Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0699

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, хариуцагч Б.О, М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Э.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “М” ХХК-ийн шүүхэд гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...”М” ХХК-ийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч шалгаж дараах дутагдлыг илрүүлэн торгуулийн арга хэмжээ болох 80,333,037 төгрөгийн төлбөр ногдуулсан билээ.

Үүнд, “А” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдан авсан бараа материалыг хуурамч гэж үндэслэлгүй гүтгэж хоёр талын харилцан хүлээн зөвшөөрөлцсөн падаан, Татварын албаны баталгаажсан тайланг баримтаар нотлогдож байхад үүнийг үгүйсгэж торгууль ногдуулж байгаа ямар ч хууль эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна.

“А” ХХК нь 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 болон 18 дугаар зүйлийн 18.3-ын 1-ээр шалгагдаж байсан байдаг нь “М” ХХК-тай ямар ч хамааралгүй болох нь тодорхой байхад, хамааралтай болгох гэж илтэд гүтгэсэн. Тус эрүүгийн 201725020896 дугаартай хэрэг нь 2018 ондоо хэрэгсэхгүй болж хаагдаж байсан байхад одоо намайг буруутган гүтгэж торгууль ногдуулж байгаад гомдолтой байна.

2015 онд 171,580,727 төгрөгийн борлуулалтын орлого нь 2014 оны 12 дугаар сарын 17 болон 12 дугаар сарын З0-ны өдөр орсон гүйцэтгэлийн мөнгө байж таарсан. Эдгээр орлого нь ил тодын тайланд тусгагдсан. Татварын ерөнхий газраас тодорхойлолтоос харагдаж байдаг. 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө орсон бүх гүйцэтгэлийн орлого нь ил тодын тайланд хамрагдсан байгаа.

Энэ 2 төрлийн нөхцөлөөр торгууль ногдуулсан байдал нь ямар ч нотолгоо байхгүй зөвхөн өөрсдийн бодлыг хуулийн зарим нэг заалтуудтай уялдуулж тулгасан нь эрх зүйн үндэс байхгүй нь хэргийн материалтай танилцаж байх явцад тодорхой харагдаж байгаа юм.

Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг 2015 онд 171,580,727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “А” ХХК-аас 363,636,363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасны дагуу 53,521,727.30 төгрөгийн нөхөн татвар, 19,488,127.30 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги, 51,474.20 төгрөгийн хүү, нийт 80,334,037.90 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “М” ХХК-аас “... “А” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичилт хийсэн 0018682276 дугаар падаан нь хоёр талын татварын тайланд тусгагдсан, татварын албаар баталгаажсан, бараа материал хүлээж авсан зарлагын баримт, кассын орлогын ордертой” гэх үндэслэлээр маргажээ.

Харин хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18682276 дугаар падаанаар 363,636,363.63 төгрөгийн бараа, материалыг “А” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авснаар 2015 оны 10 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, уг худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож тайлагнасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

“А” ХХК-ийн захирал нь 2015-2016 онуудад олон тооны аж ахуйн нэгжүүдэд “... бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бусдад олгосон” болох нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандаж, “...Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэний дагуу, Татварын ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Татварын хэлтэст хандан нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн, дээрх компаниас “хий бичилттэй” нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад “М” ХХК[1] багтсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 14 дүгээр зүйлийн 14.4-д “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус зааснаас үзвэл, “М” ХХК нь “А” ХХК-аас 363,636,363.63 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг худалдан аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй атлаа хуурамчаар үйлдсэн падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдож байна

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бараа материал борлуулсан “А” ХХК нь “ямар нэг борлуулалт хийгээгүй, ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн” үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор тогтоогдсон байх тул “М” ХХК-ийн худалдан авсан гэх нийт 363,636,363.63 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн “...тайлагнасан урьдчилж орсон орлого болон банкны дансны хуулгаар орж ирсэн орлого энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулснаа шинээр тайлагнасан орлого биш, нөгөөтэйгүүр энэ хуулиар чөлөөлөгдөх татвар болон хүү, торгууль, алданги нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд гаргасан байвал зохих санхүү, татварын тайланд хамаарах бөгөөд тус компанийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хийгдсэн борлуулалтын орлого, 2015 оны 10 дугаар сарын 30-нд бичигдэж, 10 дугаар сарын тайланд тусгагдсан худалдан авалт энэ хуулийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:” гэж зааснаас үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө албан татвар төлөгч татварын албанд тайлангаа мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч сайн дурын үндсэн дээр нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Гэвч “М” ХХК нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайланд 278,488,800 төгрөгийг эхний үлдэгдэлд тооцуулсан, тухайн жилд дансны хуулгаар орж ирсэн нийт орлого нь 587,589,411 төгрөг байх бөгөөд нийт 866,078,211 борлуулалтын орлогоос тайлагнасан орлого болох 615,754,010 төгрөгийг хасч үлдэх тайлагнаагүй орлого болох 171,580,727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан ... 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан, ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх зохицуулалттай байхад гомдол гаргагч “М” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш олсон борлуулалтын орлогыг нуун дарагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

 

[1] Хавтаст хэргийн 63 дугаар тал,