Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 276

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нарт холбогдох үндсэн зээл 2500000 төгрөг 8 мөнгө, зээлийн хүү 234824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8260 төгрөг, нийт 2743084 төгрөг 8 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нар нь 2013-12-16-ны өдөр 1430004355-р гэрээ байгуулж 5.500.000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 36 сарын хугацаатай, 21.6 хувийн хүүтэйгээр авсан. 2014-7-3-ны өдөр зээлийн үлдэгдэл 4.580.000 төгрөг дээр нэмж 2.920.000 төгрөгийг авч, зээлийн нийт үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэйгээр авахдаа үндсэн зээлдэгчийн нөхөр Амарсанаагийн Мөнхцэлмэг нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013-12-16-ны өдрийн 1430005179-01 тоот барьцааны гэрээгээр 4 ханатай Монгол гэр, зочны өрөөний мөлхөө тавилга, 32 инчийн “LCD” маркын зураг зэргийг барьцаалуусан.  

2016-6-27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардсан. Зээлдэгч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нараас 2016-11-21-ний өдрийн байдлаар 2.500.000 төгрөг 08 мөнгө, зээлийн хүү 234.824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8260 төгрөг,  нийт 2.743.084 төгрөг 8 мөнгийг гаргуулж, Харилцагч зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, шүүхэд нэхэмжилсэн өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийж эхэлсэн зэргийг харгалзан харилцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг 2017 оны 1 сард багтаан төлсөн тохиолдолд цаашид батлагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Дараах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Үүнд:

 - Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шийдвэрт тусгуулах, хөрөнгө битүүмжлүүлэх, ХААН банкин дахь харилцах, хадгаламжийн данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Уурхайчин 13-17 тоотод оршин суух, РД:СК 88100602, Боржигин овогт Батцэрэнгийн Мөнх-Учрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХАС банкны нэхэмжлэлтэй танилцлаа. “Морьтын даваа” ХХК-д ажиллаж байхдаа 7.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл авсан. Эхний хоёр жилийг төлөөд байгаа. Би зээл аваад удалгүй жирэмсэн болоод ажлаасаа гарсан. Тэгээд Улаанбаатар хотын Эх нялхас эмнэлэгт төрөөд хотод амьдарч байгаа юм. Би ажил хийх боломжгүй болж нөхөр Мөнхцэлмэг жоншны уурхайд ажиллаж байсан. Тэр уурхайн цалин мөнгөө өгөхгүй болоод зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Манай нөхөр Мөнхцэлмэг нь Налайх дүүргийн нүүрсний уурхайд ажиллаж байгаа. Би 2016-11-22-ны өдөр 500.000 төгрөг, 12 сарын 8-ны өдөр 430.000 төгрөг, нийт 930.000 төлсөн. Зээлийн үлдэгдэл 1.813.084 төгрөгийг төлнө гэв.  

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Уурхайчин 13-17 тоотод оршин суух, РД:МЭ 85041314, Ховдон овогт Амарсанаагийн Мөнхцэлмэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 2016-11-22-ны өдөр 500.000 төгрөг, 12 сарын 5-ны өдөр 430.000 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 1.813.084 төгрөгийг төлнө гэв.  

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг  44-43 тоотод оршин суух, РД:СК84031912, Боржигин овогт Батцэрэнгийн Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХАС банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Мөнх-Учралд батлан даагчаар гарын үсэг зурж хамтран зээлдэгч болсон. Миний ХААН банк дахь дансыг хаахгүй байхыг хүсч байна. Би Б.Мөнх-Учралын зээлээс хамт төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нараас үндсэн зээл 2.500.000 төгрөг 8 мөнгө, зээлийн хүү 234.824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8260 төгрөг, нийт 2.743.084 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нараас үндсэн зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүү 234.824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8260 төгрөг, нийт 2.743.084 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнх-Учрал, А.Мөнхцэлмэг нар нь 2016-11-22-ны өдөр 500.000 төгрөг, 12 сарын 5-ны өдөр 430.000 төгрөгийг төлж биелүүлсэн байна. Хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.743.084 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй болно.    

Нэхэмжлэгч 2016-11-22-ны өдөр төлсөн 500000 төгрөгийг зээлийн хүүнд 80127 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 3205 төгрөг 48 мөнгө, үндсэн зээлд 416666 төгрөг 66 мөнгийг, 12-р сарын 5-ны өдөр төлсөн 430000 төгрөгнөөс зээлийн хүүнд 82326 төгрөг 2 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 4438 төгрөг 36 мөнгө, үндсэн зээлд 343325 төгрөг 62 мөнгийг тус тус төлбөрт тооцож, үндсэн зээл 1740097 төгрөг 80 мөнгө, зээлийн хүү 72370 төгрөг 12 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 616 төгрөг 16 мөнгийг тооцжээ.

Хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 2743084 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх явцад 930000 төгрөгийг төлж биелүүлж, 1813084 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нараас 2743084 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 58839 төгрөгний тал хувь 29420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

          1. Нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 2.743.084 /хоёр сая долоон дөчин гурван мянган найман зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нар нь төлөхийг зөвшөөрч 930000 төгрөгийг төлж биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58839 төгрөгний тал хувь 29419 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нараас улсын тэмдэгтийн хураамж 29419 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХАС банкны Бор-Өндөр тооцооны төвд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Мөнх-Учрал, Б.Батбаяр, А.Мөнхцэлмэг нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Т.БОЛОРМАА