Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/02958

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:............................. тоотод оршин суух,  ........ овогт   Ч /Регистрийн дугаар:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........................................../хуучнаар: НШ алба/-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05369 дугаартай шийдвэрээр Ш.Чгээс 95.370.850 төгрөг гаргуулж Д.Ш. олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, Американ дэнж хотхон 44/2 байрны 50 тоотод байрлах 63.38 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус орон сууцыг хураан авсан. Хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн этгээд Со. М. А. Тү. нарыг оролцуулсан ч мөн хуулийн 30.4-д зааснаар хөндлөнгийн гэрчүүдэд эрх үүргийг нь тайлбарлан өгч тэмдэглэлдээ дурдана гэж заасан. Гэтэл эд хөрөнгийг хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг харахад хөндлөнгийн гэрчүүдэд эрх үүрэг тайлбарласан талаар тэмдэглэсэн зүйл байдаггүй. Энэ нь дээрх заалтыг зөрчсөн байна.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус орон сууцаа 260.000.000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичиж өгсөн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар “Итгэлт Эстимейт’’ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэгдсэн дээрх 63.38 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 130.212.000 төгрөгөөр үнэлснээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 91.148.400 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/1482 дугаартай албан бичгийг шуудангаар явуулсныг би 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Би энэхүү шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай Американ дэнж хотхоны 44/2 дугаар байр нь 2007 онд ашиглалтанд орсон шинэ байр бөгөөд би энэхүү байрны 50 тоот 2 өрөө орон сууцыг шинээр нь худалдан авч ганцаараа амьдарсан тул хуучирч муудаагүй, байрны шал, обой гэх мэт бүх зүйл элэгдээгүй. Манай байр хотын төвд буюу А зэрэглэлийн бүсэд байрладаг, газар хөдлөлт бага бүсэд оршдог, орчны тохижилт сайтай, тав тухтай, барилгын чанар, үзэмж болон үзэгдэх орчин сайтай, 24 цагийн лифт, харуул хамгаалалттай, автомашины дулаан граж, ил зогсоолтой, орчноо бүхэлд нь камержуулсан мөн хотхондоо бүхий л үйлчилгээгээр хангагдсан байр юм. Би өөрийнхөө байрны 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг судалж үзэхэд 200.000.000 төгрөгөөс хол давсан үнэтэй байхад миний байрыг зах зээлийн үнэлгээнээс хэт хямдаар үнэлсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн шинжээчийг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтална гэж заасан. Шинжээч томилохдоо  шинжээчийг дуудан авчирч, нэхэмжлэгч болон хариуцагч нартай төрөл садан, найз нөхдийн холбоо байгаа эсэх талаар тодруулж, шинжээчээр оролцох боломжтой тохиолдолд Шинжээч томилох тогтоолыг гардуулж өгөх ёстой. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар эрх үүргийг шинжээчид танилцуулж, хуулийг сануулах ёстой. Гэтэл эрх үүргийг н.Удвал гэх шинжээчид танилцуулсан байхад н.Эрдэнэбаяр гэх шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Иймд хууль сануулаагүй байх тул тус үнэлгээг хүчингүй болгуулж, 130.212.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ дээр үндэслэж, анхны дуудлага худалдаанд оруулах доод үнийг 91.148.400 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай хурлын тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаягийг заахаар тусгагдсан ч уг тогтоолд анхны дуудлага худалдаа явуулах өдөр, цагийг тэмдэглэсэн боловч хаана болохыг тэмдэглээгүй тул нэхэмжлэгч хаана болохыг мэдээгүйгээс анхны дуудлага худалдаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй.  

Мөн 91.148.400 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон албадан дуудлага худалдаанд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр оруулахаар шийдвэрлэснийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн 130.212.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, уг дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг  тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 5369 дугаар шийдвэрээр Шагдаржавын Чгээс 95.210.850 төгрөгийг гаргуулж Д.Шараад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.Ч нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/2 байрны 50 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн Дамидангийн Шараад барьцаалж зээл авсан болох нь Д.Шараатай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8/1633 тоот Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон.

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ш.Чгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/2 байрны 50 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 161/001 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч Ш.Чд хүлээлгэн өгсөн.

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч Ш.Чг байлцуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161/002 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг Ш.Чд хүлээлгэн өгч гарын үсэг зурахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тэмдэглэлд тусгайлан тусгаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Уг ажиллагааг явуулахад хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулахдаа эрх үүргийг нь эхлээд танилцуулаад гарын үсгийг зуруулсан. Уг хураах тогтоолд энэ тухай тусгагдаагүй байгаа ч тайлбарлаагүй гэсэн үг биш. Мөн энэ талаар нэхэмжлэгч өмнө нь гомдол гаргаж байгаагүй.

Төлбөр төлөгч Ш.Чд өөрийн өмчлөлийн барьцаалан хураагдсан байрны үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус албанд ирүүлэхийг мэдэгдэхэд 260.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч Д.Шараа хүлээн зөвшөөрөөгүй тул тус албанаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимейт” ХХК-иар тогтоолгоход 130.212.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч томилсон тогтоолд  үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ш.Чд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/7482 дугаартай албан бичгээр, 99770474, 99770474 дугаарын утсаар үнэлгээг танилцуулахаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлнэ гэсний дагуу шуудангаар хүргүүлсэн болно.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 130.212.000 төгрөгийн 70 хувь болох 91.148.400 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ш.Чд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/7951 дугаартай албан бичгээр мэдэгдэхээр төлбөр төлөгчийн 99740474, 99770474 дугаарын утас холбогдохгүй, 99718470 дугаарын утасаар залгахад дуудаад авахгүй байсан. Төлбөр төлөгч Ш.Чгийн хаяг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44/2 байр 50 тоотод очиход хүнгүй байсан тул 3/7951 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 3/15 тоот тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу  баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч Ш.Чд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/7482 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулж тэмдэглэл хөтөлсөн анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүлээлгэн өгсөн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн 130.212.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, уг дуудлага худалдаа явагдах тухай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05369 дүгээр шийдвэрээр Ш.Чгээс 94.580.000 төгрөг гаргуулж, Д.Шараад олгохоор, хэрэв шийдвэрийг сайн дэрээр эс биелүүлбэл Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 44/2 дугаар байрны 50 тоотод байрлах 63.38 мкв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 31-32/

Тус газар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 161/01 дугаар тогтоолоор Ш.Чгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 44/2 дугаар байрны 50 тоотод байрлах 63.38 мкв хоёр өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161/002 дугаар хураах тогтоолоор хураан авсан байна. /хх 36-50/

Дээрх хураан авах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчээр А.Т., С.М.л нарыг оролцуулжээ. Нэхэмжлэгч хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тогтоолд тусгагдаагүй гэх үндэслэлээр ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба хариуцагч хөндлөнгийн гэрчид эрх үүргийг танилцуулсан, тогтоол хэвлэмэл загвараар явагддаг тул энэ тухай тусгагдаагүй гэж тайлбарлав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д зааснаар хөндлөнгийн гэрч оролцсон ажиллагааны үйл баримт, явц, агуулга, түүний үр дүнгийн талаар танилцах, энэ тухайгаа баталгаажуулж гарын үсэг зурах үүргийнхээ дагуу гарын үсгээ зурж баталгаажуулсан тул энэ үндэслэлээр ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй. Түүнчлэн уг ажиллагаанд нэхэмжлэгч Ш.Ч өөрөө оролцсон байх ба энэ талаар гомдол гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Ш.Ч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 260.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, улмаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 37.2.2-т зааснаар хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК-г шинжээчээр томилсон байна. /хх 54-56/

Шинжээч хөрөнгийг 130.212.000 төгрөгөөр үнэлснийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/7482 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар нэхэмжлэгчийн оршин суугаа хаягаар явуулж, энэ тухай мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тэмдэглэл үйлджээ. /хх 57-64, 67-68/

            Нэхэмжлэгч уг үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр “Мөнх оргил трейд” ХХК-иар уг орон сууцанд үнэлгээг хийлгэхэд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар хөрөнгийг 112.000.000 төгрөг гэж үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “Итгэлт эстимэйт” ХХК хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тооцож 130.212.000 төгрөгөөр үнэлсэн тул цаг хугацааны хувьд өөр хугацаанд хийгдсэн дээрх хоёр үнэлгээг шууд харьцуулан адилтгах боломжгүйгээс гадна уг үнэлгээнүүд хоорондоо хэт зөрүүтэй гэх байдал тогтоогдохгүй байна. /хх 100-113/

Мөн нэхэмжлэгч үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, шинжээчид хууль сануулаагүй гэх боловч шинжээч томилох тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “шинжээчид дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлсхийх эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх” тухай дурдсан, түүнчлэн шинжээч дүгнэлтдээ Хөрөнгийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд, хараат бусаар дүгнэлтийг гаргасан тухайгаа дурдсан байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн хэрнээ дуудлага худалдаа явагдах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буюу албадан дуудлага худалдааг товлохоос өмнө нийтэд мэдээлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч дээрх тогтоол, мэдэгдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46.1.2-т зааснаар дуудлага худалдаа явагдах газрыг заагаагүйгээс дуудлага худалдаанд оролцож чадаагүй, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч гүйцэтгэлийн материалтай хэдийд ч танилцах, өөрийн эрхээ хэрэгжүүлж ажиллагаанд оролцох, хэзээ хаана явагдах талаар тодруулах боломжтойгоос гадна уг эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байх тул энэ тухай гомдол үндэслэлгүй. Мөн анхны албадан дуудлага худалдаа явагдах тухай нэхэмжлэгч Ш.Чд хүргүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/7951 дүгээр мэдэгдэл нь эрхзүйн үр дагавар үүсгэхгүй, харин хэзээ хаана ямар ажиллагаа явагдах тухай мэдэгдэл байх тул хүчингүй болгох шаардлагагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 210.600 төгрөгөөс 70.200 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн 140.400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас хангагдсан хэмжээнд тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Мөн тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2017/08898 дугаар шүүгчийн захирамжаар “Мөнх-Оргил трейд” ХХК-г шинжээчээр томилсон, шинжээчийн ажлын хөлс төлөгдөөгүй, уг зардал зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 150.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас /хуучнаар:Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05369 дүгээр шийдвэрийг биелүүлэхээр явуулсан ажиллагаанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Чгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 140.400 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, “Мөнх оргил трейд” ХХК-д олгосугай.

4.Тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2017/04997 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ