Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0396/З |
Дугаар | 221/МА2022/0045 |
Огноо | 2022-01-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0045
Я.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Я.С-ийн 8 сарын чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацааг ажилласан жилд оруулан тооцохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 725 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Я.С, түүний өмгөөлөгч Д.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч н.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0396/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.С-ээс Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Я.С-ийн 8 сарын чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацааг ажилласан жилд оруулан тооцохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.9-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Я.С-ийн 8 сарын чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацааг ажилласан жилд оруулан тооцохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг захиргааны байгууллага хангаж ажилласан бөгөөд шүүхийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангагдсан.
3.2. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” шийдвэрийн төсөл сонсох ажиллагааны “Санал” гэсэн хэсэгт шийдвэрийн төсөл сонсох ажиллагаанд оролцож байгаа оролцогчийн саналаа өгөх боломжоор хангасан байдаг. Энэхүү санал хэсэгт Я.С “тушаалын төсөлтэй танилцлаа” гэж бичиж гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгчээс тухайн оногдуулж буй сахилгын шийтгэлд холбогдуулан ямар нэгэн санал, тайлбар, эс зөвшөөрөгдсөн байдал байхгүй, зөвхөн танилцлаа гэдэг агуулгаар бичсэн байгаа нь өөрийн хийсэн үйлдлийг зөвшөөрч буйг илтгэж байгаа юм.
3.3. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтуудыг дутуу үнэлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамт олны хурал дээр Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглагдан ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэр ирсэн байхад өөрт нь өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгээгүй, энэ бичиг хаана, хэнд байгаа болохыг тухайн үед архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан албан хаагчаас тодруулахад захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.С “Надад байгаа, би тус албан бичиг, шүүхийн шийдвэрийг би өөртөө өг гэж хэлсэн юм” гэж хэлсэн.
3.5. Дээрх үйл явдлууд нь тухайн үед архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ажилтантай хийсэн уулзалтын тэмдэглэл, Монгол шуудан компанийн шуудан хүлээлгэн өгсөн баримтаар тус тус нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг мөн дутуу үнэлж, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.Схэд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 8 сарын чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацааг ажилласан жилд оруулан тооцохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, “8 сарын чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацааг ажилласан жилд оруулан тооцохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.
2.3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.4. Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар Захиргааны хэлтсийн дарга Я.С нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглагдан ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэрийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа авч, удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж, албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох заавар, стандартад нийцүүлэн хөтлөх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан хэмээн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2.5. Хэрэгт авагдсан Сонсох ажиллагааны тэмдэглэл[1], архив бичиг хэргийн ажилтан Т.Туяатай хийсэн уулзалтын тэмдэглэл[2], ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт[3], “Монгол шуудан” ХК-ийн шуудангийн дэвтрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өрийн 1/9081 дүгээр албан бичгээр Нийслэлийн Дотоод аудитын газарт хүргүүлснийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байх боловч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон, улмаар нэхэмжлэгчээv уг үйл баримтыг үгүйсгэхгүй байна.
2.6. Тодруулбал, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Захиргааны хэлтсийн дарга албан тушаалтай Я.С нь байгууллагад ирсэн бичгийг бүртгэл хяналтын картад бүртгүүлэлгүй, архив, бичиг хэргийн ажилтанд “надад өгөөрэй” хэмээн хууль бус үүрэг даалгавар өгч, өөртөө авсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Нийслэлийн Дотоод аудитын газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын хүрээнд 2-т “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох заавар, стандартад нийцүүлэн хөтлөх ажлыг удирдан зохион байгуулах” хэмээн заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, албан тушаалын тодорхойлолт заасан чиг үүргээ биелүүлээгүй зөрчилд тооцогдох бөгөөд энэхүү үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
2.7. Гэтэл анхан шатны шүүхээс “... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг тухайн баримт материалтай танилцаж, нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг хангалгүй сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй” гэсэн дүгнэлт хийж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2.8. Маргаан бүхий актын үндэслэлд заасан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсоны дээр хавтаст хэрэгт шийдвэрийн төсөл сонсох ажиллагааны хуудас, сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан байх тул хариуцагч захиргааны байгууллагыг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, гаргасан зөрчлийг урьдчилан танилцуулж, нэмэлт тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр хангаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлсэн” талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.
2.9. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрт дурдсан сонсох, мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлснээр маргаан бүхий актын эрх зүйн үр дагаварт нөлөөлөхөөргүй, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нэгэнт тогтоогдсон байх тул "сонсох ажиллагаа" явуулаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй юм.
3. Ийнхүү анхан шатны шүүх хариуцагчийг шийдвэр гаргах ажиллагааны зөрчил гаргасан талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.Схэд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, 2, 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг тус тус оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг тус тус баримтлан Я.Схийн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.Схэд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэснийг “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН