Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00906

 

Ш.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 381 дүгээр магадлалтай

Ш.Ч-гийн нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, шинжээчийн тогтоосон үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжавын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05369 дугаартай шийдвэрээр Ш.Ч-гээс 95 370 850 төгрөг гаргуулж, Д.Шараад олгохоор шийдвэрлэсэн. Н-аас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Американ дэнж хотхон 44-2 байрны 50 тоотод байрлах 63.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус орон сууцыг хураан авсан. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн этгээд С.Мөнхдэлгэр, А.Түвшинжаргал нарыг оролцуулсан ч мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчид эрх үүргийг нь тайлбарлан өгч, тэмдэглэлдээ дурдана гэж заасан. Гэтэл эд хөрөнгийг хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг харахад хөндлөнгийн гэрчүүдэд эрх, үүрэг тайлбарласан талаар тэмдэглэсэн зүйл байдаггүй. Энэ нь дээрх заалтыг зөрчсөн байна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н-т тус орон сууцаа 260 000 000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичиж өгсөн. Гэтэл Н- Итгэлт-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэгдсэн дээрх 63.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130 000 212 төгрөгөөр үнэлснээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 91 148 400 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг санал болгосныг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Би уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Американ дэнж хотхоны 44/2 дугаар байр нь 2007 онд ашиглалтад орсон шинэ байр бөгөөд би уг орон сууцыг шинээр нь худалдан авч ганцаараа амьдарсан тул хуучирч муудаагүй, элэгдээгүй бөгөөд хотын төвд байрладаг, уг байрны зах зээлийн үнийг үзэхэд 200 000 000 төгрөгийн үнэтэй байхад миний байрыг зах зээлээс хямд үнээр үнэлсэнд гомдолтой байна.

Мөн шүүхийн шинжээчийг томилоход н.Удвалд эрх үүрэг танилцуулсан боловч н.Эрдэнэбаяр үнэлгээ гаргасан байх тул шинжээчид хууль сануулаагүй гэж үзэн 130 212 000 төгрөг гэж тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулж, мөн уг үнэлгээг үндэслэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 91 148 400 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай хурлын тогтоол гарсан боловч тогтоолд анхны дуудлага худалдааг хаана болохыг тэмдэглээгүйгээс нэхэмжлэгч оролцож чадаагүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээчийн үнэлгээ, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, уг дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн ан хан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2369 дүгээр шийдвэрээр Ш.Ч-гээс 95 210 850 төгрөг гаргуулж, Д.Шараад олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн ч төлбөрөө барагдуулаагүй тул Ш.Ч-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Американ дэнж хотхон 44-2 байрны 50 тоотод байрлах 63.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр битүүмжилж, уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн 2 гэрч оролцуулж, мөн Ш.Ч-г байлцуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161/002 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хурааж, тогтоолын нэг хувийг Ш.Ч-д хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд тусгайлан зааж ажиллагаа явуулсан. Ингэхдээ хөндлөнгийн гэрчид эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Тогтоолд энэ тухай тусгаагүй ч тайлбарлаагүй гэсэн үг биш бөгөөд энэ талаар нэхэмжлэгч өмнө нь гомдол гаргаж байгаагүй. Ш.Ч-д хураагдсан орон сууцыг 260 000 000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч Д.Шараа зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний Итгэлт-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход 130 212 000 төгрөгөөр үнэлсэн. Ш.Ч-д 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/7482 дугаартай албан бичгийг 99770474 дугаарын утсаар үнэлгээг танилцуулахаар залгахад холбогдох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 130 212 000 төгрөгийн 70 хувь болох 91 148 400 төгрөгөөр оруулах мэдэгдлийг Ш.Ч-д 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэхээр 99770474 дугаарын утас холбогдохгүй, 99718470 дугаарын утас дуудаад авахгүй, түүний хаягаар очиход хүнгүй байсан тул 3/7951 мэдэгдэл, 3/15 тоот тогтоолын хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэн өгсөн байхад мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Н-аас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05369 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан ажиллагаанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Ч-гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 140 400 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 381 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 381 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "... нэхэмжлэгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, шинжээчид хууль сануулаагүй гэх боловч шинжээч томилох тухай 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “шинжээчид дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлсхийх эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх” тухай дурдсан түүнчлэн шинжээч дүгнэлтдээ Хөрөнгийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд, хараат бусаар дүгнэлтийг гаргасан тухайгаа дурдсан байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдол үндэслэлгүй” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг хэрэглэвэл зохих байтал хэрэглэлгүй тус хуулийн 9 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй.

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Анхан шатны шүүх ... хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. ...шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан журмын дагуу эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь заалтыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ” гэжээ.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” мөн зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж заасныг зөрчиж 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 51 дүгээр “Шинжээч томилох тухай” тогтоолд хууль сануулж шинжээч Удвалаар гарын үсэг зуруулсан атал шинжээчийн дүгнэлтийг Ө.Эрдэнэбаяр, И.Золбоо нар гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт хувийн сонирхолгүй эсэх нь тогтоогдоогүй, хууль сануулаагүй шинжээч нар төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 44/2 дугаар байрны 50 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур 130,212,000 төгрөгөөр үнэлсэн атал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөв тайлбарлаж хэрэглээгүй /хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй/, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг хэрэглэвэл зохих байтал хэрэглэлгүй, буруу тайлбарлаж төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж төлбөр төлөгчийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 44/2 дугаар байрны 50 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 130 212 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ч- нь Н-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж  маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05369 дугаартай шийдвэрээр Ш.Ч-гээс 94 850 000 төгрөгийг гаргуулан Д.Шараад олгох, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 161/01 дугаартай тогтоолоор Ш.Ч-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 44/2 дугаар байрны 50 тоот, хоёр өрөө, 63.38мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161/002 дугаар тогтоолоор хураажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаанд төлбөр төлөгч Ш.Ч- өөрөө оролцсон бөгөөд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Улмаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч 260 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй үндэслэлээр хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч 130 212 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг үнэлгээчний үнэлсэн үнийн 70%-иар тооцож, 91 148 400 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-дэх заалтыг зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №З/15 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-оор төлбөр төлөгчийн өмчлөлийн битүүмжлэгдэн, хураагдсан орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох Үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 46 дугаар зүйлийн 46.1.2.-т  “Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд “...албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг”-ийг заана” гэж, 47 дугаар зүйлийн 47.1.-д “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.” гэж зохицуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дуудлага худалдаа уг тогтоол гарснаас хойш 10 хоногийн дараа явагдахаар товлогдсон байгаа нь уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гэсэн заалтыг зөрчсөн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 47 дугаар зүйлийн 47.1. дэх заалтад нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Үл хөдлөх эд хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг үнэлүүлэхдээ хувь хүнээр бус эрх бүхий хуулийн этгээдээр үнэлүүлэхээр Итгэлт Эстимэйт ХХК-ийг томилсон ба байгууллагын төлөөлөгчид эрх үүргийг танилцуулсныг Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул үнэлгээ хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг “...орон сууцыг  зах зээлийн үнэлгээнээс хэт хямдаар үнэлсэн”-ийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд орон сууцыг хэт хямдаар үнэлэгдсэн болохыг баримтаар нотлоогүй тул үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02958 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 381 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Ч-гийн өмгөөлөгч Э.Нямжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш.Ч-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД