Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0693/З |
Дугаар | 221/МА2021/0687 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0687
Р.Н-ны гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 678 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Р.Н-ны гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Р.Н-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, Улсын байцаагч Э.Э нарт холбогдуулан гаргасан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ....” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь тус шийдвэрээр ямар асуудал, хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус, манай нэхэмжлэлийн шаардлага буюу гомдол нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, Улсын байцаагч Э.Э нарт холбогдох 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 678 дугаар шийдвэрийн 4 дэх хуудсанд бичигдсэн “Газрын тухай хуулийн ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа ...” гэх мэт,
6 дахь хуудсанд “онд байгуулсан нь дээрх журмыг зөрчиж байна ... ҮНДЭСЛЭХ нь Тус шүүх баримтлан “ЭЭБэ” ХХК–иас ...” гэх мэт,
8 дахь хуудсанд “гэрчилгээ бичиж өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна ... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн Ц.Е ...” гэх мэт,
10 дахь хуудсанд “үндэслэл журмын дагуу эзэмшүүлсэн бөгөөд түүнийг үндэслэн Нийслэлийн засаг даргын ...” гэх мэт,
12 дахь хуудсанд “Уг газарт Т.М-ын газар эзэмших хүсэлтийг хүлээн авч ...” гэх мэт нэг шийдвэрээр гурван өөр утга агуулга бүхий хэрэг маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр, түүнийг гаргах, мөн тус хуулийн 107 дугаар зүйл Шүүхийн шийдвэр нь удиртгал, зүйл, Шүүхийн шийдвэрийн агуулга, 107.1 тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
1. Шийдвэрийн тогтоох хэсэгт: шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч миний тайлбарыг бичээгүй, тусгагдаагүй.
2. Үндэслэх нь хэсэгт: хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг бичих байтал шийдвэрлэж буюу хэлэлцэж байгаа асуудалд ямарч хамааралгүй газрын маргааны талаар дүгнэлт өгсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадсангүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 678 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана.
Гэвч нэхэмжлэгчид гардуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэг буюу 4 дэх нүүрнээс эхлэн Газрын тухай хуулийг тайлбарласан өөр маргааны хэргийн оролцогчдийн тайбарыг тусгажээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж зааснаар шүүх тухайн хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт, хууль хэрэглээний дүгнэлтийг Үндэслэх хэсэгт тусгана.
Гэтэл анхан шатны шүүх Р.Н-ны гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарт холбогдох 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005666 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шаардлагатай дүгнэлтийг хийгээгүй байна.
Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал болон Нийслэлийн засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамж зэрэг өөр захиргааны актад холбогдох, өөр хэргийн оролцогчид бүхий хэргийн талаар дүгнэсэн байх тул Р.Н-ны гомдолтой уг хэргийг дүгнэхэд ойлгомжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Иймд анхан шатны шүүх уг хэрэгт дүгнэлт өгч шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар шууд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА