Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 76

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

                                Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

                                Хохирогч Ц.Оюунгэрэл, М.Пүрэвдорж

                                Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, С.Нарангэрэл,                                 

                                Гэрч Б.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201510000283  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1969 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 15 гудамж 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Жигмэдийн Энхболд /РД: СЭ69062970/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Ж.Энхболд нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2015 оны ,10 дугаар сарын 18-наас 2015 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Хово маркийн ачааны шаланз 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.15 дахь заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас иргэн Д.Мөнх-Эрдэний жолоодож явсан 04-35 УНТ улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдөж Д.Мөнх-Эрдэний амь насыг хохироож, иргэн М.Пүрэвдоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдад 8.550.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015.10.18-ны өдөр Хэнтий аймгаас Ариунбаярын хамт гарч яваад Дорноговь аймгийн засмал зам дээр гараад явж байгаад 31 дүгээр тоочик дээр хоол унд идчихээд, машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгачихаад явж байсан. Тэгтэл том оврын машин нэг нэгийгээ аччихсан байсан. Урдаас ирж байгаа машин, хойноос ирж байгаа машиныг хараад гэрлээ шилжүүлээд хурдаа багасгаад тойрч гарах гэтэл урдаас сүүмэлзсэн гэрэл орж ирсэн. Тэр машин яах ийхийн зуургүй хурдтай орж ирсэн. Би зогсоох арга хэмжээ авсан. Би буугаад жолооч нь амьд юм байна гэж бодоод машины нөгөө тал руу гартал буруу талдаа рультэй машин байсан. Нөгөө машины жолооч Сугирбаттай машинаас Пүрэвдоржийг өргөж гаргасан. Тэгтэл жолооч хаана байна гээд асуугаад байсан. Би нөгөө тал руу нь гүйгээд очтол машины цаана бөөн хар юм харагдсан. Би өнгөрсөн юм байна гэж бодсон. Пүрэвдоржид ус өгсөн, Сугирбат хөнжил гаргаж өгсөн гэв.

 

Хохирогч Ц.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Миний хүүгийн машины гэрэл муу байсан гэж байхгүй. 2014.07 сард авсан машин байгаа. Энхболд өөрөө дүрмээ бариад хурдаа хэтрүүлэхгүй явсан байсан бол миний хүү өнөөдөр амьд байх байсан. ... Өлзийжаргалын өрөөнд байсан хуруу шилтэй цус хэний цус вэ гэсэн чинь Энхболдын цус гэж хэлж байсан. 20 гаруй хоногийн дараа Энхболдын цусыг шинжилгээнд өгөхгүй байж байгаад ээдүүлсэн. Би түүнийг санаатай хийсэн гэж үздэг. Драевар үлээлгэсэн гэж Энхболд хэлж байдаг. Сүүлд нь хуудсыг нь зөрүүтэй хэрэгт хийчихсэн байна лээ. Энхболд худлаа ярьж болохгүй. ... Пүрэвдоржийг дагуулаад Улаанбаатар хот явъя гэсэн чинь энэ маань үгүй гээд яваагүй. Тэгээд хуруунууд нь үхжилт өгчихсөн байна лээ. Дараа нь Улаанбаатар хот руу авч яваад эмнэлэгт хэвтүүлж байсан. Бэлэн мөнгө өгч байсан. Өөрт нь бүх хэрэгтэй зүйлийг нь авч өгч байсан. Миний санаагаар болдог бол оршуулгынхаа зардал, хүүгийнхээ машиныг 100% төлүүлж авна, байрны зээл 50 гаруй сая төгрөгийг гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирол авахгүй. Би өөрөө сэтгэл санаагаар унаад явна. Машин эвдрэх юу юм бэ хүн хөдөлмөрлөөд засна шүү дээ. 103114987 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь 22 удаа шүүхийн ялаас мултарсан хүн. Энэ удаа ял шийтгэлээ аваад ухаан сууна биз гэж бодож байна. Гарсан зурдлаа 100% гаргуулна. Сэтгэл санааны хохирол авахгүй. Надад маш их хэцүү байна гэв.

 

Хохирогч М.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би ар талынх нь орон дээр хэвтээд явж байсан. Сайншандын хаалга өнгөрөөд явж байгаад 35 дугаар тоочикийн тэр хавьд давхралдчихсан машин байсныг би харсан. Машиных нь дугаарыг хараагүй. Цаанаас ирж байсан машины гэрэл тусч байсан. Шүүгдэгч сая гэрэл харагдаагүй гэж байна. Гэрэл харагдаж байсан. Гэрэл бүдэг байсан гэж худлаа бид 2 замд гарахдаа гэрэл асч байна уу, үгүй юу гэдгийг шалгасан байгаа. Би талийгаачид цаанаас машин ирж байна шүү гэж хэлсэн. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Би хөлийн хуруугаа тайруулсан байгаа. Би өмнө нь хар ажил хийгээд өөрийгөө болгодог байсан бол одоо хүнд ажил хийхгүй болсон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад талийгаачийн ээж нь надад мөнгө өгч байсан. 5400000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Б.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ах бид 2 хамт явж байгаад энэ машиныг авсан. Ахад 24 сая төгрөг байсан, надаас 10 сая төгрөгийг авсан. Тэгээд 32 сая төгрөгөөр машиныг аваад 2 сая төгрөгөөр нь дугуй, масло авсан. Улаанбаатарын дугаар авна гээд миний нэр дээр авсан. Хохирлыг нэхэмжлэх эрхийг ээждээ олгоно гэв.

 

Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Ганзулын мөрдөн байцаалтад өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цаг 07 минутанд надруу 88164316 дугаарын утаснаас Пүрэвдорж гэдэг хүн миний 88086746 дугаарын утасруу залгаад бид хоёр машинтай мөргөлдчихлөө гэсэн... хэсэг хугацааны дараа дахин утасдахад тэр намайг эмнэлгийн машин аваад явж байна гэсэн би түүнд Мөөгий хаана байна аа гэхэд тэр Мөөгийг өнгөрчихсөн гэж хэлсэн. Ингээд би нөхрийнхөө төрсөн эгч Мөнхчимэгт хэлээд түүний нөхөртэй хамт гурвуулаа Сайншанд руу гараад осол болсон газарт очиход Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд засмал зам дээр 47-29 ДГО улсьн дугаартай ачааны том машин 44-00 УНД гэсэн машиныг ачсан байдалтай, түүний зүүн талаар улаан толгойтой 35-80 ХЭҮ улсын дугаартай автомашин замаас толгой хэсэг гарсан, энэ хоёр машины хооронд миний нөхрийн машин зогсож байсан...Би Сайншандад ирээд нөхрийнхөө биеийг дундуураа хуваагдчихсан байна гэдгийг мэдсэн...маш их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

 Хохирогч М.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 18-ны орой 10 цаг 30 минутанд Замын-Үүдээс талийгаач найз Мөнх-Эрдэний хамтаар Улаанбаатар луу каргоны ачаа ачиж 04-35 УНТ улсын дугаартай машинаар явсан...Тэгээд Сайншанд сумын цагаан хаалга өнгөрөөд 35 дугаар зөрлөгийн дунд явж байхад эсрэг урсгалд ачааны том тэрэг зогссон байхыг хараад би найз Мөнх-Эрдэнэд замд машин эсрэг урсгалд харагдаж байна шүү гэж хэлсэн. Тэгээд би өөдөөс ирж байгаа нэг бүдэг машины гэрэл, тод машины гэрэл харагдаад л өнгөрсөн. Цааш нь юу болсныг санахгүй байна. Намайг нэг ухаан ороход миний баруун хөл янгинаж өвдөөд байсан. Тэр үед намайг хүмүүс машинаас гаргаж авсан. Тэгээд удалгүй эмнэлгийн байгууллагын хүмүүс ирж намайг авч явсан. Би бусад хүмүүсийг яасан талаар асуухад нас барсан байна гэж эмнэлгийн хүн хэлсэн Найз /Мөнх-Эрдэнэ/..., бид 2 ерөөсөө архи хэрэглээгүй...би өөрт учирсан хохирлоо баримтанд тулгуурлан нэхэмжлэх болно. Миний хувьд маш их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

           

             Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим миний утас дуугарахаар нь авсан чинь манай бэр надад ээжээ Мөөгий аваарт орсон байна эмнэлэгт хэвтсэн сэхээнд байгаа гэж хэлээд би Улаан-Үүд хотоос тэр шөнөдөө гараад явсаар байгаад Сайншандад ирсэн. Хүүхдүүд маань миний хүүг нас барсан гэж хэлээгүй би хүүтэйгээ хамт явсан Пүрэвдорж гэдэг хүн рүү нь утасдаж хүүгээ байхгүй болсныг мэдсэн... Тэр жолооч дүрэм журмаараа явж байсан бол миний хүү нас барахгүй л байсан... Миний хүүгийн алтан амь эргэж төлөгдөх биш дээ гэхдээ би маш их гомдолтой байна... би машиныг нь төлүүлж авна, гарч байгаа бүх зардлыг төлүүлж авна гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

             Гэрч Д.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...бид нарыг очиход цагдаагийнхан ирчихсэн үзлэг хийж байсан. Ослын газарт бол том ачааны машин дээрээ машин аччихсан урагшаа буюу Замын-Үүд сумын чиглэл рүү машин нь хараад зогсчихсон нөгөө урсгалд нь улаан өнгийн ачааны машин замаас гарчихсан чиргүүлийг нь манай дүүгийн машин мөргөчихсөн байдалтай байсан. Бид нарыг ойртож харах гэтэл цагдаа нар ойртуулж харуулахгүй байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

             Гэрч Д.Ариунбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Хэнтий аймагт амьдардаг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай найз Бор над руу утасдаад манай хадам ах Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Хэнтийд ачаа ачаад ирээд байна, түүний машины зарим эд ангид гагнуур хийх шаардлагатай байна, чи хийгээд өгөөч гэсэн. Би ч зөвшөөрөөд Борын хадам ахынх нь машинд гагнуур хийж өгсөн. Ингээд гэртээ хариад байж байтал Бор дахин утасдан манай ах маргааш явна чи одоогоор ажилгүй байгаа юм чинь ахтай хамт яваад ирэхгүй юу, Замын-Үүдэд Хэнтий аймаг руу ачих ачаа нь бэлэн байгаа гэнэ гэхээр нь би ч зөвшөөрөөд 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгаас Дорноговь аймаг руу хөдөлсөн. Би өөрөө газар мэдэхгүй учраас хаагуур яаж яваад байгааг сайн мэдээгүй шороон замаар л яваад байсан. Засмал зам руу ороход харанхуй болсон байсан. Ингээд явж байтал 00 цагийн орчим зам дээр байшин шиг том юм харагдсан, би энд байшин байдаг юм байхдаа гэж бодоод явж байтал түүнд ойртоод ирэхэд машин зогсож байгаа юм шиг харагдсан ба энэ үед Энхболд машинаа торомзолсон, пис гээд машины хий гарсан ба Энхболд машинаа зүүн гар тал руугаа дараад нөгөө машиныг тойрох үйлдэл хийсэн ба бие биенээ ачсан машин байна гээд сонирхоод харж байх үед машин дотор миний бие дайвалзаад явчихсан, гайхаад хартал нүдний үзүүрт гэрэл орж ирээд тас няс хийх дуу чимээ гарсан. Энхболд ч машинаа зогсоогоод, машинаасаа буугаад гаднаас миний сууж байсан талын хаалгыг онгойлгосон тэгээд ямар ч юм хэлэлгүйгээр буцаад гүйсэн. Би арай хийж хаалгаар буусан ба цагаан өнгийн чингэлэгтэй машин миний талд буюу буусан хаалганаас хойш 2 метр орчим зайд зогсож байсан. Ямар нэгэн төмөр түчигнээд байсан би цагаан чингэлэгтэй машиныг тойроод очтол нэг өндөр залуу Энхболдтой хамт цагаан өнгийн машины хаалгыг лоомоор нүдээд онгойлгох гэж байсан би яаж байгаа юм бэ гэхэд энд хүн байна гаргаадахъя гэж байсан. Хаалга ч онгойсон ба дотроос нэг залууг гаргаж ирсэн ба Энхболд гайгүй юу гэхэд тэр залуу гайгүй ээ миний хөл болохгүй байна, ус байна уу? гэсэн Энхболд намайг ус аваад ир гэсэн ба өндөр залуу машинаас хөнжил авчраад нөгөө залууг хучаад байгаа бололтой байсан. Энхболд нэг хүн өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Ингээд түргэн дуудаж байсан, бас цагдаад дуудлага өгсөн. Би хүн нас барсан байна гэж сонсоод айгаад тэр хүний цогцсыг харж чадаагүй, хаана өнгөрчихсөн байгааг ч харж чадаагүй. Тухайн үед би манаралтын байдалтай болсон байсан. ...бид Хэнтий аймгаас хамт гарсан замдаа огт архи уугаагүй, бид эрүүл явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/,

 

                           Гэрч Б.Сугарбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... нилээн хүчтэй түс хийх чимээ гарсан. Цонхоороо харахад миний зүүн гар талд машин мөргөлдсөн байгаа харагдсан. Би ч тэр дороо машиныхаа зөв талын хаалгаар буухад цагаан өнгийн бүхээгтэй машинтай мөргөлдсөн байсан. Цагаан өнгийн бүхээгтэй машин кабин хэсгээрээ Хово маркийн машины чиргүүлийн аравчийг мөргөсөн, бүхээгтэй машины хэлбэр дүрс алдагдсан байсан. Автомашины жолооч нь бололтой нэг эрэгтэй хүн өөр нэг эрэгтэй хүний хамт машинаасаа буугаад ирчихсэн байсан бөгөөд би тэндээс юу болчихвоо гэх асуухад мөргөлдчихлөө гэж хэлсэн. Ингээд би өөрийнхөө 96660229 дугаарын утаснаас Одхүү гэдэг найзынхаа 86223580 дугаарын утас руу залгаад миний машин зогсож байсан газарт аваар гарчихлаа цагдаа дуудаарай гэж хэлсэн...Гэтэл цагаан өнгийн машины кабины орчимоос нэгэн эрэгтэй хүн хүний дуу гарч жолооч нь хаана байна, жолооч яасан бэ юу болчихвоо гэхээр нь би Хово маркийн автомашины жолоочоос жолооч нь хаана байгаа юм бэ? гэхэд тэр жолооч нь нас барчихсан юм шиг байна аа гэж хэлсэн. Би тэр хүнд жолооч нь яг хаана байгаа юм бэ? тусламж үзүүлэх шаардлагатай юм биш үү? гээд Хово маркийн автомашины урдуур нь тойроод зөв талд нь очиход саарал өнгийн цамцтай эрэгтэй хүний цогцосны цээж хэсэг нь тасраад дээшээ харсан юм болов уу гэхээр маш эвгүй байрлалаар газар хэвтэж байсан. Харин бөгс нь Хово маркийн автомашины шатахууны банкинд наалдсан байдалтай байсан. Харангуутаа би буцаад цагаан өнгийн бүхээгтэй машин руу очсон. Тэнд сууж байсан эрэгтэй хүн жолооч хаана байна гээд байсан ба түүнд би өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн миний хөл мэдээгүй болчихоод байна гээд байсан. Тэр залууг машинаас буулгах гээд машины хаалга онгойхгүй байхаар нь би машинаас дугуй задлагч лоом авчраад хаалгыг нь хөшсөн ингээд дотор байсан хүнийг өргөж гаргасан. Дараа нь би машинаасаа хөнжил авчран нөмрүүлэн газарт суулгасан. Ингээд эмнэлэг, цагдаа, онцгой байдлын хүмүүс ирээд хөнжил нөмрөөд сууж байсан залууг аваад явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-52 дугаар хуудас/,

 

             Гэрч Ц.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд Төрхүүгийн Ням-Осор гэгч нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн дуудлаганд очоод буцаад Сайншанд явсан. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад Сайншандын чиглэл рүү хараад засмал зам дээр ослын зогсолтын тэмдгийг хувин дээр байрлуулсан байсан. Тэр тэмдэгэнд бид нар нэлээд дөхөж очоод зүүн гар тийшээ дарж тойрон гарахад давхарлаастай ачааны  2 томмашин ямар ч гэрэл гэрэлтүүлэг асаагаагүй зогсож байсан. Сайншандад гэртээ ирээд байж байтал нэг их удалгүй 00 цаг өнгөрчихсөн байсан миний утсанд 7052102 дугаарын утсаар дуудлага ирээд Сайншандаас хойш 35 дугаар зөрлөгийн орчимд зам тээврийн осол гарсан гэж дуудлага ирсэн. Хэргийн газрын үзлэгийн хэмжилт хийгээд явж байхдаа би замын цагдаагийн байцаагч Батцэвэрт бид 23 цаг өнгөрөөгөөд энэ газраар явахад ослын зогсолтын тэмдэг байсан ш дээ” гэж хэлсэн ба ослын зогсолтын тэмдэг тавиатай байсан газар буюу засмал зам дээр шороо асгарсан байсан...шороо асгарсан газрыг давхарлаатай байсан машинаас хойш хэмжиж үзэхэд 33 билүү 34м зайтай байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

              Гэрч Д.Одхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2015 оны 10 сарын 18-ны шөнө 22 цагийн үед манай найз Сугарбат надруу яриад хотоос ирж байгаад 35 дугаар зөрлөгийн урд талд машин болохоо байгаад зогсчихлоо чи хүн дагуулаад ирээч гэсэн машины мотор болохоо больчих шиг боллоо гэсэн юм. Тэгээд би Шоогий ахыг дагуулаад машинтай очсон юм. Тэгээд Шоогий ах үзээд наад машиныг энд засах ямар ч боломж байхгүй, маргааш машин авчирч чирж очиж байж л засахгүй бол болохгүй гэсэн юм. Тэгээд Сугарбат бид 2 машин дээрээс нь шар хуванцар хувин авч дотор нь шороо хийгээд ослын тэмдгийг нь дээр нь тавьж засмал зам дээр тавьсан юм. Урд болон хойд талд нь хоёуланд нь тэмдэг тавьсан юм. Тухайн үед нилээн хол зайтай ослын тэмдэгээ тавьсан ба барагцаагаар 50 орчим метр зайд тавьсан. Намайг очиход анх Сугарбат ослын тэмдэгээ засмал зам дээр нь чулуун дээр тавьсан байхаар нь энийг жаахан өндөр болгоё гээд тэр шар хувинг авч шороо хийж дээр нь ослын гурвалжин тэмдэгээ тавьсан байсан юм. Тэгээд л Шоогий ах бид хоёр 23 цаг өнгөрөөгөөд л буцаад аймаг явсан. Харин Сугарбат машиндаа үлдээд хоцорсон юм. Тэгээд гэртээ ирээд унтах гээд байж байхад Сугарбат надруу залгаад миний зогсож байсан газар осол болчихлоо хүн амьтан нь жаахан муу байх шиг байна, эмнэлэг болон цагдаад мэдэгдээд өг гэсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

          Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтэнд: Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хавсарсан гэмтэл их биеийн тасрал хуваагдал, биеийн гадаргуугийн арьсны урагдалт, гавал тархины ил гэмтэл, гавлын дух болон зулайн ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдалт, тархины эдийн няцрал, тархины оройн болон суурийн зөөлөн бүрхүүлийн доторх цус харвалт, зүүн гарын шуу ясны бяцарсан хугарал, тасрал, 2 талын 1-1-12-р хавиргануудын зөрөөтэй хоёрчлогдсон хугарал, бүсэлхийн нугалмуудын хугарал, нугасны эдийн тасралт, аарцаг ясны дэлбэнгийн хугарал, биеийн гадаргуугийн олон тооны зөөлөн эдийн зулгаралт, няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтэл нь техник хэрэгслийн ослоос үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд ба гэмтсэн үе шатыг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд нь байна. Амь хохирогч нь гэмтэл олох үед суугаа байдалд байсан байна. Дээрх гэмтлүүд нь нэг цагт үүссэн гэмтлүүд ба мохоо хүчин зүйлийн мөргөлдөх, цохигдох, мөн зам дээр хүчтэй унах зэргээс аль алинаас нь үүсэх боломжтой бөгөөд гэмтэл үүссэн дарааллыг нарийн тогтоох боломжгүй. Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь хавсарсан гэмтэл их биеийн тасрал  хуваагдал, биеийн гадаргуугийн арьсны урагдалт, гавал тархины ил гэмтэл, гавлын дух болон зулайн ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдалт, тархины эдийн няцрал, тархины оройн болон суурийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас нас баржээ. Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь гэмтэл авсан даруйдаа нас баржээ. Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь архаг хууч өвчингүй байна. Амь хохирогч Д.Мөнх-Эрдэний цусны улаан эс задарсан тул шингэн цусанд бүлэг тогтоох боломжгүй байна. Амь хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 472 дугаартай дүгнэлтэнд: М.Пүрэвдоржийн биед тархи доргилт, баруун хөлийн тавхай ясны 1-р хурууны 1-р шивнүүрийн далд хугарал, хамрын нурууны няцарч урагдсан шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөлийн тавхай ясны1-р хурууны 1-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

             Замын цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 211 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтийн 3-д 47-29 ДГО дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Сугарбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-ийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-ээр түр буюу удаан зогсох харилцааг зохицуулна, хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд тухайн үеийн нөхцөл байдал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т заасан  зайлшгүй зогсолт байх үндэслэлтэй байна. Ново маркийн 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Энхболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “саадыг тойрон гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад Ниссан кондор маркийн 04-35 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Огтлолцох боломжгүй. 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Энхболд зам тавьж өгөх үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм биелүүлж зам тавьж өгсөн тохиолдолд зам тээврийн осол гарахгүй байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт / хх-ийн 3-р хавтас 15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2015.10.18 ны өдөр би өөрийхөө 35-80 ХЭҮ улсын дугаартай Хово маркийн ачааны шаланз машинтай Хэнтий аймгийн төвөөс 14 цагийн үед Ариунбаяр гээд дүүгийхээ найзтай нь хамт гарсан юм. Ер нь би ачаа ачаад Хэнтий аймаг орохдоо ганцаараа явж байсан ба Хэнтий аймгаас гарахдаа хань болгоод Ариунбаярыг аваад гарсан юм. Тухайн үед бид 2 огт архи дарс хэрэглээгүй эрүүл саруул явсан юм Тэгээд бид хоёр 22 цагийн үед Дорноговь аймгийн Айраг суман дээр ирээд засмал замд нийлсэн юм. Бид 2 тэндээ зогсолгүй шууд засмал замд нийлээд аймагруу явсан ба 31-р зөрлөгийн засмал замын хажуу талын зогсоолд зогсож хоол цайгаа идээд 23 цагийн үед тэндээсээ хөдлөөд машинаа би бариад явсан юм. Тэгээд 35-р зөрлөг өнгөрөөд явж байхад нилээн зайтай буюу барагцаагаар 200 орчим метрийн цаана зам дээр машины бөгсний гэрэл буюу гэрлийн цацруулагч нь гэрэлтэж харагдсан ба би тухайн үед 60-70 орчим км цагийн хурдтай явж байсан юм. Тэгээд би урд машин зогсож байна гэж бодоод хурдаа бага зэрэг хасаад явж байсан ба ойртож ирээд буюу барагцаагаар 40-50 орчим метрийн цаад талд машины гэрэлд дээрээ машин ачсан машин зогсож байгаа нь харагдсан тэгээд л би тормосоо 2 удаа гишгиж завсартайгаар хурдаа хасаад уг зогсож байсан машины ар талаас барагцаагаар 10-15 орчим метрийн цаанаас гэрлээ хол ойр дээр нь шилжүүлэн дохио өгч эсрэг урсгалруу орох дохиогоо өгөөд орсон юм. Тэр үед урдаа машин тэрэг ирж байгаа зүйл мэдэгдээгүй ба тэр зогсож байсан машины хажуу талаар чиргүүлийн дунд хэрд миний машины толгой зэгэцээд явж байтал урдаас засмал замаар машин гараад ирсэн тэгээд л би зүүн гар талруугаа рүлээ дараад замын хажуу талруу машины толгойгоо оруулаад машинаа зогсооход тэр урдаас ирж байсан машин ямар нэгэн зогсоох арга хэмжээ авалгүй шууд давхиж ирээд л миний машины чиргүүлийг мөргөөд тэр эрчиндээ миний машин замын хажуу талруу хажуу тийшээ гулсаад толгой нь эргэж засмал замруу хараад чиргүүл нь чигээрээ байрлалтай буюу Т" хэлбэрт орж зогссон юм. Тухайн үед Ариунбаяр миний баруун гар талд хажуугийн суудал дээр нь надтай юм яриад явж байсан юм. Тэгээд л би шууд буугаад машины урд талаар нь тойроод буруу талын хаалгаа нээж Ариунбаярыг буулгасан ба тухайн үед хаалга нь нээгдэж өгөхгүй байсан юм. Тэгээд л Ариунбаярыг буулгаад би нөгөө миний машиныг мөргөсөн машины ар талаар нь тойроод машины зүүн гар талын хаалгыг нь нээх гэтэл нээгдэж өгөхгүй байсан ба дотор нь нэг залуу байсан ба хөл гарч өгөхгүй байна гээд байсан юм. Тэр үед нөгөө зам дээр зогсож байсан машины жолооч гараад ирсэн байсан ба бид 2 хаалгыг нь нээх гээд нээж чадахгүй байсан юм. Тэгж байгаад нөгөө хүнийг буулгасан тэгэхэд тэр залуу жолооч хаана байна аа гээд байсан тэгэхэд нь би энэ машин нь буруу талдаа буюу баруун гар талдаа рүльтэй машин юм байна гэж мэдсэн тэгээд жолоочийг нь хараад байхад харагдахгүй байсан ба кабиний баруун гар тал нь чихэгдээд юм мэдэгдэхгүй болчихсон байсан юм. Тэр үед би нөгөө талд нь сууж явсан гэх залуугаас та нар чинь яасан унтаж явсан юм уу яасан юм бэ архи, дарс уусан юм уу гэхэд тэр залуу юм дуугарахгүй байсан юм. Тэгээд л нөгөө зогсож байсан машины жолооч залуу түргэн болон цагдаад дуудлага өгсөн юм. Миний машиныг мөргөсөн машины жолооч хэр зэрэг хурдтай явж байсан талаар нь мэдэхгүй байна гэнэт ороод ирсэн ба их л хурдтай явж байсан байх гэж бодож байна. Намайг эсрэг урсгалруу ороход өөдөөс машин ирж байгаа нь харагдаагүй юм. Тэгээд л гэнэт машин гараад ирсэн ба тэр машин их хурдтай явж байсан байх тэгээд л надад харагдахгүй байж байгаад гэнэт ороод ирсэн байх гэж бодож байна. Би тухайн үе уг машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байхдаа 20-30 орчим км цагийн хурдтай л хажуугаар нь явж байсан юм. Тэгээд өөдөөс гэнэт машин гараад ирэхээр нь зүүн гар талруугаа дараад тормоц гишгээд зогсоход миний машины урд талын 2 дугуй засмал замаас гарч замын шороон далангаас доошоо ороод зогссон ба машины толгойн ар талын дугуй засмал зам дээр байрлалтай зогссон юм тэр үед л нөгөө машин ирж мөргөсөн юм. Намайг уг машины араас орж ирж байхад уг машины ар талд засмал зам дээр ямар нэгэн анхааруулах тэмдэг тэмдзгглэгээ огт тавиагүй байсан юм. Тэгээд уг осол болсоны дараа нь цагдаа ирэхээс өмнө нь чи машиныхаа ард ямар нэгэн ослын тэмдэг дохио тавиахад яадаг юм бэ? гэхэд нөгөө зогсож байсан машины жолооч залуу уг нь тавьсан юм тэгэхэд машин тэрэг дайрч гараад тэсгээхгүй байна гэж байсан юм. .... намайг цагдаа дээр байхад буюу 2015.10.21 ны өдөр байх цагдаагийн газрын журмын хашаанд байхад Оюунгэрэл гэх хүн хүүхдүүдтэйгээ ирээд байж байсан ба намайг хар нүдний шилтэй 50 гаран настай ах миний баруун талын чихрүү цохиод авсан ба чи хүн амьтан алчихаад машин тэргээ барилаа гээд дайрч байгаад нэг удаа цохиод авсан юм. Тэгээд би журмын хашаанаас гараад явж байхад нэг хүүхэн Болдоо наадхаа алаад өг гэж хашхираад байсан ба нэг 30 гаран настай намхан махлагдуу залуу намайг заамдаж аваад журмын хашааны цементэн хана 2-3 удаа мөргүүлээд авсан юм. Тэгээд л тэнд байсан хүмүүс бүгд л намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд л би шууд цагдааруу ороод явчихсан юм. Тэгээд тэрнээс хойш 2015.11.04 нд цагдаагийн гадаа Оюунгэрэл гэх хүний охин нь гээд нэг өндөр хүүхэн намайг муу алуурчин гээд элдвээр хэлээд миний шанааруу нэг удаа цохиод авахаар нь би шууд цагдааруу ороод явчихсан ба тэр хүүхэн хойноос орж ирээд дахиад миний толгойруу гараараа нэг удаа цохиод авсан юм. Миний хувьд тухайн үед ингэж цохиулж зодуулахдаа ямар нэгэн эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл огт байхгүй ба ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Анх тэр хар нүдний шилтэй 50 гаран настай хүнээр баруун чихэндээ цохиулаад 2-3 хоног дүнгэнэж байгаад зүгээр болсон. Миний хувьд машин тэргээ эвдүүлсэн болон цохиулж зодуулсан асуудалдаа шалгуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг / хх-121-128/,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 5-12/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/

           Ашид Билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-111-112, 212-216 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-136/,

Туршилт хийсэн тэмдэглэл / 2-р хх-133-135 /,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол / 2-р хх-203-205/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Ж.Энхболд нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2015 оны ,10 дугаар сарын 18-наас 2015 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Хово маркийн ачааны шаланз 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.15 дахь заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас иргэн Д.Мөнх-Эрдэний жолоодож явсан 04-35 УНТ улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдөж Д.Мөнх-Эрдэний амь насыг хохироож, иргэн М.Пүрэвдоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт: 2015.10.18-ны өдөр Хэнтий аймгаас Ариунбаярын хамт ... явж байсан. Урдаас ирж байгаа машин, хойноос ирж байгаа машиныг хараад гэрлээ шилжүүлээд хурдаа багасгаад тойрч гарах гэтэл урдаас сүүмэлзсэн гэрэл орж ирсэн. Тэр машин яах ийхийн зуургүй хурдтай орж ирсэн. Би зогсоох арга хэмжээ авсан. ... Нөгөө машины жолооч Сугирбаттай машинаас Пүрэвдоржийг өргөж гаргасан. ... Би нөгөө тал руу нь гүйгээд очтол машины цаана бөөн хар юм харагдсан. Би өнгөрсөн юм байна гэж бодсон ... гэв, хохирогч М.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт: Би ар талынх нь орон дээр хэвтээд явж байсан. Сайншандын хаалга өнгөрөөд явж байгаад 35 дугаар тоочикийн тэр хавьд давхралдчихсан машин байсныг би харсан. Цаанаас ирж байсан машины гэрэл тусч байсан. ... Гэрэл харагдаж байсан. Гэрэл бүдэг байсан гэж худлаа бид 2 замд гарахдаа гэрэл асч байна уу, үгүй юу гэдгийг шалгасан байгаа. Би талийгаачид цаанаас машин ирж байна шүү гэж хэлсэн. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Би хөлийн хуруугаа тайруулсан байгаа. Би өмнө нь хар ажил хийгээд өөрийгөө болгодог байсан бол одоо хүнд ажил хийхгүй болсон. ... 5400000 төгрөгийг нэхэмжилж байна гэв, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Ганзулын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цаг 07 минутанд надруу 88164316 дугаарын утаснаас Пүрэвдорж гэдэг хүн миний 88086746 дугаарын утасруу залгаад бид хоёр машинтай мөргөлдчихлөө гэсэн ... хэсэг хугацааны дараа дахин утасдахад тэр намайг эмнэлгийн машин аваад явж байна гэсэн би түүнд Мөөгий хаана байна аа гэхэд тэр Мөөгийг өнгөрчихсөн гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 18-ны орой 10 цаг 30 минутанд Замын-Үүдээс талийгаач найз Мөнх-Эрдэний хамтаар Улаанбаатар луу каргоны ачаа ачиж 04-35 УНТ улсын дугаартай машинаар явсан...Тэгээд Сайншанд сумын цагаан хаалга өнгөрөөд 35 дугаар зөрлөгийн дунд явж байхад эсрэг урсгалд ачааны том тэрэг зогссон байхыг хараад би найз Мөнх-Эрдэнэд замд машин эсрэг урсгалд харагдаж байна шүү гэж хэлсэн. Тэгээд би өөдөөс ирж байгаа нэг бүдэг машины гэрэл, тод машины гэрэл харагдаад л өнгөрсөн.. гэсэн мэдүүлэг,  Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим миний утас дуугарахаар нь авсан чинь манай бэр надад ээжээ Мөөгий аваарт орсон байна эмнэлэгт хэвтсэн сэхээнд байгаа гэж хэлээд би Улаан-Үүд хотоос тэр шөнөдөө гараад явсаар байгаад Сайншандад ирсэн. Хүүхдүүд маань миний хүүг нас барсан гэж хэлээгүй би хүүтэйгээ хамт явсан Пүрэвдорж гэдэг хүн рүү нь утасдаж хүүгээ байхгүй болсныг мэдсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Ариунбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... Ингээд явж байтал 00 цагийн орчим зам дээр байшин шиг том юм харагдсан, би энд байшин байдаг юм байхдаа гэж бодоод явж байтал түүнд ойртоод ирэхэд машин зогсож байгаа юм шиг харагдсан ба энэ үед Энхболд машинаа торомзолсон, пис гээд машины хий гарсан ба Энхболд машинаа зүүн гар тал руугаа дараад нөгөө машиныг тойрох үйлдэл хийсэн ба бие биенээ ачсан машин байна гээд сонирхоод харж байх үед машин дотор миний бие дайвалзаад явчихсан, гайхаад хартал нүдний үзүүрт гэрэл орж ирээд тас няс хийх дуу чимээ гарсан. Энхболд ч машинаа зогсоогоод, машинаасаа буугаад гаднаас миний сууж байсан талын хаалгыг онгойлгосон тэгээд ямар ч юм хэлэлгүйгээр буцаад гүйсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Сугарбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... нилээн хүчтэй түс хийх чимээ гарсан. Цонхоороо харахад миний зүүн гар талд машин мөргөлдсөн байгаа харагдсан. Би ч тэр дороо машиныхаа зөв талын хаалгаар буухад цагаан өнгийн бүхээгтэй машинтай мөргөлдсөн байсан. Цагаан өнгийн бүхээгтэй машин кабин хэсгээрээ Хово маркийн машины чиргүүлийн аравчийг мөргөсөн, бүхээгтэй машины хэлбэр дүрс алдагдсан байсан. Автомашины жолооч нь бололтой нэг эрэгтэй хүн өөр нэг эрэгтэй хүний хамт машинаасаа буугаад ирчихсэн байсан бөгөөд би тэндээс юу болчихвоо гэх асуухад мөргөлдчихлөө гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Сайншандын чиглэл рүү хараад засмал зам дээр ослын зогсолтын тэмдгийг хувин дээр байрлуулсан байсан. Тэр тэмдэгэнд бид нар нэлээд дөхөж очоод зүүн гар тийшээ дарж тойрон гарахад давхарлаастай ачааны  2 том машин ямар ч гэрэл гэрэлтүүлэг асаагаагүй зогсож байсан. Хэргийн газрын үзлэгийн хэмжилт хийгээд явж байхдаа би замын цагдаагийн байцаагч Батцэвэрт бид 23 цаг өнгөрөөгөөд энэ газраар явахад ослын зогсолтын тэмдэг байсан ш дээ” гэж хэлсэн ба ослын зогсолтын тэмдэг тавиатай байсан газар буюу засмал зам дээр шороо асгарсан байсан...шороо асгарсан газрыг давхарлаатай байсан машинаас хойш хэмжиж үзэхэд 33 билүү 34м зайтай байсан... гэсэн мэдүүлэг,  Гэрч Д.Одхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Сугарбат бид 2 машин дээрээс нь шар хуванцар хувин авч дотор нь шороо хийгээд ослын тэмдгийг нь дээр нь тавьж засмал зам дээр тавьсан юм. Урд болон хойд талд нь хоёуланд нь тэмдэг тавьсан юм. Тухайн үед нилээн хол зайтай ослын тэмдэгээ тавьсан ба барагцаагаар 50 орчим метр зайд тавьсан. Намайг очиход анх Сугарбат ослын тэмдэгээ засмал зам дээр нь чулуун дээр тавьсан байхаар нь энийг жаахан өндөр болгоё гээд тэр шар хувинг авч шороо хийж дээр нь ослын гурвалжин тэмдэгээ тавьсан байсан юм. гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтэнд:... Амь хохирогч нь гэмтэл олох үед суугаа байдалд байсан байна. Дээрх гэмтлүүд нь нэг цагт үүссэн гэмтлүүд ба мохоо хүчин зүйлийн мөргөлдөх, цохигдох, мөн зам дээр хүчтэй унах зэргээс аль алинаас нь үүсэх боломжтой бөгөөд гэмтэл үүссэн дарааллыг нарийн тогтоох боломжгүй. Амь хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь хавсарсан гэмтэл их биеийн тасрал  хуваагдал, биеийн гадаргуугийн арьсны урагдалт, гавал тархины ил гэмтэл, гавлын дух болон зулайн ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдалт, тархины эдийн няцрал, тархины оройн болон суурийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас нас баржээ. гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 472 дугаартай дүгнэлтэнд: М.Пүрэвдоржийн биед тархи доргилт, баруун хөлийн тавхай ясны 1-р хурууны 1-р шивнүүрийн далд хугарал, хамрын нурууны няцарч урагдсан шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөлийн тавхай ясны1-р хурууны 1-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт, Замын цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 211 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Ново маркийн 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Энхболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “саадыг тойрон гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Энхболд зам тавьж өгөх үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм биелүүлж зам тавьж өгсөн тохиолдолд зам тээврийн осол гарахгүй байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Ж.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: … би урд машин зогсож байна гэж бодоод хурдаа бага зэрэг хасаад явж байсан ба ойртож ирээд буюу барагцаагаар 40-50 орчим метрийн цаад талд машины гэрэлд дээрээ машин ачсан машин зогсож байгаа нь харагдсан.  Тэгээд л би тормосоо 2 удаа гишгиж завсартайгаар хурдаа хасаад уг зогсож байсан машины ар талаас барагцаагаар 10-15 орчим метрийн цаанаас гэрлээ хол ойр дээр нь шилжүүлэн дохио өгч эсрэг урсгал руу орох дохиогоо өгөөд орсон юм. Тэр үед урдаас машин тэрэг ирж байгаа зүйл мэдэгдээгүй ба тэр зогсож байсан машины хажуу талаар чиргүүлийн дунд хэрд миний машины толгой зэгэцээд явж байтал урдаас засмал замаар машин гараад ирсэн тэгээд л би зүүн гар талруугаа рүлээ дараад замын хажуу талруу машины толгойгоо оруулаад машинаа зогсооход тэр урдаас ирж байсан машин ямар нэгэн зогсоох арга хэмжээ авалгүй шууд давхиж ирээд л миний машины чиргүүлийг мөргөөд тэр эрчиндээ миний машин замын хажуу талруу хажуу тийшээ гулсаад толгой нь эргэж засмал замруу хараад чиргүүл нь чигээрээ байрлалтай буюу Т" хэлбэрт орж зогссон юм гэсэн мэдүүлэг, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ж.Энхболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Оюунгэрэл мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд оршуулгын зардал 9638171 төгрөг, машины үнэ 31000000 төгрөг, 49 хоног хураасан зардал 4242600 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл 58234216 төгрөг, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг бүгд  203114987 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзээд оршуулгатай холбоотой унаа, бусад зардал 7765520 төгрөг, осолд орсон Ниссан кондор автомашины засварлах хохирол 9505000 төгрөг, 49 хоног хураахад хэрэглэсэн зардал 1126650 төгрөг, нийт 18397170 төгрөгийн хохирол нь бичгэн нотлох баримт, / 1-р хавтас199-256-р тал/ Ашид билгүүн ХХК-ны / 2-р хавтас 212 р тал/ тогтоосон үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Энхболдоос хохирогч Б.Ганзулд хохирол төлсөн 4000000 төгрөгийг нотлох баримтаар тогтоогдсон 18397170 төгрөгөөс хасч 14397170 төгрөгийг шүүгдэгч Ж.Энхболдоос гаргуулан хохирогч Ц.Оюунгэрэлд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.Оюунгэрэлийн нэхэмжилсэн байрны зээлийн үлдэгдэл төлбөр 58234123 төгрөгийн хохирлыг шийдвэрлэхэд даатгалтай холбоотой болон бусад тооцоог бүрэн хийх боломжгүй байх тул хохирогчийн нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Харин хохирогч Ц.Оюунгэрэлийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүнгээс сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөгийг гаргуулах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, зан үйлтэй холбоотой ном уншуулсан, ламын гар цайлгахад гаргасан зардал 2086500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй шууд зардал гэж үзэх үндэслэлгүй /2 дугаар хавтасны 01-04 р тал/, оршуулга, 49 хоног хураахтай холбоотой гэж бүрдүүлсэн боловч тухайн зардалтай холбоогүй / буудал,  хоол ундын төлбөр тооцоо, юуны баримт болох нь тодорхойгүй, дэлгүүрээс хэдэн сарын хэдний өдөр авсан нь тодорхойгүй баримт, гэмт хэрэг гарахаас өмнө хэрэглэсэн, баримтгүй гэх мэт 1 дүгээр хавтасны 224-241 р тал/  нэхэмжилсэн зардал 1902191 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 1000000 төгрөг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлд заасан нөхөн төлөх зардалд ордоггүй,  машины зардал 31000000 төгрөг нэхэмжилснээс шүүхээс хангаж шийдвэрлэсэн 9505000 төгрөгний үлдэгдэл 21495000 төгрөг, нийт 123483691 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч М.Пүрэвдорж шүүхийн шатанд 5400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд хохирогч Ц.Оюунгэрэлийн хохирогч М.Пүрэвдоржийн эмчилгээнд зарцуулсан гэх 656220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг үндэслэн хангах нь зүйтэй байна. Харин М.Пүрэвдоржийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс, эмчилгээний зардал нэхэмжилсэн 1243780 төгрөгийн хохирлыг тооцоолох боломжгүй байх тул  нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр дурдаж сэтгэл санааны хохирол 3 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас эвдэрсэн автомашинуудад хийгдсэн Үнэлгээний төлбөр 342000 төгрөгийг шүүгдэгч Ж.Энхболдоос гаргуулан иргэний нэхэмжлэгч “Ашид билгүүн” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Энхболдын эзэмшлийн Хово маркийн автомашин нь Иргэний хуулинд заасан фидукцийн гэрээгээр Хас банкны өмчлөлд байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хас банкинд буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Энхболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүллээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жигмэдийн Энхболдыг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхболдод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхболдод оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Ж.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Энхболдын эзэмшлийн Хово маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хас банкинд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхболдоос 342 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Ашид билгүүн” ХХК-д олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхболдоос 15 053 390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунгэрэлд 14 397 170 төгрөг, хохирогч М.Пүрэвдоржид 656 220 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас 126 483 691 төгрөгийг, хохирогч М.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Оюунгэрэлийн 58 234 126 төгрөгний хохирол, хохирогч М.Пүрэвдоржийн 1 243 780 төгрөгний хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 68 дугаар зүйлийн 68.2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Энхболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурорт шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                             Х.ГАНБОЛД