Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00456

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2018/00137 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00018 дугаар магадлалтай,

Ч.Гын нэхэмжлэлтэй

Б.Мэд холбогдох

Экскаваторын түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мийн нэхэмжлэгч Ч.Гаас молтокны үнэ 44 224 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Р.Дийн хариуцагч Б.Мээс экскаваторын түрээсийн төлбөр 40 300 720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Мийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Мийн экскаваторыг нэг сарын 10.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, улмаар иргэн Б.М 50001023050000021 тоот данс руу түрээсийн мөнгөө шилжүүл гэснийх нь дагуу 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн 5007133379 тоот данснаас 33.640 ам долларыг шилжүүлсэн. Удалгүй Б.М нь экскаватороо түрээслэхээ больсон тул түрээсийн үлдэгдэл мөнгөө буцаан авахаар болж тооцоо нийлсэн бичвэр үйлдэж аль аль нь гарын үсгээ зурсан, мөн мөнгөө 2014 оны 10 дугаар сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон байдаг. Тооцоо нийлсэн бичвэр дээр ДЕМО-300 загварын молтокийг барьцаанд үлдээсэн. Гэтэл Б.М нь нэг ч төгрөгийг надад буцааж өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул иргэн Б.Мээс түрээсийн мөнгө /түрээслээгүй буюу экскаватор ашиглаагүй хугацааны/ 45.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа миний экскаваторыг түрээслэх талаар Ч.Г, Р.Д бид гурав сууж байгаад ярьсан. Тэгээд Р.Д Ч.Гд мөнгө шилжүүлээд, Ч.Г миний Хас банкны лизингэд 33 640 доллар шилжүүлсэн. Тухайн үед уурхай ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байсан. Харин экскаватор молток ажиллахгүй гэсэн шалтгаанаар зогсоогүй. Бид нарын хооронд 45 400 000 төгрөгийн тооцоо байгаа нь үнэн. Гэхдээ би төлбөрөө төлж чадахгүй бол молтокоороо хаая гэж бид гурав тохирсон зүйл байгаа. Би хавтаст хэргийн 14-р талд молтокоор хаая гэсэн тайлбар бичсэн. Мөн хх-ийн 122-р талд аудитын газар надаас тайлбар авсан. Түүн дээрээ ч гэсэн ийм, ийм учиртай төлбөрийг молтокоор хаая гэж тайлбар гаргасан. Мөн тэр мөнгө Р.Дээс шилжүүлсэн мөнгө учраас Ч.Г нэхэмжлэх эрхгүй гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г надаас мөнгө нэхэмжлээд байгаа учраас молтокны үнэ 44,224,500 төгрөгийг нэхэмжилж байна. Экскаватор ашиглаагүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45,400,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний хэвийн ажиллаж байсан DMB-300 молтокийг Ч.Г барьцаанд авсан, ингэхдээ барьцааны зүйлийг ашиглаж, эвдэлсэн гэж үзэж байна. Гэрээг анх байгуулсан Р.Д, Ч.Г нартай үлдэгдэл төлбөрт молтокоо өгөхөөр харилцан тохиролцсон байсан юм. Иймд Ч.Гаас DMB-300 маркийн молтокны үнэ болох 44,224,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх би Б.Мийн молтоктой экскаваторыг түрээсэлсэн. 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр экскаватор, молток хоёрын аль нь эвдэрсэн эсэх нь тодорхойгүй шалтгаанаар манай ажил зогссон. Мэргэжлийн хяналтын газраас манай ажлыг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зогсоосон. Тиймээс албан ёсоор Мэргэжлийн хяналтын газраас ажил зогсоохоос өмнө манай ажил зогссон байсан гэсэн үг. Р.Д, Б.М, бид гурвын хооронд төлбөрөө молтокоор хаая гэдэг яриа огт яригдаагүй. Ямар нэгэн яриа яригдсан бол Б.М бид хоёрын дунд тооцоо нийлсэн бичвэр дээр 1 сарын дотор төлбөр төлнө гэж бичигдэхгүй, харин молтокоор хаана гэж бичигдэх ёстой байсан. Хулдын уурхайг нээх талаар Засаг даргын захирамж гарч бид 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаа эхлүүлэх байсан. Тэгээд би Б.Мээс чи мөнгөө өгөх үү эсхүл молтокийг чинь ашиглах уу гэхэд ашиглаж бай гэсэн хариу өгсөн. Тэгээд молтокийг ашиглах гээд 30 минут ажиллуулахад экскаваторын гидро халах үед молток ажиллахаа больсон. Тухайн үед бидний харилцаа хэвийн байсан учраас Б.Мэд молтокийг засварт явууллаа шүү гэж хэлэхэд тэг гэсэн учраас Хера экуйпмент ХХК-д засварт өгсөн. Иймээс би молтокийг ашиглаж, эвдээгүй. Харин молтокийг барьцаанд авсан учраас төлбөрөө өгвөл молтокийг нь буцааж өгөхөд бэлэн байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Д нь Ч.Гын Б.Мээс нэхэмжлээд байгаа эксковаторын түрээсийн төлбөрт 45,400,000 төгрөгөөс 40,300,720 төгрөгийг би нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа юм. Учир нь Б.Мээс түрээслэж байсан Хас банкны лизингээр авсан экскаваторын түрээсийн төлбөрт Ч.Гын данснаас шилжүүлсэн 33.240 ам.долларын 23.000 ам.долларыг Р.Д би төлсөн юм. Ингэхдээ Ч.Гын 5007133379 тоот данс руу өөрийн 5006777042 тоот данснаас 2014.05.13-ны өдөр шилжүүлсэн юм. Мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай аудитын дүгнэлтээр экскаваторын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40,300,200 төгрөг нь Б.Мээс миний авах ёстой авлага гэж үзсэн. Б.Мээс Ч.Гын нэхэмжлээд байгаа 45,400,000 төлбөрийг түүний молтокийг ашигласан хугацаанд оруулан бид 3 тооцоо нийлсэн. Ч.Гын нэхэмжлэлтэй Б.Мэд холбогдох иргэний хэргийн шийдвэр нь Р.Д миний эрх ашгийг хөндөхөөр байх тул миний бие, бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Ч.Г нь Б.Мээс экскаваторын түрээсийн төлбөр 45,400,000 төгрөг нэхэмжилж байгаатай холбогдуулаад энэ нэхэмжлэл Р.Дийн эрх ашгийг хөндөхөөр байна гэж үзээд бие даасан шаардлага гаргасан. Бие даасан шаардлага гаргасан гол агуулга Ч.Гын Б.Мээс нэхэмжлээд байгаа 45,400,000 төгрөгөөс 40,300,720 төгрөгийг Р.Д нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир нь Б.Мээс түрээсэлж авсан Хас банкны лизингийн экскаваторын түрээсийн төлбөр нь Ч.Гын данснаас шилжүүлсэн 33.240 ам доллараас 23 000 ам долларыг 2014 оны 5 сарын 12-ны өдөр Ч.Гын данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа. Тийм учраас Б.Мээс авах ёстой авлага гэж үзэж байна. Ч.Гын нэхэмжлээд байгаа 45,400,000 төгрөгөөс 40,300,720 төгрөгийг Б.Мээс гаргуулж өгнө үү гэж бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2018/00137 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар хариуцагч Б.Мээс экскаваторын түрээсийн төлбөр 45,400,000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэгч Ч.Гаас молтокны үнэ 44,224,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Мийн сөрөг нэхэмжлэл, харуицагч Б.Мээс экскаваторын түрээсийн төлбөр 45,400,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Дийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385000 төгрөгнөөс 384950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжинд 384950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ч.Гд олгох, хариуцагч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 379072 төгрөг 50 мөнгө, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Дийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 359453 төгрөг 60 мөнгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Дээс улсын тэмдэгтийн хураамжинд 25496 төгрөг 40 мөнгийг нөхөн гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 157/ШЗ2017/00066 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч Б.Мийн Хаан, Хас, Төрийн банкнуудын харилцах дансны гүйлгээг зогсоох, хариуцагчийн улсын бүртгэлийн Ү-00000000дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-1804000374 дугаартай газар, Ү-00000000дугаартай граж, Ү-00000000дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-00000000дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 45 400 000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00018 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2018/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Мээс төлсөн 384950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгээс төлсөн 360 000 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээж, ИХШХШТХуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 379,072.50 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Б.М нь БНХАУ-ын иргэн Р.Д, МУ-ын иргэн Ч.Г нартай ярилцаж тохирсны үндсэн дээр манай банкинд хураагдсан байгаа эксковаторын мөнгийг нь төлөөд авч хэрэглэх, надад тусалж байгаа үүднээс 10 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Р.Д Ч.Гын данс руу 23 000 ам доллар шилжүүлсэн, харин Ч.Г 10 640 ам доллар нэмээд нийт 33 640 доллар буюу тухайн үеийн ханшаар 60 451 000 төгрөгийн төлбөр төлсөн. Энэ төлбөрийг надад төлөөгүй, би дансаараа аваагүй. Ч.Г банкинд төлснөөр тэрээр ярилцаж тохирсон ёсоор эксковаторыг авч ажиллуулж байгаад уурхай нь хаагдсан. Сүүлд Ч.Г манай гэрийн гадаа ирж, Р.Дийг мөн адил төлөөлөн ажилладаг байсан учир төлөөлөн ирж байна л гэж ойлгон би 45 400 000 төгрөгийн баримтанд гарын үсэг зурж, төлж чадахгүй бол молтокоороо өр барагдахаар тохиролцож бичиг үйлдэж өр үүссэн. Тэрнээс биш Ч.Г би дангаараа нэхэж байна гэсэн бол энэ бичиг хэзээ ч үйлдэгдэхгүй учир хуурамч юм. Энэ мөнгийг дан ганц Ч.Г нэхэмжилж байгаа нь буруу юм учир нь би 2 хүнд эксковаторыг 1 сарын 10 000 000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаатай түрээслүүлэхээр ярилцаж тохиролцсон. Р.Д Ч.Гын данс руу түрээсийн төлбөр 23 000 ам доллар шилжүүлсэн байхад Ч.Г ганцаараа нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй. Мөн бидэнд бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй боловч 3-лаа сууж байгаад ярилцаж амаар тохиролцсон энэ асуудлаар хэн аль нь маргаагүй байхад нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнийг өөрөөр нотлох боломжгүй. Учир нь Р.Д өөрөө бие даасан шаардлага гаргаж үүнийгээ баталж байхад шүүх үндэслэл болгоогүй нь буруу юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрийн молдокыг барьцаанд үлдээсэн ба энэ хугацаанд миний молтокыг уурхайд ашигласан байсан. Энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн байж Б.Мээс шалтгаалж эксковатор хураагдсан төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх үүргээ биелүүлж байж шаардах эрхтэй болно гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Магадлалын заалт болох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд түүний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх эрхээр хангаагүй. Тэд шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй товлогдсон өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очих боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь тэдний хууль ёсны эрх ашгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн явдал боллоо. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэмээн дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанаар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан ба хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Ч.Г нь Б.Мээс түрээсийн төлбөр 45 400 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь барьцааны зүйл болох молтокны үнэ 44 224 500 төгрөгийг  гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНХАУ-н иргэн Р.Д 45 400 000 төгрөгийн нэхэмжлэлээс 40 300 720 төгрөгийг нь Б.Мээс шаардах эрхтэй гэж үзэж, бие даасан шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ч.Г нь эксковатор түрээслэх, түрээсийн төлбөрт сар бүр 10 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2014 оны 05 сарын 13-ны өдөр 33 640 ам.долларыг Б.Мэд шилжүүлсэн ба 4 сарын дараа гэрээ цуцлагдсан байна. 2014 оны 09 сарын 06-ны өдөр зохигч талууд гэрээг цуцалж,  Б.М нь эксковатор ашигласны тооцоо 45 400 000 төгрөгийг Ч.Гд буцааж өгөх, Demio-300 молтокийг базагч, холбогч хэрэгсэлтэй нь хамт барьцаанд тавьсан болохыг  гэрээнд тусгаж, талууд гарын үсгээ зуржээ. /хх-3/ Уг гэрээнд эд хөрөнгийг барьцаалсан талаар дурдаж, мөнгөн төлбөрийн үүргийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулагдсан агуулга тогтоогдож байхад фидуцийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д нийцээгүй байна.

Зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус болохыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг заасан ба дээрх хоёр шаардлагын аль алиныг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болохыг мөн хуулийн 318.4-т заасан, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан тул уг зохицуулалт нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хэрэглэх ёстой хэм хэмжээ байна.

Гэрээ хүчин төгөлдөр бус болохоос гадна хариуцагч түрээсийн төлбөрт авсан мөнгөнөөс 45 400 000 төгрөгийг буцааж төлөхөө илэрхийлсэн баримтад тулгуурлан шүүх хариуцагчаас 45 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудал нь шүүхийн зайлшгүй хийх ёстой дүгнэлт бөгөөд шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлтэд хүрсэн бол үр дагаврыг шийдвэрлэх учиртай байна. Шүүх молтокыг гаргуулахаар шийдвэрлээгүй, орхигдуулсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний үндсэн дээр хожим байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно. Иймд хариуцагч молтокыг буцаан гаргуулах шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний дагуу шилжүүлсэн молтокыг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.  

Уг эд хөрөнгийг биетээр буцааж өгөх боломжгүй болсон байдал тогтоогдоогүй тул молтокны үнийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль нийцсэн ба гуравдагч этгээд, Б.М нарын хооронд үүрэг үүсээгүй болохыг үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагч нь 45 400 000 төгрөгийн төлбөрт молток тооцож өгөхөөр тохирсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан боловч татгалзлаа баримтаар нотлоогүй, энэ талаарх гомдол үндэслэл муутай байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг бүрэн шийдвэрлэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2018/00018 дугаар магадлал, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 134/ШШ2018/00137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492 дугаар зүйлийн 492.1.1, 235 дугаар зүйлийн 235.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.4” гэж, “...нэхэмжлэгч Ч.Гд олгож...гэснийг ...нэхэмжлэгч Ч.Гд, Ч.Гаас молтокийг гаргуулж Б.Мэд тус тус олгож...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379 080 төгрөг, 384 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА