Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 19

 

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч “Дархан сантайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 386 дугаар захирамжийн Эрдэм хөтлөгч сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр захирамжийн  Цайхун хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:              З.Энхтуяа

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                          Ц.Чулуунцэцэг

        Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:      Г.Энхцэцэг   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дархан сантайн” ХХК нь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386  дугаар захирамж, 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжууд нь  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэг,  6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Засаг дарга нь тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлсэн боловсруулсан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоолын дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах эрхтэй боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдаагүй газрыг олгосон байгаа нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд гараагүй захирамж байна. Газрын тухай хууль нь 2002 оноос мөрдөгдсөн ба тус хуульд заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байхад  2006 онд захирамжинд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгохыг хориглосон заалтыг зөрчиж, “ Эрдэм хөтлөгч” сургуульд олгосон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргаж газар олгох ёстой боловч тус хуулийн заалтыг баримтлаагүй, Эрдэм хөтлөгч сургуульд олгосон нь үндэслэлгүй энэ нь хувийн сургууль бөгөөд төсөвт байгууллага биш байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн ба газрыг “Эрдэм хөтлөгч” сургуульд олгосноороо мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байгаа.

Мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой байсан. 2007 онд “Цайхун” сургуульд тус газрыг эзэмшүүлсэн боловч үүнээс хойш 8 жилийн турш зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулаагүй. “Дархан сантайн” ХХК байгууллагын үйл ажиллагаа явуулах орох гарах гарц дээр газар эзэмшүүлэхээр олгосон нь тус байгууллагын эрх ашгийг зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Газрын тухай хуулиар нийтийн эдэлбэр газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх боломжгүй. Тус газар нь “Цайхун” сургуулийн үйл ажиллагаа явуулах газар биш. 380 айлын орон сууцыг 58 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлд байхад тэдний нэг байгууллагад нь газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын 386 дугаар захирамж нь анхнаасаа хууль зөрчиж гарсан бөгөөд 386 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн тухай 184 дүгээр захирамж нь мөн илт хууль бус гэж үзэж байгаа, энэ нь бусдын хууль ёсны эрх ашигт халдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 захирамжийн Эрдэм хөтлөгч сургуульд холбогдох хэсэг, 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 тоот захирамжийн Цайхун сургуульд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжаар “Эрдэм хөтлөгч” сургуульд 416 мкв талбай бүхий газрыг эзэмших эрх олгосон байдаг. 2006, 2007 онд Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгдээгүй учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.1 дэх заалтууд хэрэгжих боломжгүй бөгөөд тус заалтуудыг зөрчсөн зүйл байхгүй. 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжаар “Эрдэм хөтлөгч” сургууль, “Цайхун” сургуульд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсаны үндсэн дээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх шийдвэр гарсан байх ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талуудаас хүсэлтээ ирүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаар Засаг даргын захирамж гарч гэрээ хүчин төгөлдөр болсон.

“Цайхун” сургуулиас манай эзэмшлийн газар дээр “Дархан сантайн” ХХК нь 3 машины гарааш барьж байгааг таслан зогсоож өгнө үү гэсэн албан бичгийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсний дагуу манай газраас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 206 тоот албан бичгээр дур мэдэн 3 машины гарааш барьсныг буулгаж, газрыг чөлөөлөх тухай шаардах хуудсыг “Дархан сантайн” ХХК-д хүргүүлсэн байх ба Газар эзэмшүүлэх  гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-т  газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх гэсний дагуу шаардах хуудсыг хүргүүлсэн боловч Я.Эрдэнэчулуун нь  хүлээн зөвшөөрөхгүй гээд шаардах хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь нотлох баримтаар нотлогдож байдаг. Бид дээрх асуудлын талаар удаа дараа Мэргэжлийн хяналтын газар, Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаар шийдвэрлүүлж байсан.

“Цайхун” сургууль нь Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т зааснаар газрын төлбөрөөс чөлөөлөгдсөн байдаг учир газрын төлбөрийн асуудал байхгүй. Мөн Дархан-Уул аймгийн засаг даргын тус маргаан бүхий газрын талаар гаргасан шийдвэр нь хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Цайхун сургуулийн захирал Д.Бямбабаатар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд “Эрдэм хөтлөгч” сургуулиас “Цайхун” сургуульд өөрийн эзэмшлийн 415.1 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлж улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар “Цайхун” сургуульд газар эзэмших эрх шилжигдэн газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон. 2007 онд “Дархан сантайн” ХХК нь 380 айлын орон сууцны 1, 2 дугаар давхрыг худалдан авч, “Цайхун” сургуулийн эзэмшлийн газар дээр гарааш барьсан ба уг гараашийг буулгаж, газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргахад “2007 оны 10 сард хайс хашаа барьсан, хашаа гарааш барьж байхад Цайхун сургууль, 22 дугаар сургууль болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагын зүгээс гомдол шаардлага ирүүлж байгаагүй, 2018 оны 1 сард нэхэмжлэл гардан авахдаа Цайхун сургуулийн газар эзэмших гэрчилгээг анх удаа олж хараад  гайхсан, 2007 онд Цайхун сургууль уг барилгад байхгүй байсан” гэсэн тайлбар гаргасан байсан нь огт үндэслэлгүй. Газар чөлөөлүүлэх талаар сургуулийн зүгээс 2007 оноос хойш Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа албан бичгээр хандаж, дээр байгууллагуудаас зөвлөмж, албан шаардлага гаргасан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй, Эрдэнэчулуун нь шаардах хуудсыг хүлээж аваагүй байдаг. Аймгийн Засаг даргын захирамж гарах үед “Дархан сантайн” ХХК Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар  хорооллын 380 айлын орон сууцны 415 мкв талбай бүхий газар дээр “Рич” зочид буудал ард нь хаалга гаргаж, хашаа барьсан, улмаар гарааш барьсан учир  “Цайхун” сургууль нь өөрийн эзэмшлийн газраа одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон байдаг. Гэтэл “Дархан сантайн” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атлаа 3 автомашины гараашийг барьсан байгаа. Нийтийн эдэлбар газрыг эзэмшиж, барилга байгууламж барихдаа мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр  барина гэсэн заалтыг зөрчиж гарааш барьсан хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-т зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тооцох үндэслэл нь засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих хуульд заасан үндэслэл байхгүй гарсан  байхыг шаарддаг. Гэтэл Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт биш болох нь тодорхой байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамж, 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжууд  нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт болон бусад хуулийг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан сантайн ХХК-нь “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шүүх хуралдаан дээр  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 386 дугаар захирамжийн “Эрдэм хөтлөгч” сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр захирамжийн “Цайхун” хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийнхээ шаардлагаа тодруулж нэмэгдүүлжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэн Дархан сумын 10 дугаар багт орших 380 байрны сургуулийн өмнөх талбайд ногоон байгууламж бий болгож хүүхдийн амрах талбайг байгуулах зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар “Эрдэм хөтлөгч” сургуульд эзэмшүүлжээ.

 

Гуравдагч этгээд “Цайхун” хятад дунд сургууль нь 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгүүдэд зааснаар Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол  380 байрны ард 415,1м2 газрыг “Эрдэм хөтлөгч” коллежоос сургуулийн зориулалтаар шилжүүлэн авч, газар эзэмшүүлэх 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, мөн өдөр нэгж талбарын 080100270 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0079099 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагч Дархан-уул аймгийн Засаг даргын захирамжийг илт хууль бус захиргааны актаар тус тус тодорхойлж, нийтийн эдэлбэрийн газрыг бусдад эзэмшүүлсэн, энэ нь холбогдох хууль болон Дархан Сантайн ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Аймгийн Засаг даргын 2006 оны 386, 2007 оны 184 дүгээр захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.Учир нь

Нэхэмжлэгч “Дархан Сантайн” ХХК нь /Бүртгэлийн дугаар 1911001191, регистр 2735784/ Дархан сумын 10 дугаар багийн 380 айлын /хуучнаар Номин ХХК-ийн/ 1-2 давхар байранд 160.0 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай “Рич” зочид буудал нэртэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн 000063506 гэрчилгээтэй, 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009366 дугаарт бүртгэгдэн баталгаажсан байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж “Эрдэм хөтлөгч” сургуульд газар эзэмшүүлэн, улмаар хуулийн этгээд нь газар эзэмших эрхээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ...”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...”гэж зааснаар “Цайхун” хятад дунд сургуульд  шилжүүлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх бөгөөд  Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна.

 Түүнчлэн Аймгийн Засаг даргын 2006 оны 386 дугаар захирамжийг гарах үед нэхэмжлэгч Дархан Сантайн ХХК-нь тухайн байранд үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байсан байх бөгөөд 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2003009366 дугаарт бүртгэгдэн гэрчилгээ олгогджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Дархан Сантайн ХХК-ийн захирал Я.Эрдэнэчулуунаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэлийг гардан авахдаа  “Цайхун” сургууль нь аймгийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжаар нэгж талбарын 080100270 дугаартай газрыг 20 жилийн хугацаатай эзэмших захирамж гаргуулсныг... анх олж мэдсэн” гэж тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгч нь Цайхун сургуулийн эзэмшлийн газар дээр 2007 оны 10 дугаар сард тоосгон суурьтай хайс хашаа, 2015 онд тухайн газар дээр 3 автомашины гараашийг тус тус  барьсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар нотлогдож байх бөгөөд гуравдагч этгээд “Цайхун” сургууль нь “Рич” зочид буудлын эзэн Я.Эрдэнэчулуунд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай хүсэлтүүдээ холбогдох байгууллага болох аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын захирагчийн алба, аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт удаа дараа 2012 он, 2015 онуудад тус тус гаргаж байсан, Дархан-Уул аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас  2015 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн шаардах хуудсаар Я.Эрдэнэчулуунд “Цайхун сургуулийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй тус газрыг хүлээлгэж өгөх”-ийг шаардсан боловч шаардах хуудсыг хүлээн авахаас татгалзсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Я.Эрдэнэчулуун нь маргаан бүхий захиргааны актыг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй, харин 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэг нь өмнөх 47.1.1-47.1.5-д заасан нөхцөлүүдтэйгээ харилцан уялдах байдлаар тодорхойлогдохоос бус хууль бус байх актын шинжийг 47.1.6, 47.1.7-д хамааруулан ойлгох боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан үндэслэлээр буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлээр гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлгүй байна     

 

       Иймд маргаан бүхий захирамжуудыг нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 386 дугаар захирамжийн Эрдэм хөтлөгч сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжийн  Цайхун хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт   заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 386 дугаар захирамжийн Эрдэм хөтлөгч сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр захирамжийн  “Цайхун” хятад дунд сургуульд холбогдох хэсгийг  илт хууль болохыг тогтоолгох” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.НАРАНТУЯА