Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/шш2021/0649

 

 

 

 

 

     2021              10               08                                            128/ШШ2021/0649      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Я

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Пкомпанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ч, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х, И.Ншүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...БНХАУ-ын иргэн Я(Я) нь 2006 оны 06 сарын 24-ний өдөр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Л” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Г хамтран үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч юм. "Л" ХХК нь 2009 оны 10 сарын 21-ний өдөр Монгол улсын хуулийн этгээд болох "Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Этай “Худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулан, улсын бүртгэлд бүртүүлснээр "Ж” ХХК-ийг худалдаж авсан. Гэтэл "Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гнь 2011 оны 04 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд өргөдөл гарган үүсгэн байгуулагч “Л” ХХК-г эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасч, хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын “П" ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн байна. Ийнхүү бүртгүүлсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар 2019 оны 10-р сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч "....хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл...шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэх хариуг 2019 оны 12-р сарын 11-ний өдөр бидэнд ирүүлсэний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. “Л” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Гнь гүйцэтгэх захирал бөгөөд Л компанийн өдөр тутмын асуудлыг шийдвэрлэн, компанийн үйл ажиллагааг эрхэлдэг байсан. Иймд Я нь БНХАУ-д оршин суудаг бөгөөд Монгол Улсад ирэх шаардлага бага байдагтай холбогдуулан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоогүй байсан. Гэтэл “Л” ХХК-ийн охин компани болох "Ж” ХХК-г бусад этгээдэд худалдсан гэх мэдээллийг Я нь албан бус эх сурвалжаас авсан бөгөөд тус асуудалтай холбогдуулан Монгол Улсад ирсэн. Улмаар 2019 оны 08 сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хүсэлт гарган “Л” ХХК болон “Ж” ХХК-ийн хувийн хэргийг авснаар “Ж” ХХК-ийг Маршалын арлуудын “П" компанид худалдсаныг мэдсэн. “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гнь 2011 оны 04 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд өргөдөл гарган үүсгэн байгуулагч "Л" ХХК-г эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасч, хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын "П" ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн байна. Тус бүртгэлийг 2011 оны 04 сарын 19-ний өдөр Улсын бүртгэгчийн 7/10 тэмдгийн дугаартай бүртгэгч бүртгэсэн байдаг. Улсын бүртгэгчийн "Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр "П" компанийг бүртгэсэн бүртгэл нь толгой компанийн хувьцаа эзэмшигч болох Я-д мэдэгдэлгүйгээр бүртгэсэн нь хууль бус бөгөөд тус үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл болсон. Үүнд: Нэг. Улсын бүртгэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй Улсын бүртгэгчийн 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны 06 сарын 25-ны өдөр батлагдсан буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны 05 сарын 23-ны өдөр батлагдсан буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль)-ийг тус тус зөрчсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” нөхцлүүдийг хуульчилсан байдаг. Тус зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” тохиолдолд бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Гэтэл 7/10 тэмдгийн дугаартай бүртгэгч нь дараах баримт бичгийн бүрдэл дутуу байхад бүртгэсэн үйлдэл нь хууль бус юм. 2011 оны 04 сарын 15-ны өдөр Гнь “Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан .

Үүнд: 1. Тус өргөдөлд үүсгэн байгуулагч “Л” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах 2. Хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын “П" ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлэх, 3.Дүрмийн санг 1,500,000 ам доллар буюу 1,800,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,801,000,000 төгрөг болгон өөрчлөх, 4. Гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчилж ашигт малтмалын хайгуулын 9444 -х лицензийг бүртгэх өргөдөл гаргасан байна. Гэтэл тус асуудлыг Компанийн тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагчдын хурлаар шийдвэрлэх асуудал байсныг гүйцэтгэх захирал дур мэдэн бусад этгээдэд худалдаж баримт бичиг бүрдүүлэн улсын бүртгэлд хандсан өргөдлийг бүртгэсэн, мөн бүрдүүлэх баримт бичиг дараах байдлаар байхад бүртгэсэн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон "Л” ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт бичигт үүсгэн байгуулагч Захирал Ггарын үсэг зурсан. Гэтэл "Л” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай болох нь өргөдөлд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээнээс илт харагдаж байна. "Л" ХХК-ийн дүрэмд гүйцэтгэх захиралд эрх олгосон зохицуулалт байхгүй байна. Өргөдөлд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хавсаргаагүй байна. "Ж” ХХК-г худалдах талаар "Л” ХХК-иас үүсгэн байгуулагчийн хууль бус шийдвэр гарсанаас гадна худалдан авсан гэх "П" компаниас худалдан авах шийдвэр гараагүй байна. "П"-ийн шинэчилсэн дүрэм өргөдөлд хавсаргаагүй байна. Өргөдөлд "Маршал аяланд арлын улсын Жуо Ли компанийн товч танилцуулга”-ыг хавсаргасан байх бөгөөд тус танилцуулгаас үзвэл Ерөнхий захирал Г******* буюу Л ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрөө юм. Үүнээс үзвэл сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн тул үүсгэн байгуулагчийн хурлаар тус асуудлыг шийдэх нь тодорхой асуудал атал улсын бүртгэгч бүртгэсэн байна. Өргөдөлд хавсаргасан "The Republic of the Marshall Islands Registrar of Corporations" баримтын орчуулгыг хавсаргаагүй байна. “Republic of the Marshall Islands" Endorcement Certificate орчуулга хавсаргаагүй, Incorporated in The republic of The Marshall Islands Pursuant to The Business Corporation acts-ын орчуулга хавсаргаагүй, Хаан банкны 2011 оны 04 сарын 04-ний өдрийн №11/02/62 тоот тодорхойлолтоос үзвэл тус өдрийн байдлаар 10,000,093.00 юаны үлдэгдэлтэй талаар тодорхойлолт гаргасан байна. Мөн " Ж ” ХХК-ийн 2011 оны 1-р улирлын санхүүгийн тайланд дурдсанаар мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 1,819,051,929.65 төгрөг байсан. Тус мөнгөний үлдэгдлээс үзвэл их хэмжээний хэлцэлд хамаарах асуудал байсан бөгөөд үүсгэн байгуулагчийн хурлаар шийдвэрлэх атал нэг хувьцаа эзэмшигч охин компанийг дур мэдэн худалдсан нь хууль бус байна. "Ж” ХХК-ийг худалдаж авсан "П" компаниас төлөөлөн гарын үсэг зурсан этгээд огт тодорхойгүй, нэр байхгүй, төлөөлөх эрх олгосон баримт бичиг байхгүй, "П" гэх компанийн баримт бичигт зурагдсан гарын үсэг өөр зэрэг олон хуульд нийцээгүй үйл баримтууд буюу баримт бичгүүд дутуу атал 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгч бүртгэл хийж Ж ХХК-ийг "П" компанид шилжүүлсэн бүртгэлийг хийсэн нь хууль бус бөгөөд дараах байдлаар мөн хууль зөрчсөн байна.

Компанийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

1. Их хэмжээний хэлцэл хийсэн тухайд, компанийг хувьцаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл болсон "Л" ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх баримт бичигт үүсгэн байгуулагч Захирал Ггарын үсэг зурсан. Гэтэл "Л” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай бөгөөд охин худалдах эсэх асуудлыг гүйцэтгэх захирал дангаар бус "Л” ХХК-ийн эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх байсан. Үндэслэл нь компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах ... хэлцэл”-ийг их хэмжээний хэлцэлд тооцохоор хуульчилсан байна. Мөн тус хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт "Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана" гэж заасан. 2011 оны 04 сарын 05-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр "П" компанид "Ж" ХХК-ийг Гай Кей Чин гарын үсэг зуран шилжүүлсэн. Гэтэл 2011 оны 11 сарын 01-нээс 2011 оны 03 сарын 31-ний өдрийн балансад "Ж" ХХК-ийн эзэмшигчдийн өмчийн дүн 2,227,207,809.21 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улмаар тус асуудал нь их хэмжээний хэлцэлд хамаарч байх тул "Л" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар буюу Я оролцох ёстой байсан атал түүнд мэдэгдэлгүй худалдсаныг бүртгэсэн нь хууль бус юм.

Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн тухайд; Мөн Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.1 дахь хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;" бүрэн эрхтэй гэж заасан. Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно" хэмээн заасныг зөрчсөн. Учир нь "Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн "П" компанийн удирдлага нь "Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гөөрөө байдаг. Энэ нь Компанийн тухай хуульд заасны дагуу сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаарагдах тул тус хэлцлийг Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан

Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн тухайд Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно” гэж заасан. Тус хуулийн 31.2.1-д нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл Г******* нь 2011 оны 04 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд гаргасан өргөдөлдөө Дүрмийн санг 1,500,000 ам доллар буюу 1,800,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тус асуудлыг Компанийн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчлөх шаардлагатай атал мөн нь Гдангаараа шийдвэрлэсэн байхад үүнийг бүртгэсэн үйлдэл нь 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгчийн илт хууль бус үйл ажиллагаа байна. Дээрхээс үзвэл 7/10 тэмдгийн дугаартай улсын бүртгэгч нь Хувьцаа шилжүүлэх ажиллагааг хийхдээ Компанийн дүрэм болон хууль тогтоомжид заасан бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь илт байна. Гэтэл хууль зөрчсөн уг өөрчлөлтийг таслан зогсоохын оронд ашиг сонирхлын зөрчилд автаж бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 , 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасны дагуу 7/10 тэмдгийн дугаартай Улсын бүртгэгчийн 2011 оны 04 сарын 19-ний өдөр "Ж" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Маршалын арлуудын "П" ХХК-ийг 100%-ийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий бүртгэлийг хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Тухайн хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд бүртгэх хугацааны талаар зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 13.1 дэх хэсэгт бичгээр шийдвэр гаргана гэж байгаа. Уг шийдвэрээс харахад хүлээж аваад 5 хоногийн дотор хүлээж аваад бичгээр шийдвэр гаргана гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт хуулийн этгээдийг бүртгэхээс татгалзах талаар тодорхой зааж өгсөн, 18.1.1 дэх хэсэгт улсын бүртгэгч бүртгүүлэхээр ирсэн баримт бичгийг шалгаад дутуу байвал бүртгэхээс татгалзана, 18.1.2 дахь хэсэгт бүртгэх байгууллага бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагчид хүргүүлнэ гэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт 3-аас 5.5 дахь хэсэгт заасан бичгийг хүлээн авч хянан бүртгэх эсэх талаар чих үүргийг зааж өгсөн. Нотлох баримт нь зөрчилтэй байвал улсын бүртгэл бүртгэхээс татгалзсан талаар зааж өгсөн. Маргаан бүхий актын талаар өнгөрсөн шүүх хуралдаанд тодорхой ярилцсан. Хуульд заасан дээрх шаардлагуудыг бүрэн хангаагүй бүртгэлийг улсын бүртгэгч 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн. Хуулийн этгээд бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулах талаар хэлэхэд улсын бүртгэгч хангаж байгаа эсэх талаар 5 хоногийн дотор шалгах ёстой байдаг.

Хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудал хэлж байна. Хуульд 5 хоногийн дотор хянаж шалгасны үндсэн дээрээс бүртгэх ёстой. Улсын бүртгэгч ирүүлсэн бичиг баримтыг шалгах хугацаа хуулиар олгогдсон байхад уг үүргээ биелүүлээгүй гэж хэлсэн. Бүртгэгч энэ хугацаанд бүрдүүлэх ёстой бичиг баримтыг шалгах ёстой гэж хэлсэн болохоос биш хугацаа хэтэрсэн гэх зүйл хэлээгүй. Я гэдэг хүний эрх ашиг хөндөгдөөгүй гэх талаар гуравдагч этгээдээс хэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөн үйлдэл нь миний эрх ашгийг хөндөж байгаа гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа. Бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн эсэх талаар маргаж байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ж ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн хувьцаа эзэмшигч Л ХХК-иас Маршлын арлын “ПХХК руу 100 хувь хувьцаа шилжүүлсэн бүртгэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2003 оны Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлийг хийсэн. Татгалзах талаар хэлж байна. Улсын бүртгэгч нь хуулийн хүрээнд татгалзах ямар нэгэн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж хэлээд байна. 1997 оны Компани тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт энэхүү бүртгэлийг хийсэн нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.

Улсын бүртгэлийн байгууллага баримт бичгийг 5 хоногийн дотор хяналт тавих ёстой байтал хяналт шалгалт хийгээгүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Хуулийн этгээдээс гаргасан баримтын хүрээнд бүртгэлээ явуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч, БНХАУ-ын иргэн Я(цаашид Я гэж бичнэ)-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ааас тус шүүхэд хандаж “2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “П(цаашид Пгэж бичнэ) компанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л” ХХК-ийг тус улсын иргэн Г(цаашид Ггэж бичих)-тэй хамтран байгуулсан, тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд манай компани Ж ХХК-ийг худалдаж авсан,...гэтэл Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Гнь “Л” ХХК-ийг үүсгэн байгуулагчаас хасч Маршалын арлуудын Пкомпанийг Ж ХХК-ийн 100 хувийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн...нь хууль бус, баримт бичгийн бүрдэл дутуу...татгалзах ёстой байхад бүртгэл хийсэн...Компанийн тухай хуулийг зөрчсөн...” гэж тайлбарласныг хариуцагч “...2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирүүлсэн тул уг бүртгэлийг хийсэн, бүртгэл хууль зөрчөөгүй...” гэж, гуравдагч этгээд “...тус компанийн Гүйцэтгэх захирлын хувьд хүсэлтээ гаргаж, холбогдох баримтуудыг бүрэн өгснийг үндэслэн бүртгэл хийгдсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Компанийн тухай хуулийг зөрчсөн гэх асуудал нь хувийн эрх зүйн маргаан тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй...” гэж эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

-БНХАУ-ын иргэн Г, Я нар “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээ”-г 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо үйлдсэн, уг гэрээний “Зургаадугаар зүйл”-ийн 2-т “Компанийн удирдах дээд байгууллага нь оролцогч талуудаас томилсон 2 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байна”, 4-т “Компанийн өдрийн тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэнэ”, 5-д “Ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг энэхүү гэрээ, компанийн дүрэм, Зөвлөлийн хурлын шийдвэрээр олгосон эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулна.”, 14-ийн 1-д “Оролцогч тал өөрийн хувь хөрөнгөө бүхэлд нь буюу хэсгийг нь гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх санаатай бол энэ тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдүүлэг өгнө...Оролцогч тал нь өөрийн хувийг эзэмших эрхээ бүхэлд нь, хэсэгчлэн гуравдагч этгээдэд шилжүүлж болно...шилжүүлэхэд нөгөө талд болон зөвлөлд илтгэж энэ тухай гэрээг бичгээр байгуулах”-аар тус тус тохиролцсон,

-“Л” ХХК-ийг 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А-2371 дүгээр тушаалаар Улаанбаатар хотод нэг жилийн хугацаатай байгуулахыг зөвшөөрснөөр Я-20 хувийн хувьцаа эзэмшигч, Г-80 хувийн хувьцаа эзэмшигчээр мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн,

-2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Л” ХХК-ийн дүрмийг Я, Гнар гарын үсгээ зурж Үндэсний татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн албанд хүргүүлж, Гийг тус компанийн захирлаар томилж бүртгүүлсэн, уг компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 1-д “Компанийн өдөр тутмын үйл  ажиллагааг ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэнэ”, 2-т “Ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулна” гэж тус тус заасан, одоо “Л” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй, дээрхи бүртгэл хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон

-“Л” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “...бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тус компани нь Ж ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувь буюу 1000000 төгрөгтэй тэнцэх хөрөнгийн эзэмшигч болж буйг эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр баталгаажуулах, тус компанийн Гүйцэтгэх захирлаар Гийг томилж холбогдох баримт бичиг бүрдүүлэхийг үүрэг болгож” тус тус шийдвэрлэсэн,

-2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ж ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр компанийн үүсгэн байгуулагчаас Г.Эыг хасч “Л” ХХК-ийг элсэн оруулахаар, компанийн гүйцэтгэх захирлаар Гийг томилох...-оор шийдвэрлэсэн,

-2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г Ж ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч Г.Э, “Л” ХХК-ийг төлөөлж захирал Гнар байгуулж гарын үсгээ зурж тамга дарсан,

-Мөн өдөр дээр дурдсан талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, “Л” ХХК-д 1000000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг худалдахаар тохиролцож гэрээнд гарын үсгээ зурж тамга дарсан,

-2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал ГҮндэсний татварын албанд хандаж, компанийн үүсгэн байгуулагч-100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Л” ХХК, Гүйцэтгэх захирлаар Г...томилогдсоныг тус тус бүртгүүлсэн,

-2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Ж ХХК-ийн дүрэмд үүсгэн байгуулагч “Л ХХК”, компани үйл ажиллагаагаа хугацаагүй явуулахаар тус тус тогтоож, дүрмийн “зургаа”-ийн 1-д “Ганц гишүүнтэй компанийг үүсгэн байгуулагч нь бүх гишүүдийн хурлын эрхийг эдэлж үүргийг хүлээнэ”, 2-т “Гүйцэтгэх захирлыг компанийн үүсгэн байгуулагч ерөнхий захирлын тушаалаар томилно”, 3-т “Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны эрх үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хөлс урамшуулал зэргийг хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажуулна” гэж тус тус заасан байх ба дүрэмд Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч “Л” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ггарын үсгээ зурсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Харин маргаан бүхий бүртгэлийн тухайд:

-2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ж ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Гнь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж “улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл” гаргаж түүндээ “...үүсгэн байгуулагч “Л” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр гишүүнээс бүрэн хасах болон үүсгэн байгуулагчаар Маршалын арлуудын ПХХК-ийг 100 хувийн өмч эзэмших эрхтэйгээр бүртгүүлэх, дүрмийн санг 1 800 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 801 000 000 төгрөг болгон өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчилж ашигт малтмалын хайгуулын 9444Х лицензийг бүртгэх”  өөрчлөлт оруулахаар хандсан,

-Уг хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэрийн баталгаажуулалтын хуудаснаас гадна 2011 оны 019 дугаар бүхий /сар өдрийг бичээгүй/ гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гэх баримтыг хавсаргаж өгсөн ба үүндээ “Монгол Улсын “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч “Л” ХХК нь хөрөнгө оруулагч байхаасаа татгалзан Маршалын арлуудын “П” компанид 100 хувийн хөрөнгө эзэмших эрхээ шилжүүлсэн тул “Л” ХХК-ийг үүсгэн байгуулагчаас хасч Маршалын Арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болгох өөрчлөлт оруулсан болно. Тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 1500000 ам. доллар байх ба ашигт матмалын хайгуул, гадаад дотоод худалдаа эрхлэх болно. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж дурдан улмаар Ж ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Ггарын үсгээ зурж Ж ХХК-ийн тамгыг дарсан,

-Мөн “Л” ХХК-ийн хэвлэмэл хуудас дээр “Ж ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр” гэх баримтыг хавсаргасан, уг баримтанд “Монгол улсын хуулийн этгээд “Ж” ХХК-ийн Маршалын Арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж*******” ХХК болох хөрөнгө оруулагчаар Маршалын Арлуудын “П компанийг /100%/-ийн эзэмших эрхтэй хөрөнгө оруулагч болгох, дүрмийн сангийн хэмжээг 1 500 000 ам доллар болгон Гадаадын хөрөнгө оруулалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсүгэй” гэж дурдан үүсгэн байгуулагч Л ХХК-ийн захирал Гдангаараа гарын үсэг зурж, Л ХХК-ийн тамгыг дарсан,

-Улмаар хүсэлтэд Маршалын арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн дүрэм болон 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” “Энгийн хувьцаа шилжүүлэх гэрээ” гэх баримтуудыг тус тус хавсаргаж ирүүлсэн, эдгээр гэрээнүүдэд нэг тал нь “Л” ХХК гэж тэмдэглэн түүнийг эрх шилжүүлэгчээр тодорхойлсон боловч Эрх шилжүүлэгч-“Л” ХХК-ийг төлөөлж Ггэрээнд гарын үсэг зурж “Л” ХХК-ийн тамгыг дарсан байжээ.

Улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн эдгээр баримт бичгүүдээс үзвэл “Л” ХХК нь өөрийн охин компани болох Ж ХХК-ийн хувьцааг өөр хуулийн этгээд болох Пкомпанид шилжүүлж байгаа гэх атлаа энэ талаархи үүсгэн байгуулагчийн шийдвэрийг “Л” ХХК-ийн захирал Гдангаараа гаргаж, гарын үсэг зурж ирүүлсэн нь тус компанийн үүсгэн байгуулагчдаас гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн уг өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг “Л” ХХК гаргаагүй, харин Ж ХХК-ийг төлөөлж Ггарын үсгээ зурж тус компанийн тамгыг дарсан хүсэлтийг ирүүлсэн нь тус тус зөрчилтэй, өөрөөр хэлбэл “Л” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж үзэхээр байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 3.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичиг гэж хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг” хэлэхээр, мөн хуулийн 13.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзана”, 18.1.1 “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүртгэл дутуу” бол гэж,

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4 “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3 дахь хэсгийг баримтална” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл “Л” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, Я нар санал нэгтэйгээр Ж ХХК-ийн хувьцааг худалдан авах шийдвэр гаргасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагад хандсанаар зохих журмын дагуу бүртгэсэн атлаа “Л” ХХК нь Ж ХХК-ийн хувьцааг Пкомпанид шилжүүлсэн шийдвэрийг Гнь дангаараа гаргаж, улмаар энэ талаархи өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой байхад түүний хүсэлтийн дагуу бүртгэл хийсэн нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт болох “Л” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээ”-г тус компанийн үүсгэн байгуулагч болох Г, Я нар үйлдсэн, уг хүчин төгөлдөр гэрээнд зааснаар Гнь “Л” ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд 80 хувийн хувьцаа эзэмшигч харин Я нь тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд энэ тохиолдолд тус компанийн охин компани болох Ж ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, энэ талаархи бүртгэл хийлгэх ажиллагааг гэрээний 14.1-д зааснаар Яы зөвшөөрөлгүйгээр, Л ХХК-ийн өмнөөс дангаараа шийдвэр гаргах боломжгүй байхад хариуцагч захиргааны байгууллага Гий гаргасан хүсэлтийг хүлээн авч бүртгэл хийсэн нь хууль бус.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтэд “Ж ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр” гэх баримт бичгийг “Л” ХХК-ийн захирал гэх Гдангаараа гаргаж, гарын үсэг зурж ирүүлсэн боловч уг баримт бичиг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”-ийн шаардлагыг хангаагүй, тус компанийн үүсгэн байгуулагч зөвхөн нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байхад түүнийг тодруулалгүйгээр бүртгэл хийсэн нь үндэслэлгүй, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татгалзах үүрэгтэй байсан гэж үзнэ.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Компанийн тухай хууль /1999 оны/-ийг иш татан, “...нэхэмжлэгчийн компаниас ногдол ашиг хүртэх...өмчөө захиран зарцуулах зэрэг эрхийг зөрчсөн, тухайн гэрээнүүд нь сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэлд хамаарах тул уг хэлцлийн үндсэн дээр бүртгэл хийсэн нь хууль бус” гэж маргасан боловч эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субъектив эрхийн зөрчилд хамаарахгүй, харин Компанийн тухай хуулиар зохицуулагдах хувийн эрх зүйн маргаанд хамаарах тул захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Я нь маргаан бүхий бүртгэлийг хийх үед Монгол улсад оршин сууж байсан тул 2011 онд хийгдсэн бүртгэлийн талаар өнөөдөр маргаан үүсгэж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж маргаж байх боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2021/2437 дугаар захирамжаар “шүүхэд нэхэмжлдэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 357 дугаар тогтоолоор “...гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзээгүй, харин иргэний гаргасан гомдлын дагуу холбогдох барим бичгийг хянаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн тохиолдолд тухайн хариу өгсөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зөв” гэж дүгнэн, Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж ирүүлсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Маршалын арлуудын “Ж” ХХК нь Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/1292 дугаар тушаалаар байгуулагдаж, улмаар тус компанид Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн 11-218 тоот гэрчилгээ олгогдсон, уг гэрчилгээний хугацааг сунгасан үйл баримтууд тогтоогдсон боловч талууд тухайн асуудалд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын, 2011 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Пкомпанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг тус тус баримтлан БНХАУ-ын иргэн Яы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ааас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын, 2011 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Пкомпанийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

 

асны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН