Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 498

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00498

 

 

А.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭТТ” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч: А.Одонтунгалаг, Т.Цолмон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаандгаргасан тайлбартаа:

А.Э- нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “ЭТТ” ХК-д бичиг хэргийн ажилтан, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тус компанийн худалдан авалт ханган нийлүүлэлтийн газрын мэргэжилтнээр, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс мөн газрын ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан болно.

“ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/224 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтыг үндэслэн 2016 оны 320 дугаар захиалгын хуудас дахь Liu Gong авто ачигчийн сэлбэгийн захиалсан тоо, хэмжээг худалдан авалтад дутуу оруулж, өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан, компанийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн гэж ажлаас халсан.

Тушаалд дурьдсан сэлбэгийн захиалсан тоо, хэмжээг худалдан авалтад дутуу оруулсан гэх зөрчлийг ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Э- гаргаагүй, нотлох баримт байхгүйгээр уг зөрчлийг надад тохож байна.

Тус компанийн Дотоод хяналтын нэгжийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДХ-1706 дугаар шалгалтын тайлан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн зөвшөөрөх ч үндэслэлгүй буруу, алдаатай дүгнэлт болохыг нь зохих албан тушаалтан болон Дотоод хяналтын мэргэжилтнүүдэд удаа дараа мэдэгдэж байсан болно. Гэтэл Дотоод хяналтын нэгжийн гэх зохих эрхгүй этгээдийн мэргэжлийн бус дүгнэлтээр намайг ажлаас халж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Э- нь Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот “Ажлын байрны нэр, орон тоог батлах тухай” тушаал, мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/387 тоот “Ажилтнуудыг ажилд томилох тухай” тушаалаар Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газарт Ахлах мэргэжилтнээр томилогдож, мөн өдөр ЭТТ-53 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Дотоод хяналтын нэгжийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДХ- 1706 дугаар шалгалтын тайлан, дүгнэлтээр А.Э-гийн гаргасан зөрчлийг илрүүлсэн.

А.Э- нь ахлах мэргэжилтний хувьд уг 3 хуудас бүхий 78 нэр төрлийн 176 ширхэг сэлбэгийн захиалгыг хүлээн авч, холбогдох мэргэжилтэндээ хүлээлгэн өгөхдөө 2 хуудас бүхий 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгээр захиалгын хэмжээг бууруулж, дутуу сэлбэгийн жагсаалт хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл А.Э-гийн дутуу гаргаж өгсөн 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгийн жагсаалт нь захиалагчаас ирүүлсэн захиалгын 1 дэх хуудсын 1-27, 3 дахь хуудсны 68-78 дугаар жагсаалтын сэлбэгийн нэр, төрөл, тоо ширхэгтэй таарч, харин захиалгын 2 дахь хуудасны 28-67 дугаар жагсаалтын 40 нэр төрлийн 96 ширхэг сэлбэг орхигдон тендерийн баримт бичигт дутуу тусгагдан, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Лью Гонг маркийн авто ачигчуудын сэлбэг нийлүүлэх үнийн санал авах баримт бичиг”-ийг боловсруулсан.

А.Э- нь ажлын байрны тодорхойлолтод заасан “Бараа материалын худалдан авалт, хадгалалт, хуваарилалтын төлөвлөлтийн ажлын талаар санал боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, шууд харьяалагдах албан тушаалтны өдөр тутмын үйл ажиллагаанд ажлын удирдамж өгч, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллах, худалдан авалт, хадгалалт болон хуваарилалтын ажлын бүртгэл хөтлөлт, түүнд хяналт тавих” үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас захиалагчаас өгсөн шаардлагатай сэлбэгийн захиалгын төрөл, тоо хэмжээг дутуу өгснөөр, сэлбэгийн худалдан авалт дутуу хийгдсэн.

Дотоод хяналтын нэгжид А.Э- өөрийн эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, алдаа гарган, захиалгын нэг хуудсыг дутуу өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Компани 35 000 000 төгрөгийн төсвөөр 78 нэр төрлийн 176 ширхэг сэлбэг худалдан авах боломжтой байсан бол ердөө 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгийг 25 048 100 төгрөгөөр худалдан авсан бөгөөд орхигдсон 40 нэр төрлийн 96 ширхэг сэлбэгийг худалдан авахад цаг хугацаа алдах, дутуу нийлүүлэгдсэн 40 нэр төрлийн 96 ширхэг сэлбэгийг сольж тавих, шаардлагатай байгаа техникүүд нь цаг хугацаандаа зохих техникийн үйлчилгээг авах боломжгүйн улмаас зогсож, улмаар уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх нөхцөл байдал үүссэн.

А.Э-гийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь Гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, ажил, үйлчилгээний захиалга гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх журам"-ын 3.6, 3.1, 5.1-д заасныг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.3, 4.2.4, 5.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2, 5.3.1, 11.1.3, 11.5.5-д заасныг тус тус зөрчсөн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Э-г “ЭТТ” ХК-ийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “ЭТТ” ХК-аас14 044 344 төгрөгийг гаргуулж А.Э-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны А.Э-гийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ЭТТ” ХК-ийн удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын орлогоос нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 228 171 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

А.Э-гийн Уурхайн Засварын механикийн хэлтсээс Liu Gong маркийн авто ачигчид шаардлагатай 3 хуудас бүхий 78 нэр төрлийн 176 ширхэг сэлбэгийн захиалгыг хүлээн авч, холбогдох мэргэжилтэндээ хүлээлгэн өгөхдөө 2 хуудас бүхий 38 нэр төрлийн 80 ширхэг сэлбэгээр захиалгын хэмжээг бууруулж, дутуу сэлбэгийн жагсаалт хүлээлгэн өгсөн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд А.Э-гийн энэ үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон компанийн Хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн эрхэлж буй ажил, үүрэгтээ хариуцлагатай хандах, гүйцэтгэх захирлын баталсан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх гэсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг А.Э- өөрөө болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотолсон.

А.Э-гийн ажил үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан, гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлээгүй үйлдэл нь компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Бараа, ажил, үйлчилгээний захиалга гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил юм.

А.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4-д " хоёр тал ажилтны зүгээс гаргах ноцтой зөрчлийг нэр заан оруулсан.

Анхан шатны шүүх А.Э-гийн энэ үйлдлийг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн мөртлөө шийдвэрийн үндэслэх хэсэгт "...А.Э-г ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн үндэслэл нь ...ерөнхий бөгөөд өргөн агуулгатай байгаа нь... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан..." гэж үзэх үндэслэлгүй байна гэж нотлох баримтыг буруу, дутуу дүгнэсэн гэж хариуцагч тал үзэж байна.

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-д "ноцтой зөрчил" гэдгийг тайлбарласан ба уг зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            А.Э- нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн “ЭТТ” ХК-д бичиг хэргийн ажилтан, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тус компанийн мэргэжилтнээр, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс мөн газрын ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

            Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/224 тоот тушаалаар ажилтан А.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11.10, Хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 5.2.2, 5.3.1, 11.1.3, 11.5.5, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 4.2.4, 5.1.3, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, ажил, үйлчилгээний захиалга гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх журам”-ын 3.6, 5.1 дэх хэсэг, Дотоод хяналтын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДХ-1706 дугаар шалгалтын тайлан, дүгнэлтийг тус тус үндэслэн түүнийг 2016 оны 320 дугаар захиалгын хуудас дахь Liu Gong авто ачигчийн сэлбэгийн захиалсан тоо, хэмжээг худалдан авалтад дутуу оруулж, өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан, компанийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн гэх үндэслэлийг заасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

            Ажилтан А.Э- нь тушаалд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч уг зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой” гэдэгт хамаарахгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. А.Э- нь захиалгын хуудсыг хувилахдаа арын хуудсыг орхигдуулсан үйлдэл нь санаатай биш, хөдөлмөрийн гэрээний 4.2.4, хөдөлмөрийн дотоод журмын 11.5.5-д заасан зөрчилд хамааруулан ойлгож болох ч уг заалтуудыг хэт ерөнхийлөн томъёолсноор зөрчил бүрийг ноцтой гэдэгт хамааруулж ойлгохоор байх тул ерөнхий бөгөөд өргөн агуулгатай заалтыг үндэслэн зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

            Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т ажилтан үргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас компанид учруулсан хохиол нь ажилтны сарын цалингийн хэмжээнээс давсан тохиолдолд ноцтой зөрчилд хамааруулахаар заасан боловч ажлаас чөлөөлсөн тушаалд уг заалт, үндэслэлийг заагаагүйгээс гадна ажил олгогч нь ажилтан А.Э-гийн үйлдлээс компанид хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг нотолсон баримтыг өгөөгүй тул уг заалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Э-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

            Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн нийт 14 044 344 /2.060.000+2.155.000+1.989.522ч3сарч21.5хоног Ч146хоног/ төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/02508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар харуицагч “ЭТТ” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 298 671 төгрөгөөс илүү төлсөн 70 500 төрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА