Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00027

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч. 1990 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 11 дүгээр гудамж 15 тоотод оршин суух, Чонос овогт Батбаатарын Сувд /РД:90070806/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2016/00672/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сувд, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1981 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Усны гудамж 215 тоотод оршин суух, Боржигон овогт Намчингийн Пүрэвсайхан /РД:ГЖ81021219/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Сувд миний бие нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажлын байранд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хугацаандаа сургуулийн дотуур байрны дэг журам, суралцагчийн амьдрах нөхцлийг сайжруулахад ихээхэн анхаарч тодорхой ажлуудыг хийж ажиллаж байтал сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 тоот тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаасаа халагдсан. Миний бие тушаалд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тушаалын үндэслэлд заасан сургалт тасалсан тухайд дотуур байрны багш нь ээлжийн ажилтай бөгөөд бид 24 цаг ажиллаж 48 цаг амардаг юм. Тушаалд дурьдсан 11 дүгээр сарын 23-ны өдөр миний гарааны нөхөн амралттай өдөр байсан бөгөөд тухайн үед миний бие Дархан-Уул аймаг явах хувийн шалтгаан байсан учир ажлаас буусан өглөө захирал Н.Пүрэвсайхантай уулзан учир явдлаа хэлэхэд 11 дүгээр сарын 24-ний гарах ээлжээ нөгөө ээлжийн багштайгаа тохирвол явж болно гэсэн зөвшөөрлийнх нь дагуу би багш Ганбаттай 24-ний өдөр түүнийг гаргахаар тохирч би Дархан-Уул аймаг явсан. Ийм учраас би сургалтыг тасалж зөрчил гаргасан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө дотуур байрны сурагчдын хооронд маргаан гарсан нь үнэн бөгөөд энэ үед нэгийгээ зодож гэмтээсэн ноцтой асуудал гараагүй юм. Энэ асуудлын талаар тухайн үед эд хариуцсан нярав, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг учир шалтгааныг тодруулж асуухад нь хэрүүл маргаан гарсан шалтгааныг хэлсэн. 2 хоногийн дараа захирал өөрөө дотуур байрны багш байсан П.Мягмарсүрэн бид хоёрыг дуудаж тухайн хэрэг болсон талаар сонсож тайлбар авсан. Хэргийн бодит үнэнийг мэдсээр байж хоёр сарын дараа дээрхи асуудалд намайг буруутган ажлын хариуцлага алдсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж буйг хууль бус гэж үзэж байгаа тул Булган аймаг дахь хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага сургалт судалгааны Полиси төвөөс сургуулийн бүх багш, ажилтнуудад "Ажилтны зан төлөвийн хөгжүүлэлт, ажилтны ёс зүйн төгөлдөршил болон ажлын байрны стандартыг сайжруулах" сэдэвт төлбөртэй сургалтыг авахаар тохирсон бөгөөд уг сургалт нь 2016 оны 11 дүгээр сарын 23-нд бүтэн өдрийн турш зохион байгуулагдсан. Дотуур байрны багш Б.Сувд нь тухайн сарын 24-ний өдөр чөлөө авч Дархан-Уул аймаг руу явах тухайгаа хэлж байсан боловч 23-ны өдрийн сургалтаас чөлөө авах тухай болон Дархан-Уул аймаг өмнө нь явах талаар огт дурдаагүй бөгөөд удирдлагын зүгээс сургалтандаа суугаад 11 дүгээрсарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг руу чөлөө авч явна гэсэн ойлголттой байсан. Гэтэл 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалт эхлэхэд Б.Сувд байхгүй байсан бөгөөд миний бие утсаар холбогдоход сургалттай өдрөө андуурсан байна гэсэн тайлбарыг өгсөн. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.31-т чөлөө авахдаа заавал чөлөөний хуудас бөглөж удирдах ажилтнаар цохолт хийлгэж хичээл болон ажилдаа зохицуулалт хийлгэнэ гэж заасан байдаг бөгөөд Б.Сувд нь 11 дүгээр сарын 24-ний өдөр ямар нэгэн чөлөөний хуудас бичиж албан ёсоор цохуулаагүй мөн Хөдөлмөрийн гэрээний 3.13-т ажил олгогчоос зохион байгуулж буй сургалт, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцоно гэж заасан байдаг. Уг сургалтыг 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулах, сургалтанд үндсэн багш, ажилтнаас гадна цагийн багш нар бүгд хамрагдах талаар удирдлагын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хамт олны хурлаар тодорхой хэлж үүрэг даалгавар өгсөн. Дотуур байрны суралцагчдын аюулгүй амьдрах, дэг журмыг сахиулах талаар дотуур байрны багш Б.Сувд нь хариуцлагагүй ажиллаж удаа дараа ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. 2015 оны 12 сард дотуур байрны суралцагчыг дуудлагаар ирсэн цагдаа нар багшийн өрөөнд нь оруулж төмөр орны толгойгоор биеийг нь хөх няц болтол зодож байхад таслан зогсоогоогүй мөн энэ талаар удирдлагад мэдэгдээгүй ноцтой зөрчил гаргаж тухайн суралцагч нь айдаст автаж сургуулиа хаяж яваад эргэж ирээгүй. Энэ талаар нь сургуулийн зүгээс Цагдаагийн газрын удирдлагад мэдэгдэж тухайн цагдаад нь хариуцлага тооцуулсан. Мөн Б.Сувдыг ажилдаа хариуцлагагүй хандаж ноцтой зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байсан. Мөн 2016 оны 09 дүгээр сард чөлөө зөвшөөрөлгүй ажлаа нэг өдөр тасалж сахилгын шийтгэл авсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ээлжинд гарах хугацаанд нь шөнийн 2 цагийн үед гаднаас хүмүүс ирж 1 давхарын цонхны хамгаалалт төмрийг эвдлэн дотуур байрны эмэгтэй, эрэгтэй нийлсэн 10-аад суралцагчдыг өрөөний цонхоор гарган согтууруулах ундаа хэрэглэж шөнийн 3 цагийн орчим эргэж цонхоор орон үлдсэн суралцагчдын амар тайван байдлыг алдагдуулж хоорондоо маргалдан зодолдсоноос Тэмүүлэн гэх суралцагчын нүүр рүү Хишигжаргал гэх суралцагч цохиж хацар нь хөхөрч хавдсан. Мөн Тэмүүлэн гэх суралцагч зөрүүлээд аяга шидэж засвар хийсэн өрөөний ханыг гэмтээсэн зэрэг зөрчлүүд гаргасан байтал дотуур байрны багш энэ бүх хэргийг дууссаны дараа нь орж мэдсэн нь ажилдаа хариуцлагагүй хандсан ноцтой зөрчил гаргасан. Уг суралцагчдын цонхоор гарсан болон зодолдсон өрөө нь 1 давхарт багшийн өрөөний дэргэд байдаг атал тухайн үйл явдлуудыг мэдээгүй байгаа нь хариуцлагагүй хандсаныг илтгэж байна. Уг асуудлын нарийн учрыг удирдлагын зүгээс судалж үзэхэд хугацаа шаардсан бөгөөд сургуулийн ёс зүйн зөвлөлөөр дотуур байрны суралцагчдыг 2016 оны 11 дүгээр сард дуудаж тайлбар авахад шалтгаан нь тодорхой болсон бөгөөд үүний дараа дотуур байрны багш Б.Сувдад хариуцлага тооцсон. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сувд нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалтын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Сувд нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчиж сургалт тасалсан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж маргажээ. /хх-18-19/

Нэхэмжлэгч Б.Сувд нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байранд багшаар ажиллаж байсан батүүнийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2- т зааснаар Б.Сувд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Б.Сувдыг ажлаас чөлөөлөхдөө 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургуулийн захиргаанаас Полиси төвтэй хамтран зохион байгуулсан сургалтыг тасалсан, дотуур байрны дэг журмыг сахиулах үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ажлын хариуцлага алдсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг баримталжээ. /хх-8/

Нэхэмжлэгч тал 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Сувд дотуур байрны багшийн үүргийг гүйцэтгэж байхад дотуур байрны сурагчид хоорондоо зодолдсон зөрчлийг илрүүлснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа өнгөрсний дараа сахилгын арга хэмжээ авсан нь хууль бус гэж маргаж байгаа хэдий ч тухайн зөрчилтэй холбогдуулан байгууллагын зүгээс хяналт шалгалт хийж илрүүлсэн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй болно.

Харин 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т зааснаар Ажилтан нь ажил олгогчоос зохион байгуулж буй сургалт, хурал зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох үүрэгтэй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сургуулийн захиргаанаас Полиси төвтэй хамтран зохион байгуулсан сургалтыг тасалсан болох нь талуудын тайлбар, сургалтын мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай баримтаар, мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дотуур байрны багшийн үүргийг гүйцэтгэж байхад дотуур байрны суралцагчид хоорондоо зодолдсон болох нь ээлжийн багш Б.Сувдын ...Лхагвадулам, Солонго, Бямбацэцэг, Ангирмаа, Отгонцэцэг нар хоорондоо зодолдов, 2230 цагт бүгд унтав, 0230 цагт Тэмүүлэн, Хишигжаргал нар хоорондоо зодолдов гэсэн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон /хх-29/ тул Б.Сувдыг Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан Дотуур байрны дотоод дэг журмыг сурагчдаар сахин хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийг шаардах, биелэлтийг хангуулах үүргээ хангалтгүй биелүүлж, зөрчил гаргасан гэж дүгнэхээр байна. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох ба эдгээр зөрчил тус, тусдаа баримтаар нотлогдсон байвал зохино. Б.Сувдад ажил олгогчоос 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 95 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.11, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3, 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/44 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.2.3-т зааснаар тус тус сахилгын шийтгэл ногдуулсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хуулийн хугацаа дуусаагүй байхад дахин дээрх зөрчлийг гаргажээ.

Ажил олгогч нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон, хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Сувдын нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ