтээ танилцуулан, дүгнүүл гэж миний үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэлгүй үлдээсэн. Гэвч миний бие 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сургуулиас чөлөө авч ирээд үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхэд хариуцагч нь хувийн үзэмжээр илтэд шударга бус дүгнэж 69.8 хувиар “D” үнэлж, үнэлгээний үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн миний ажлын чиглэл, эрх, үүрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан журам болон ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогод нийцүүлэн байгууллагын төлөвлөлтийг хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, гүйцэтгэлийн үйл ажиллагаанд дотоод аудит хийн үнэлгээний дүгнэлтээр албан хаагчдад зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Гэтэл бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтэд хяналт тавин, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахаар арга зүйн дэмжлэг үзүүлэн, ажлын шаардлага тавьж байсан намайг ажилд ороод 2 сар болж байгаа Мал эмнэлгийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хариуцлага тооцуулахаар санал өгч байсан албан хаагчдаас бага үнэлгээтэйгээр үнэлсэн нь бодитой үнэлгээ биш гэж үзэж Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг үндэслэн үнэлгээний дүнг өөрчлүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тайлбар гарган 2 удаа танилцуулахаар өрөөнд нь орсон боловч завгүй байна гэсэн шалтгаан хэлж, ямар нэгэн шийдвэр гаргалгүй өдийг хүрээд байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “үр дүнгийн гэрээгээ бусдын ширээн дээр орхин сураггүй явсан байсан” гэсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д зааснаар үр дүнгийн гэрээг байгуулж, дүгнэх нь менежерийн үүрэг юм. Гэтэл тус байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос эхлэн 2 хоногийн хугацаатай үр дүнгийн гэрээг дүгнэсэн бөгөөд үр дүнгийн гэрээг эрт дүгнэх болсон талаар хэн нэгэн надад хэлээгүй, би Улаанбаатар хотоос хичээлийн дундуур ажил дээр ирэхэд нэг өрөөнд хамт суудаг нярав Х.Наранхүү ажлын тайлангаа бичиж байхаар нь гэрээ дүгнэж байна гэж мэдээд үр дүнгийн гэрээний биелэлтийг бичин дүгнүүлэхээр хүлээсэн боловч 1 мэргэжилтний ажлыг 1 цаг гаруй хугацаанд дүгнэсэн тул оройны 20 цаг болтол хүлээгээд Улаанбаатар явах галт тэрэгний цаг болж амжихгүй болсон тул үр дүнгийн гэрээний биелэлтээ Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албаны дарга н.Буянхишигтэд цаг, минут, он, сараа тэмдэглэн орхиж, маргааш танилцуулахыг гуйн үлдээсэн.

Урьд жилд үр дүнгийн гэрээг дүгнэх үеэр эзгүй байсан ажилтан /хариуцагчийн төрсөн эгч болох Лабораторийн эрхлэгч Ж.Наранцэцэг/-ы гэрээний биелэлтийг өөр хүн /Лабораторийн эмч Б.Золзаяа/ бичээд Ж.Наранцэцэг өөрийн биеэр байгаагүй ч дүгнэж байсан болохоор гэрээний биелэлтээ өөрөө бичиж, албаны даргаар дамжуулахад дүгнэхгүй үлдээнэ гэж бодоогүй ба энэ нь мөн л хариуцагчийн өс хонзонгийн сэдэлттэй санаатай үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний бие Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.3-т “Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах” гэж заасныг үндэслэн улирал бүр албан хаагчдад зөвлөмж өгөн ажилласан бөгөөд байгууллагын даргад 1 хувийг өгч байсан. Мөн 2017 оны эхний хагас жилийн байдлаар бүх бодлогын баримт бичгүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үнэлгээний дүнг байгууллагын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулан холбогдох газруудад илгээсэн байхад танилцуулаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн он, сар, өдөр тодорхойгүй, мөн журамд зааснаар үнэлгээний үндэслэлээ тайлбарлаагүй зэрэг нь төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланд мэдээлэл оруулах зорилгоор дүр эсгэсэн байна. 

Нэхэмжлэгч миний ажлын байрны тодорхойлолтод Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй хэдий ч салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах ажлыг өөрийн боломжийн хэмжээнд хэрэгжүүлэн салбарын хэмжээний бодлогыг чиглэл тус бүрээр нь нэгтгэн зурагт самбар болгон байгууллагын коридорт, аймгийн төв зам дагуух сурталчилгааны самбаруудад байрлуулж сурталчлан ажилласан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ Дотоод аудитын хэлтсээс хийгдсэн шалгалтын дүгнэлтээр нотлогдоно. Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд мэдээлдэг цахим хуудсанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн бүр бүртгэлтэй бөгөөд зохион байгуулсан ажил болон, бусад цаг үеийн мэдээллийг тухайн цахим хуудсанд бүртгэлтэй хүн бүр оруулах боломжтой. Дээрх хаяг нь миний хувийн хаяг биш тул зөвхөн Г.Э мэдээлэл оруулах үүргийг ажил үүргийн хуваариар ч хүлээгээгүй зэрэг нь үр дүнгийн үнэлгээг хасах гэсэн хариуцагчийн хувийн хандлага юм.

Нэхэмжлэгч миний бие Монгол Улсын Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг тухайн байгууллагад хэрэгжүүлэн ажиллах нь байтугай хяналт тавин, шинжилгээ хийх ажлын чиг үүргийн дагуу ч аливаа үйл ажиллагаа, мэдээлэлтэй танилцах боломж байхгүй болсон. Учир нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд ил тод байдал болон Монгол Улсын Архивын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-т заагдсан шаардлага алдагдаж тушаал шийдвэрийн төсөл болон гарын үсэг зурж баталгаажсан тушаал, шийдвэр ирсэн явсан албан бичгүүд нь албан хаагчдад танилцуулагддаггүй нууц хэлбэртэй байдаг.

Иймээс хариуцагчийн төрийн жинхэнэ албан хаагч миний үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшуулал олгоогүй эс үйлдэхүйг тогтоолгож, зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргуулахыг даалгах тухай шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна.

Удирдлагын академид суралцах хугацаа /2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал/-ны замын зардлыг хэрэгт авагдсан баримтын дүнгээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Удирдлагын академид Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах гурван талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь хэсэгт “Суралцах хугацаанд нь Улаанбаатарт ирц, буцах замын зардлыг зохих журмын дагуу тооцож олгох”-оор заасан тул нийтийн тээврийн хэрэгслийн зорчих эрхийн тасалбаруудыг үндэслэн 92,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь ирж, буцах унааны зардалд 80,400 төгрөгийг өгөх боломжтой гэсэн тул үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Х газрын даргын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас хассан суутгалыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тухайн байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааралгүй /жилийн эцсийн тайланг дутуу гарган хүргүүлж хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсан гэж/ ажлыг хариуцуулан нэхэмжлэгч миний үндсэн цалинг 2 сарын хугацаатай 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг мөн л хувийн өс хонзонгийн сэдлээр гаргасан байна гэж үзэж байгаа тул уг маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгож цалингаас суутган хассан цалингийн зөрүүг буцаан олгуулахаар нэхэмжилж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 5 дугаар зүйлд “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтны эрх, үүрэг”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 сарын 05-ны өдөр баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-ыг үндэслэн “Тайлан, мэдээг нэгтгэн холбогдох газарт хугацаанд нь хүргүүлэх" чиг үүрэг нэхэмжлэгч миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг биш бөгөөд тус байгууллагын Хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайхын ажлын чиг үүрэгт тусгагдсанаар нотлогдоно. Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай” А/566 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад заагдсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааг тайлагнах хугацаа”-ны жагсаалтын дагуу нийт 7 төрлийн тайланг хянан байгууллагын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хамт үдэж, хавтаслан холбогдох газарт заагдсан хугацаанд хүргээрэй гэж хүлээлгэн өгсөн. Харин дээрх журмын дагуу 13 төрлийн тайланг Хүний нөөц, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайх нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн надад огт хянуулахгүйгээр холбогдох газруудад хүргүүлэхдээ 3 тайланг дутуу хүргэсэн байсан юм. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй” гэж Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тайлан мэдээний хуваарь батлах тухай” А/727 дугаар захирамжид заасанчлан байгууллагын Хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний нэгтгэсэн тайланд нэхэмжлэгч миний бие хяналт-шинжилгээ, үнэлгээ хийснээр Хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайх холбогдох газарт хугацаанд нь хүргэх ёстой. Иймд 2, 3 дугаар сарын цалингаас суутгасан суутгалыг буцаан гаргуулах хүсэлтэй байна.

Х газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, суралцах хугацаанд цалинтай чөлөө олгож 2018 оны 3, 4 5 дугаар сарын цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг  даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Удирдлагын академийн сургалтдаа 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд суралцахаар байгууллагын даргад чөлөө хүссэн өргөдөл өгсөн боловч шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй гэх үндэслэлээр суралцах хугацаанд цалингүй чөлөө олгон шийдвэрлэснээ 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 3, 4, 5 дугаар сарын цалинг олгосон боловч холбогдох нэмэгдлүүдийг олгоогүй учраас энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, суралцах хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг дуустал хугацаанд цалинтай чөлөө олгох, 2018 оны 3 дугаар сарын 19-өөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл суралцаж байх хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү?

Х газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилуулах, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс амрах хуваарийн дагуу ээлжийн амралтын мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Х газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудит хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн байх боловч дээрх заалтууд нь тухайн шийдвэрт хамааралгүй буюу ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний бие 2006 онд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд чөлөөтэй байх хугацаандаа дахин 2012 оны 02 дугаар сард 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ буюу Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу ажлын байрыг хадгалж байх хугацаанд гэр бүлийн хүнээ даган шилжиж Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 6 дугаар сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/11 дүгээр тушаалаар тус байгууллагад Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн /ТЗ-5/-ээр ажилд орсон. Миний бие Х газарт мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд 4 дүгээр сарын 22-ны өдөр /Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажилд орсноос хойш 10 сарын дараа/ “Ажлаас чөлөөлөх тухай” 10/01 дүгээр Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч 2013 оны 7 дугаар сарын 01-ээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг зогсоолгосон. Тус байгууллагаас чөлөөлөгдөхдөө өөр ажилд шилжиж байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Иймд өөр ажилд шилжин орохтой холбогдуулан нөөцөд үлдсэн.

Гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гарган чөлөөлөгдчихөөд дахин төрийн жинхэнэ албанд орохдоо мэргэшлийн шалгалт өгнө гэсэн заалттай хольж хутган ажилгүй байх хугацаандаа Х газарт мэргэжилтнээр ажилд орсон тул дахин шалгалт өгч ажилд орох ёстой байсан гэж үзэж хариуцагч өөрийгөө 2013 онд хууль бус шийдвэр гаргасан байна гэсэн. Ажилд орох үедээ төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс хасагдсан байсан гэж үзэх ямар нэгэн нотлох баримтгүйгээр болон эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж заасныг зөрчсөн гэж /мөн ямар хууль бус арга хэрэглэсэн нь тодорхойгүй/ 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийн заалт буруу хэрэглэсэн гэж үзэхээс илүүтэйгээр нэхэмжлэгч миний биеийг гүтгэн, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” тухай зүйлийн 48.2.1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасныг үндэслэсэн нь “Г.Эыг ажилд томилох тухай” Х газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус гэж үзсэн захиргааны акт болон ямар нэгэн актад дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар заагдаагүй. Бусад хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдоогүй, ямар нэгэн бодит нөхцөл байдалд үндэслээгүй зэрэг нь “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үндэслэл, үзэл баримтлалаар батлагдсан дээрх хуулийн агуулга, зарчмыг судлалгүй үйл ажиллагаандаа буруугаар хэрэглэж байгаад харамсаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл” гэж зааснаар жил бүр Төрийн албан хаагчийн тоо бүртгэл, бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланд бүртгэгдэж төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байдаг нь Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны А/143 дугаар захирамжаар “Дөтгөөр зэргийн дэс түшмэл”-ийн зэрэг дэв олгогдсоноор нотлогдоно.

Мөн Удирдлагын академиас тусгай шалгуур, болзлыг хангасан төрийн жинхэнэ албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр “Төрийн захиргааны менежмент”-ийн мэргэшүүлэх сургалтад суралцах элсэлтийн шалгалт 2017 оны 10 дугаар сард зохион байгуулахад холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн шалгалтын үйл ажиллагааг удирдсан Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өгч хянуулахад дээрх болзлыг хангасан гэж үзэн шалгалтад оруулснаар тэнцэж, Дорноговь аймагт олгогдсон 2 эрхийн нэгийг авч “Удирдлагын академид Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах гурван талт гэрээ"-г байгуулан тус сургуульд суралцсан. Хариуцагч нь хичээлийн 3 дугаар улирлын сургалт болох 2018 оны 3 дугаар сарын 19-өөс 2018 оны 6 дугаар сарын 22-ныг дуусталх хугацааны чөлөөг цалингүй хэдий ч албан ёсоор олгосон байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар захиргааны чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах ёстой байтал анх Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажилд томилогдсон 2013 оны 6 дугаар сарын 12-ны Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор өнөөг хүртэл 5 жил ажилласан хөдөлмөр, цаг хугацаа зэрэг бүхий л үйл ажиллагааг үгүйсгэн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Хариуцагч нь төрийн албан хаагчийн ёс зүй, үүрэг, хариуцлагаа умартан хувийн ашиг сонирхлоо урьтал болгосноос гадна хууль зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхой харагдаж байна.

Ажилгүйдлийн тэтгэмж болох 1,399,307 төгрөгийг буруутай этгээдээс буюу Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Х газрын дарга Ж.Н нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг гаргаж нэхэмжлэгч Г.Э намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд миний бие 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаа холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй. Хариуцагч нь энэ үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэл 3 сар тасарсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авснаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсийг нөхөн олгосон хэдий ч дээрх хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн хугацаанаас хожимдсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасныг үндэслэн ажилгүйдлийн тэтгэмж болох 1,399,307 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү?

Хариуцагч Ж.Н нь ямар учраас хууль бус шийдвэрүүдийг гарган төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчин, иргэний нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдах болсон шалтгааныг тайлбарлах нь зүйтэй. 2017 оны 4 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Л.Оюунцэцэгээс Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл ирүүлсэний дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын хэсэг томилогдон ирж хяналт шалгалтын ажил хийгдсэн бөгөөд дээрх шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой зөрчлүүд илэрсэн. Төрийн албаны салбар зөвлөл нь Л.Оюунцэцэгийн хүсэлтийн дагуу бичгийн хэвийг таниулах шинжилгээг хийлгэхэд шинжээчийн дүгнэлтээр Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн өргөдөл нь Л.Оюунцэцэгийн бичгийн загвартай тохироогүй гэж гарсан. Хариуцагч нь намайг Л.Оюунцэцэгийн өмнөөс Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл бичсэн гэж хардаж, сэжиглэж байсан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд одоогоор миний бие ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаагүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй.

Хариуцагч Ж.Н нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хяналт шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын хэлтсээс 2017 онд байгуулах зорилтот хяналт шинжилгээний төлөвлөгөө”-т шалгалтыг мэргэжилтэн миний захиалгаар хийгдсэн шалгалт гэж хардаж  сэрдэн, байнгын дарамталж хувийн өс хонзон санаж, албан тушаалын эрхээ урвуулан ашиглаж төрийн албан хаагч миний эрх ашиг, нэр хүндэд халдсан хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гарган, удирдах ажилтны ёс зүйгүй үйлдэл гаргаж янз бүрийн байдлаар дарамтлан, хавчин гадуурхаж, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжгүй байдлыг 2017 оны 02 дугаар сараас байнга гаргах болсон юм.

Миний хувьд ажлын цаг бүртгэх, тасалсан цагийг тооцон цагийн баланс гаргахтай маргаагүй. Харин ажилтан бүрийн цаг бүртгэлийг үнэн зөв, хэн нэгэнд давуу байдал олгох, ямар нэгэн ялгаварлалгүйгээр бүртгэхгүй байгаа асуудлыг хэлдэг.

Байгууллагын өргөдөл гомдлын бүртгэлд 2017 оны байдлаар нийт 18 өргөдөл бүртгэгдсэнээс амаар мэдүүлсэн өргөдөл бүртгэгдээгүй, мөн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайланд нэхэмжлэгч миний биетэй холбоотой 4 албан хаагчийг эрхшээлдээ оруулан, дарамталсан гэсэн асуудал байхгүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг маань бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

УИХ-ын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тус байгууллагад УИХ-ын тогтоолын дагуу төрийн албан хаагчдад олгох урамшуулалд ХХААЯ-наас нийт 7200000 төгрөгийн санхүүжилт буюу 1 албан хаагчид олгох 300000 төгрөгийн санхүүжилт дутуу ирсэн бөгөөд санхүүжилт хүрэлцэхгүй байгаа талаар ХХААЯ-нд мэдэгдэхэд нэмж санхүүжилт олгох боломжгүй төсөв хаагдсан тул үр дүнгийн урамшууллыг нь харгалзан байгууллага дотроо зохицуулалт хийж олго гэсэн чиглэл өгсөн. Үр дүнгийн гэрээгээ хугацаандаа дүгнүүлээгүй хариуцлага алдсан мэргэжилтэн Г.Э, малчин Алтангэрэл нарт урамшуулал олгоогүй бөгөөд мөн төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгөний үлдэгдэл 300000 төгрөгийг тус 2 ажилтанд тус бүрт нь 150000 төгрөгөөр тооцож олгосон. Урамшууллыг яамнаас өгсөн чиглэл, сангийн сайдын олон нийтийн хэвлэлээр тухайн үед өгсөн чиглэлийн дагуу байгууллага дотроо зохицуулалт хийн олгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тус байгууллага нь орон нутгаас санхүүжилт авдаггүй тул санхүүжилт дутсан үед аймгийн Засаг даргын тоотыг үндэслэх боломжгүй.

Суралцаж байх хугацаанд томилолтын зардал болон цалин хөлс бүтнээр гаргуулах, холбогдох тушаал шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Г.Эын хамрагдсан Удирдлагын академийн сургалт нь дипломын дараах сургалт бөгөөд байгууллагаас Г.Эыг сургахаар огт захиалга өгөөгүй. Энэ сургалт нь тус байгууллагад шаардлагатай мэргэжил дээшлүүлэх сургалт биш сайн дураараа сурч байгаа хувь хүний сонирхол юм. Мөн мэргэжилтэн Г.Эт гамшгийн улсын үзүүлэх сургууль болох гэж байгаа, жилийн эцсийн тайлан мэдээ, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс өгсөн хугацаатай үүрэг, өөрт нь хамааралтай хугацаатай бичиг байгаа зэрэг ажлын ачаалал ихтэй энэ үед байгууллагын удирдлагатайгаа зөвшилцөөгүй тул чөлөө олгох боломжгүй байсан. Г.Эт дараа жил суралц гэсэн хариу өгсөн байхад тулган шаардах хэлбэртэйгээр шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 02-нд, шалгалт нь 10 дугаар сарын 14-нд болоод өнгөрсөн байхад 10 дугаар сарын 19-нд буюу явах өдрөө удаан хугацаагаар суралцахаар явах тухай өргөдлөө өгөөд байгууллагын удирдлагаас албан ёсны чөлөө олгоогүй байхад ажлаа хэнд ч хүлээлгэн өгөлгүй хаяж явсан. Бусад аймгуудын жишгээс харахад огт цалингүй сургах, 50%-н цалин олгох, суралцах хугацаандаа тухайн хүн бололцоогоороо ирж өөрийн үүрэгт ажлаа огт орхигдуулахгүйгээр үргэлжлүүлэх, чөлөө аваагүй явсныг нь ажлаас халсан зэрэг жишээнүүд байна. Манай бусад ажилчид ийм сургалтад хамрагдахдаа чөлөө авах, ажлаа зохицуулах, хариутай бичгүүдээ барагдуулах, ээлжийн амралтдаа тааруулах зэргээр ажлаа гэсэн сэтгэлтэй байхад энэ хүн аливаа зүйлийг далимдуулах, ажлын цагийг хийдүүлсэн ч цалингаа бүтнээр нь авахын тулд юу ч хийхэд бэлэн ичих нүүргүй занг үргэлж гаргаж байдаг. Мөн ажлыг нь өөр хүнээр гүйцэтгүүлж цалингийн хувь олгох шаардлага гарсан тул нэхэмжлэгчид цалинг нь бүтэн олгохоос татгалзсан.

Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар гурван сараас дээш хугацааны сургалтаар суралцсан нөхцөлд төрийн албанаас түр чөлөөлж 27.1.9-д зааснаар мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдахад цалинтай чөлөө олгох бөгөөд Г.Эын хувьд 2 сарын хугацаатайгаар сайн дураараа сурч байгаа суралцаж буй мэргэжил нь тус байгууллагад шаардлагатай мэргэжил дээшлүүлэх сургалт биш байх тохиолдолд цалинг бүтэн олгоно гэсэн хуулийн тодорхой заалт байхгүй. Иймд уг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Байгууллагын удирдлагын зүгээс аймгийн Засаг даргын Тамгын газарт Г.Э нь Удирдлагын академид суралцах тухай асуудлыг байгууллагын удирдлагад огт мэдэгдэлгүй шийдвэрлэсэн мөн түүнтэй холбоотой ёс зүйн асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа зэрэг шалтгаан байх тул суралцуулах асуудлыг дэмжихгүй байгаа тухай албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах үүднээс Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын дагуу эзгүй байгаа албан хаагчийн /3 сар хүртэл/ албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан.

Гэтэл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 81-р тогтоолын дүгнэлтэд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг Төрийн үйлчилгээний албан хаагч хавсран гүйцэтгэж байгаа зөрчил үүссэн, 2 албан хаагчийн асуудалд 1 тушаал гаргасан гэж буруутгасан бөгөөд эдгээрийг хориглосон заалт огт байхгүй. Мөн төрийн албаны хуулинд 3 сараас доош хугацаагаар сургалтад хамрагдахад чөлөө олгох тухай тодорхой заалт байдаггүй тул байгууллагын дотоод журмаар чөлөө олгосныг хуулийн үндэслэл аваагүй гэсэнтэй санал нийлэхгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.3.3-т “гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар орлон гүйцэтгүүлнэ” гэж зааснаас тухайн ажлыг төрийн үйлчилгээний ажилтнаар хийлгэж болохгүй гэсэн заалт огт байхгүй. Уг журмын 4.6-д “эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг ч энэ хүн ажлаа хүлээлгэн өгөлгүй тайлан, мэдээ хариутай бичгүүдийг хаян алга болсон.

Г.Э нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-т “чөлөө авахдаа байгууллагын даргад хүсэлтээ гарган байгууллагын даргын цалинтай, цалингүй чөлөө олгохыг зөвшөөрсөн чөлөөний хуудас авч цаг бүртгэж байгаа албан хаагчид өгч цагийн бүртгэлийн ард хавсарган чөлөөний цагийг тооцуулна” гэж заасныг зөрчсөн. Удирдлагын академид суралцах тухай гэрээг байгуулахад Г.Э нь өөрийн биеэр ирээгүй бөгөөд нөхөр Ж.Хүдэрчулуун нь эхнэрээ төлөөлөн ирж нөхцөл байдалтай танилцан ажлаа хүлээлгэн өгөөгүй, чөлөө зөвшөөрөлгүй явсантай нь холбогдуулан ажлаас халахгүй байх талаар, цалингүй чөлөө олгон суралцуулах талаар байгууллагын даргын саналыг эхнэртэйгээ утсаар ярилцан зөвшилцөн байгууллагын цалингүй чөлөө олгох тухай чөлөөний хуудастай танилцан гарын үсгээ зурснаар гэрээг байгуулсан юм. Гэвч байгууллагын удирдлагын зүгээс хүлээцтэй хандан мэргэжилтэнтэй гэрээ байгуулах, жилийн эцсийн тайлангийн ид үеэр ажлаа хүлээлгэн өгөлгүй хаяж алга болсон хүнд арга хэмжээ авахын оронд байгууллагын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд өөр хүнээр ажлыг нь хийж гүйцэтгүүлэн цалингийн 40 хувийн нэмэгдэл олгосон тул мэргэжилтэн Г.Эт үлдэгдэл цалингийн 50 хувийг олгосон нь хангалттай хүлээцтэй хандсан гэж үзэж байна.

Уг журамд цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй гэж заасан ч хуулиас давсан журам байж болохгүй тул Хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг үндэслэн ажлаа хаясан энэ мэргэжилтний ажлыг өөр хүнд хавсарган цалингийн 40 хувийн нэмэгдэл олгосон тул дахин нөхөн цалин олгох боломжгүй юм.

Г.Э нь хамт олны дунд хов жив үүсгэн болоогүй үйлдлийг болсон мэт ярин хагалан бутаргах үйлдлийг тогтмол хийж өөртөө хань татах оролдлого хийдэг.  Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 1/1330 тоот албан бичигт Л.Оюунцэцэг өөрийн гаргасан өргөдлийг би бичээгүй хэн нэг нь миний өмнөөс өргөдөл гаргасан гэсэн тул Шүүхийн шинжилгээний албанд хүсэлт гаргаж өргөдлийг хэн бичсэн болохыг тогтоолгохоор хандсан гэсэн хариу ирсэн бөгөөд аймгийн Төрийн албаны зөвлөлөөс хамааралтай байж болзошгүй гэсэн Г.Э, Л.Оюунцэцэг нарын гарын үсгийн тайллыг авснаар Л.Оюунцэцэг нь шүүхийн шинжилгээний хариугаар уг өргөдлийг бичээгүй болох нь тогтоогдсон. Улмаар Л.Оюунцэцэг нь хуурамч өргөдлийг бичсэн эзнийг тогтоон өгч нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан боловч түүний хүсэлтийн  хариу ирээгүй. Төрийн албаны салбар зөвлөл дүгнэлт гаргахдаа өргөдөл гаргагчийн эсрэг талын хүнээс мэдүүлэг огт авдаггүй нь дэндүү нэг талыг барин асуудалд хандаж байна гэж үзэхээр байна.

Г.Э нь өглөө, орой цаг бүртгэлийн төхөөрөмжид хурууны хээгээр бүртгүүлээд дунд нь бараг өдөр бүр 2-3 цаг алга болж ажлын цагийг байнга хийдүүлдэг. /үргэлж тамгын газар дээр ажилладаг мэтээр тайлбарладаг/. Иймээс 2017 оны 5-р сарын 1-ээс цаг бүртгэлийг бие хүнээр тусгай дэвтэрт бүртгүүлж сарын эцсээр цагийн баланс гаргах болоход Г.Э нь бүртгэлийн дэвтрийг хулгайлж нотлох баримтыг үгүй хийсэн. Тус байгууллагад өөр цагийн асуудлаар хэл ам хийдэг хүн огт байхгүй бөгөөд нотлох эзэнтэй. Сар болгоны эцэст цагийн баланс гарахад цаг бүртгэж буй хүнтэй үргэлж өөрөө байсан мэтээр хэл ам хийж тасалсан цагаа хасуулах оролдлого хийдэг. Өөрөөсөө доош албан тушаалтнуудаа дарамталж эрхшээлдээ оруулахын тулд янз бүрийн зохисгүй зан авир, үйлдэл гаргадаг. Энэ хүний талаар амаар гомдол мэдүүлсэн 4 хүн байна.

Мэдээ тайланг хянах ажлыг хагас дутуу, зөвхөн дамжуулагчийн үүрэгтэйгээр хийж, тайлан гаргах бүрт хяналт шинжилгээ хангалтгүй хийгдсэн талаар хэл ам гаргадаг. Удирдлагын академид тэтгэлэгтэй суралцах төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах гурван талт гэрээнд суралцагчийг суралцаж байх хугацаанд нь зохих дэмжлэг туслалцаа үзүүлж байх гэж зааснаас цалинг бүтнээр нь олгох тухай огт зохицуулаагүй харин тус гэрээний 2.2.6-т зааснаар суралцах хугацаанд нь Улаанбаатарт ирж, буцах замын зардлыг өгөх боломжтой. Г.Эт цалингийн 50%-ийг нь олгон суралцах боломжийг хангасан нь байгууллагын удирдлагын зүгээс хангалттай хүлээцтэй хандсан гэж үзэж байна.

Төрийн албан хаагч хариуцсан ажлаа хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэн, чөлөө зөвшөөрлөө удирдлагаас зохих журмын дагуу авч, үлдэх ажлаа зохицуулсан нөхцөлд л Төрийн албаны хуулийн дагуу эрх эдэлнэ. Харин дээр дурдсан олон шалтгаантай, хаяж явсан ажлыг нь өөр хүнээр цалин өгч гүйцэтгүүлсэн нөхцөлд цалингаа бүтнээр нь авах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь “цалинтай чөлөө олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”  тухай шаардлага гаргасан бөгөөд “даалгах шаардлага” нь хууль зүйн үндэслэлтэй байхын тулд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй нь тогтоогдсон байхыг шаарддаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай албан бичгээр тэр даруй хариуг нь хүргүүлсэн байх тул хууль бус эс үйлдэхүй буюу өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйл байхгүй болно.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь зөв эсэх, ЗХШХШТХ-ийн 53 дугаар зүйлийн 53.3, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т тус тус заасан “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах”, “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн” зэрэгт дүгнэлт хийж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь зохимжтой юм. Харин гурван талт гэрээний дагуу нэхэмжлэгчид шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд Улаанбаатар хот руу ирж, буцах замын зардалд 80,400 төгрөгийг өгөх боломжтой.

Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Байгууллагын удирдлагын зүгээс 11 дүгээр сарын 22-ноос бүтэн 2 өдрийг зөвхөн үр дүнгийн гэрээг дүгнэх ажилд зориулсан бөгөөд энэ хугацаанд мэргэжилтэн Г.Э нь ажлын байран дээрээ байсан боловч үндсэн ажлаа хийж үр дүнгийн гэрээгээ өөрийн биеэр ирж дүгнүүлэхийн оронд өөр хүний ширээн дээр тайлангаа орхиод явсан байсан. Иймд үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээр ирсэн 23 ажилтны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн, Г.Э, малчин Алтангэрэл нарын үр дүнг дүгнэлгүй үлдээж, үнэлгээнд хамрагдсан ажилчдад урамшуулал олгосон. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журамд зааснаар тайлан, үр дүнгийн гэрээгээ хугацаандаа ирүүлээгүй, заасан хугацаанд гэрээний биелэлтээ тайлагнаагүй нь хариуцлага тооцох үндэслэл болно. Мөн журмын 6.2-т зааснаар менежер гэрээний биелэлтийг дүгнэхдээ ирүүлсэн тайлангаас гадна үр дүнг үнэлэхэд шаардлагатай бусад мэдээлэл авч болно. Хяналт шинжилгээ, үнэлгээний хэрэгжилтийн явцыг байгууллагын даргад хариуцсан мэргэжилтэн нь хагас жил тутам албан ёсоор мэдээлэх үүрэгтэй. Тус байгууллага хийсэн ажлынхаа мэдээллийг 7 хоног бүр гарган аймгийн Тамгын газарт мэдээлдэг ч мэргэжилтэн Г.Эт хийсэн ажлын мэдээлэл огт байдаггүй мөн жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээ хугацаандаа дүгнүүлээгүй тул ажлаа дүгнүүлээгүй дээрх 2 ажилтанд ямар нэг урамшуулал олгогдоогүй болно.

Гэвч төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн мэдээг системд 12 дугаар сарын 25-нд оруулах учиртай бөгөөд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний тоон үнэлгээг зайлшгүй оруулах шаардлагатай болсон тул мэргэжилтэн Г.Эын үр дүнгийн гэрээг бусад ажилтнуудын үр дүнгийг гэрээг дүгнэснээс хойш 23 хоногийн дараа дүгнэсэн. Г.Э нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээгээ хүлээн зөвшөөрөөгүй тухай хариу тайлбараа 21 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 3-нд гаргасан тул үнэлгээтэй холбоотой санал нийлэхгүй асуудлыг дахин авч үзэхээр журмын 6.2.1-т зааснаар шаардлагатай бусад мэдээллийг буюу жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалтыг нь сар тус бүрээр гаргах үүргийг 2018.01.12-нд өгсөн боловч тайлангаа ирүүлээгүй алга болсон тул 2018.01.23-нд үнэлгээг хуучин хэвээр үлдээхээс өөр аргагүй талаар өөрт нь мэдэгдэн өгсөн тайланг нь буцаан өгч үнэлгээг хэвээр үлдээсэн. Ер нь үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд дээд шатны байгууллагад хандах ёстой.

Мэргэжилтэн Г.Эын үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт 13 ажил үйлчилгээг үнэлснээс 4 заалтыг хүлээн зөвшөөрөөгүй. Салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад ямар нэгэн хөрөнгө, санхүүжилтгүйн улмаас мэдээлэх боломжгүй байсан гэдэг бол огт ажил хийгээгүйгээ хамгаалах, өөрийгөө өмгөөлөх аргаа ядсан шалтаг юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ өгье гэхэд хэзээ болох вэ, ямар мэдээлэл байна, бид нарыг дуудаж байгаарай гээд өөрсдөө ирдэг тул байгууллагад хийгдсэн ажлуудыг мэдээлэхэд ямарч саад байхгүй, хийгдэх бүрэн боломжтой.

Байгууллагаас маш олон төрлийн олныг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аймгийн тамгын газарт 7 хоног бүр, яаманд сар тутам цаг үеийн мэдээлэл хийсэн ажлын тайлан хүргэгддэг бөгөөд Г.Э нь энэ талын мэдээллийг олон түмэнд хүргэх үүрэгтэй. Мэргэжилтэн Г.Э нь тайлангаа нэг ч удаа өгч үзээгүй мөн өөрөө бие даан нэг ч яриа өгч үзээгүй. Байгууллагын хамт олон нь зав чөлөөгүй байхад тодорхой үүрэггүй байгаа мөртлөө ажилтнуудаас өөрөө мэдээлэл авах боломжтой байхад хэн ч мэдээ өгөөгүй гээд сууж байдаг. Энэ үйлдлээрээ удаа дараа зэмлүүлж байсан ч алдаагаа давтдаг. Үүнээс гадна байгууллагын FасеЬоок хаяганд тухай бүр мэдээлэл хийх ажлыг хариуцдаг боловч мэдээллийн ач холбогдол өнгөрсөн хойно хагас дутуу, хүчээр загнуулж байж л хийдэг. Түүнийг шахаж шаардахгүй бол хийдэггүй, санаачилга байдаггүй.

Салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, ил тод нээлттэй мэдээлэх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилтын хүрээнд хангалтгүй ажилласан тул үнэлгээ нэмэх боломжгүй.

Байгууллагын хууль эрх зүйтэй холбоотой асуудалд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлээгүйгээс шалтгаалан ямар нэг эрсдэл учраагүй байхад дутуу үнэлсэн гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод нь байгууллагын хууль эрх зүйтэй холбоотой асуудалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллана гэж заагдсан. Энэ ажлын хүрээнд Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэх мэт хуулиудыг сурталчлах үүрэгтэй ч байгууллагын хэмжээнд энэ талын ажил огт хийгдээгүй.

Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай албан даалгаврын хэрэгжилтийг төрийн албан хаагч бүр ханган ажиллах учиртай ч мэргэжилтэн Г.Э нь ажлын цагийг хийдүүлэн таслах, тасалсан цагаа ирснээр бүртгүүлэх гэж үргэлж хэл ам хийж, 5-р сарын цагийн бүртгэлийг хулгайлж нотлох баримтыг үгүй хийсэн, хагас жилийн тайлан мэдээний үед утсаа хаагаад алга болсон, эцэслэж байгаа тайлан мэдээг хангалтгүй хянаснаас тайлан болгоны дараа хэл ам гардаг, ажилчдыг хов живэнд хутган хагаралдуулах, эзгүй байгаа ажилтны нэрийг ашиглан хуурамч өргөдөл бичсэн хэрэгт сэжиглэгдсэн зэргээр албан даалгаврыг эсрэгээр нь биелүүлсэн тул 20 оноо өгсөн нь ихэдсэн оноо юм.

Хариуцсан ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэх тал дээр хангалтгүй ажилласан. Үүнд: 2017 оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг гаргаагүй, салбарын баримталж байгаа бодлого чиглэл, хөтөлбөр төслүүд орон нутагт төдийлөн танигдахгүй, хууль журмын хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах ажил хийгдэхгүй байгаа талаар Аймгийн хяналт шинжилгээний үнэлгээний хэлтсээс үнэлгээ өгсөн, мөн хариутай бичиг, аймгийн Засаг даргаас ирүүлсэн ажлын зөвлөмж, захирамжийн дагуу гаргах тайланг явуулахад онцгой анхаарахыг үүрэг болгосоор байхад тайланг дутуу явуулсан зэрэг шалтгаанууд байгаа тул үнэлгээг нэмэх боломжгүй.

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын хурээнд: Журмын 1.3.4-т мэдлэг чадвар гэж байгууллагын зорилго, зорилт, чиг, үүргийг хэрэгжүүлэхэд тухайн төрийн жинхэнэ албан хаагчаас зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг харгалзана гэж заасан. Төрийн албанд мэргэшиж хариуцсан ажлаа цаг тухайд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний стандартыг мөрдөн, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, салбарын хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийг судлан дүн шинжилгээ хийж бусад албан хаагчдад зөвлөгөө өгнө гэсэн заалтуудыг хангалтгүй биелүүлсэн тул үнэлгээг нэмэх боломжгүй.

Г.Э нь байгууллагын тайлан мэдээг хянаж эцэслэх биш зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хугацаатай бодлого, хөтөлбөрүүдийг жагсааж бичээд хяналтад авсан гэдэг боловч тэдгээрийн эцсийн үр дүнг өндөр байлгахад ямарч хэлбэрээр оролцдоггүй. Мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өгдөг гэх боловч хэн ч тэрийг нь ойлгодоггүй. Үүнээс гадна өөрийгөө ажлын шаардлага тавьж байсан мэргэжилтэн албан хаагчдаас дээгүүр үнэлгээ авах ёстой гэх үүднээс үнэлгээний дүнг өөрчлүүлэхээр тайлбар гаргасантай байгууллагын удирдлагын зүгээс огт санал нийлэхгүй байна. Хүн бүрийн ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөр хоорондоо адилгүй тул өөр бусад хүнтэй өөрийн үнэлгээг харьцуулж дээгүүр үнэлгээ авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Байгууллагын удирдлагын зүгээс мэргэжилтэн Г.Эын хүсэлтийн дагуу албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6 болгох, тусдаа өрөөнд орох, өрөөндөө утас тавиулах зэрэг саналыг хүлээн авч шийдвэрлэн ажиллах нөхцөл бололцоог байнга хангаж байсан боловч энэ хүн цааш даварч мэргэжилтнүүдийг дарамтлах, үгэндээ орохгүйг нь ажлаас халуулна гэж айлгах, элдэв хов жив зохиож хутгах, өөрөө хүмүүстэй яаж харилцаж байгаагаа мэдэхгүй бусад хүмүүсийг өөртөө хүндэтгэлтэй хандах ёстой гэж ярьдаг зангаараа өөрийгөө бусад мэргэжилтэн, ажилчдаас дээгүүр үнэлгээ авах ёстой гэж тайлбар гаргасан нь үнэхээр ичиж зовохоо мартсан, төрийн албан хаагч байж болохгүй ёс зүйгүй үйлдлийг гаргаж байна гэж үзсэн тул үнэлгээг нэмэх боломжгүй.

Үр дүнгийн гэрээг дүгнэх ажил тухайн өдрийн 18:40 минутад дуусан бөгөөд энэ хүн гэрээгээ үүнээс өмнө хэзээ ч орж ирж дүгнүүлэх бүрэн боломжтой, ямар нэг хатуу дэс дараалал байгаагүй болно.

Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь өөрийн ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааралгүй ажлыг хариуцуулан сахилгын шийтгэл оногдуулсан гэх боловч Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89-р тогтоолын 4.4-т “байгууллагын үйл ажиллагааны нэгтгэсэн тайланд ХШҮ-ний ажилтан түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ” гэж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний “Ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын 2.1 дэх зорилтод “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хууль,ЗГ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, албан даалгаврын биелэлтийг гарган тайлагнах. хяналт-шинжилгээ үнэлгээ хийх”, 2.3 дахь зорилтод “Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланг нэгтгэн удирдах дээд байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч нь миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг биш гэсэн нь үндэслэлгүй байна.

Байгууллагын удирдлагын зүгээс Г.Эт 2018.01.03-нд ажилдаа ирэхэд нь түүнийг эзгүй үед яам болон бусад газруудад явах ёстой хугацаатай тайланг мэргэжилтэн Х.Үүрцайх явуулсан талаар хэлсэн бөгөөд эдгээр тайлангуудыг дутуу явуулсан эсэхийг хянах мөн үүнээс хойш явуулах бүх тайлангуудыг өөрөө эцэслэн хянасны дараа явуулах талаар 2 удаа үүрэг чиглэл өгсөн. Хүний нөөц, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн хоёрын ажлын байрны чиг үүрэг нь хоорондоо хамгийн хамааралтай юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/566 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4-т “Аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энэхүү журмын 2, 3-р хавсралтын дагуу гаргаж тайланг аймгийн Засаг даргын Тамгын газрын мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ” гэж заасан байхад Г.Э нь 7 төрлийн тайлангийн иж бүрдлийг хянах байтал 3 тайланг дутуу хянан 2018.01.09-нд хүргүүлснээр байгууллагын ажлын үзүүлэлтийг санаатайгаар унагах үйлдэл хийсэн гэж үзэж байна. Дутуу явуулсан 3 тайлан нь 2018.01.09-нд өөрийнх нь хянан явуулсан тайлантай нь холбоотой асуудал юм.

Хүний нөөц сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайх нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ХШҮДАХ-ээс ХХААХҮЯ-д хүргүүлэх “Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ” гарсан эсэхийг лавлахаар хэлтсийн дарга Б.Баярмаатай очиж уулзахдаа байгууллагын тайлангийн талаар лавлан асуухад багц тайлан дутуу хүргэгдсэнийг мэдсэнээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны 42 тоот албан бичгээр дутуу хүргэгдсэн 3 тайланг нөхөн хүргүүлсэн боловч үнэлгээнд хамаарахаас хоцорсон байсан. Тухайн үед мэргэжилтэн Г.Э нь тайланг хянан бүрэн явуулсан, мэдэхгүй гэж өөрийгөө хамгаалсаар байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын ХШҮДАХэлтсээс албан тоотоор хариуг авч өөрт нь танилцуулан сахилгын арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. Г.Э нь өөрийн буруутай энэ үйлдлээ Хүний нөөц сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайхад хамааруулсан нь үндэслэлгүй байна.

Ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Г.Эын ажлыг хүлээлцүүлэхтэй холбогдуулан 2018 оны ээлжийн амралтын холбогдох тооцоог нь хийж дуусгасан. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018.05.28-ны өдрийн А/09 дугаар Цалин нөхөн олгох тухай тушаалаар 2018 оны 3, 4, 5 дугаар сарын цалинг олгосон болно. Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “нэхэмжлэлд захиргааны акт, ... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох” тухай заана, нэхэмжлэгч нь нэг захиргааны актад холбогдуулан “илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” хэмээн хоёр өөр шаардлага гаргасан байна. Тодруулбал нэг захиргааны актад холбогдуулан хоёр өөр эрх зүйн үр дагавар бүхий шаардлага гаргах боломжгүй юм. Иймд шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг тодруулан шийдвэрлэх шаардлагатай болно.

Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нэхэмжлэгч Г.Эыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн хэдий ч энэхүү тушаалаа 10 сарын дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолон гаргасан байдаг. Улмаар нэхэмжлэгч нь уг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнээр томилогдсон билээ. Нэхэмжлэгч Г.Эыг ажлаас чөлөөлсөн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10/04 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг баримталсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Энэ хуулийн 24.1.3'-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө” гэж заажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх тухай журам”-ын 2 дугаар зүйлд “Нөөц сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байна” гэжээ. Төрийн албаны тухай хуульд зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн этгээд дахин төрийн албанд ажиллахдаа заавал мэргэшлийн шалгалт өгдөг. Харин дээрх журамд зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”-д бүртгэлтэй бол мэргэшлийн шалгалт өгөлгүйгээр тохирох албан тушаалд сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох боломжтой. Гэхдээ уг этгээд нь Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан хэдий ч түүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй бөгөөд дээрх журмын 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон 3-аас доошгүй бусад гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж нөөцөд бүртгэлтэй байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг сонгон нэрийг нь дэвшүүлэх журамтай. Тиймээс нэхэмжлэгч нь Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр хууль тогтоомжид заасан журам зөрчиж томилогдсон учир төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх эрх, баталгааг шаардах эрхгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэжээ. Энэхүү заалтаас үзэхэд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд зохих этгээдийг томилохдоо заавал “сонгон шалгаруулах” бөгөөд харин төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шууд томилох хууль зүйн боломжгүй билээ.  Тиймээс хууль зөрчиж гаргасан тушаалаа хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б/14 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцуулах тухай шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг хэлье. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралттай байх хугацаандаа  Дорноговь  аймгийн  үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын тушаалаар 2010 оны 12 дугаар сарын 20-ны  өдрөөс эхлээд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл буюу Хүнс хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажилд орох хүртэл дээрх газарт үндсэн ажилтан /эрх зүйч, зохион байгуулагч/-аар ажиллаж байсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь  “би жирэмсний амралттай байсан учраас үйлдвэрчний эвлэлийн хороонд давхар ажил хийж байсан, энэ ажлыг эрхлэх нь хууль тогтоомж зөрчөөгүй” гэж тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлаас 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлөгдсөн тогтоолын 1 дэх заалтад 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч энэ тушаал нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Г.Э нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажилд орохоос 5 хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Энэ тушаалыг гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийнх нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байх бөгөөд уг хүсэлтийг  ажлаас чөлөөлөх тушаал гарахаас 1 сарын дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Энэ үйл баримтуудтай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дэх “төрийн албан хаагч өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн нь дээр төрийн албанаас чөлөөлөгдөх юм бол дахин шалгалт өгнө” гэсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч нь төрийн албанд ажиллаж байх хугацаандаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол Төрийн албаны тухай хуульд зааснаар дахин мэргэжлийн шалгалт өгсний дараа ажилд орох үндэслэл бүрдэнэ. Нэхэмжлэгч Г.Э өмнө нь төрийн албанд ажиллаж байсан, тангараг өргөсөн нь үнэн байна. Гэтэл өөрийнхөө хүсэлтээр төрийн албанаас гарснаар Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажилд орохдоо төрийн албаны шалгалт өгөх ёстой байсан.

Иймээс төрийн албаны шалгалт өгөөгүй Г.Эыг ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалаа хүчингүй болгосон. Г.Эыг хуульд заасны дагуу уг албан тушаалд томилоогүй учраас түүнийг ажлаас чөлөөлөх асуудал яригдахгүй. Харин нөгөө талаар томилсон тушаалаа хүчингүй болгох нь энэ нөхцөл байдалд хамгийн зөв шийдвэр юм.

Ажилд томилсон тушаалаа хүчингүй болгохоос өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагааны  явцад хариуцагч нь нэхэмжлэгчид хандан “та шалгалт өгөх ёстой байсан, шалгалт өгөөгүй өдийг хүрсэн, таныг цаашид ажиллуулбал та шалгалт өгөх үү? эсвэл таныг ажлаас чөлөөлснөөр сул ажлын байр зарлаж, холбогдох журмын дагуу энэ ажилд томилогдох уу?” гэсэн тайлбар хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь “би төрийн албан хаагч мөн учраас дахин шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй” гэсэн. Үүний улмаас хариуцагч ажилд томилсон тушаалаа хүчингүй болгож тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахад хүрсэн.

Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтний албанд томилогдсон учраас би төрийн жинхэнэ албан хаагч мөн гэсэн тайлбар гаргадаг. Хавтаст хэрэгт Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг авагдсан бөгөөд уг албан бичигт Г.Эыг өмнө нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа танай газарт томилогдсон учраас Г.Эыг төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж үзнэ гэсэн байдаг. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдэгт маргаж байгаа асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ хаагчийн нөөцөд нэхэмжлэгч нь байгаа юу? Үгүй юу? гэдэгтэй маргаж байгаа. 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд дахь сонгон шалгаруулалтад орж тэнцэн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагчаар тус албанд ажилласнаар Г.Эын нөөцөд байх хугацаа нь дууссан.  Тодруулбал төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай” журмын 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх тухай” журамд  “төрийн албан хаагчид анх орох иргэний болон төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сан” гэж байдаг. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас гарсан бол дахин шалгалт өгнө. Гэхдээ дахин шалгалт өгөхгүйгээр өөр төрийн албанд томилогдох хууль зүйн боломж байдаг.

Тодруулбал дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц сангийн бүрэлдэхүүн хэсгийг дурдсан байдаг. Үүнд 1 жилээс дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, цэргийн албанд татагдсан, гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад авагдсан, улс төрийн албан тушаалд томилогдсон, өөрөөс үл хамаарах шалтгаанаар тухайн байгууллагын орон тооны цомхотголд орсон, эсвэл эхнэр, нөхөр нь эрх бүхий байгууллагад томилолтоор хөдөө орон нутаг болон гадаад улсад томилогдсон тохиолдолд эхнэр, нөхрөө дагаж ажиллаж байгаа тохиолдолд нөөцөд орно.

Нөөцөд бүртгэлтэй байх хугацаа нь төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох хүртэл хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл төрийн албанд томилогдсоноор дээрх хугацаа нь дуусгавар болно. Хэрэв нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байвал ажил олгогчоос төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгснөөр төрийн албан хаагчийн нөөцөд байгаа хүмүүсээс ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа хүнийг томилох журамтай. Дээрх үндэслэлүүдээр Г.Эыг ажилд томилсон тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн Г.Эын хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар шилжүүлэн болон сэлгэн ажилласан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад 2, 2 /3-ыг 2 гэж буруу дугаарласан/ заалтуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хэрвээ Х.Үүрцайхаар миний ажлыг хавсран гүйцэтгүүлээгүй бол би цалингаа бүтэн авах байсан” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь чөлөө авч явсан учраас түүний ажлыг хэн нэгнээр гүйцэтгүүлэх шаардлага үүсэх нь, мөн Х.Үүрцайх нь давхар ажил хийж байгаа бол нэмэгдэл цалин хөлс авах нь гарцаагүй юм.

Нөгөө талаас нэхэмжлэгч нь А/26 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ. Гэтэл илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэдэг нь хоёр өөр үр дагавартай. Илт хууль бус болохыг тогтоолгох тохиолдолд зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасан илт хууль бус үндэслэлүүд бий эсэхийг шалгана. А/26 дугаар тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасан үндэслэлүүд байхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч эхлээд хариуцагчид хандах ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагад хандсаны дараа нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус байсан гэдгийг дүгнэх үндэслэл бүрдэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

Шийдвэрлэхгүй орхигдуулсныг эсвэл доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, хүсэлтийг хангаагүй шийдвэр гаргасан гэсэн 3 үндэслэлийг харгалзаж шүүх  хариуцагчийн эс үйлдэхүй нь илт хууль бус байна гэдгийг дүгнэх ёстой. Г.Эын хувьд хариуцагчид хандсаны дараа түүнд татгалзсан хариу өгсөн бол хариуцагчийн дээрх үйлдэл нь эс үйлдэхүй байна гэж шүүхэд хандах ёстой. Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна.

Мөн үр дүнгийн гэрээг дүгнэж,  урамшуулал олгоогүй эс үйлдэхүйг тогтоолгож, зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний биелэлтийг 69 хувь гэж дүгнэснийг хууль бус гэж үзсэн байна. Үүнийг мөн эс үйлдэхүй гэж үзсэн байгаа. Гэтэл хариуцагч үр дүнгийн гэрээ дүгнэсэн байхад дахиж дүгнүүлээд шаардлага хангасан мөнгө өгөөд гээд байгаа юм уу? эсвэл 69 хувь гэж дүгнэсэн нь буруу учраас хүчингүй болгоод дахиж зөвөөр дүгнэж урамшуулал олго гэж шаардаад байгаа юм уу?  гэдэг нь тодорхойгүй бөгөөд хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй гаргаагүй. Учир нь хариуцагчаас Г.Эын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 69 хувь гэсэн үнэлгээ өгсөн учраас энэ нь маргаан бүхий акт юм. Нэгэнт үүнийг шийдээгүй байж урамшуулал олгох асуудал байж болохгүй юм.

Үр дүнгийн гэрээг хангалтай гэж дүгнэсний үндсэн дээр урамшуулал олгох асуудал яригддаг. Үр дүнгийн гэрээний биелэлтийг буруу, зөв дүгнэсэн нь шийдвэрлэгдээгүй байхад урамшуулал өгөх үү? үгүй юу? гэдэг асуудал яригдаж болохгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх боломжтой байсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь дээд шатны байгууллага болон шүүхэд хандах боломжтой байх боловч Захиргааны ерөнхий хуульд боломжтой гэсэн агуулга байгаа учраас та дээд шатны байгууллагад хандах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломж байна. Мөн Г.Эын ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн асуудлын хүрээнд урьдчилсан шийдвэрлүүлэх боломж байсан гэж үзэж байна.

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгож, суралцах хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг дуустал хугацаанд цалинтай чөлөө олгох, 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл суралцаж байх хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчид дээрх хугацааны цалинг нөхөж олгосон. Тиймээс энэ асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас авах ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой асуудалд хариуцагчийг буруутгаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилж байна уу? эсхүл ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцагч байгууллага олгох үүрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байна уу? гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв захиргааны байгууллагаас хохирол нэхэмжилж байгаа бол хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй байгаа шалтгааныг Нийгмийн даатгалын байгууллагаас тодруулж, шийдвэрлүүлэх шаардлагатай гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э нь Х газрын даргад холбогдуулан анх, тус газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 377 тоот  албан бичиг, тус газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтууд, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29,  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Урамшуулал олгох тухай” Б/16 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Удирдлагын академид суралцах хугацаанд дутуу олгогдсон цалин хөлс, Монгол Улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдад олгосон 300000 төгрөгөөс дутуу олгогдсон 150000 төгрөг, Удирдлагын академид суралцах хугацаанд Улаанбаатарт ирж, буцах замын зардал зэрэг нийт 814856 төгрөгийг гаргуулах, 2017 оны үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шинээр захиргааны актууд гаргасантай нь холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагуудаа хэд хэдэн удаа буюу 2018 оны 02 дугаар сарын 26; 03 дугаар сарын 01; 03 дугаар сарын 21; 06 дугаар сарын 27; 07 дугаар сарын 06; 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд тус тус нэмэгдүүлэх болон багасгах зэргээр өөрчилж улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

             1. Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар суралцах хугацааны цалинг 100 хувь олгоогүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгон, суралцах хугацааны буюу 2017 оны 11, 12 сарын цалингийн зөрүү 871501 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах,

3. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар 150000 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгосон 300000 төгрөгийн зөрүү болох 150000 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах, 

4. Г.Эын 2017 оны үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгах,

5. Х газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу цалинаас суутгасан мөнгийг буцаан гаргуулах,

6. Х газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, суралцах хугацааны буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг дуусталх хугацаанд цалинтай чөлөө олгож 2018 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг даалгах,

            7. Удирдлагын академид суралцах хугацаа /2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал/-ны замын зардлыг хэрэгт авагдсан баримтын дүнгээр гаргуулах,

8. Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах /нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх/,     

9. 2018 оны ээлжийн амралтын дутуу бодогдсон зөрүү мөнгийг тооцож гаргуулах,    10. Ажилгүйдлийн тэтгэмж болох 1399307 төгрөгийг буруутай этгээдээс буюу хариуцагчаас гаргуулах хэмээн тодруулснаар шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтуудыг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар суралцах хугацааны цалинг 100 хувь олгоогүй эс үйлдэхүйг тус тус илт хууль бус болохыг тогтоолгон, суралцах хугацааны буюу 2017 оны 11, 12 сарын цалингийн зөрүү 871501 төгрөгийг нөхөн олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагуудынхаа үндэслэлийг “...А/26 дугаар тушаалын эрх зүйн үндэслэл илт хууль бус тухайлбал, төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргийг төрийн үйлчилгээний ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх гэсэн ойлголт хуульд байхгүй, харин төрийн жинхэнэ албан хаагчаар гүйцэтгүүлэхээр зохицуулсан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасны дагуу  суралцах хугацаандаа эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах талаарх төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхтэй” гэх агуулгаар, хариуцагч нь эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “... төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах үүднээс эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг тухайн ажлын байрны чиг үүрэгт хамгийн ойр байгаа алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч нь Удирдлагын академид суралцах тухай асуудлыг байгууллагын удирдлагад огт мэдэгдэлгүй шийдвэрлэсэн бөгөөд байгууллагын зүгээс тухайн төрийн албан хаагчийг суралцуулах захиалга өгөөгүй, энэ сургалт нь тус байгууллагад шаардлагатай мэргэжил дээшлүүлэх сургалт биш бөгөөд нэхэмжлэгч нь сайн дураараа сурч байгаа. Мөн 3 сараас дээш хугацаагаар суралцаж байгаа тохиолдолд цалинг хэрхэн олгох талаар холбогдох хууль тогтоомжуудаар зохицуулагдаагүй” гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Удирдлагын академийн элсэлтийн шалгалтад тэнцэж Засгийн газрын тэтгэлэгтэйгээр “Төрийн захиргааны менежмент”-ээр мэргэшүүлэх сургалтад улирлаар суралцах эрх авч улмаар тухайн эрхийн бичигт заасны дагуу танхимд хичээллэх эхний сургалтад хамрагдахаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогч байгууллагынхаа захиргаанд хандан “2017 оны 10 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг  гаргажээ.

Хариуцагч Х газрын дарга нэхэмжлэгчийн дээрх өргөдөлтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А/26 дугаар тушаал  гаргаж, 1 дэх заалтаар: Тус байгууллагын дотоод аудит, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Э нь өөрийн хүсэлтээр Удирдлагын академид суралцах болсон гэх үндэслэлээр цалингүй чөлөө олгож, 2 дахь заалтаар: Хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Х.Үүрцайхаар  дотоод аудит, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Г.Эыг ажилдаа эргэж орох хүртэлх хугацаагаар хавсран гүйцэтгүүлэхээр, 3 дахь заалтаар: Х.Үүрцайхад ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг албан тушаалын цалингийн 40 хувиар тооцож 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч Г.Эт 11, 12 дугаар сарын цалинг сарын цалингийн 50 хувиар тооцож нөхөн олгохоор мөн өмнө гаргасан 2017 оны А/26 дугаар тушаалын 1 дэх заалт /Г.Эт цалингүй чөлөө олгосон/-ыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагуудынхаа үндэслэл болгож буй төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаарх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана”, 27.1.9-т “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэсэн зохицуулалт нь төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх төрийн албан хаагч бүрийн эдлэх баталгаа бус  харин ажил олгогч байгууллагын захиалгын дагуу буюу эрхэлж буй ажил, албан тушаалынхаа шаардлагаар төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх тохиолдолд энэхүү баталгаагаар хангагдана гэж үзнэ. Өөрөөр хэлбэл энэхүү баталгаа нь өөрийн хүсэл сонирхлоор мэдлэг боловсролоо дээшлүүлэх үүднээс суралцаж буй төрийн албан хаагчид хамааралгүйн дээр төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх төрийн албан хаагч бүрт албан тушаалынх нь цалин хөлсийг олгохыг ажил олгогч байгууллагад үүрэг болгосон байдлаар хуульчлагдаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Э нь төрийн хөрөнгөөр мэргэшлээ дээшлүүлж буй төрийн албан хаагч мөн боловч тэрээр байгууллагын захиалга буюу ажлын шаардлагаар бус өөрийн хүсэл сонирхлын дагуу мэргэшлээ дээшлүүлсэн нь тогтоогдож байгаагийн дээр тэрээр чөлөө хүсч байгууллагын захиргаанд гаргасан өргөдөлдөө  цалин хөлсний талаар огт дурдаагүй зөвхөн суралцах хугацааны чөлөө олгохыг хүссэн байсныг дурдах нь зүйтэй байна.

 Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Г.Эт Удирдлагын академид суралцах хугацаанд нь эрхэлж буй албан тушаалын цалин хөлсийг нь олгох  үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид 2017 оны 11, 12 дугаар сарын цалинг 50 хувиар тооцож нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар ажилтны чөлөөтэй байх хугацаанд байгууллагын дотоод журмын хүрээнд, батлагдсан төсөвт багтаан цалинтай, цалингүй чөлөө олгох эсэх нь байгууллагын даргын эрх хэмжээний асуудал  тул тухайн цалин хөлсийг хууль зөрчиж олгосон гэж үзэх үндэслэлгүйг мөн дурдах нь зүйтэй  байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн, нэхэмжлэгч Г.Эт суралцах хугацааных нь цалин хөлсийг дутуу олгосон нөхцөл байдал нь тухайн төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн, Х газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Чөлөө олгох, ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх тухай” А/26 дугаар тушаалын 1 дэх заалтаас бусад заалтуудыг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Цалин нөхөн олгох тухай” А/29 дүгээр тушаалаар  суралцах хугацааны цалинг 100 хувь олгоогүй эс үйлдэхүйг тус тус илт хууль бус болохыг тогтоолгон, суралцах хугацааны буюу 2017 оны 11, 12 сарын цалингийн зөрүү 871501 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Эт Удирдлагын академид суралцах хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй нь дээр дурдсанаар ийнхүү тогтоогдож байх тул төрийн үйлчилгээний албан хаагчаар түүний ажил, үүргийг хавсран гүйцэтгүүлсэн мөн тухайн этгээдэд 40 хувийн цалингийн нэмэгдэл олгосон нь хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

2. Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар 150000 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгосон 300000 төгрөгийн зөрүү 150000 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагыхаа үндэслэлийг  “...сахилгын шийтгэлтэй албан хаагчид олон байгаа, ...шинээр тухайн байгууллагад ажилд ороод 1 сар хүрээгүй болон 1-2 сар ажилласан алба хаагчдад 300000 төгрөгийг бүтнээр нь олгосон атлаа сахилгын шийтгэлгүй бөгөөд бүтэн жил шахам ажилласан надад  дутуу олгосон“ гэх агуулгаар, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “... ХХААЯ-наас нийт 7200000 төгрөгийн санхүүжилт буюу 1 албан хаагчийн 300000 төгрөг дутуу ирсэн, санхүүжилт хүрэлцэхгүй байгаа талаар холбогдох байгууллагад мэдэгдэхэд төсөв хаагдсан учир үр дүнгийн урамшууллыг нь харгалзан байгууллага дотроо зохицуулалт хийж олго гэсэн чиглэл өгсний дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг үндэслэн Г.Эт 150000 төгрөгийн урамшуулал олгосон нь үндэслэлтэй” гэх агуулгаар тайлбарлаж байна.

            Х газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар  Улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ний адрийн 1/2245 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэр бүхий 23 албан хаагчид тус бүр 300000 төгрөгийн, Г.Э, Л.Алтангэрэл нарт тус бүр 150000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ дээрх шаардлагыг, гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн бусад нэхэмжлэлийн шаардлагуудтай хамтатган гаргасан улмаар шүүх нэхэмжлэгчийн гаргасан бүхий л шаардлагуудад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж холбогдох ажиллагааг явуулсан ба гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шаардлагад дурдагдаж буй захиргааны актад холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар гомдол гаргаагүй болох нь тогтоогдсон болно.

Тухайлбал, нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр анх гаргасан нэхэмжлэлдээ Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг  хавсарган ирүүлсэн боловч уг тогтоолоор  нэхэмжлэгчийн зөвхөн суралцах хугацааны цалин хөлсийг олгох эсэхтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.

Нөгөөтэйгүүр дээрх маргаан бүхий захиргааны акт нь цаг хугацааны хувьд Төрийн албаны салбар зөвлөлийн дээрх тогтоолыг гарснаас хойш харин нэхэмжлэгчийг шүүхэд анх нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө тухайн захиргааны актад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч...ийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг...хянан шийдвэрлэнэ”, 39.1.3.-т “төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан”, 39-4-т “...төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон ...байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж зааснаар Төрийн албаны салбар зөвлөлд хандаж гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлсэний үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх учиртай байжээ.

Иймээс нэхэмжлэгчийн “Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/30 дугаар тушаалаар төрийн албан хаагчдад олгосон 300000 төгрөгөөс 150000 төгрөгийг дутуу олгосон эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, уг урамшууллын зөрүү 150000 төгрөгийг олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг /тухайн шаардлагад холбогдуулан хэрэгт цуглуулсан нотлох баримтууд/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            3. Г.Эын 2017 оны Үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг “...үр дүнгийн гэрээг дүгнэх нь менежерийн үүрэг байтал өөрийн биеэр үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй гэж мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар санал өгч байсан албан хаагчдаас бага үнэлгээтэйгээр үнэлсэн нь бодитой үнэлгээ биш, ...тэгш бус хандсан” гэх агуулгаар, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “...нэхэмжлэгч нь өөрийн биеэр үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, үр дүнгийн гэрээг дахин үнэлүүлэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөөгүй” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Х газрын дарга нь тус байгууллагын төрийн захиргааны албан хаагчидтай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд дүгнэж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар  нэр бүхий төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгосон байх ба Г.Эыг өөрийн биеэр гэрээний биелэлтээ танилцуулаагүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тухайн үед дүгнэлгүй, хожим буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүгнэж,  69.8 хувиар буюу “D” үнэлгээ  өгчээ.

Нэхэмжлэгч Г.Э үр дүнгийн гэрээний биелэлтийг ийнхүү 69.8 хувиар дүгнэснийг хүлээн зөвшөөрөөгүй талаарх тайлбараа  менежерт буюу газрын даргад 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж өгсөн улмаар менежерийн зүгээс “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.2-т заасан мэдээллүүдийг нэмж гаргаж өгөхийг тухайн алба хаагчаас шаардсан ч холбогдох мэдээллийг менежерт нэмж гаргаж өгөөгүйгээс өмнөх үнэлгээг өөрчлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.5-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн  өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэж, хэрэв менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээг дүгнэсэнд тооцохоор зохицуулагджээ.

Нөгөөтэйгүүр Х газрын дарга буюу менежер нь төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан үр дүнгийн гэрээний тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл, гэрээний биелэлтийн явцад хийсэн хяналт-шинжилгээний болон үр дүнд өгсөн үнэлгээний талаарх мэдээлэл, гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар менежерээс төрийн жинхэнэ албан хаагчид өгсөн үүргийн биелэлт, менежер болон төрийн жинхэнэ албан хаагч нарын  гэрээний биелэлтийн явцыг хэлэлцэж байсан мэдээлэл болон бусад мэдээллийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийснээр үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ өгөх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч тухайн үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд өмнө өгсөн үнэлгээг өөрчлөх эсэх нь менежерийн эрх хэмжээний асуудал юм.

Захиргааны чөлөөтэй байгаа төрийн жинхэнэ албан хаагч Г.Эын үр дүнгийн гэрээний биелэлтийг өөрийн биеэр танилцуулаагүй гэх үндэслэлээр эхний удаа дүгнээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй боловч хожим буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүгнэж, зохих үнэлгээ өгснөөр дээрх журмын 2.3-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн  тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэх үүргээ хариуцагч нь биелүүлсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл хариуцагч нь, нэхэмжлэгч Г.Эын үр дүнгийн гэрээний биелэлтийг дээрх журмын 6.5-д зааснаар нэгэнт дүгнэсэн улмаар үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд ямар үнэлгээ өгөх нь тухайн байгууллагын менежерийн эрх хэмжээний асуудал байх тул шүүхээс хариуцагч /менежер/-ийн өгсөн үнэлгээг үндэслэлтэй эсэхэд шууд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн, 2017 оны Үр дүнгийн гэрээг зохих ёсоор үнэлж дүгнэн урамшуулал олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Удирдлагын академид суралцах хугацаанд Улаанбаатарт ирж, буцсан замын зардлыг хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг үндэслэн тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг “...Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах гурван талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.6 дахь хэсэгт “...замын зардлыг олгох гэж заасан” гэх агуулгаар, хариуцагч тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “...холбогдох баримтаа байгууллагад гаргаж ирүүлээгүй тул олгох боломжгүй” гэх агуулгаар тайлбарлаж байна.

            Х газрын дарга; Удирдлагын Академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал; суралцагч нэхэмжлэгч Г.Э нарын хооронд байгуулсан “Удирдлагын академид Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах гурван талт гэрээ”-ний  2 дугаар зүйлийн 2.2.6 дахь хэсэгт “Суралцах хугацаанд нь Улаанбаатарт ирж, буцах замын зардлыг зохих журмын дагуу тооцож олгох” гэж заасан улмаар уг гэрээ нь тухайн гэрээний 1.4-т “Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн суралцагчийг сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж зааснаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд талууд тухайн гэрээний  хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд нэхэмжлэгч нь Удирдлагын академид, эхний цугларалтаар 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2017 оны 12 дугаар сарын 29-нийг дуустал,  хоёр дахь цугларалтаар 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал тус тус танхимд хичээллэсэн болох нь тогтоогдож байх ба тэрээр дээрх шаардлагатайгаа холбогдуулан Улаанбаатар болон Сайншандын хооронд нийт 9 удаа зорчсон тасалбарыг шүүхэд нотлох баримтаар  гаргаж ирүүлжээ.Үүнд:

2017.10.22-Сайншанд-Улаанбаатар-/эхний удаагийн танхимын сургалтад явсан/

2017.11.22-Улаанбаатар-Сайншанд,

2017.11.23-Сайншанд-Улаанбаатар,

2017.12.14-Улаанбаатар-Сайншанд    

2017.12.16-Сайншанд-Улаанбаатар,

2017.12.30-Улаанбаатар-Сайншанд-/эхний удаагийн танхимын сургалтаас ирсэн/

2018.03.18-Сайншанд-Улаанбаатар-/2 дахь удаагийн танхимын сургалтад явсан/

2018.05.09-Улаанбаатар-Сайншанд-/Ажил олгогчийн дуудсанаар ирсэн/        

2018.05.13-Сайншанд-Улаанбаатар-/ Ажил олгогчийн дуудсанаар ирээд буцсан/

 

Нэхэмжлэгч нь Сайншанд болон Улаанбаатарын хооронд дээр дурдсанаар 9 удаа зорчсон нь цаг хугацааны хувьд түүний Удирдлагын академид танхимын сургалттай байх хугацаанд хамаарч байх боловч энэ нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэл болохгүй гэж үзлээ. Учир нь гурван талт гэрээгээр, суралцагчийн суралцах хугацаанд Улаанбаатарт ирж, буцах замын зардлыг ажил олгогч нь олгохоор үүрэг хүлээсэн хэдий ч энэ нь тухайн суралцагчийн суралцах хугацаандаа албан болоод хувийн ажлаар Улаанбаатарт ирж, буцах бүхий л замын зардлыг олгох тухай ойлголт бус харин суралцах нийт хугацаандаа албан ёсоор хичнээн удаагийн сургалтад, хэдэн удаа хамрагдахаас шалтгаалж олгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад нийт хоёр удаа танхимын сургалтад хамрагдахаар байх тул хариуцагч нь түүний суралцах хугацаандаа Улаанбаатарт ирж, буцсан буюу нийт 4 удаа зорчсон замын зардлыг дээрх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу олгох үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь хоёр дахь удаагийн сургалтад хамрагдаад Улаанбаатараас буцахдаа өөрийн унаагаар зорчсон болохоо шүүх хуралдаанд тайлбарлаж тухайн зардлаа нэхэмжлээгүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг анх ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгох шийдвэр гаргах гэж байгаатайгаа холбогдуулан хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах зорилгоор нэхэмжлэгчийг дуудсантай холбоотойгоор түүний Улаанбаатараас ирж, буцсан замын зардлыг олгох боломжтой талаараа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн суралцах хугацаанд Улаанбаатарт ирж, буцсан, нийт 5 удаа зорчсон замын зардал болох 80400 төгрөгийг хариуцагчаас буюу Дорноговь аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох, харин үлдэх 4 удаа зорчсон замын зардлыг нь олгох үндэслэлгүй байна гэж үзэв.

 

5. Х газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан суутгалыг буцаан гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг “...ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааралгүй ажилтай холбогдуулж хариуцлага тооцсон нь хууль бус” гэх агуулгаар, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “...ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамаарах ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Х газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн" Б/05 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, “Байгууллагын дотоод журам”-ын 7.4.2.д, 13.1.б дахь заалтуудыг тус тус үндэслэн “2017 оны жилийн эцсийн тайланг дутуу гарган хүргүүлж хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Эын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан улмаар уг тушаалыг үндэслэн Г.Эын 2018 оны 2 дугаар сарын цалингаас 115393 төгрөг /тухайн сард 152 цаг ажиллахаас 143 цаг ажилласан тул 607332 төгрөгийн цалин бодогдсоноос 19 хувь буюу 115393 төгрөг суутгажээ/-ийн, 3 дугаар сарын цалингаас 59867 төгрөг /тухайн сард 168 цаг ажиллахаас 82 цаг ажилласан тул 315092 төгрөгийн цалин бодогдсоноос 19 хувь буюу 59867 төгрөг суутгажээ/ нийт 175260 төгрөгийг суутгасан болох нь хэрэгт авагдсан цалингийн тооцооны хүснэгтүүд болон холбогдох бусад баримтуудаар  тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах...журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 1-д “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах.../-д/ энэ журмыг мөрдөнө”, 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” хэмээн тус тус журамлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 тоот албан бичгээр  аймгийн Засаг даргын тамгын газарт, аймгийн Засаг даргын 2017 оны А/566 дугаар захирамжийн дагуу 7 нэр төрлийн тайланг гаргаж хүргүүлсэн, аймгийн Засаг даргын тамгын газраас “Тайланг үнэлсэн үнэлгээний тухай” 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/336 тоот албан бичгийг  тус газарт ирүүлсэн уг албан бичигт Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн биелэлт, Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан, Хэрэглэгчийн үнэлгээ зэргийг ирүүлээгүй талаар дурдсан, үүний дагуу тус газраас дутуу хүргүүлсэн тайлан мэдээг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 42 тоот албан бичгээр  холбогдох байгууллагад хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогчид тухайн асуудлаар маргаагүй байна.

Харин ийнхүү тайлан мэдээ дутуу хүргүүлсэн нь тус байгууллагын Дотоод аудит, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан алба хаагчаас хамааралтай эсэх улмаар тухайн этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар талууд маргаж байх ба үндэслэлээ нэхэмжлэгч нь “...ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааралгүй ажилтай холбогдуулж хариуцлага тооцсон нь хууль бус, тайлан мэдээ хүргүүлэх асуудал тус байгууллагын хүний нөөцийн ажилтны чиг үүрэгт хамаарах асуудал” гэж, хариуцагч нь “... ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамаарах ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн” гэх агуулгаар тус тус тайлбарлаж  байна.

Хэргийн оролцогчдын маргаж буй дээрх үндэслэлтэй холбогдуулан хэрэгт авагдсан тус байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн ажлын байрны чиг үүргийг судлан үзэхэд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын  Б.ЧИГ ҮҮРЭГ гэсэн хэсгийн 3. Ажлын байрны гол үйл ажиллагаа: Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын  хүрээнд: гэсэн хэсгийн 3-т “Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланг нэгтгэн удирдах дээд байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах”, Хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний  ажлын байрны тодорхойлолтын  Б.ЧИГ ҮҮРЭГ гэсэн хэсгийн 3. Ажлын байрны гол үйл ажиллагаа: Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын  хүрээнд: гэсэн хэсгийн мөн 3-т “Салбарын улирал, сарын мэдээ тайланг нэгтгэн холбогдох газарт хугацаанд нь хүргүүлэх” гэж тус тус заасан байх ба эндээс дүгнэхэд  нэхэмжлэгчийн  “ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааралгүй ажилтай холбогдуулж хариуцлага тооцсон нь хууль бус” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин тайлан мэдээг дутуу гаргаж хүргүүлсэнд нэхэмжлэгч буруутай эсэх улмаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарын хүрээнд хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Хариуцагч нь тайлан мэдээ дутуу хүргэгдсэн үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгаж буй тайлбартаа “багц тайлангийн 3 хавсралт тайланг дутуу хянан байгууллагын ажлын үзүүлэлтийг санаатайгаар унагах үйлдэл хийсэн” хэмээн дурдаж байх боловч нэхэмжлэгчийн тайлбар болон холбогдох нотлох баримтуудаас үзвэл тухайн 2017 оны жилийн эцэст гаргавал зохих 7 төрлийн тайлангийн үнэлгээг мэргэжилтэн Г.Эын танилцуулснаар тус газрын даргын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцээд 84.9 хувьтай гэж үнэлсэн  улмаар уг тайлан мэдээг байгууллагын бичиг хэргийн ажилтанд өгснөөр хариуцагч албан тушаалтны гарын үсэг бүхий мөн өдрийн 14 тоот албан бичгээр холбогдох газарт хүргэгдсэн болох нь тогтоогдож байна. Эндээс дүгнэхэд нэхэмжлэгчийг 3 хавсралт тайланг дутуу хянасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Улмаар хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч санаатайгаар 3 хавсралт тайланг дутуу явуулсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргадаг боловч тус хурлаар хэлэлцэгдсэн 7 төрлийн багц тайлангаас 3 хавсралт тайлан зохих газарт яагаад дутуу хүргэгдсэн болох, энэ нь нэхэмжлэгчээс шууд хамаарсан эсэх эсхүл бичиг хэргийн ажилтан болон гарын үсэг зурж явуулсан өөрөөс нь хамааралтай алин болохыг хариуцагч нь шалган тогтоолгүйгээр тайлан, мэдээ нэгтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулах нь тухайн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэгт хамаарна гэх  үндэслэлээр нэхэмжлэгчид шууд сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон холбогдох бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах журамд заасан ажиллагааг буюу “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох улмаар энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах” ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлавал зохих хуульд үндэслэх болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус үйлдэл болжээ.

Иймд Х газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, тухайн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн цалингаас суутгасан 175260 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

6. Х газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгож, суралцах хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг дуустал хугацаанд цалинтай чөлөө олгож 2018 оны 3, 4, 5 дугаар сарын  цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Эт  хаягласан, Х газрын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичигт  “...Г.Э таны Удирдлагын академид 2017 оны 11, 12 дугаар саруудад суралцсан хугацааны цалинг олгох эсэх асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тул энэ удаагийн чөлөөтэй байх хугацааны цалинг олгох асуудлыг түдгэлзэн, цалингүй чөлөөг олгох шийдвэрийг гаргаж байна” гэж дурджээ.

Улмаар хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Цалин нөхөн олгох тухай” А/09 дугаартай тушаал  гаргаж 1 дэх заалтаар  нэхэмжлэгч Г.Эт 3, 4, 5 дугаар сарын цалинг олгохоор шийдвэрлэж харин 3 дахь заалтаар дээр дурдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгээ хүчингүй болсонд тооцож улмаар уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 2018 оны 3, 4, 5 дугаар сарын үндсэн цалинг нь нөхөн олгосон  үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид, Удирдлагын академид суралцах хугацаанд нь эрхэлж байсан албан тушаалынх нь цалин хөлсийг заавал олгох үндэслэлгүй нь өмнө дурдсанаар тогтоогдсон хэдий ч хариуцагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар ажилтны чөлөөтэй байх хугацаанд байгууллагын дотоод журмын хүрээнд, батлагдсан төсөвт багтаан цалинтай, цалингүй чөлөө олгох эсэхээ өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгчид 2018 оны 3, 4, 5 дугаар сарын үндсэн цалинг нэгэнт нөхөн олгосныг нь хууль зөрчсөн хэмээн буруутгах  үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн “хариуцагчийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 тоот албан бичгийг хүчингүй болгож, суралцах хугацааны буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг дуустал хугацаанд цалинтай чөлөө олгож, 2018 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг олгох шийдвэр гаргахыг даалгах”  шаардлагыг  нь хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 7. 2018 оны ээлжийн амралтын дутуу бодогдсон зөрүү мөнгийг зохих журмын дагуу тооцож гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг “Удирдлагын академид суралцах хугацаанд, эрхэлж буй ажил, албан тушаалын цалин хөлсийг маань дутуу олгосноос шалтгаалж миний 2018 оны ээлжийн амралтын мөнгө мөн тэр хэмжээгээр дутуу тооцогдож бодогдсон” хэмээн тайлбарладаг.

Гэтэл түүнд Удирдлагын академид суралцах хугацаанд нь эрхэлж байсан ажил, албан тушаалынх нь цалин хөлсийг олгох үндэслэлгүй нь дээр дурдсанаар нэгэнт тогтоогдсон улмаар нэхэмжлэгчийг анх ажилд томилсон шийдвэрээ хариуцагч албан тушаалтнаас хүчингүй болгож шийдвэрлэсэнтэйгээ холбоотойгоор нэхэмжлэгчтэй холбогдох санхүүгийн тооцоог хийж дуусгахыг байгууллагын нягтлан бодогчид үүрэг болгосноор Г.Эт 2018 оны ээлжийн амралтыг нь ажлын 18 өдрөөр тооцож зохих олговор болох 592251 төгрөгийг ажил олгогч байгууллагаас олгосон  нь тогтоогдож байх тул түүний “2018 оны ээлжийн амралтын дутуу бодогдсон зөрүү мөнгийг зохих журмын дагуу тооцож гаргуулах тухай ” шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

8. Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах /нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх/  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг “...удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн төрийн жинхэнэ албанд ажиллаж байхдаа буюу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа шилжин төрийн өөр байгууллагад шууд ажилд орсон тул дахин төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөх үндэслэлгүй, ...мөн  чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэх  агуулгаар, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход мэргэшлийн шалгалт өгнө. Гэтэл нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан албан тушаалаасаа дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн боловч Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөлгүйгээр манай байгууллагад орсон бөгөөд төрийн албан хаагчийн нөөцөд ч байгаагүй” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалаар , Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.7, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.2.4-т заасныг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Г.Эыг ажилд томилох тухай” Б/11 дүгээр тушаалыг  мөн өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээр дурдсан захиргааны актад үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.”, 17.7-т “Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж тус тус заасан байна.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актынхаа дээрх үндэслэлүүдийг тайлбарлахдаа “Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход мэргэшлийн шалгалт өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан албан тушаалаасаа дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн боловч Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөлгүйгээр манай байгууллагад орсон, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй байсан” гэх агуулгаар маргадаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзвэл хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Э нь 2006 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд зарлагдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн  Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор  тус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар мөн өдрөөс эхлэн томилогдон ажиллаад аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаар захирамжаар  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/04 дүгээр тогтоолоор  түүнд 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны болон хүүхэд асрах чөлөө олгож, үүрэгт ажлаас нь түр чөлөөлж улмаар хууль тогтоомжид заасан журмын дагуу тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон 2013 оны 07 дугаар сарыг дуустал төлж ирсэн  үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Улмаар нэхэмжлэгч нь жирэмсний амралтаа авч хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь хүүхдээ төрүүлсэн  байх бөгөөд тэрээр 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд эрх зүйч, зохион байгуулагчаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, нэхэмжлэгчийн ажилд орох болон ажлаас чөлөөлөгдөх тухай гар өргөдөл зэрэг баримтаар  тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг зөрчсөн хэмээн буруутгадаг боловч энэ нь тухайн маргаанд хамааралгүй бөгөөд улмаар нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж байхдаа албан тушаал хавсран гүйцэтгэсэн асуудал бус харин ажил үүрэг гүйцэтгээгүй чөлөөтэй байх үедээ буюу ажил олгогч байгууллага нь түүний эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж байхаар хуульд заасан тухайн цаг хугацаанд төрийн бус байгууллагад ажилласныг нь албан тушаал хавсран гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь 2 дахь хүүхдээ төрүүлээд хүүхэд асрах хуульд заасан чөлөөний хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуучнаар Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар /одоогийн Х газар/-т Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр мөн өдрөөс эхлэн томилогдон ажиллажээ.

Тэрээр төрийн өөр байгууллагад төрийн захиргааны албан тушаалд томилогдсонтойгоо холбогдуулан хуульд зааснаар хэвээр хадгалагдаж байгаа ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ 2014 оны  05 дугаар сарын 28-наар огноолон Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргаснаар түүнийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн чөлөөлөх шийдвэрийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолоор  нөхөн гаргасан байх ба ингэхдээ тухайн тогтоолынхоо үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримталжээ.

Хариуцагчийн маргаж байгаачлан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д зааснаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход хуульд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгөх учиртай боловч энэ нь тухайн маргаанд буюу нэхэмжлэгчийг анх аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн  газарт төрийн захиргааны албан тушаалд томилсон үйл баримтад хамааралгүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийг Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийг бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн эрх бүхий этгээдийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримталсан улмаар тухайн албан тушаалаас чөлөөлсөн цаг хугацааг Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт төрийн захиргааны албан тушаалд томилогдсон цаг хугацаанаас 9 хоногийн өмнө байхаар тусгасан байх боловч бодит байдал дээр нэхэмжлэгч нь төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байхдаа буюу ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан цаг хугацаанд төрийн өөр байгууллагад төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2013 оны 07 дугаар сарыг дуустал төлсөн үйл баримт зэргээр тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийг бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрт “Г.Этай холбогдох тооцоог 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж дуусгахыг холбогдох этгээдэд даалгасан улмаар нэхэмжлэгч нь тухайн хугацаанд багтаж ажлаа хүлээлгэж өгсөн талаар шүүх хуралдаанд тайлбарласан түүнчлэн түүний нийгмийн даатгалын шимтгэлийг  тухайн байгууллага нь 2013 оны 07 дугаар сард төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байгаа түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан  зэргээс үзвэл нэхэмжлэгчийг Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч нь төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байхдаа  төрийн өөр байгууллагад төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон болох нь давхар батлагдаж байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдсон үйл баримт нь төрийн албанаас бүр чөлөөлөгдөөд төрийн жинхэнэ албанд дахин эргэж орсон үйл явц биш байх тул тэрээр төрийн албаны мэргэшлийн шалгалт дахин өгөх улмаар төрийн албан хаагчийн нөөцөд байх шаардлага тавигдахгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт дахин өгөхийг зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д заасан этгээд буюу шүүгч, прокуророор ажиллаж буй этгээдээс шаардсан, харин бусад төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албан мэргэшлийн шалгалт дахин өгөхийг хуулиар шаардаагүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд буюу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд анх томилохдоо Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх эсэх нь тухайн этгээдийн буюу хариуцагчийн эрх хэмжээний асуудал байсан байх боловч тэрээр нэхэмжлэгчийг өмнө нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн гэж үзэж тухайн албан тушаалд шууд томилсон болохоо шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараараа илэрхийлсэн болно.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзсэнээ нэхэмжлэгчийн төрийн алба хаах хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох замаар бус Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын хүрээнд залруулах замаар шийдвэрлэх боломж тухайн  албан тушаалтанд өөрт нь нээлтэй байсан.

Гэтэл нэхэмжлэгчийг тухайн төрийн жинхэнэ албан тушаалд 5 жил орчим ажиллуулсаны дараа Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3-т заасны дагуу томилоогүй гэх үндэслэлээр уг албан тушаалд анх томилсон шийдвэрээ хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн төрийн алба хаах хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгосон нь төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-тзааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг нь хөндсөн хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна

Түүнчлэн тухайн маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд тусгагдсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.2.4-т заасан үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба хариуцагч ч  мөн үүнийгээ баримтаар нотлоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд маргаан бүхий дээрх захиргааны акт нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах болон чөлөөлөөгүй, улмаар шүүхээс тухайн захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийг анх томилсон Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Г.Эыг ажилд томилох тухай” Б/11 дүгээр тушаалын эрх зүйн үйлчлэл сэргэхээр байх хэдий ч тухайн алба хаагчийн ажил үүргийг хүлээн авснаар ажил олгогч,  тухайн төрийн алба хаагч хоёрын хоорондох хөдөлмөрийн харилцаа нэгэнт дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Эыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүхээс ийнхүү үзсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д  “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…/-ыг/ олгоно” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журамд заасны дагуу тодорхойлон олгох үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хэрэгт нотлох баримтаар авагдсан цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын дэвтэр, холбогдох бусад баримтуудад  үндэслэн тодорхойлсноор  2018 оны 06 дугаар сарын 23-наас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын нийт 35 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1227100 /нэг сая хоёр зуун хорин долоон мянга нэг зуу/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй  гэж үзэв. 

9.Ажилгүйдлийн тэтгэмж болох 1399307 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагынхаа үндэслэлийг  “...ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагч надад хохирол учирсан тул буруутай этгээд болох ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэх агуулгаар, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...нэхэмжлэгчийн 3, 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаа хожимдуулж төлсөн нь захиргааны хэргийн шүүхэд маргаанаа шийдвэрлүүлж байсантай холбоотой тул дээрх зөрчилд ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй,...ажил олгогч нь ажилгүйдлийн тэтгэмж олгодог байгууллага биш бөгөөд ажил олгогчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоосон зүйл байхгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/...зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх…даатгуулагч…ажилгүй болоход өөрт нь…хууль тогтоомжид заасан…тэтгэмж…өгөх агуулга бүхий…арга хэмжээ мөн”, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө ...төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах…эрх…үүснэ”, 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор…оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ...нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн  тэтгэмж авах…өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ…нийгмийн даатгалын байгууллагад гаргана” хэмээн тус тус зааснаас үзвэл ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсон даатгуулагч иргэн авах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Э нь хариуцагчийн гаргасан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалаар төрийн алба хаах хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болж ажил, албан тушаалаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан дээрх хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлөө  Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж улмаар “2018 оны 3, 4, 5 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, тайлан тооцоонд тусгагдаагүйгээс даатгуулагч  ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангаагүй тул тухайн тэтгэмжийг авах эрх үүсэхгүй” гэсэн хариу авснаар  дээр дурдсан шаардлагыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасныг үндэслэл болгон хариуцагч албан тушаалтанд холбогдуулан гаргажээ.

Шүүхээс Х газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ‘‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож улмаар нэхэмжлэгч Г.Эыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн хувьд ажилгүй болсон даатгуулагч гэж үзэх боломжгүй юм.

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зүйн үндэслэл нэгэнт байхгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй /Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх зэрэг/ холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Иймээс нэхэмжлэгчийн гаргасан “ажилгүйдлийн тэтгэмж болох 1399307 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 115/ШШ2018/0021

Дорноговь аймаг