Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 124/2021/0029/З |
Дугаар | 221/МА2021/0655 |
Огноо | 2021-12-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0655
Ш.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр:
“Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ш.Ц-ыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Музейн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4-д “Бүх шатны Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хөдөлмөрийн удирдлагыг хэрэгжүүлнэ”, 139 дүгээр зүйлийн 139.1-д “Орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг...ийн Засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ” гэж, Соёлын тухай хуулийн 221-д “Соёлын хяналтыг соёлын улсын хяналтын алба,
улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэснийг удирдлага болгон Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан, албан тушаалаас нь чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн байхад анхан шатны шүүхээс үндэслэх хэсэгтээ ”Төрийн албаны тухай хуулийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд музейн захирлын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлын хувьд томилж, чөлөөлөх эрхийг Соёлын тухай хуулиар зохицуулж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр томилж, чөлөөлөхөөр байна” гэж дурджээ. Ажлаас чөлөөлөх тухай Засаг даргын 2021 оны Б/28 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тийм зохицуулалт байхгүй.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 38 дугаартай албан бичгээр төрийн албаны зөвлөлд 2017 оны 01 сарын 13-ны өдөр зохион байгуулагдах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн байх ба хавсралтаар Увс аймгийн Музейн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг албан тушаалд тавигдах шаардлагын хамт хүргүүлсэн байна. Тус сонгон шалгаруулалтын зар Музейн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг боловсролын хувьд бакалавр чухал шаардлагатай, магистр шаардлагатай гэх ангилалд, мэргэжлийн хувьд соёл судлаач, урлаг судлаач чиглэлээр болон бусад гээд чухал шаардлагатай ангилалд, шаардлагатай гэх ангилалд соёлын өвийн чиглэлээр суралцсан байж болно гэж дурджээ. Ш.Ц сонсох ажиллагааны үеэр тайлбарлахдаа манай нам ялсан, нэг ажилд орох эрхтэй гэж удирдлагуудад шаардлага тавьж байсны хүчинд ажилд орсон гэж ярьсан байдаг, мөн дээрх Төрийн албаны зөвлөлд явуулсан албан бичиг, аймгийн Засаг даргын тамгын газраас тухайн үеийн музейн даргад албан тушаалын тодорхойлолт байхгүй гэх албан бичиг зэргээс үндэслэн шүүх шийдвэр гаргахдаа дээр дурдсан нөхцөл байдлуудыг зөв үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэлээ. Тухайн үеийн албан тушаалын тодорхойлолт байгаагүй нь хэнд ашигтай байж болох вэ? Тийм тодорхойлолт байгаагүй байхад Төрийн албаны зөвлөлд албан бичиг, шаардлагын хамт явуулж байсан зэргийг яагаад үнэлж дүгнэсэнгүй вэ гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн зүгээс шахалт үзүүлсэн, тухайн үеийн албан тушаалын тодорхойлолтыг нуун дарагдуулж устгасан нь албан тушаалын шаардлага хангаагүй байсан гэдгийг бусадтай тохиролцож нуун дарагдуулах зорилго байсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтын түвшинд шүүх бүх талаас нь үнэлж дүгнэсэнгүй.
Ажилтнуудаа дарамталдаг, хавчин гадуурхдаг нь албан хаагчдаас нь өгсөн судалгааны дүнгээр тодорхой болсон, хяналт шалгалтын баримтаар жил бүр зөрчил гаргасаар байхад яагаад хариуцлага тооцохгүй явж ирсэн талаар үнэлж дүгнэсэнгүй. Төрийн байгууллагад хариуцлага, урамшуулал байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.2-т “орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймгийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Алдаа гаргасан бол хариуцлага тооцдог, амжилттай ажиллаж байсан бол урамшуулах нь хууль ёсны шаардлага.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл нь зөв боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Ц-аас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/28 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг гаргажээ.
Анх Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Увс аймгийн Музейн даргын албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг[1] зарлаж, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ш.Ц оролцож 74,7 оноогоор тэнцсэн үндэслэлээр Увс аймгийн Музейн даргын албан тушаалд Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс нэрийг дэвшүүлжээ[2].
Үүнийг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 захирамжаар Увс аймгийн Музейн даргаар Ш.Ц-ыг томилжээ.
Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/28 дугаар захирамжаар “Орон нутгийн өмчит музейн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтод заасан албан тушаалын боловсрол, мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ц-ыг Музейн захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар “Орон нутгийн өмчит Музейн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолт”[3] баталж, Музейн захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, урлаг, хүмүүнлэг, социологи, соёл судлал, менежмент ба удирдахуйн ухааны мэргэжилтэй байхаар заажээ.
Маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгч нь Музейн захирлын албан тушаалд 4 жил гаруй хугацаагаар ажиллаж, нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй, төрийн захиргааны менежментийн мэргэшлийг эзэмшсэн[4], Соёл судлал, Соёлын өв, музейн мэргэжлээр бакалаврын зэрэг авахаар Соёл урлагийн их сургуулийн төгсөх ангид[5] болон Ховд их сургуулийн Түүхийн ухааны магистрантурт[6] суралцаж байжээ.
Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д “...аймаг, -ийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, ...-ийн Засаг дарга, ... тус тус томилж, чөлөөлнө.” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” ойлгохоор заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 40.1.2-д “ажилтан мэргэжил, ...ийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд хариуцагч Увс аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, тухайн үндэслэлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, цаашлаад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх болсон хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ тусгах үүрэгтэй.
Маргаан бүхий акт гарсан цаг хугацааны үед нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлаж, зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Музейн захирлын албан тушаалд 4 жил гаруй хугацаагаар ажиллаж байсан, нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй, төрийн захиргааны менежментийн мэргэшлийг эзэмшсэн[7], Соёл судлал, Соёлын өв, музейн мэргэжлээр бакалаврын зэрэг авахаар Соёл урлагийн их сургуулийн төгсөх ангид[8] болон Ховд их сургуулийн Түүхийн ухааны магистрантурт[9] суралцаж байсан бодит нөхцөл байдлаас үзэхэд Соёлын сайдаас баталсан “албан тушаалын жишиг тодорхойлолтод”[10] заасан Музейн захирлын албан тушаалын боловсрол, мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэтэл хариуцагчаас энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийг Соёлын сайдаас баталсан “албан тушаалын жишиг тодорхойлолтод” заасан Музейн захирлын албан тушаалын боловсрол, мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, энэхүү үндэслэлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг маргаан бүхий шийдвэрт үндэслэл болгоогүй байна.
Энэ байдлаас дүгнэхэд маргаан бүхий Б/28 дугаар захирамж нь хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай нэхэмжлэгчийн хувьд ач холбогдол бүхий боловсрол, мэргэжлийн байдлыг нарийвчлан шинжлэн судалж, тогтоох хуулийн заалтад нийцээгүй бөгөөд уг маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн “захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, тийм зохицуулалт байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн “өмнөх албан тушаалын тодорхойлолт байгаагүй байхад Төрийн албаны зөвлөлд албан бичиг, шаардлагын хамт явуулсан, түүнийг нуун дарагдуулж, устгасан нь албан тушаалын шаардлага хангаагүй гэдгийгээ бусадтай тохиролцож нуун дарагдуулах зорилго байсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүх талаас нь үнэлж дүгнэсэнгүй, ажилтнуудаа дарамталдаг, хавчин гадуурхдаг, жил бүр зөрчил гаргасаар байхад яагаад хариуцлага тооцохгүй явж ирсэн талаар үнэлж дүгнэсэнгүй” зэрэг давж заалдах гомдолдоо дурдсан нөхцөл байдлын талаар маргаан бүхий захиргааны актад дурдаагүй, уг актын үндэслэлд хамаарахгүй тул анхан шатны шүүхийг эдгээр нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгөх байсан гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримтлан” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ