Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00615

 

Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2592 дугаар магадлалтай,

                                                                                               

Б.Нын нэхэмжлэлтэй,

Г.Ж-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэл,

орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хэрлэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу Г.Ж-тай хүнтэй утсаар холбогдон уулзаж, мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Надад 3 сарын хугацаатай 30.000.000 төгрөгийн хэрэгцээ байсан бөгөөд энэ хэмжээний мөнгийг зээлэх санал тавихад 3 хувийн хүүтэй олгоно, үл хөдлөх хөрөнгө барьцаална гэж хэлсэн. “Үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээний дагуу миний нэр дээр шилжүүл, тэрний дараа би чамд 30.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Маш яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул энэ нөхцлийг нь зөвшөөрөхөөс өөр арга надад байгаагүй. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоот 2 өрөө орон сууцаа 30.000.000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, гэрчилгээгээ эх хувиар нь өгч байж 30.000.000 төгрөгийг авсан. Би авсан зээлээсээ 3.600.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 13-нд Г.Ж-д төлсөн. Өөр төлбөр хийж чадаагүй. Эхнэр маань хүүхэд гаргаж, ажлаасаа чөлөө авсан, би ч бас ажлаасаа гэнэт халагдсан. Гэтэл бага насны 2 хүүхэдтэй манай гэр бүлийг өвлөөс хойш байрнаас маань хөөж дарамтлах боллоо. Эхнэрийг маань уйлуулж, хүүхдүүдийг минь хүртэл дарамталж бидний гэр бүл салахдаа хүртэл тулж байсан. Сүүлийн үед Г.Ж- гэрт маань ирж эхнэр, хүүхдүүдийг минь айлгаж, “байрнаас гар, очих газар чинь хүргээд өгье, хүүхдүүдээ аваад гар” гэж дарамталдаг болсон. Байраа шилжүүлж өгнө гэсэн бичиг хийж өг гээд надаар хийлгүүлж байсан. Би айж, сандран юу ч хэлж чаддаггүй байсан. Хэлснийг нь бичиж өгч, мөнгийг чинь өгнө, хугацаа өгчих гэж гуйдаг байсан. Надаас зээлийн төлбөр гэж нийтдээ 62,100,000 төгрөг нэхэж байгаа бөгөөд хүү 17,100,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, үндсэн зээл 30,000,000 төгрөг гэсэн. Гэвч би энэ мөнгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй, байрнаасаа хөөгдөх ёсгүй гэж үзэж хуулийн дагуу шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Бид анх 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохирсон. Хэрэв бидний тохиролцоо хуульд нийцэж байгаа бол хуулийн дагуу хүү, алдангийг хариуцахад бэлэн байна. Харин худалдах, худалдан авах гэрээний хувьд Иргэний хуулийн 56.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа юм. Учир нь үнэн хэрэгтээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдаж байгаа тал нь эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгийг хүлээн авдаг байтал би хүлээж авсан мөнгөө хүүгийн хамт буцааж төлөх, худалдан авч байгаа тал хөрөнгийг хүлээж авахгүйгээр, мөнгө хүүтэй зээлдүүлж байгаа нь энэ гэрээний харилцаа хүчин төгөлдөр бус гэдгийг баталж байна. Би зээлсэн мөнгөө төлнө. Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу байрнаасаа гарах үндэслэлгүй. Анхнаасаа хэн аль нь худалдах, худалдаж авах зорилгогүй, барьцаалж зээл олгосон юм. Гэтэл одоо байрыг маань 30,000,000 төгрөгийн гэрээгээр шилжүүлж авчихаад биднийг хөөгөөд байгааг зөвшөөрөхгүй. Би түүнд зээлсэн мөнгөө төлнө. Байраа буцааж авна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Ж-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.Н намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ж-, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Н нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр надтай Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4-1 тоот 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, миний бие Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол дах Худалдаа хөгжлийн банкны салбараас мөнгийг данснаасаа авч, тус банкны салбар дотор гэрээний төлбөрийг Б.Над бэлнээр өгч, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлж, уг орон сууц миний өмчлөлд шилжсэн. Орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч суллаж өгөөгүй байсан тул миний бие олон сарын хугацаанд Б.Нын араас хөөцөлдөж, арга барж Б.Ныг хариуцагчаар татаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр дээрх хаяг дээр оршин суудаггүй гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан тул түүнийг эрэн сурвалжлуулахаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 101/ШШ2016/05538 дугаар шийдвэр гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Ныг олж тогтоосон. Энэ өдөр Б.Н нь надад гэр орноо нүүлгэх 7 хоногийн хугацаа өгчих, би энэ хугацаанд байрыг суллаж өгнө гээд өөрийн биеэр баталгаа бичиж өгөөд дахиад алга болсон. Миний бие Б.Нын хойноос 2015 оны 9 дүгээр сараас хойш бүтэн жил гаруй хөөцөлдөж байж цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олуулсан ба түүний гэр орноо нүүлгэх, байр суллахыг хүссэн долоон хоногийн хугацааг өгсөн хэдий ч Б.Н нь дахиад алга болсон. Би Б.Ныг эрж хайж гэр орноор нь хэд хэдэн удаа очсон боловч ихэвчлэн хүнгүй байдаг ба эхнэр, эхнэрийн эцэг гэсэн хүмүүстэй 3 удаа уулзаж, байдлыг нэг бүрчлэн хэлж байсан. Б.Н нь надад байраа шилжүүлсэн талаар ар гэрийнхэндээ хэлээгүй, байнга худал ярьж явдаг ба надтай огт уулздаггүй, утсаа авдаггүй байсан тул би эхнэр, эхнэрийн эцэгтэй нь уулзаж байр суллах талаар ярилцаж байсан. Б.Н, Г.Ж- нар нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, өөрийн сайн дурын үндсэн дээр Иргэний хуульд заасан хэлбэр, журмын дагуу 2015 оны 08 дугаар сарын12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ж-, түүний өмгөөлөгч Б.Чулуунбат нарын сөрөг нэхэмжлэлд: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Нтай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4-01 тоот хаягт оршин суух, 1960-аад оны үеийн хуучны барилгын хоёр өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийг хийж, тус орон сууцны өмчлөгч болсон. Орон сууцыг чөлөөлүүлэх талаар Б.Нтай удаа дараа ярилцаж байсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн ба сүүлийн 2016 оны 2 сараас хойш утсаа авахаа больсон. Гэрийнхээ хаалгаа нээж өгөхгүй, алга болсон. Гэтэл Б.Н нь одоо худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, миний өмчлөлд уг орон сууцыг шилжүүлээгүй мэтээр ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Иймд Б.Ныг Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 01 хаягт орших орон сууцнаас албадан гаргуулан орон сууцыг чөлөөлүүлж, миний зөрчигдөж буй өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан бол мөнгө шаардахгүй, зээлийн хүү шаардахгүй. Хүү 17,000,000, алданги 15,000,000, зээл 30,000,000, нийт 62,000,000 төгрөг нэхэмжилж байсан. Зээлд барьцаалах зорилгоор хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Ж-д холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009838 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 байр, 1 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Наас төлсөн 100,000 төгрөг, хариуцагч Г.Ж-гаас төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Наас 348,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 307,950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Ж-д олгож шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2592 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Нын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2592 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг, тэдний утсанд ирсэн мессеж зэргээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан гэдэг нь илт эргэлзээтэй байхад эдгээр баримтыг хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлэг гэдгээр үнэлэхээс татгалзаж шийдвэрлэснийг ИХШХШ тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.7-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хууль сануулж мэдүүлэг авсан атлаа гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 100 дугаар талд Г.Ж-гийн утаснаас ирсэн мессеж байгаа. Байр худалдаж авсан хүн ийм мессеж бичих ёсгүй. Харин мөнгө зээлсэн хүн гэдэг нь илэрхий байтал энэ баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй. Хавтаст хэргийн 101 дүгээр тал гэрч Аригуны 99135421 тоот утсанд ирсэн мессеж. 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан хүн яагаад эхнэрээс минь 70,000,000 төгрөг нэхэх вэ. Үүнээс үзэхэд хариуцагч шүүхэд хэлэхдээ манай байрыг 1960-аад оны хуучны байр гэж голж, муулж байснаа эргүүлээд 70 сая төгрөгөөр үнэлж зарахыг хүссэн байж таарах уу. Хавтаст хэргийн 90 дүгээр тал гэрч Баярмагнайн мэдүүлэг, хавтаст хэргийн 93 дугаар тал гэрч Аригуны мэдүүлэг, хариуцагчийн өмгөөлөгч гэрч нараас асуусан асуултуудад болон шүүхэд өгсөн тайлбараараа байрыг нь худалдаж аваагүй гэдгээ батлаад байгаа. Тухайлбал, хэргийн 96 дугаар тал.   

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч анх ”25,000,000 төгрөгийн зээл хүссэн нь үнэн, мөн бид мөнгө зээлдүүлдэг нь ч үнэн, гэхдээ бид барьцаалуулах орон сууцны 30 хувьд л зээл өгдөг, учир нь хүү алданги тооцогддог...” гэжээ. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч байраа зарах гэж уулзаагүй нь тодорхой бөгөөд зээл хэрэгтэй талаар анх уулзаад ярьсан, зээлэх мөнгөнийх нь 30 хувьд нь зээл өгдөг гэх мэдүүлгээр мөнгө зээлсэн гэдгээ хариуцагч тал хүлээсэн байна. Миний байр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байдаг 2 өрөө орон сууц юм. Орон сууцны үнэ өндөр байсан тухайн үед байтугай өнөөдөр ч 30,000,000 төгрөгийн ханштай биш.

Хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдмагц орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй шалтгаанаа шүүхэд тайлбарлахдаа нэхэмжлэгч нь орон сууцаа хямд зарж байгаа тул үнийн зөрүүнд 2015 оны 11 сар хүртэл амьдрахаар тохирсон гэж хэлдэг. Гэвч бидний хооронд тийм тохиролцоо байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээнд ч энэ талаар тусгаагүй. Хямд зарсан тул 11 сар хүртэл амьдарна дараа нь суллана гэсэн баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдаж авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг худалдан авагч тал хүлээхээр заасан байдаг. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй, 11 сар хүртэл худалдагч талыг амьдруулахаар тохиролцоо хийсэн гэдгээ нотлоогүй нь Худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлгийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг нотлож байна. Миний бие 3-7 настай 2 охин эхнэрийн хамт маргаж буй байрандаа амьдардаг. Бидний байрыг 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан болж байрнаас минь хөөж гаргаж байгаад гомдолтой байна. Би зээлсэн мөнгөө өгөөгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн гэхдээ би зээлийн хүүгээ төлсөн, шүүхэд хандахаас өмнө зээлээ төлж байраа шилжүүлж авах саналыг олон удаа хэлсэн. Гэвч хэт их мөнгө нэхэж намайг дарамталсан тул арга буюу шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа ч биднийг дарамталсаар байсан. Хавтаст хэргийн 100 дугаар тал Г.Ж-гиин утаснаас хадам ээж н.Баярмагнайн утсанд ирсэн мессежүүд. /хх-101 дүгээр тал/

Шүүх хуралдаан болж шийдвэр гарснаас хойш 2017 оны 11 сарын 04-ний өдөр очиж миний бие хэрэгтэй танилцаж хэргийн материалын бүх зургийг авахад дараах зөрчил байсан. Энэ баримт давж заалдах шатны шүүх рүү хэрэг явах үед засагдахгүй гэж найдаж байна. 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 10/ШЗ2017/15952 тоот Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн тэмдэглэл байхгүй. Зохигч ирээгүй байхад шүүх хуралдаан хийсэн мэтээр захирамж гаргаж, тэмдэглэлийг нөхөж бичүүлэх талаар заавар өгч уг захирамжийн баруун доод өнцөгт цаас наасан байсан. /143 дугаар хуудас/ Шүүх хуралдааныг 2017 оны 08 сарын 31-ний өдөр 11 цаг 30 минут хүртэл хойшуулсан тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурж тамга дарсан боловч нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй байсан. Ягаан өнгийн наадаг цаасан дээр “засах гарын үсэг гэж бичсэн байсан. Энэ тэмдэглэлииг хэн бичсэн хэзээ бичсэн нь тодорхойгүй байна. Уг хуралдаанд гэрчүүд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч өмгөөлөгч нар оролцсон байсан. /хх-81 дүгээр тал/ 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 101/ЗТ2017/00425 /хх-25 тал/ Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд “хуулбар үнэн” дардас нөхөж дарах зааврыг ягаан цаасан дээр бичиж баруун доод өнцөгт нь наасан байсан. Шүүх ийм байдлаар миний нэхэмжлэлтэй хэрэгт хандсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч миний зүгээс гэрч асуулгаж, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч миний бус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдлээс болж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй болсонд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гомдлыг хангана.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Ж-д холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4 дүгээр байр, 1 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр тул маргааны зүйл болж буй орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэгч Б.Нын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Ж-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.Н нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ж-гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэд 30,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ худалдан авагч Г.Ж-д шилжсэн, Г.Ж-гаас Б.Над 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон,...орон сууцаа худалдах хүсэл байгаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцаа барьцаалсан, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус” гэж тодорхойлж, эхнэр Ц.Аригуун, хадам ээж М.Баярмагнай нарыг гэрчээр асуулгасан байна.

Хариуцагч нь шаардлагыг эс зөвшөөрч, “нэхэмжлэгч анх 25,000,000 төгрөгийн зээл хүссэн нь үнэн, мөн бид мөнгө зээлдүүлдэг нь ч үнэн, гэхдээ бид барьцаалуулах орон сууцны 30 хувьд нь л зээл өгдөг, учир нь хүү алданги тооцогддог, гэтэл нэхэмжлэгчийн байр 1960-аад оны хуучны байр байсан тул зээл өгөх боломжгүйг мэдэгдсэн” гэсэн тайлбар гарган, бусад зээлдэгчтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Г.Ж- нь бусдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгодог, нэхэмжлэгч Б.Н нь ээжийнхээ өмчлөлийн байрыг 2015 оны 08 сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж, 2015 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагчтай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан түүнээс 30,000,000 төгрөгийг авсан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч Г.Ж-гийн нэр дээр шилжсэн боловч уг байранд нэхэмжлэгч, гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Хэлбэрийн хувьд орон сууц худалдах-худалдан авах гэрээ бичгээр хийгдэж, бүртгэлийн байгууллагад хариуцагч нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэж бүртгэгдсэн хэдий ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, үр дагаврыг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхдээ барьцааны агуулгаар, харин хариуцагч нь уг орон сууцыг фидуцийн шинжтэйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэж үзэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д нийцнэ.  

Иймээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ж-гийн өмчлөлд барьцааны агуулгаар шилжүүлсэн байх тул 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг, мөн зүйлийн 56.5-д “талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээхийг бүртгэлийн байгууллагад даалгаж, харин 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Наас гаргуулан хариуцагч Г.Ж-д олгуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул хариуцагч Г.Ж-гийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан сөрөг нэхэмжлэл болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2592 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5-д заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Н, Г.Ж- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.Нын Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 4 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч Б.Наас 30,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Ж-д олгож, хариуцагч Г.Ж-гийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “... нэхэмжлэгч Б.Наас 348,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 307,950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Ж-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Б.Наас 348,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г.Ж-гаас 448,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Нын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 308,000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН