Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 303

 

Ж.Энхболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч Ц.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар магадлалтай, 201510000283 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Жигмэдийн Энхболд нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Энхболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 3 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Энхболдын эзэмшлийн “Хово” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хас банкинд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Оюунгэрэл болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Дагийнамжил нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэ хэргийг мөрдөн шалгах явцад “Хово” маркийн 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ж.Энхболдын эзэмшлийнх болохыг тогтоож, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний хүсэлтээр хохирогч нараас гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой шаардлагыг хангах зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэх ажиллагааг хуулийн дагуу хийж, Ж.Энхболдын эзэмшлийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд Ж.Энхболд болон түүний өмгөөлөгч нарын зүгээс ямар нэг хүсэлт, гомдол гаргаагүй. Мөн Хас банк ч гомдол, тайлбар хийгээгүй. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад хохирогч Ц.Оюунгэрэлд 14,397,170 төгрөг, М.Пүрэвдоржид 656,220 төгрөгийг тус тус Ж.Энхболдоос гаргуулахаар заасан нь хохирол бүрэн барагдаагүйг нотолж байхад битүүмжилсэн тээврийн хэрэгслийг Хас банкинд буцааж олгохоор заасан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.  Ж.Энхболдын эзэмшлийн “Хово” маркийн автомашины өмчлөгч нь Хэнтий аймаг дахь Хас банкны салбар мөн юм гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Ж.Энхболдын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Ж.Энхболдын эзэмшлийн “Хово” маркийн автомашины өмчлөгч нь Хас банк юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Энхболд нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Зам-Үүд-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр “Хово” маркийн хүнд даацын ачааны 35-80 ХЭҮ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.15 дахь заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас иргэн Д.Мөнх-Эрдэний жолоодож явсан “Ниссан кондор” маркийн 04-35 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.Мөнх-Эрдэний амь насыг хохироон, иргэн  М.Пүрэвдоржийн  биед хүндэвтэр гэмтэл учруулж, 8,550,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Энхболд хохирогч нарт учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байхад мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор “Хово” маркийн ачааны хүнд даацын 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг тээврийн хэрэгсэл Хас банкны өмчлөлд буй үндэслэлээр хүчингүй болгож, уг банкинд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч Ж.Энхболд нь 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр өөрийн өмчлөлийн “Хово” маркийн 35-80 ХЭҮ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг “Бэйфан Бенчи” маркийн 33-69 ГЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн хамт барьцаалж Хас банкнаас 5,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатайгаар авсан байх бөгөөд осол болсны дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 65,000,000 төгрөгийн үнэтэй болохыг “Ашид Билгүүн” үнэлгээний компаниас тогтоосон байна.

Фидуцийн гэрээ нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүрэг хүлээгч үндсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд түүнд буцаан өгөх үүрэг хүлээдэг. Үүрэг хүлээгч үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах, эсвэл энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болох өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бодитой шилжих учиртай. Гэрээ дуусгавар болоогүй үргэлжилж байгаа тохиолдолд шилжилт түр бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч түүнийг захиран зарцуулах эрхгүй, зарцуулсан бол үүрэг хүлээгч  хохирлоо шаардах эрхтэй байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх иргэн Ж.Энхболд, Хас банкны хооронд байгуулагдсан 1390008427 дугаартай зээлийн гэрээ буюу үндсэн үүргийн гэрээ, 1390008427-01 дугаартай Фидуцийн гэрээг гэрээний үйлчлэх хугацаа дуусаагүй, энэ талаар талууд маргаагүй, маргаан шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад “Хово” маркийн 35-80 ХЭҮ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл, “Бэйфан Бенчи” маркийн 33-69 ГЧ улсын дугаартай чиргүүлийг Хас банкны өмчлөлд шилжүүлсэн нь шүүгдэгч Ж.Энхболд болон түүний өмчлөлийн эд зүйлээс өөрт учирсан хохирлыг төлүүлэх, гэм хорыг арилгуулах эрх бүхий этгээд хохирогч Ц.Оюунгэрэл, М.Пүрэвдорж нарын хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг хангаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Энхболдын эзэмшлийн “Хово” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хас банкинд буцаан олгосугай” гэсэн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                        Ч.ХОСБАЯР