Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0690

 

 

 

 

 

 

 

Ян-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаамуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н,  гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Х, Б.Т, гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ян-ы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэрээр: “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг тус тус баримтлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ян-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй  болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 22 дугаар зүйлийн  221.-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага нь дээр дурдсан баримтуудад үндэслэн бүртгэлийн ажиллагаа хийх учиртай.

Уг бүртгэлийн ажиллагааг хийхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3 дахь хэсгийг баримтална” гэсний дагуу Ж ХХК-ийн “улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж буй мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг тус компанийн гүйцэтгэх удирдлага өргөдөл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлөөр нотлогдож байгаа, энэ нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасантай тус тус нийцсэн болно.

Түүнчлэн Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж буй мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хийлгүүлэхдээ хуульд заасан шаардлагатай материалуудыг хавсаргасан, энэ талаар ч шүүх шийдвэртээ “2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Ж” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Гай нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж “улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж буй мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл” гаргаж түүндээ “үүсгэн байгуулагч “Л” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах болон үүсгэн байгуулагчаар Маршалын арлуудын “П” компанийг 100 хувийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлэх, дүрмийн санг 1.800.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1.801.000.000 төгрөг болгон өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчилж ашигт малтмалын хайгуулын 9444Х лицензийг бүртгэх” өөрчлөлтийг оруулахаар хандсан. Уг хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэрийн баталгаажуулалтын хуудаснаас гадна 2011 оны 019 дугаар бүхий гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гэх баримт ... “Л” ХХК-ийн хэвлэмэл хуудсан дээр “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримтыг хавсаргасан” гэжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэл байхгүй байсантай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллага эдгээр хавсаргаж ирүүлсэн баримтын хүрээнд улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий бүртгэлийг хийсэн болно.

Шүүхийн шийдвэрт “...”Л” ХХК нь өөрийн охин компани болох “Ж” ХХК-ийн хувьцааг өөр хуулийн этгээд болох “П” компанид шилжүүлж байгаа гэх атлаа энэ талаарх үүсгэн байгуулагчийн шийдвэрийг “Л” ХХК-ийн захирал Гай дангаараа гаргаж, гарын үсэг зурж ирүүлсэн нь тус компанийн үүсгэн байгуулагчдаас гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй ... хариуцагч уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээр татгалзах ёстой байхад түүний хүсэлтийн дагуу бүртгэл хийсэн нь хууль бус” гэж дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5- д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална”, 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид “хэрэг гэх/ үүсгэж болно”, 12.1.1-д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж тус тус заасны дагуу шүүхийн дүгнэсэн үүсгэн байгуулагчийн шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан болно.

Нэхэмжлэгчийн хувьд 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж” ХХК- ийн хувьцаа эзэмшигчээр “П” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг бүртгэлийг хийхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхэд дүгнэлт өгөх байтал шүүх уг бүртгэлийг хийлгэхийн тулд хавсаргаж өгсөн үүсгэн байгуулагчийн шийдвэр буюу нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн, өөр шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудалд дээрх байдлаар дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ян-ы Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр дараах байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосон. Ингэхдээ, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн буюу холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байна.

Нэг. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: “Ж” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг “П” ХХК 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Энгийн хувьцаа шилжүүлэх баримт, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авсан бөгөөд 2011 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, “П” компанийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн. Бүртгэл хийгдэхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

  1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл /УБ-05 маягт/ (2011.04.15)
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (2011.04.15)
  3. Өмчийн хэлбэр өөрчлөгдсөн татварын улсын байцаагчийн тодорхойлолт (2011 04.12)
  4. “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Л” ХХК-ийн шийдвэр (2011.04.07-нд нотариатаар батлуулсан №011)
  5. Маршалын арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн дүрэм (2011.04.05-нд үйлдэгдсэн буюу гарын үсэг зурагдсан, 2011.04.07-нд нотариатаар батлуулсан)
  6. Компанийн эрх шилжүүлэх гэрээ (2011.04.05-ны огноотой, 2011.04.07-нд нотариатаар батлуулсан)
  7. Энгийн хувьцаа шилжүүлэх баримт (2011.04.05-ны огноотой, 2011.04.07-нд нотариатаар батлуулсан)
  8. “Л” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  9. “Л” ХХК-ийн хөрөнгө оруулагчийн сертификат
  10.  Маршалын арлын улсын Ли компанийн товч танилцуулга (“П” компанийн тамга дарагдсан, Ерөнхий захирал Гай-ийн нэр, гарын үсэгтэй)
  11. 2011.01.17-ны өдөр байгуулагдсан “П” компанийн Маршалын Арлуудын Бүгд Найрамдах Улс дахь “Корпорацийн бүртгэл”
  12. “П” компанийн Маршалын Арлуудын Бүгд Найрамдах Улсын “Батлах гэрчилгээ”
  13. “П” компанийн “Үүсгэн байгуулах дүрэм”
  14. 9444Х ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар
  15.  “Ж” ХХК-ийн Хаан банканд данс эзэмщдэг тухай тодорхойлолт (2011.04.04)
  16. Үндэсний татварын албаны тодорхойлолт (2016.04.13)
  17. “Ж” ХХК-ийн 2011 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан гэсэн баримтууд байгаа.

Энэхүү маргаан бүхий бүртгэл нь “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулж буй бүртгэл учир улсын бүртгэлийн байгууллага “Ж” ХХК-ийн хувийн хэрэгт байгаа баримтад үндэслэн бүртгэл хөтөлнө. Гэтэл, анхан шатны шүүх бүртгэл хийгдэх үед “Ж” ХХК-ийн хувийн хэрэгт байхгүй Гай, Ян нарын хооронд байгуулсан 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л” ХХК-ийн гэрээ, мөн өдрийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л” ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг маргаан бүхий “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан бүртгэлд хамаатуулан үнэлсэн нь үндэслэлгүй юм.

Мөн, “Л” ХХК өөрийн охин компани болох “Ж” ХХК-ийг өөр хуулийн этгээд болох “П” компани руу шилжүүлсэн. Энэ тохиолдолд “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь “Л” ХХК гэх ганц хуулийн этгээд байх бөгөөд үүсгэн байгуулагчийн шийдвэр нь “Л” ХХК-аас гарсан шийдвэр байх юм. Гэтэл, анхан шатны шүүх “...үүсгэн байгуулагчийн шийдвэрийг “Л” ХХК-ийн захирал Гай дангаар гаргаж, гарын үсэг зурж ирүүлсэн нь тус компанийн үүсгэн байгуулагчдаас гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь “Ж” ХХК-ийг олон хувьцаа эзэмшигчтэй мэт буруу ойлгож дүгнэжээ.

“Ж” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулж буй өөрчлөлтийг тус компани өөрөө буюу хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргах боломжтой. Үүний дагуу, уг өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гай гаргасан байдаг. Гэтэл, анхан шатны шүүх “... түүнчлэн уг өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг “Л” ХХК гаргаагүй, харин “Ж” ХХК-ийг төлөөлж Гай гарын үсгээ зурж, тус компанийн тамгыг дарсан хүсэлтийг ирүүлсэн нь тус тус зөрчилтэй, өөрөөр хэлбэл, “Л” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж үзэхээр байна” гэх хэргийн нөхцөл байдалд үл нийцэх, утгагүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Шүүхийн дээрх дүгнэлтүүдээс шүүгч хэргийн нөхцөл байдлыг бүрэн зөв ойлгоогүй бөгөөд нотлох баримтуудыг буруу үнэлсэн болох нь илэрхий байна.

Хоёр. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотойгоор хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрчээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1 ”баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2”үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3”үүсгэн байгуулах баримт баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4”улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэжээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзана.”, 18.1.1 “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, “Л” ХХК-ийн үүсгэн байгуулагч Гай, Ян нар санал нэгтэйгээр “Ж” ХХК-ийн хувьцааг худалдан авах шийдвэр гаргасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагад хандсанаар зохих журмын дагуу бүртгэсэн атлаа “Л” ХХК нь “П” компанид шилжүүлсэн шийдвэрийг Гай нь дангаар гаргаж, улмаар энэ талаарх өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой байхад түүний хүсэлтийн дагуу бүртгэл хийсэн нь хууль бус гэж шүүх дүгнэв. Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримт болох “Л” ХХК-ийн гэрээ”-г тус компанийн үүсгэн байгуулагч болох Гай, Ян- нар үйлдсэн, уг хүчин төгөлдөр гэрээнд зааснаар Гай нь “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 80 хувийн хувьцаа эзэмшигч харин Ян- нь тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд энэ тохиолдолд тус компанийн охин компани болох “Ж” ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, энэ талаарх бүртгэл хийлгэх ажиллагааг гэрээний 14.1-д зааснаар Ян-ы зөвшөөрөлгүйгээр, “Л” ХХК-ийн өмнөөс дангаараа шийдвэр гаргах боломжгүй байхад хариуцагч захиргааны байгууллага Гайий гаргасан хүсэлтийг хүлээн авч бүртгэл хийсэн нь хууль бус.” гэжээ.

Энд, шүүх нэг зүйлийг маш том андуурч байгаа нь харагдаж байна. Тодруулбал, анхан шатны шүүх “Л” ХХК “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоос өмнөх асуудал буюу “Ж” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авахаа илэрхийлсэн асуудлыг тус компани “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсны дараах буюу эзэмшиж буй хувьцаагаа “П” компани уруу шилжүүлсэн асуудалтай хольж хутгасан дүгнэлт болсны хажуугаар шүүхийн эдгээр дүгнэлт нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй асуудлаар хийсэн дүгнэлт байна.

Бүртгэл хийх үндэслэл болсон баримтууд нь хүчин төгөлдөр хэвээр, нэхэмжлэгч тэдгээртэй /иргэний журмаар/ маргасан зүйл байхгүй байхад захиргааны хэргийн шүүх бүртгэлийг байгууллагыг “бүртгэхээс татгалзах ёстой байсан” хэмээн буруутгасан нь үндэслэлгүй юм. Шүүх, хариуцагчийг бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй байсан гэж үзэж буй үндэслэл нь хариуцагч захиргааны байгууллагын бүртгэл хөтлөх эрх хэмжээнд хамааралгүй, “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хоорондын маргаан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан бүртгэхээс татгалзах зохицуулалт нь мөн хуулийн 22 дугаар зүйлд нэрлэн заасан 4 төрлийн баримт бүрдэл хангагдаагүй нөхцөлд л хэрэглэгдэх зохицуулалт юм. Гэтэл, анхан шатны шүүх энэхүү заалтын агуулгад хамааралгүй асуудлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь шүүхийн дээрх дүгнэлтүүдээс харагдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; гэж заасан. 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П” компанийг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Ян-ы нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн ямар эрх зөрчигдсөнийг анхан шатны шүүх тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байхад шүүх бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Хэрэв, маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байсан бол шүүх уг маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх боломжтой. Гэтэл, анхан шатны шүүх 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П” компанийг бүртгэсэн бүртгэл нь нэхэмжлэгч Ян-ы ямар нэгэн эрхийг зөрчөөгүй, тиймээс уг бүртгэлийг хүчингүй болгосон хэдий ч бодит байдал дээр нэхэмжлэгчид эрх сэргэсэн ямар нэгэн үр дагавар, давуу байдал үүсэхгүй юм. Харин ч эсрэгээрээ, шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчид биш уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй “Л” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Гайд ашигтай шийдвэр болсон талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигт дурджээ.

Маргаан бүхий бүртгэл хийгдсэний дараа “Ж” ХХК-ийн толгой компанийн өмчлөгч нар өөрчлөгдсөн бөгөөд 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “П” компанийн 95 хувийн хувьцааг Limited компани, 5 хувийг besкомпани тус тус эзэмшихээр болж, компанийн эрх бүхий албан тушаалтан нь Limitedкомпанийн өмчлөгч С болсон байдаг. Иймд, уг бүртгэлийг хүчингүй болгосноор бүртгэл хожим хүчингүй болохыг урьдчилан мэдэх боломжгүй шударга эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ нь, төрийн байгууллага, албан тушаалтан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж итгэсэн иргэний итгэлийг хамгаалах зарчимтай зөрчилдсөн шийдвэр болсон.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Шийдвэрийн 11 дэх талд “... “Л” ХХК нь өөрийн охин компани болох “Ж” ХХК-ийн хувьцааг өөр хуулийн этгээд болох “П” компанид шилжүүлж байгаа гэх атлаа энэ талаарх үүсгэн байгуулагчийн шийдвэрийг “Л” ХХК-ийн захирал Гай дангаараа гаргаж гарын үсэг зурж ирүүлсэн нь тус компанийн үүсгэн байгуулагчдаас гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

Маргаан бүхий улсын бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа бөгөөд тус хуульд зааснаар 4 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэн өгснөөр хийгдэх бүртгэл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;”, 22.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заажээ.

Компанийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д “Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.”, 12.3-д “Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.”, 12.8-д “Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.” гэж тус тус заасан. “Ж” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд үүсгэн байгуулагч гэх хэсэгт “Л” ХХК гэж 2009 онд бүртгэсэн талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд уг бүртгэлтэй талууд маргаагүй тул 2011 оны 04 дүгээр сард маргаан бүхий бүртгэлийг хийх үед “Ж” ХХК-г үүсгэн байгуулагч нь “Л” ХХК буюу нэг хуулийн этгээд байсан байна. Иймд үүсгэн байгуулагчийн шийдвэр гэдэг нь “Л” ХХК-ийн шийдвэр байх ёстой бөгөөд энэ ч утгаараа “Л” ХХК-аас өөрийн албан бланк дээр “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх шийдвэрийг гаргаж “Л” ХХК-ийн захирал гарын үсэг зурж “Л” ХХК-ийн тамгыг дарж өгсөн байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гэх шаардлагыг хангаж байна. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагч нь нэг хуулийн этгээд тул үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг үүсгэн байгуулагч хуулийн этгээд “Л” ХХК гаргаж улсын бүртгэлд ирүүлэх нь хуульд нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Шүүхийн шийдвэрт “...түүнчлэн уг өргөдлийг бүртгүүлэх хүсэлтийг “Л” ХХК гаргаагүй, харин “Ж” ХХК-ийг төлөөлж Гай гарын үсэг зурж тус компанийн тамгыг дарсан хүсэлтийг ирүүлсэн нь тус тус зөрчилтэй, өөрөөр хэлбэл “Л” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэхээр байна...” гэж дүгнэжээ. Тус өөрчлөлт оруулах бүртгэл нь “Л” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт оруулах бүртгэл биш “Ж” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт оруулах бүртгэл юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар баталсан маягтын дагуу гаргасан өргдөлийг гаргах эрх бүхий этгээд биш гэж үзсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална.”, 15 дугаар зүйлийн  15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана:”, 15.1.1-д “тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;”, 15.1.2-т “тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;” гэж тус тус заасан бөгөөд тухайн үед өргөдөл гаргахад баталсан УБ-05 тоот маягтын 8 дахь хэсэгт өргөдөл гаргагч этгээд 8.1. Гүйцэтгэх удирдлага, Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэсэн сонголт байна. Эндээс харвал өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь баримт бичигт өөрчлөлт оруулах компани байх бөгөөд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхаар заажээ. “Ж” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Гай 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэгдсэн энэ талаар талууд маргаагүй байна. Иймд УБ-05 тоот маягтын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан шаардлага хангасан өргөдлийг “Ж” ХХК гаргаж гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Гай гарын үсэг зурж “Ж” ХХК-ийн тамгыг дарж гаргасан нь хуульд нийцсэн байна. Тус маргаан бүхий бүртгэл нь “Ж” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт оруулах бүртгэл атал шүүхийн шийдвэрт “... “Л” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу...” гэсэн нь үндэслэлгүй.

3. Шүүхийн шийдвэрийн 12 дахь талд компанийн “Л” ХХК-ийн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргах ажиллагааны талаар дүгнэсэн байх бөгөөд ижил төрлийн маргаан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн  2018 оны 355 дугаар тогтоолд “Захиргааны хэргийн шүүх нь иргэд хоорондын гэрээтэй холбоотой асуудалд, тухайлбал гэрээний хүчин төгөлдөр, эсхүл хуурамч эсэхэд, мөн гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар дүгнэлт өгөхгүй” талаар дурьдсан байдаг.

4. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлэхдээ Гай нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүй компанийн тухай хууль зөрчиж дангаар “Л” ХХК-ийн охин компанийг шилжүүлэх шийдвэр гаргасан, хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эзэмших эрх, компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн, тухайн үед мэдсэн бол эрх борлуулсны орлогоос өөрт ногдох хувийг хүртэх, орлого олох байсан гэжээ. Эндээс харвал хувьцаа эзэмшигчдийн хооронд охин компанийг шилжүүлэхдээ зөвшөөрөл аваагүй гэх хувийн эрх зүйн шинжтэй маргаантай асуудал байгаа гэж дүгнэж болохоор байдаг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0925 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх талд “Даргалагчаас: Талуудын хооронд хувьцаа эзэмшигчдийн маргаан байгаа юу? Гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Байхгүй” гэж хариулсан байх бөгөөд энэ нь ойлгомжгүй хариулт байдаг. Үнэхээр хувьцаа эзэмшигч Ян-, Гай нарын хооронд маргаан байхгүй бол бүртгэлийг маргаантай гэж үзэх боломжгүй. Ян-ы нэхэмжлэлийн үндэслэл нь Гай түүнээс зөвшөөрөл авалгүй дур мэдэн бүртгэлд өөрчлөлт оруулсан 20 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх зөрчсөн, хууль зөрчсөн гэж байх тул нэхэмжлэгчийн дээрх зөрүүтэй тайлбарыг тодруулж, үнэхээр хувьцаа эзэмшигч Ян-, Гай нарын хооронд маргаан байхгүй бол нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн түүнийг нэхэмжлэл хангагдсанаар хэрхэн сэргээх талаар шүүхээс тодруулах ёстой. Хэдийгээр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд захиргааны шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боловч захиргааны байгууллагаас маргаан бүхий бүртгэл хийх үндэслэл нь Гайий гаргасан өргөдөл баримт бичиг юм. Эдгээр баримт бичгийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй бүрдүүлж өгсөн гэх атлаа Ян-, Гай нарын хооронд маргаан байхгүй гэх тайлбар нь утга агуулгын зөрүүтэй тайлбар байна. Үүнийг харгалзан үзэлгүй, хувийн эрх зүйн харилцаанд маргаангүй гэсэн атал захиргааны шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн.

Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд захиргааны актын улмаас нийтийн эрх зүйн хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх шаардлагатай байдаг. Нэхэмжлэгчээс хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эзэмших эрх, компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн, тухайн үед мэдсэн бол эрх борлуулсны орлогоос өөрт ногдох хувийг хүртэх, орлого олох байсан гэх боловч эдгээр үндэслэл нь хувийн эрх зүйн харилцааны шинжтэй иргэний шүүхээр шийдвэрлүүлснээр дээрх эрхээ эдлэх боломжтой байх бөгөөд улсын бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх хэрхэн яаж сэргэх нь тодорхойгүй байна.

Хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтүүд тухай бүр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж өмнөх бүртгэлүүд тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бүртгэл хүчингүй болсон байна. Мөн тухайн бүртгэлүүдийн үндэслэл болсон “Л” ХХК, “П” компанийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Энгийн хувьцаа шилжүүлэх баримт, компанийн дүрмийн өөрчлөлтүүдийг хууль бус болохыг тогтоогоогүй байхад нэхэмжлэгч энэ талаар маргаагүй атлаа зөвхөн 2011 оны бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан ойлгомжгүй байх бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээр ямар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчээс 2013 оны бүртгэлүүдэд оролцсон талаар тайлбар хэлсэн байх бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан байгаагүйг харуулж байна. Маршалын арлуудын “П” компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьд ч өөрчлөлт орсон байдаг бөгөөд 2011 онд хийгдсэн маргаан бүхий бүртгэлээс хойш толгой компанийн 95 хувийг шилжүүлсэн бүртгэл хийгдсэн байдаг. Толгой компанийн 95 хувийг авахад охин компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж гэрээгээр 95 хувийг шилжүүлэн авсан байхад дээрх маргаантай асуудлыг мэдээгүй авсан шударга эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж байгааг харгалзан үзээгүй.

Дээрх байдлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ян-аас ““Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П” компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон “Л” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байх ёстой байтал зөвхөн нэг хувьцаа эзэмшигч болох Гай гарын үсэг зурсан шийдвэр гэсэн баримтыг өргөдөлд хавсаргасан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад бүрдүүлэх материал дутуу байхад улсын бүртгэгч нягталж шалгахгүйгээр бүртгэсэн...” хэмээн тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх “...улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн баримт бичгүүдээс үзвэл “Л” ХХК нь өөрийн охин компани болох “Ж” ХХК-ийн хувьцааг өөр хуулийн этгээд болох “П” компанид шилжүүлж байгаа гэх атлаа энэ талаарх үүсгэн байгуулагчийн шийдвэрийг “Л” ХХК-ийн захирал Гай дангаараа гаргаж, гарын үсэг зурж ирүүлсэн нь тус компанийн үүсгэн байгуулагчдаас гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн уг өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг “Л” ХХК гаргаагүй, харин “Ж” ХХК-ийг төлөөлж Гай гарын үсгээ зурж тус компанийн тамгыг дарсан хүсэлтийг ирүүлсэн нь тус тус зөрчилтэй, өөрөөр хэлбэл “Л” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж үзэхээр байна...” гэсэн атлаа “Л” ХХК болон “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гайий гарын үсэгтэй 011 дүгээр шийдвэрийг яагаад компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах шийдвэр гэж үзэх боломжгүй талаар дүгнэлт өгөлгүй “дүрэмд “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Л” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Гай гарын үсгээ зурсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Гай нэхэмжлэгч Ян-аас зөвшөөрөл авалгүй компанийн тухай хууль зөрчиж, компанийг шилжүүлэх шийдвэр гаргасан, хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлд дурьдах боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс хувьцаа болон өмчлөх эрхтэй холбоотой иргэний шүүхэд маргаангүй, бүртгэл нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэсэн агуулгатай тайлбар гаргаж байгаагаас үзэхэд маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, бүртгэлийн улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Мөн маргаан бүхий бүртгэл хийгдсэнээс хойш Гай нь “Ж” ХХК болон “П” компаниудын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээ больсон, компаниудын удирдлагууд удаа дараа өөрчлөгдсөн, тодруулбал “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд 2 удаа өөрчлөгдсөн байхад бүртгэлийг хүчингүй болгосны улмаас тухайн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ян- нь маргаан бүхий бүртгэл хийгдсэнээс хойш 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр компанийн үйл ажиллагааны чиглэлд хасалт оруулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаас гарсан шийдвэрт гарын үсэг зурсан зэргээс үзэхэд 2013 онд компанийн үйл ажиллагаанд оролцож байсан атлаа 10 жилийн дараа ийнхүү бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “...Хаан банкны 2011 оны 04 сарын 04-ний өдрийн №11/02/62 тоот тодорхойлолтоос үзвэл “...”Ж” ХХК нь тус өдрийн байдлаар 10,000,093.00 юаний үлдэгдэлтэй талаар тодорхойлолт гаргасан байна. Мөн “Ж” ХХК-ийн 2011 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланд дурдсанаар мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 1,819,051,929.65 төгрөг байсан. Тус мөнгөний үлдэгдлээс үзвэл их хэмжээний хэлцэлд хамаарах асуудал байсан бөгөөд үүсгэн байгуулагчийн хурлаар шийдвэрлэх атал нэг хувьцаа эзэмшигч охин компанийг дур мэдэн худалдсан нь хууль бус” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд тухайн үед “Л” ХХК-ийн дүрмийн сан хэдий хэмжээний хөрөнгөтэй байсныг тогтоох нь энэхүү маргааны хувьд ач холбогдолтой байна.

Хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх учиртай.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 1213.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ