Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0561/З |
Дугаар | 221/МА2021/0696 |
Огноо | 2021-12-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2021/0696
“МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 704 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрээр:
“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “МТ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын МТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож ....” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар “МТ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 1.0 га га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.
Нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасны дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, Мөн зүйл, хэсэгт заасан “.. зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м / байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Иймд Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113/5988 тоот албан бичиг болон Газрын үзлгээр үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “МТ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 1.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2019/169 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр тухайн газрыг зориулалтын дагуу, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглахыг үүрэг болгосон байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр “МТ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмших эрх бүхий этгээд тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “... “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг ... газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтууд болон 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт газар шорооны ажил хийсэн, цахилгаан дамжуулах шугам, дэд станц суурилуулсан, газар дээр барих цогцолбор барилгын зураг төсөл боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар авах ажлууд хийсэн болох нь тогтоогдож байх тул тухайн газрыг ашиглаагүй гэж үзэхгүй ба Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөгөөр нэхэмжлэгч нь бусад ажил, үйлчилгээ явуулах боломжгүй байсан болохыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хэдийгээр хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй хэмээн тайлбарлаж байх боловч нэгэнт хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага дээрх бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоогоогүй атлаа дан ганц Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай 2019/169 дугаартай гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ба үүнээс хуанлийн бүтэн 2 жилийг тоолбол уг гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дараагаар хуульд заасан хугацааг тооцох байтал маргаан бүхий А/50 дугаар тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байгаагаас үзвэл анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутган газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА