Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 43

 

 

А.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч А.З-н өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.З-н гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1902006370232 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн түүхийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эмэг эхийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч А.Знь 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Ус хангамж, эрчим хүчний 1 дүгээр ангийн Зүүнхараа хэсгийн хашааны хойд тал орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 58 дугаар байрны орчим байрлах ногоон байгууламжийн сааданд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 112.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эд зүйлдээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч А.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хулан цувдаг овогт А.З-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Воnаguа” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “А.З2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат" гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.З-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй “өвс” гэх зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А.З миний бие Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн түүхийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан юм. Миний ээж Мягмар 2003 онд, аав Алтанбаяр 2017 онд тус тус өвчний учир нас барж, миний бие бүтэн өнчин үлдсэн бөгөөд аавын эх болох 90 настай А.Дэнсмаагийн хамт хоёулаа амьдардаг байсан билээ.

Миний бие өөрийн хөнгөн хуймгаа байдал, хууль эрх зүйн мэдлэггүйгээс Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт өвсийг бэлтгэн, хадгалж яваад цагдаагийн байгууллагад баригдсан билээ. Миний хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй билээ.

Намайг хорих ялаар шийтгүүлснээс хойш миний асаргаанд байсан эмээ А.Дэнсмаа маань харж, асрах хүнгүйгээс биеийн байдал муудаж, амьдралын хүнд нөхцөлд байгаа гэх тул миний амьдралын энэхүү хүнд байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр еарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.З нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс ч мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулалгүй хэрэг хурдан шийдэгдэж байна. А.З болон миний бие зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин түүний хувийн байдлыг харгалзаж хорих ялыг тэнсэж өгөөч гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. А.З нь ээж Мягмар, аав Алтанбаяр нарын хамт амьдарч байгаад ээж Мягмар нь 2003 онд, аав Алтанбаяр нь 2016 онд тус тус өвчний учир нас барсан. Одоогоор өөрийн эмээ болох 1930 онд төрсөн А.Дэнсмаатай хамт амьдардаг. Эмээгээ харж ханддаг ганц хүү нь юм. Эмээ А.Дэнсмаад нь хавдрын шинж тэмдэг илэрчихсэн байгаа учир шинжилгээний баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч нь өөрийн хайхрамжгүй, шүүх эрх зүйн мэдлэг дутмаг, бусдын нөлөөнд автдаг байдлаасаа болоод Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд очоод өвс түүж бэлтгэсэн болох нь тогтоогдсон. Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи гэдэг нь зөвхөн нунтаг цагаан зүйл байдаг гэсэн ойлголт байдаг юм байна. Мансууруулах бодисыг халгай, шарилжтай хамт ургаж байдагийг мэддэггүйгээс болоод энэ хэрэгт холбогдчих шиг боллоо гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний хувьд ч мөн энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаас өмнө мансууруулах төрлийн ургамал нийтийн эзэмшлийн талбайд ургадаг гэдгийг мэддэггүй байсан. Тиймээс А.З-н ар гэрийн байдал, эмээ А.Дэнсмаагийн өвчин, амьдралын нөхцөл зэргийг харгалзан үзэж түүний хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс А.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах: “...1.1. гэмт хэрэг гарсан байдал, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;...” зэрэг байдлуудыг тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэд хянан шалгаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

Насанд хүрээгүй гэрч Б.Идэрсайханы “...тэр эрэгтэй надад хандан “Хар тамхи авах уу” гэж хэлсэн. ...Тэр ах хэлэхдээ 9 дүгээр ангиасаа хойш энийг татаж байна, бас зарж байна, цагдаад баригдаж байгаагүй. Нэг бом бом чихрийн цаастай тамхи 120,000 төгрөг болдог гэж хэлж байсан...” /хх 47/, “...өөрөө ярихдаа 9 дүгээр ангиасаа хойш татаж банйа, цагдаад баригдаж байгаагүй гэх мэт сонин балай юм яриад байсан. Харин нэг бом бом чихрийн цаастай тамхи 120,000  төгрөг болдог гэдгийг манай хоёр найзад ярьсан юм шиг байсан...” /хх 47/ гэсэн,

 гэрч Я.Аюурын “...Идэрсайхан тэр хүнтэй үлдчихсэн хойно юм яриад зогсож байсан. Нөгөө залуу “би гэртээ харих гэсэн чинь мөнгө байхгүй байна.Та нарт гоё юм үзүүлье, та нар авах уу?” гэж асуухаар нь сонирхол татаад юу юм бол гэж бодоод арслантай гүүрний доод талд бургасны тэнд очиж сууцгаасан. ... тэр залуу цүнхнээсээ ууттай юм гаргаж ирээд ”...Энэ бол өвс буюу хар тамхи. Би Сэлэнгээс явж авчирсан. Та нарт хямдхан зарчихъя, нэг тогоо нь 1 сая төгрөг. Харин та нарт 5 мянган төгрөгөөр заръя, би өдөрт 10 сая төгрөг олдог. Өнөөдөр 10 жилийн найзуудаа бүгдийг нь дайлаад надад мөнгө үлдээгүй, энэ зүйлийг би 9 дүгээр ангиасаа эхлээд хэрэглэсэн ганц удаа ч цагдаад баригдаагүй” гэж ярьсан...” /хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Г.Баянбаатарын бичсэн “...2019 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шөнийн 02 цаг 15 минутад Тамир-10 буюу шуурхай жижүүрийн албанаас Арслантай гүүрний баруун талд хэдэн залуус өвс зараад байна гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгасан...” /хх54/ гэж мэдүүлсэн ба гэрч Г.Баянбаатар “...үрэг гүйцэтгэх хугацаанд Т10-с 0215 -д АРслантай гүүрний баруун талд хэдэн залуус өвс зараад байна /цагаан малгайтай залуугийн цүнхэнд байгаа гэх дуудлагын дагуу түргэн шуурхай очиж шалгахад...” /хх 9/ гэсэн илтгэх хуудас,

“...СБД-ийн 1-р хороо 58 дугаар байрны хойд талын сааданд хар тамхи зарж байна...”гэх гомдол мэдээлийг ...хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/ зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт бэхжүүлэгджээ.

 

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн А.З-н  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “уг бодисыг худалдаалах зорилго байсан эсэх, худалдсан...” эсэхийг бүрэн мөрдөн шалгаагүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна гэж дүгнэлээ. 

 

Гэрч нарын мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын эх сурвалжийг шалгах нэмэлт ажиллагааг хийж, нотолбол зохих байдлуудыг хөдөлбөргүй нотлох шаардлагатай.   

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь “ Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан ...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, ...үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог.” бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, уг бодисын хэрэглээ нь нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

 

Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1902006370232 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.З-д холбогдох 1902006370232 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                        

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МЯГМАРЖАВ

 

    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ