Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 02

 

 

Б.Сувдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2016/00672/И

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэртэй,

 

           Б.Сувдын нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Сувд, түүний  өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Пүрэвсайхан

           Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

 

        Нэхэмжлэгч Б.Сувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сувд миний бие нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажлын байранд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хугацаандаа сургуулийн дотуур байрны дэг журам, суралцагчийн амьдрах нөхцлийг сайжруулахад ихээхэн анхаарч тодорхой ажлуудыг хийж ажиллаж байтал сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 тоот тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаасаа халагдсан. Миний бие тушаалд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тушаалын үндэслэлд заасан сургалт тасалсан тухайд дотуур байрны багш нь ээлжийн ажилтай бөгөөд бид 24 цаг ажиллаж 48 цаг амардаг юм. Тушаалд дурьдсан 11 дүгээр сарын 23-ны өдөр миний гарааны нөхөн амралттай өдөр байсан бөгөөд тухайн үед миний бие Дархан-Уул аймаг явах хувийн шалтгаан байсан учир ажлаас буусан өглөө захирал Н.Пүрэвсайхантай уулзан учир явдлаа хэлэхэд 11 дүгээр сарын 24-ний гарах ээлжээ нөгөө ээлжийн багштайгаа тохирвол явж болно гэсэн зөвшөөрлийнх нь дагуу би багш Ганбаттай 24-ний өдөр түүнийг гаргахаар тохирч би Дархан-Уул аймаг явсан. Ийм учраас би сургалтыг тасалж зөрчил гаргасан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө дотуур байрны сурагчдын хооронд маргаан гарсан нь үнэн бөгөөд энэ үед нэгийгээ зодож гэмтээсэн ноцтой асуудал гараагүй юм. Энэ асуудлын талаар тухайн үед эд хариуцсан нярав, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг учир шалтгааныг тодруулж асуухад нь хэрүүл маргаан гарсан шалтгааныг хэлсэн. 2 хоногийн дараа захирал өөрөө дотуур байрны багш байсан П.Мягмарсүрэн бид хоёрыг дуудаж тухайн хэрэг болсон талаар сонсож тайлбар авсан. Хэргийн бодит үнэнийг мэдсээр байж хоёр сарын дараа дээрхи асуудалд намайг буруутган ажлын хариуцлага алдсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж буйг хууль бус гэж үзэж байгаа тул Булган аймаг дахь хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай  тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага сургалт судалгааны “Полиси” төвөөс сургуулийн бүх багш, ажилтнуудад "Ажилтны зан төлөвийн хөгжүүлэлт, ажилтны ёс зүйн төгөлдөршил болон ажлын байрны стандартыг сайжруулах" сэдэвт төлбөртэй сургалтыг авахаар тохирсон бөгөөд уг сургалт нь 2016 оны 11 дүгээр сарын 23-нд бүтэн өдрийн турш зохион байгуулагдсан. Дотуур байрны багш Б.Сувд нь тухайн сарын 24-ний өдөр чөлөө авч Дархан-Уул аймаг руу явах тухайгаа хэлж байсан боловч 23-ны өдрийн сургалтаас чөлөө авах тухай болон Дархан-Уул аймаг өмнө нь явах талаар огт дурдаагүй бөгөөд удирдлагын зүгээс сургалтандаа суугаад 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг руу чөлөө авч явна гэсэн ойлголттой байсан. Гэтэл 11 дүгээр сарын 23-ны өдөр сургалт эхлэхэд Б.Сувд байхгүй байсан бөгөөд миний бие утсаар холбогдоход сургалттай өдрөө андуурсан байна гэсэн тайлбарыг өгсөн. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.31-т чөлөө авахдаа заавал чөлөөний хуудас бөглөж удирдах ажилтнаар цохолт хийлгэж хичээл болон ажилдаа зохицуулалт хийлгэнэ гэж заасан байдаг бөгөөд Б.Сувд нь 11 дүгээр сарын 24-ний өдөр ямар нэгэн чөлөөний хуудас бичиж албан ёсоор цохуулаагүй мөн Хөдөлмөрийн гэрээний 3.13-т ажил олгогчоос зохион байгуулж буй сургалт, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцоно гэж заасан байдаг. Уг сургалтыг 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулах, сургалтанд үндсэн багш, ажилтнаас гадна цагийн багш нар бүгд хамрагдах талаар удирдлагын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хамт олны хурлаар тодорхой хэлж үүрэг даалгавар өгсөн. Дотуур байрны суралцагчдын аюулгүй амьдрах, дэг журмыг сахиулах талаар дотуур байрны багш Б.Сувд нь хариуцлагагүй ажиллаж удаа дараа ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. 2015 оны 12 сард дотуур байрны суралцагчыг дуудлагаар ирсэн цагдаа нар багшийн өрөөнд нь оруулж төмөр орны толгойгоор биеийг нь хөх няц болтол зодож байхад таслан зогсоогоогүй мөн энэ талаар удирдлагад мэдэгдээгүй ноцтой зөрчил гаргаж тухайн суралцагч нь айдаст автаж сургуулиа хаяж яваад эргэж ирээгүй. Энэ талаар нь сургуулийн зүгээс Цагдаагийн газрын удирдлагад мэдэгдэж тухайн цагдаад нь хариуцлага тооцуулсан. Мөн Б.Сувдыг ажилдаа хариуцлагагүй хандаж ноцтой зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байсан. Мөн 2016 оны 09 дүгээр сард чөлөө зөвшөөрөлгүй ажлаа нэг өдөр тасалж сахилгын шийтгэл авсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ээлжинд гарах хугацаанд нь шөнийн 2 цагийн үед гаднаас хүмүүс ирж 1 давхарын цонхны хамгаалалт төмрийг эвдлэн дотуур байрны эмэгтэй, эрэгтэй нийлсэн 10-аад суралцагчдыг өрөөний цонхоор гарган согтууруулах ундаа хэрэглэж шөнийн 3 цагийн орчим эргэж цонхоор орон үлдсэн суралцагчдын амар тайван байдлыг алдагдуулж хоорондоо маргалдан зодолдсоноос Тэмүүлэн гэх суралцагчын нүүр рүү Хишигжаргал гэх суралцагч цохиж хацар нь хөхөрч хавдсан. Мөн Тэмүүлэн гэх суралцагч зөрүүлээд аяга шидэж засвар хийсэн өрөөний ханыг гэмтээсэн зэрэг зөрчлүүд гаргасан байтал дотуур байрны багш энэ бүх хэргийг дууссаны дараа нь орж мэдсэн нь ажилдаа хариуцлагагүй хандсан ноцтой зөрчил гаргасан. Уг суралцагчдын цонхоор гарсан болон зодолдсон өрөө нь 1 давхарт багшийн өрөөний дэргэд байдаг атал тухайн үйл явдлуудыг мэдээгүй байгаа нь хариуцлагагүй хандсаныг илтгэж байна. Уг асуудлын нарийн учрыг удирдлагын зүгээс судалж үзэхэд хугацаа шаардсан бөгөөд сургуулийн ёс зүйн зөвлөлөөр дотуур байрны суралцагчдыг 2016 оны 11 дүгээр сард дуудаж тайлбар авахад шалтгаан нь тодорхой болсон бөгөөд үүний дараа дотуур байрны багш Б.Сувдад хариуцлага тооцсон. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Сувдын нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдан шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Б.Сувд, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь ХАА-н МСҮТ-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 тоот тушаалд  “…дотуур байрны дэг журмыг сахиулах үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ажлын хариуцлага алдсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул…” гэж ажлаас чөлөөлсөн байхад шүүх ажил олгогч нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй хуульд нийцсэн гэж дүгнэлээ гэжээ. Энэ тушаалд дурдсан үндэслэлүүд нь дараах байдлаар хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

-2016 оны 10 дугаар сарын 04-нд дотуур байрны жижүүр багш хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийсэн асуудлыг дууссаны дараа мэдсэн биш уг асуудлыг зохицуулж таслан зогсоосон нь насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тодорхойлогдоно. Энэ асуудал болсоны дараа буюу 10 дугаар сарын 06-ны өдөр захирал багш байрны багш нарыг өрөөндөө дуудан тухайн өдөр болсон асуудлыг сонсож мэдсэн хирнээ сахилгын арга хэмжээг 12 дугаар сарын 01-ний өдөр авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж тухайн зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хариуцлага тооцсон.

-2016 оны 11 дүгээр сарын 23-нд болсон Полиси сургалт, судалгааны төвтэй хамтран сургалт явуулах тухайгаа хамт олны хурал зөвөлгөөн дээр ярьж байсан ч товлогдсон өдрөөсөө хойшилж хэзээ болох нь тодорхойгүй байсан, төлбөртэй тул нийт багш нараасаа төлбөрийн мөнгө 20000 төгрөг хураах асуудлыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан болохоос сургалт 23-ны өдөр болно гэж зуруулаагүй. /энэ гарын үсэг зуруулсан баримт өөрөө он, сар, өдөр тавигдаагүй/

        Б.Сувд багш 11 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа гарч байхдаа Дархан-Уул аймаг явах хувийн шалтгаан байгаагаа захирал багшид хэлж 24-ний ажлаас чөлөө хүсэхэд гараагаа зохицуулаад явахыг амаар зөвшөөрсөн байдаг. Ээлжийн ажилтай тул 11 дүгээр сарын 23-ны өдөр амрах өдөр нь байсан. Хөдөлмөрийн гэрээний 3.13-т “ Ажил олгогчоос зохион байгуулж буй сургалт, хурал зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцоно” гэж заасан хэдий ч үүнийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно гэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй.

      Иймд Б.Сувдыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хуульд нийцээгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэн хянуулахаар гомдол гаргав” гэжээ

 

                                                                    ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 заасан шаардлагыг хангаагүй байна.

        Нэхэмжлэгч Б.Сувд нь Булган аймаг дахь  Хөдөө Аж Ахуйн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

         Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Сувд нь 2015 оны 9 дүнээр сарын 30-наас  Булган аймаг дахь ХАА-н МСҮТ-д оюутаны байрны багшаар ажиллаж байгаад  2016 оны 12 дугаар сарын  1-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачлагаар  хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

           Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, 131.1.3 дахь заалт, “Төсвийн тухай хуулийн” 16 дугаар зүйлийн 6.5.1, “Хөдөлмөрийн дотоод журмын”  7.1, 7.4, “Хөдөлмөрийн гэрээний” 4.1.3, 5.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

        Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь эрх зүйн акт болохын хувьд хуулинд заасан ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хангасан байх ёстой ба эрх зүйн актанд тавигдах энэхүү шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд ажил олгогчийн тушаал нь дээр дурьдсан шаардлагыг хангаагүй байна.

        Ажилтныг ажлаас халсан Б/39 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг эх сурвалж болгон хэрэглэхдээ тухайн хэм хэмжээний 2 үндэслэлийн алийг сонгосон нь ойлгомжгүй болжээ.

      2016 оны 10 дугаар сарын 4-нд дотуур байранд зөрчил гаргасан гэх хүүхдүүдийн асуудлыг сургуулийн захирал 2016 оны 10 дугаар сарын 6-ны  байрны 2 багшийг өрөөндөө дуудан асууж зөрчлийг илрүүлсэн атлаа 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан”... илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчин тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

        2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Полиси төвтэй хамтран зохион байгуулсан сургалтанд суугаагүй ажил тасалсан зөрчил гаргасан гэсэн нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

          Нэхэмжлэгч Б.Сувд ажлаасаа буухдаа захиралдаа Дархан явах ажилтай талаар хэлж зөвшөөрөл авсан, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн сургалт болох талаар албан ёсоор мэдээллээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

       ХАА-н МСҮТ-ийн ажилтнуудаас сургалтын төлбөр 20.000 төгрөг хураасан баримтанд Б.Сувдын 20.000 төгрөг төлсөн баримт байхгүй байгааг сургалт тасалсан гэж үзэх боломжгүй юм.

       Нэхэмжлэгч Б.Сувдын сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтанд тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй, талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

     Иймд Б.Сувдыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.Сувдыг Булган аймаг дахь ХАА-н МСҮТ-ийн оюутны дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 16 хүртэл буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 32 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгох нь зүйтэй байна.

       Давж заалдах шатны шүүхээс цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорыг тооцохдоо Б.Сувдын №1054280 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 9/ үндэслэн ажилтаны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын буюу 2016 оны 9-өөс 11 сарын цалин хөлсний дунджаар тооцвол  1,771,946:3=590,982 төгрөг,  ажлын нэг өдөрт тооцох цалин 590,982:21,5=27,487 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 27,487х32=879,584 / төгрөгийг ХАА-н МСҮТөвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлиөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Сувдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг ажил олгогчид даалгахаар  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16 -ний өдрийн 27 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д  заасныг баримтлан Б.Сувдыг Булган аймаг дахь Хөдөө Аж Ахуйн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутны дотуур байрны  багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 32 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 879,584 төгрөгийг Хөдөө Аж Ахуйн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс гаргуулж Б.Сувдад олгож, хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт нь бичилт хийхийг  хариуцагчид даалгасугай” гэж нэмэлт, өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН 

 

                                  ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

                                                             

                                                                                   М.ХҮРЭЛБААТАР