Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00973

 

А.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 498 дугаар магадлалтай

А.Э-гийн нэхэмжлэлтэй

“Э” ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одонтунгалаг, Т.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цогням,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э- нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “Э” ХК-д бичиг хэргийн ажилтан, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тус компанийн худалдан авалт ханган нийлүүлэлтийн газрын мэргэжилтнээр, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс мөн газрын ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан болно.

“Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/224 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтыг үндэслэн 2016 оны 320 дугаар захиалгын хуудас дахь Лью Гонг авто ачигчийн сэлбэгийн захиалсан тоо, хэмжээг худалдан авалтад дутуу оруулж, өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан, компанийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн гэж ажлаас халсан.

Тушаалд дурдсан сэлбэгийн захиалсан тоо, хэмжээг худалдан авалтад дутуу оруулсан гэх зөрчлийг ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Э- гаргаагүй, нотлох баримт байхгүйгээр уг зөрчлийг надад тохож байна.

Тус компанийн Дотоод хяналтын нэгжийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДХ-1706 дугаар шалгалтын тайлан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн зөвшөөрөх ч үндэслэлгүй буруу, алдаатай дүгнэлт болохыг нь зохих албан тушаалтан болон Дотоод хяналтын мэргэжилтнүүдэд удаа дараа мэдэгдэж байсан болно. Гэтэл Дотоод хяналтын нэгжийн гэх зохих эрхгүй этгээдийн мэргэжлийн бус дүгнэлтээр намайг ажлаас халж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...А.Э- нь Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот Ажлын байрны нэр, орон тоог батлах тухай тушаал, мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/387 тоот Ажилтнуудыг ажилд томилох тухай тушаалаар Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газарт Ахлах мэргэжилтнээр томилогдож, мөн өдөр ЭТТ-53 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Дотоод хяналтын нэгжийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДХ-1706 дугаар шалгалтын тайлан, дүгнэлтээр А.Э-гийн гаргасан зөрчлийг илрүүлсэн.

А.Э- нь ахлах мэргэжилтний хувьд уг 3 хуудас бүхий 78 нэр төрлийн 176 ширхэг сэлбэгийн захиалгыг хүлээн авч, холбогдох мэргэжилтэндээ хүлээлгэн өгөхдөө 2 хуудас бүхий 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгээр захиалгын хэмжээг бууруулж, дутуу сэлбэгийн жагсаалт хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл А.Э-гийн дутуу гаргаж өгсөн 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгийн жагсаалт нь захиалагчаас ирүүлсэн захиалгын 1 дэх хуудасны 1-27, 3 дахь хуудасны 68-78 дугаар жагсаалтын сэлбэгийн нэр, төрөл, тоо ширхэгтэй таарч, харин захиалгын 2 дахь хуудасны 28-67 дугаар жагсаалтын 40 нэр төрлийн 96 ширхэг сэлбэг орхигдон тендерийн баримт бичигт дутуу тусгагдан, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Лью Гонг маркийн авто ачигчуудын сэлбэг нийлүүлэх үнийн санал авах баримт бичгийг боловсруулсан.

А.Э- нь ажлын байрны тодорхойлолтод заасан Бараа материалын худалдан авалт, хадгалалт, хуваарилалтын төлөвлөлтийн ажлын талаар санал боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, шууд харьяалагдах албан тушаалтны өдөр тутмын үйл ажиллагаанд ажлын удирдамж өгч, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллах, худалдан авалт, хадгалалт болон хуваарилалтын ажлын бүртгэл хөтлөлт, түүнд хяналт тавих үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас захиалагчаас өгсөн шаардлагатай сэлбэгийн захиалгын төрөл, тоо хэмжээг дутуу өгснөөр, сэлбэгийн худалдан авалт дутуу хийгдсэн.

Дотоод хяналтын нэгжид А.Э- өөрийн эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, алдаа гарган, захиалгын нэг хуудсыг дутуу өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Компани 35 000 000 төгрөгийн төсвөөр 78 нэр төрлийн 176 ширхэг сэлбэг худалдан авах боломжтой байсан бол ердөө 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгийг 25 048 100 төгрөгөөр худалдан авсан бөгөөд орхигдсон 40 нэр төрлийн 96 ширхэг сэлбэгийг худалдан авахад цаг хугацаа алдах, дутуу нийлүүлэгдсэн 40 нэр төрлийн 96 ширхэг сэлбэгийг сольж тавих, шаардлагатай байгаа техникүүд нь цаг хугацаандаа зохих техникийн үйлчилгээг авах боломжгүйн улмаас зогсож, улмаар уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх нөхцөл байдал үүссэн.

А.Э-гийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь Гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан Бараа, ажил, үйлчилгээний захиалга гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх журам"-ын 3.6, 3.1, 5.1-д заасныг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.3, 4.2.4, 5.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2, 5.3.1, 11.1.3, 11.5.5-д заасныг тус тус зөрчсөн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Э-г “Э” ХК-ийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Э” ХК-аас14 044 344 төгрөгийг гаргуулж А.Э-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны А.Э-гийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Э” ХК-ийн удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын орлогоос нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 228 171 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 498 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 298 671 төгрөгөөс илүү төлсөн 70 500 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 498 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Тодруулбал, А.Э- нь хөдөлмөрийн гэрээр цуцлах үндэслэл болсон захиалгын хуудсыг хувилахдаа арын хуудсыг орхигдуулсан байсныг хүлээн зөвшөөрч “Э” ХК-ийн хууль, эрх зүйн газарт дотоод хяналтын шалгалтын дүгнэлтэд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тайлбар гаргасан байна. /хх-ийн 70 дахь тал...” гэж шүүх А.Э-гийн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үйлдлийг нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл А.Э-гийн Уурхайн Засварын механикийн хэлтсээс Лью Гонг маркийн авто ачигчид шаардлагатай 3 хуудас бүхий 78 нэр төрлийн 176 ширхэг сэлбэгийн захиалгыг хүлээн авч, холбогдох мэргэжилтэндээ хүлээлгэн өгөхдөө 2 хуудас бүхий 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгээр захиалгын хэмжээг бууруулж, дутуу сэлбэгийн жагсаалт хүлээлгэн өгсөн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд А.Э-гийн энэ үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон компанийн Хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн ...эрхэлж буй ажил, үүрэгтээ хариуцлагатай хандах, гүйцэтгэх захирлын баталсан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх ...гэсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг А.Э- өөрөө болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотолсон.

А.Э-гийн ажил үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан, гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлээгүй үйлдэл нь компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Бараа, ажил, үйлчилгээний захиалга гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл болсон бөгөөд түүний “Э” ХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил болсон.

А.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “Ажилтан нь Хөдөлмөрийн дотоод журам, компанийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн;” гэж хоёр тал харилцан тохиролцож ажилтны зүгээс гаргах ноцтой зөрчлийг нэр заан оруулсан.

А.Э-гийн ажил үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан, гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлээгүй үйлдэл нь компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1-д “Ажилтан нь ...Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн хэм хэмжээ болон Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан дүрэм журмуудыг чанд мөрдөж ажиллах;”, Бараа, ажил, үйлчилгээний захиалга гаргах, түүнийг хянаж, шийдвэрлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6-д “...Захиалгын хуудсанд захиалсан бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтыг дэлгэрэнгүй, ойлгомжтой, нарийвчлан гаргаж ...хавсаргана. ...” гэж заасан заалтуудыг зөрчсөн нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т тусгаж өгсөн ноцтой зөрчлийг гаргасан.

Гэтэл шүүхээс А.Э-гийн энэ үйлдлийг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн мөртлөө анхан болон давж заалдах шатны шүүх “...А.Э-г ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн үндэслэл нь ...ерөнхий бөгөөд өргөн агуулгатай байгаа нь ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь нотлох баримтыг буруу, дутуу дүгнэсэн гэж хариуцагч тал үзэж байна.

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд заасны дагуу хоёр тал ноцтой зөрчлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгсөн.

Түүнчлэн уг тайлбарт ноцтой зөрчлийг ерөнхий, өргөн агуулгатайгаар оруулж болохгүй гэсэн ямар нэгэн хориглосон тайлбарыг Улсын Дээд шүүх хийгээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 498 дугаар магадлалыг нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Э” ХК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийг газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Э-г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, компанийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэн Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/224 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй, тушаалд заасан зохицуулалт нь ерөнхий, өргөн агуулгатай байх тул ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байх боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалын үндэслэлийг зөвтгөж, өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай гарсан талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Ажилтан А.Э- нь “Э” ХК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан “Бараа материалын худалдан авалт, хадгалалт, хуваарилалтын төлөвлөлтийн ажлын талаар санал боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих...” үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, захиалагчаас өгсөн шаардлагатай сэлбэгийн төрөл, тоо хэмжээг дутуу өгснөөр сэлбэгийн худалдан авалт дутуу хийгдсэн, бараа дутуу нийлүүлэгдсэнээр шаардлагатай техникүүд цаг хугацаандаа техникийн үйлчилгээ авах боломжгүйн улмаас зогсож, улмаар уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх нөхцөл байдал бүхий зөрчил гаргасан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, бусад баримтаар тогтоогдсон байна.

Ажил олгогч ажилтны үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан дээрх зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэжээ.

Ажилтан А.Э- дээрх зөрчлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байхад түүний энэ зөрчилд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцлага тооцсон нь хуульд заасан хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн байна.

Иймд ажилтныг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул ажлаас үндэслэлгүй халсан гэх А.Э-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 498 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар хариуцагч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 171 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД