Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 576

 

 

 

 

2020          06          17                                   2020/ШЦТ/576       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Н.Энхбат,  

Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зд холбогдох эрүүгийн 1902006370232 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг 10-3372а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.З нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Ус хангамж, эрчим хүчний 1 дүгээр ангийн Зүүнхараа хэсгийн хашааны хойд тал орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж, бэлтгэсэн,

 

Уг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж, бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 13-наас 2019 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө хүртэл өөрийн биедээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, улмаар А.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн биедээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 110 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны орчимд байрлах ногоон байгууламж бүхий цэцэрлэгт 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 1-2 цагийн үед иргэн Я.Аюур, насанд хүрээгүй буюу 16 настай Б.Идэрсайхан, А.Мөнхжаргал нарт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.  

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1902006370232 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 159-162, 2 дугаар хх-ийн 28-29, 45-46 дугаар хуудас/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хэрэг болсон гэх газар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд байх ба тус хэсгийн сандал дээр цоолж нүхэлсэн “Бонакуа” гэх бичигтэй хуванцар сав нэг ширхэг, шар өнгийн хуванцар асаагуур 1 ширхэг, 3 ширхэг тугалган цаас, 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байв. Үзлэгийн үеэр тус сандал дээр байх хар өнгөтэй цүнхийг шалгахад...цэнхэр өнгөтэй ургамлын хатаасан нунтаг мэт зүйл байсныг түр хураан авч гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 10-13 дугаар хуудас/,

 

            Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 29-34 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,  

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Идэрсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн үед хамаатан Мөнхжаргал, зүс таних Аюур нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 58 дугаар байрны хойд талын сааданд үл таних цагаан подволктой хүнтэй таарсан. Тэр эрэгтэй надад хандан “Хар тамхи авах уу” гэж хэлсэн. Бид гуравт хандан би одоохон үзүүлнэ гэж хэлээд намайг усны сав, “Чук гэх” гэх чихэр зэргийг аваад ир гэсэн. Тэгээд би дэлүүррүү яваад захисан зүйлсийг нь авсан. Тэр ах өөрөө тамхиар миний авчирсан усны савын цоолоод чихрийн мөнгөлөг цаасыг хэвэнд оруулж бэлдээд 20 төгрөг хуйлж соруул жийж мөнгөн цаас дээрээ өвс хийж асаасан. Тэгээд өөрөө тэрнээсээ татаж байгаад надад нэг удаа соруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47, 2 дугаар хх-ийн 27 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч А.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай хамаатны хүүхэд болох Идэрсайхан Аюур гэх ахын хамт Сүхбаатарын талбайд над дээр ирсэн. Бид 3 гэр рүүгээ явж байх үед манай хамаатны хүүхэд Идэрсайхантай нэг хүүхэд юм яриад зогсоод байсан. Идэрсайхан дээр очоод явъя гэхэд уулзаад зогсож байсан хүүхэд “гүүрний доошоо оръя гоё юм үзүүлье би өөрөе та нарт харуулья” гэсэн. Юу юм бол гэж бодоод арслантай гүүрний доор очоод хартал тэр хүүхэд цүнхнээсээ өвс гаргаж ирэхээр нь “чи яагаад наад юмаа авч явж байгаа юм бэ” гэхэд “би 21 настай, энийг Сэлэнгэ аймгаас авчирдаг, би 9 дүгээр ангиасаа хойш татсан өдийг хүртэл нэг ч удаа баригдаагүй явж байна” гээд Идэрсайханыг ус, шоколад гэх зүйлсэд явуулсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Аюур мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатарын талбай дээр тоглолт үзэх санаатай өөрийн дүү Идэрсайхантай хамт ирсэн. Гэртээ харих гээд явж байгаад Мөнхжаргалтай таарсан. Бид 3 Сэлбэ голын хажуугаар алхаж явахад урд нэг цүнх үүрсэн хүн гуйваж дайваад яваад байсан. Тухайн үед би тэрийг хэтрүүлээд архи уучихсан хүн байна гэж бодоод зөрсөн.  Идэрсайхан тэр хүнтэй үлдчихсэн хойно юм яриад зогсож байсан. Нөгөө залуу “би гэртээ харих гэсэн чинь мөнгө байхгүй байна та нарт гоё юм үзүүлье та нар авах уу” гэж асуухаар нь сонирхол татаад юу юм бол гэж бодоод арслантай гүүрний доод талд бургасны тэнд очиж сууцгаасан. Тэр залуу усны сав, шоколадны тугалаган цаас, шүдэнз, тамхи, мөнгө, хэрэгтэй гэсэн. Тэгээд Идэрсайхан эдгээр зүйлүүдийг авахаар явсан. Тэр хооронд тэр залуу цүнхнээсээ ууттай юм гаргаж ирээд ”энэ бол өвс буюу хар тамхи, би Сэлэнгээс явж авчирсан, та нарт хямдхан зарчихъя нэг тогоо нь 1 сая төгрөг харин та нарт 5 мянган төгрөгөөр заръя, би өдөрт 10 сая төгрөг олдог өнөөдөр 10 жилийн найзуудаа бүгдийг нь дайлаад надад мөнгө үлдээгүй, энэ зүйлийг би 9 дүгээр ангиасаа эхлээд хэрэглэсэн ганц удаа ч цагдаад баригдаагүй” гэж ярьсан.  Манай дүү ирсэн. Усны сав гэх зүйлсээ тэр залууд өгөхөд өөрөө тэрэн дотроо юм хийж сороод нүд ам нь эргэлдээд гачин сонин болоод байсан. Манай дүүд намайг харж амжаагүй байхад өгчихсөн байхаар нь би дүүгээ яаж солиорч байна гэсэн чинь цагдаа хүрээд ирсэн…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Баянбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 14-нд шилжих шөнийн 02 цаг 15 минутанд Тамир-10 буюу Жижүүрийн шуурхай албанаас Арслантай гүүрний баруун талд хэдэн залуус өвс зараад байна гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгасан. Тухайн хэргийн газарт уг этгээдүүд нь байгаагүй бөгөөд биечлэн эрэн сурвалжлага хийхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны хойд талын сааданд 2 залуу байсан. А.З, Б.Идэрсайхан гэх хүмүүс байсан. Уг хүмүүсийг шалгахад саадны сандал дээр хар өнгийн үүргэвч тавьсан хажуу талд Бонокуа гэх 0.33 грамм цэвэр усны сав цоолсон байдалтай, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, мөн харалж шатсан байдалтай тугалган цаас, шар өнгийн асаагуур, цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл зэрэг эд зүйлс тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Bonaqua” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “А.З 2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат” гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй өвс гэх зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4034 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Зоригтбаатар ПЮ97010156 2019.07.17-нд” гэж хаягласан Тетрагидроканнабинол  /THC/ илэрсэн.
  2. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4078 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн асаагуур, 3 ширхэг мөнгөлөг цаас, ургамал мэт зүйлийн үлдэгдэл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодиын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.  

Хуйлсан АМ3885730 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4035 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн “А.З 2019.07.14” ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4438 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4534 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “А.Зт холбогдох эрүүгийн 190200637 дугаартай хэргийн мэдүүлгийг шалгах ажиллагаар илэрсэн дээж өвс мэт зүйл 2019.08.12” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 43 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “А.Зоргтбаатарт холбогдох эрүүгийн 190200637 дугаартай хэргийн мэдүүлгийг шалгах ажиллагаар илэрсэн дээж өвс мэт зүйл 2019.08.12” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
  3. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №992 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:

 

  1. А.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. А.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. А.З нв эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. А.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. А.З нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 97 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 100-118 дугаар хуудас/, гэрч Б.Нандинцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч А.Ууганболдын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Э.Дагийчогдонгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.З нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Ус хангамж, эрчим хүчний 1 дүгээр ангийн Зүүнхараа хэсгийн хашааны хойд тал орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж, бэлтгэсэн,

 

Уг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж, бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 13-наас 2019 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө хүртэл өөрийн биедээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, улмаар А.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн биедээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 110 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны орчимд байрлах ногоон байгууламж бүхий цэцэрлэгт 2019 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 1-2 цагийн үед иргэн Я.Аюур, насанд хүрээгүй буюу 16 настай Б.Идэрсайхан, А.Мөнхжаргал нарт худалдахыг завдсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №4034, №4078, №4035, №4438, №4534 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Идэрсайхан, А.Мөнхжаргал, гэрч Я.Аюур, гэрч Б.Нандинцэцэг, гэрч Г.Баянбаатар нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон хэргийн газраас нь хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгоор түүж бэлтгэн, хэрэглэж, биедээ хадгалж, худалдахыг завдсан болохыг дээрх нотлох баримтуудаар нотолжээ.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл А.З нь Я.Аюур, насанд хүрээгүй Б.Идэрсайхан, А.Мөнхжаргал нарт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах талаар хэлж, тэдгээрт хэрэглүүлж үзүүлэх үед цагдаагийн албан хаагчаас таслан зогсоогдсон тул түүний энэ үйлдлийг худалдахыг завдсан гэж үзэхээр байна.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, өөрөө хэрэглэх, худалдаалах зорилгоор, байгалаас түүж, улмаар  өөртөө байлгасан, худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Зыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, худалдахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хуульзүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Зоригбаатарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, өндөр настай эмэг эхийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Bonaqua” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, “А.З 2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат” гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй өвс гэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих байгууллага буюу Монгол банканд шилжүүлж, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч А.З нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 130 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа. 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЦХШЗ/146-т дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.Зт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд хууль журмыг баримтлах, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Зыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг 1 /нэг/ 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Зын цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Bonaqua” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, “А.З 2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат” гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй өвс гэх зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих байгууллага буюу Монгол банканд шилжүүлсүгэй.

            7. Шүүгдэгч А.Зт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЦХШЗ/146т дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Зт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН