Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 120/ШШ2018/0017

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр                                      Дугаар 120/ШШ2018/0017                                     Өмнөговь аймаг

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, шүүгч З.Ганзориг, В.Цэрэнрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: “М” ХХК

“Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А, өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Ч.М, иргэдийн төлөөлөгч М.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Мөнхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”... Т.Н миний бие анх 2000 онд ......................................................................................................................1.5 га газрыг эзэмшиж байсан ба 2003 онд “ИХ” ХХК-ийг үүсгэн байгуулсан ба 2004 онд Герман улсын иргэн В.Втай хамтран аялал жуулчлалын баазын зориулалтаар ажиллуулж байсан, бид хамтран олон компани байгуулан ажиллаж байх явцдаа маргаан гарч хөрөнгөө

                                                                                                                       

хувааж 2 тийшээ болсон юм. Анх 2000 онд Ханхонгор сумын нутаг, Хавцгайтын амны газрыг миний нэр дээр олгогдож би “ГХ” жуулчны бааз байгуулж ажиллаж байсан ба 2004 онд шинээр батлагдсан Газрын тухай хуулийн дагуу “И” ХХК-ийн нэр дээр эзэмшигчээр шинэчлэн тогтоож гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон юм. Миний бие уг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж ажил үйлчилгээ үзүүлж жил бүрийн газрын татвараа цаг хугацаанд төлж харуул хамгаалалт цэвэрлэгээгээ хийж явсан юм.

Гэтэл 2015 оны 10 дугаар сард манай харуул хамгаалалтын ажилтан онд танаас өөр хүмүүс баазыг ажиллуулж байгаад буулаа гэж мэдэгдсэн. Ингээд би Ханхонгор сумын Засаг дарга болон холбогдох хүмүүстэй уулзахад “М” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдээд 2016 оны 02 дугаар сард тус аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч тус хуулийн 17.1.1, 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тухай аймгийн Прокурорын 2016 оны 03 дугаар 10-ны өдрийн 22 тоот тогтоолыг хүлээж аваад эс зөвшөөрч шат шатны прокурорт гомдол гаргаж хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авсан.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан материалтай танилцахад Герман улсын иргэн В.В нь “М” ХХК-ийн өмч хөрөнгийг зарцуулах эрхийг Л овогтой Э  д итгэмжлэл олгосон байхад “И” ХХК-ийн 151200413 тоот нэгж талбарын дугаартай эзэмшлийн газрыг “М” ХХК-д шилжүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар Ханхонгор сумын Засаг дарга Г.С  2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гаргаж манай эзэмшил газрыг “М” ХХК-д 2 жилийн хугацаатайгаар эрх шилжүүлэх захирамж гаргаж, улмаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ханхонгор сумын Засаг дарга Б А/74 тоот захирамжаар “М” ХХК-ийн хүсэлтээр газар эзэмших хугацааг 40 жилээр сунгаж эзэмшүүлэхээр захирамж гаргасан шийдвэрүүд нь анхны эзэмшигч манай компанийн эрх ашгийг хохироосон хууль бус захирамж тул Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 Манай байгууллага нь дээрх хууль бус захирамж гарсан талаар мэдсэн даруй хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан бөгөөд “М” ХХК-ийн нэртэй газар байхгүй байхад хууль бусаар манай эзэмшлийн газрыг “М” ХХК-д өгч “И” ХХК-ийн захирал миний зөвшөөрөлгүйгээр манай компанийн эрх ашгийг хохироосон сумын Засаг дарга түүний ажилтан нарын гэм буруу тогтоогдсон боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдгийн ойлгосон, хуулийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Нт өргөдөл гаргасан, хариу мэдэгдэх албан тоотыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Миний бие Ханхонгор сумын засаг даргын 2012 оны А/129 тоот захирамжийг гарсан талаар мэдээгүй байсан ба Өмнөговь аймгийн архивын газраас 2017-06-09-ний өдөр лавлагаа авснаар мэдсэн, өмнө нь энэ асуудлаар Ханхонгор сумын ЗДТГ-д хандсан боловч материалаа танилцуулахгүй байсан юм.

Иймд хууль бус захирамж гаргаж ямар ч үндэслэлгүйгээр “И” ХХК-ийн эзэмшлийн газрыг “М” ХХК-д шилжүүлсэн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 75, 2012 оны А/129 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэвээр үлдээе гэж бодож байна. Яагаад гэвэл бидний зүгээс 2015 онд мэдсэн, хугацааны асуудал яригдана, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаартай захирамжийг архиваас олоод 2012 оны А/129 дүгээр захирамжийг мэдсэн. Авлигатай тэмцэх газарт, мөн хуурамч баримт үйлдэж үү, албан тушаалын гэмт хэрэг үү гэдгийг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан, Прокурорын газраас шалгаад тогтоол гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б өөрөө ч гэсэн Арбитрын шүүхийн шийдвэрийг буруу ойлгосон байна гэж хэлсэн нь прокурорын тогтоолд байгаа. Хөнгөн хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгээр зогссон. Тэгээд захиргааны актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Сумын Засаг даргын 2009 оны 75, 2012 оны А/129 тоот захирамжуудыг хүчингүй болгуулчихвал бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж гарч ирнэ гэж үзэж байна. Төрийн байгууллагын албан хаагч газрын даамал, сумын Засаг даргын хийсэн ажил гэвэл компанийн тамга тэмдэг, гэрчилгээ байхгүй үед гадаад хүн өргөдлийг 7 дугаар сарын 06-ны өдөр буюу сумын наадмын урд өдөр бичсэн байхад яг тэр өдөр нь сумын Засаг дарга шийдвэр гаргаад тэр өдөр гэрчилгээг олгосон байгаа юм. Мд газар шилжүүлсэн асуудлыг бид мэдээгүй, хөрөнгө битүүмжилсэн байсан, В эрэн сурвалжилж байсан. Тэр үед бидний хувьд хөрөнгөө хуваагаад өглөг авлагаа дуусгаад эцсийн баланс гаргаад татан буулгах боломжтой гэдгээр хүлээцтэй байсан. Гэтэл газар өөр хүнийх болсныг 2015 оны 11 сард мэдсэн. Бид Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар, шүүх зэрэг холбогдох газруудад хандаж тойрч явсаар өдий хүрч байна. “М” ХХК-ийн бичсэн хүсэлт нь “Т” гэдэг компанийн бланк дээр монголоор бичээд герман захирал гарыг үсгээ зурсан, шаардлага хангаагүй бичиг хүлээж аваад хууль бус захирамж гарган намайг хохироогоод байна. Анх “М” ХХК-ийг Н, В хоёр байгуулсан бөгөөд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаад ашгийн төлөө байгууллага ашиггүй болж маргаан үүсснээс үүдэн хамтран ажиллахаа больж В “Т” ХХК, Н “И” ХХК-ийг байгуулан хоёр тийшээ болсон. “ГХ” жуулчны бааз хэзээ ч “М” компанийн нэр дээр байгаагүй, Н байгуулсан. Энэ жуулчны баазын газар манай эзэмшлийн газар. Газрын шинэчилсэн хуулийн дагуу сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар манайд эзэмшүүлсэн. Бид нар хүчин төгөлдөр гэж бодоод өдийг хүртэл газрын төлбөрөө төлөөд явж байсан. Уг газрыг эзэмших эрхийг “И” ХХК хуулийн дагуу авсан. Сумын Засаг дарга эрхээ хэтрүүлж өөрийн хувийн сонирхол үзэмжээр дээрх захирамжуудыг гаргаж манай эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн байна. Иймд Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 75, 2012 оны А/129 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Н гэдэг хүн анх 2000 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын болон Монгол улсын хэмжээнд 5 баазыг Герман улсын иргэнтэй хамтран аялал жуулчлалын зориулалтаар ажиллуулах газар эзэмших гэрчилгээг тухайн аймгууддаа авч ажиллуулж байсан. 2004 оны сүүлээр Герман улсын иргэнтэй ашиг орлогынхоо байдлаас болж маргаад хоёр тийшээ болсон. Энэ асуудлыг нь арбитрын шийдвэр болон бусад шийдвэрүүдээр маргаантай асуудал байсан гэдэг нь харагддаг. Энэ маргаан дунд газар эзэмших талаар ямар нэгэн маргаан байхгүй, зөвхөн ашиг орлого хуваах цалин өгөх талаар маргаануудыг шийдвэрлэж байсан. Энэ маргаанууд явсаар байгаад Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2009 онд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн байдаг. Энэ талаар шүүхийн шийдвэрүүд нь байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/11033 тоот албан бичгээр, Баянгол дүүргийн шүүхийн 5552 дугаар шүүгчийн захирамжаар “М” ХХК-ийн Герман талын хөрөнгө оруулагч Вийн эзэмшлийн хөрөнгө гэр тавилга тоног төхөөрөмжийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Ханхонгор суманд байрлах “ГХ” баазыг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хөрөнгө битүүмжлэгдсэн байна гээд явж байсан. Н Өмнөговь аймгийн Шийдвэр гүйцэтгэлд хүсэлтээ ирүүлж байсан байдаг. Н нь 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “И” ХХК-ийг байгуулж гэрчилгээ авсан байдаг. Газрын тухай хууль 2003 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор хувь хүний нэр дээр байсан газрыг аж ахуй нэгж нэр дээрээ авах боломжтой болсон. Үүний дагуу Ханхонгор сумын Засаг дарга Энхбат гэж газар эзэмшлийн шинэчилсэн бүртгэл хийлгэхээр 2004 онд хүсэлтийг ирүүлсэн, хүсэлтийн дагуу 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээг “ИХ” ХХК-нд олгосон. Тухайн жуулчны бааз өмнө нь Т.Нийн нэр дээр байсан. 2000 оны гэрээ нь Ё.Огэж хүн гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ байгаа. Ингээд 2004 оны “И” ХХК-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ хуулийн дагуу гарсан. Гэтэл 2009 онд 75 дугаар захирамж гарсан, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлсэн байх атал “И” ХХК-ийн нэр дээр гарсан “ГХ” жуулчны баазын газрыг Ханхонгор сумын Засаг дарга 2009 оны 75 дугаар захирамжаараа энэ компаниас ямар нэгэн хүсэлт, өргөдлийг аваагүйгээр шууд Герман улсын иргэн хүний итгэмжлэлээр “М” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38.2 дахь заалтыг зөрчсөн, мөн хуульд заасан бүрдүүлэх бичиг баримтыг мөн бүрдүүлээгүй, шилжүүлэх тухай хүсэлт байхгүй байхад шууд “М” ХХК руу шилжүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр болсон. Энэ захирамжиндаа Арбитрын шийдвэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэн байна гэж бичсэн байдаг. Энэ газрын  маргааныг Арбитрын шүүхээс шийдэж, шийдвэр гаргаагүй. 2010 онд Баянгол дүүргийн шүүхээс хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдээд байхад Ханхонгор сумын Засаг дарга газар эзэмшигчийг өөрчлөөд байсан нь хууль бус болж байгаа юм. Энэ талаар огт Н нь мэдээгүй, удаа дараа шүүхэд хандаж байсан нь 2011, 2012, 2015 онуудад гарсан шүүхийн шийдвэрүүдээс харагддаг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжинэ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Хавцгайтын адаг гэдэг газар 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 тоот албан бичгээр 1.5 га газар эзэмших хүсэлтийг Монгол Германы хамтарсан “М” ХХК-ийн нэрээр, захирал Т.Н хүсэлт ирүүлсний дагуу 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 тоот шийдвэрээр 1 га газрыг “М” ХХК-ийн нэрээр 3 жилийн хугацаатайгаар Т.Нтэй гэрээ байгуулж гэрчилгээ олгосон, 2000 оны 5 дугаар сарын 16-нд хэмжилт хийж газрыг актаар хүлээлгэн өгсөн байна. “И” ХХК 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 албан бичгээр “газар эзэмших шинэчилсэн бүртгэл хийлгэх тухай” гэсэн утгатай жуулчны баазын нэрээр “ГХ” гэсэн хүсэлт ирүүлж, сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот захирамжаар “ГХ”-д 1.5 га газрыг 10 жилийн хугацаатай шинээр газар эзэмшүүлэх захирамж гарсан. 2004 оны 10 дугаар сарын 23-нд “ИХ" ХХК Г№0039032 дугаартай үнэт цаасан дээр нэгж талбарын дугаар-151200413, 1.5 га газрыг 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байна. WEIGLEIN WERNER 2009 оны 06 сарын 16-нд Т.Быг 1 сарын хугацаатай итгэмжлэгчээр томилж, 2009 оны 07 сарын 06-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол, Монголын үндэсний Арбитрын шүүхийн шийдвэрийг хавсарган, сумын Засаг даргын 2004 оны 02 сарын 23-ны өдрийн 13 тоот захирамжийг хүчингүй болгож “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх тухай хүсэлт ирүүлсэн. Ханхонгор сумын Засаг дарга 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 тоот захирамжаар “М" ХХК-нд газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйл, шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн 1.5 га газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших захирамж гарч №0173586 тоот гэрчилгээг 2009 оны 07 сарын 06-нд олгосон байна. WEIGLEIN WERNER-ийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3 жилийн хугацаатай Л овогтой Э  г итгэмжлэгчээр томилж, итгэмжлэгчээс “М” ХХК-д газар эзэмших, эрх шилжүүлэх хүсэлт гэрээ, гэрчилгээг ирүүлсэн. Сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэн “М” ХХК-д 2 жилийн хугацаатай эрх шилжүүлэн эзэмшүүлсэн. 2015 онд “М” ХХК-ийн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2015 оны 05 сарын 20-ны өдрийн А/74 тоот захирамжаар “М” ХХК-д Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг үндэслэн 40 жилийн хугацаатайгаар хугацааг сунгасан захирамж гарч 307956 дугаартай гэрээ гэрчилгээ олгогдсон, 151200113 дугаартай энэ нэгж талбар нь өөр иргэний нэр дээр өвөлжөөний зориулалтаар бүртгэлтэй байна. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамж гэж бичигдсэн байгаа нь ийм дугаартай захирамж байхгүй болно. Газрын тухай хууль 2003 оны 01 сарын 01-нээс эхэлж хэрэгжсэн. 1999 оноос “М” ХХК хүсэлт гаргаж гэрээ гэрчилгээ авахдаа захирал Т.Нийн нэрээр жуулчны баазын нэр /ГХ/ гэсэн нэрээр гэрчилгээ олгогдсон. “ИХ” ХХК нь 2004 онд газар эзэмших шинэчилсэн бүртгэл хийлгэж бүртгүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлаагүй, “М” ХХК-иас эрх шилжүүлэх ёстой байсан. Сумын Засаг даргын захирамж гарахдаа аж ахуйн нэрээр бус “Гюүг хан” гэсэн нэртэй 1.5 га газар болж өөрчлөгдсөн. 2004 оны 10 сарын 22-нд гэрчилгээ олгохдоо 15 жилийн хугацаатай болж гэрчилгээ олгогдсон. Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоход Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийг тус тус зөрчих тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, холбогдох шүүхийн байгууллагаар эцэслэж захирамжид өөрчлөлт орох эсэхийг шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Германы хамтарсан “М” ХХК-ийн захирал Н нь 1999 онд газар авах талаар хүсэлт өгч, үүний дагуу гэрээ байгуулаад Нд гэрчилгээ бичиж олгосон байгаа. Тухайн үед “М” ХХК-нд олгосон гэрчилгээнд бичигдсэн эрх олгосон захирамж гарч байгаагүй. Зөвхөн гэрчилгээг бичиж өгсөн байдаг. Гэрчилгээ нь болохоор засвартай, эх хувиараа байдаггүй. Энэ компани хоёр захиралтай гэж хэлж байна. “И” гэж компани байгуулаад тэрнийхээ нэр дээр гэрчилгээ гаргуулж авах гэж дахиж хүсэлт өгсөн байгаа. Үүний дагуу 2004 онд сумын Засаг даргын 13 тоот захирамжаар “И” ХХК-нд биш зөвхөн “ГХ” жуулчны баазын нэрээр гарсан. “ГХ” жуулчны бааз нэрээр гарангуут “И”ХХК-д гэрчилгээг бичээд олгочихсон. “М” ХХК-иас “И” ХХК руу шилжүүлэхдээ Монгол хаадаас зөвшөөрөл авсан, гэрээ энэ тэр хувийн хэрэгт ерөөсөө  байхгүй. Яаж шилжүүлсэн талаар мэдэхгүй. Намайг залиллаа гээд байдаг шиг  өөрсдөө яаж ямар аргаар “М” ХХК-иас “И” ХХК руу шилжүүлж авсныг мэдэхгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ олон байгаа. ИХ, И гээд хувийн хэрэгт янз бүрийн материалууд яваад байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээ болохоор И, хүсэлт нь болохоор ИХ гээд тамга нь болохоор ИХ гээд учир нь ойлгогдохгүй ийм болоод байдаг. “И” компанийн нэр дээр газар эзэмших эрх олгогдоогүй байхад үндэслэлгүйгээр гэрчилгээ бичиж олгосон учраас “М” ХХК-ийн хамгийн анхны улсын бүртгэлээс нэгж талбарын дугаар авчихсан байсан тул сумын Засаг даргын 2009 оны 75 дугаар захирамжаар “ИХ” ХХК-д олгосон 0039032 тоот гэрчилгээг, 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот захирамжид орсон “ГХ”-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Мөн сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 тоот захирамжаар “М” ХХК руу эрх шилжүүлэхэд хууль зөрчөөгүй, би хуульд нийцээгүй юм хийгээгүй гэж бодоод үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Анхнаасаа “И” ХХК-д газар эзэмших эрх, гэрчилгээ байгаагүй, сумын Засаг даргын 1999 оны 18 дугаартай, 2002 оны 07 дугаартай захирамжууд хаана ч байхгүй, олдохгүй байгаа. Өмнөх шүүх хуралдаануудад ч гэсэн хэлж байсан тайлбараа дэмжиж ижил тайлбар гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Ч.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2012 оны 8 дугаар сард Э   гэдэг хүн “ГХ” баазыг зарна гэж ахаасаа дуулаад уг бааз дээр очиж Э  тай ярилцан уг баазыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2012 оны 10 дугаар сард бааз болон газрыг шилжүүлэх гэрээ хийсэн. Уг баазыг худалдан авахад газрын гэрчилгээ нь 0173586 дугаартай “М” ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд энэ компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Э   гэдэг хүн байсан. Би “ИХ” ХХК-ийн Н гэдэг хүний нэртэй баазыг худалдан аваагүй. “М” ХХК-ийн Э   гэдэг хүнээс л ”ГХ” баазыг авсан. 2016 онд Н гэдэг хүн намайг 2 ч удаа шүүхэд дуудуулан байцаалгасан. Яагаад энэ хүн бидний газрыг хууль бусаар хүчингүй болгуулах гээд байгааг Э  аас тодруулахад надад Арбитрын шүүхийн шийдвэрийг үзүүлсэн. Уг шийдвэрт жуулчны 5 баазаас Тэрэлж дэх жуулчны баазын гэр, тавилга, техник тоног төхөөрөмж хөрөнгийн өмчлөгчөөр Т.Нийг, бусад жуулчны 4 бааз дахь гэр тавилга, тоног төхөөрөмж хөрөнгийн өмчлөгчөөр В Вайглайныг тогтоосон шийдвэр байсан. Манай компани ямар ч хууль бус зүйл хийгээгүй, энэ газраа хуулийн дагуу шилжүүлж авсан. Энэ баазыг 23 сая төгрөгөөр аваад одоо 68 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Манай компани бүгдийг шинээр авч, хийж бүтээж барьж байгуулаад 2017 оноос ажиллуулж эхэлсэн. “М” ХХК-ийн төлөөлөгчийн надад ойлгуулснаар Н гэдэг хүн Герман хүнтэй хамтарч Монголд жуулчны 5 бааз барьсан. Энэ баазын хөрөнгө бол Герман хүний хөрөнгө, тэр Герман хүн Монголд газар аваад жуулчны бааз байгуулах аргагүй, гадаад хүний нэр дээр газар эзэмших шийдвэр гаргахгүй байсан учраас Н гэдэг хүнийг захирлаар ажиллуулаад энэ хүний дээр газрын гэрчилгээг нь гаргажээ гэж ойлгосон. 2004 онд энэ газрыг шилжүүлэх тэр үед Н “М”-ын захирал байсан байна. Хажуугаар нь “И”-аа байгуулаад энэ газрыг хууль бусаар авсан гэж би ойлгодог. Би ямар ч хууль бус, үндэслэлгүй шилжүүлж аваагүй. Хэрвээ Герман хүн хөрөнгө босгож жуулчны бааз бариагүй байсан бол Н гэдэг хүн газар аваагүй л байх байсан, гадаадын хүний нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарахгүй гэсэн учраас л Нийн нэр дээр гарсан. Тэгэхээр би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”“И” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн, харьцуулан судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх тухайд;

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А “... Ханхонгор сумын нутагт байдаг манай жуулчны баазын газрыг хууль бусаар өөр компанид шилжүүлснийг 2015 оны 12 сард хүнээс мэдээд холбогдох хууль хяналтын байгууллагуудад гомдол гарган шалгуулж, хамгийн сүүлд Улсын Прокурорын газарт гаргасан өргөдлийн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан, сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дугаартай захирамжууд гарсныг аймгийн архивын баримтаас дугааруудыг олж мэдээд аймгийн Засаг даргад гомдол гаргаж, дараа нь хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий актуудын хувийг “И” ХХК-д өгөөгүй...” гэж тус тус тайлбарласан бөгөөд маргаан бүхий акт болох Ханхонгор сумын Засаг даргын дээрх захирамжуудыг захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “И” ХХК-д гардуулсан, танилцуулсан буюу мэдэгдсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах 1.5 га газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлсэн үйлдлийг шалгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, захирамж хүчингүй болгуулах” агуулга бүхий өргөдөл, гомдлуудыг[1] 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Авлигатай Тэмцэх Газарт, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг дахь Прокурорын газарт, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурор М.Эд, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад тус тус хандан гаргасан нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/8243, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хх/01 албан бичгүүд, Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/201616000022 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэх тухай” тогтоол, мөн газрын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/34 тоот Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/418 дугаар, мөн оны 12 сарын 12-ны өдрийн 1/1067 дугаар тогтоолууд, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1-694 тоот “Хариу мэдэгдэх тухай”, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4-1031 тоот албан бичиг, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтуудаар[2] тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж 2015 оны 12 дугаар сард мэдсэнээс хойш 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газар, Өмнөговь аймаг дахь Прокурорын газар болон Улсын Ерөнхий прокурорт тус тус хандан эрүүгийн журмаар шийдвэрлүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргаас хариу авсны дараа 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч “И” ХХК нь анх “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, тодруулсан.[3]

Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт болон дээрх маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ““И” ХХК нь хуулийн дагуу Т.Нээс газар эзэмших эрхийг шилжүүлж авсан, дээрх газар манай компанийн эзэмшилд байхад “М” ХХК-иас “М” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн, “М” ХХК нь газар эзэмших, өмчлөх эрхгүй” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““И” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж байхгүй” гэж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “Арбитрын шийдвэрийн дагуу “ГХ” жуулчны баазын өмчлөгч нь В.В гэж ойлгосон. Т.Н нь “М” ХХК-ийн захирал байхдаа “И” ХХК-ийг байгуулж, газар эзэмших эрхийг тэр компанидаа шилжүүлж авсан” гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, маргана.

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбараас үзэхэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг, Хавцгайтын адагт байрлах нэгж талбарын 151200413 дугаар бүхий 1.5 га газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан тус сумын Засаг даргын 1999 оны 18, 2002 оны 07, 2004 оны 13, 2009 оны 75, 2012 оны А/129 дүгээр захирамжууд гарсан /гэх/ ба нэхэмжлэгчийн зүгээс дээрх газрыг “М” ХХК-д эзэмшүүлсэн 2009 оны 75 дугаар захирамж, улмаар тухайн газрын эзэмших эрхийг “М” ХХК-д шилжүүлсэн 2012 оны А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч “М” ХХК, “И” ХХК, “М” ХХК тус бүрийн шинээр, шилжүүлж авсан зэргээр газар эзэмших болсон буюу эрх үүссэн үндэслэлд дүгнэлт өгөх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл болно.

Учир нь хүн, хуулийн этгээдийн эрхийг захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас захиргааны хэргийн шүүх хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээн тогтоох үндэслэл нь маргаж буй захиргааны акт хууль зөрчсөн байх, тухайн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол (хуулийн дагуу үүссэн буюу хууль ёсны) зөрчигдсөн байх нөхцлийг хамтад нь хангасан байхыг шаардана: 

А/ Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 18 дугаар захирамж ба “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд;

“М” ХХК (РД:2576651) нь 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд[4] байх ба албан ёсоор татан буугдаагүй[5]; тус хуулийн этгээдийг үүсгэн байгуулах гэрээ, компанийн дүрэмд заасны дагуу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр байхгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй ба Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанаас анх олгосон 21/981 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Удирдлагын овог нэр: Т.Н” гэснээс өөрөөр “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /Гүйцэтгэх захирал/”-ийн талаарх мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд авагдаагүй байна.

Дээрх газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшихээр тус хуулийн этгээдийг төлөөлж захирал Т.Н нь 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан, түүний дагуу газар эзэмшүүлэх гэрээг /”Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 тоот шийдвэрийг үндэслэн” гэж дурдан/ ... ГХ, захирал Зундуй ... гэж гарын үсэг зурж, “М” ХХК-ийн тэмдгийг дарж баталгаажуулан 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан байх ба шүүхээс явуулсан үзлэг, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт зэргээс дүгнэхэд газар эзэмших хүсэлтийг гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагдсан “М” ХХК гэдэг хуулийн этгээдийн нэрээр гаргасан, хүсэлтэд хавсаргавал зохих баримтууд холбогдох архивын нэгжид хадгалагдаагүй, газар эзэмшүүлэх гэрээг эрх олгосон гэх 18 дугаар захирамж гарахаас нэг өдрийн өмнө “ГХ” жуулчны бааз гэх хуулийн этгээдийн эрхгүй этгээдтэй байгуулсан зэргээс[6] “М” ХХК нь анх дээрх газрыг эзэмшихдээ Газрын тухай хууль /1999 он/-ийн  27 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 3, 32 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар захирамжийн эх хувь Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй, тус архивт хадгалагдаж буй Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 18 дугаар захирамж нь “5 дугаар сарын 26-ны өдрийн шагнал олгох тухай”, 11 дүгээр сарын 5-ны өдрийн хувьд “цалин шинэчлэн тогтоох тухай 31 дүгээр захирамж” гэж гарсан зэргээс гадаадын хөрөнгө оруулалттай тус хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон 18 дугаартай захирамж бодитоор гарсан гэх үйл баримт хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй[7] байгааг дурдах нь зүйтэй.

Дүгнэвээс, газар эзэмшихээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргах баримт бичиг, хуулийн этгээдэд эзэмших эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээ нь дээрх байдлаар Газрын тухай хууль /1999 он/-д нийцэхгүй байгаагаас гадна, угтаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль /1993 он/[8]-ийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгөөр, гэрээний үндсэн дээр ашиглуулна” гэж заасныг зөрчсөн байх ба “М” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал хэн байхаас үл хамааран тус хуулийн этгээдэд уг газрыг эзэмшиж ашиглах эрх тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу үүсээгүй байна.

Б/ Ханхонгор сумын Засаг даргын 2002 оны 07 дугаар захирамжийн тухайд;

Хэрэгт авагдсан “ГХ баазын газрын баталгаат хэмжээг тогтоосон 2000 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн акт, 1511000420 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэгт дээрх газрыг “тус сумын Засаг даргын 2002 оны 07 дугаар захирамжаар Т.Нд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” талаар дурдсан боловч шүүхээс хийсэн үзлэгээр Ханхонгор сумын Засаг даргын 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар захирамжийн эх хувь Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй, архивт хадгалагдаж буй Ханхонгор сумын Засаг даргын 2002 оны 07 дугаар захирамж нь “2 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгө зарцуулах” тухай агуулга бүхий зэргээс “И” ХХК-д газар эзэмших эрх олгосон 07 дугаартай захирамж бодитоор гарсан гэх үйл баримт мөн тогтоогдохгүй[9] ба нэгж талбарын 151200413 дугаартай газрын хувийн хэрэгт “Т.Н” гэж олгосон 1511000420 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнээс өөр, түүнд газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ г.м Т.Н, эсхүл “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг нотлох баримт бичиг хадгалагдаагүй зэргээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ““И” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж байхгүй” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

1511000420 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд огноог “2000 оны 5 дугаар сарын 16-ны өдөр” гэж зааснаас харахад уг гэрчилгээ нь цаг хугацааны хувьд Ханхонгор сумын Засаг даргын 2002 оны 07 дугаар захирамжийг үндэслэсэн байх боломжгүй юм.

Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжид “... энэ захирамж гарсантай холбогдуулан ... 2002.05.16-ны 07 тоот ГХ жуулчны бааз, ... гэсэн захирамжийг тус тус хүчингүйд тооцсугай” гэж тодорхойлсон үйл баримтыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “Газрын шинэчилсэн хуулийн дагуу сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар “И” ХХК-д газар эзэмших эрхийг гэрчилгээг олгосон” гэх тайлбартай харьцуулан дүгнэвэл 2003 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж[10], эрх зүйн чадамжтай болсон “И” ХХК нь 2000, эсхүл 2002 онд хуулийн этгээдийн хувиар газар эзэмших эрх олж авсан байх эрх зүйн үндэслэлгүй билээ.

Т.Н нь хувь хүнийхээ хувиар хүсэлт гаргаж, түүний нэрээр газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж гараагүй, гэрээ гэрчилгээг аваагүй тул “тус газар анх миний нэр дээр олгогдсон” гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

в/ Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 13 дугаар захирамж ба “ГХ” жуулчны баазад газар эзэмших эрх олгосон тухайд;

“И” ХХК /захирал Т.Н/-ийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “ГХ жуулчны баазын эзэмшил газрын хуучин гэрээг шинэчилсэн бүртгэл хийлгэх тухай” хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх тухай” 13 дугаар захирамжаар газар эзэмшигчийн нэрийг “ГХ” жуулчны бааз гэж тодорхойлон аялал жуулчлалын зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмших эрх олгосонтой холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг 2004 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “И” ХХК-ийн захирал Т.Нтэй байгуулж, 0039032 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “И” ХХК-д олгосон[11] нь Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т ”Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “хураамж төлсөн тухай баримт” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

“ГХ” жуулчны бааз нь бие даасан хуулийн этгээд биш тул Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхгүй, газар эзэмшигч байх үндэслэлгүй байхад Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 13 дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй ба нэхэмжлэгчийн гаргасан “Газрын шинэчилсэн хуулийн дагуу сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар манайд эзэмшүүлсэн. Бид нар хүчин төгөлдөр гэж бодоод өдийг хүртэл газрын төлбөрөө төлөөд явж байсан. Уг газрыг эзэмших эрхийг “И” ХХК хуулийн дагуу авсан. Жуулчны бааз өмнө нь Т.Нийн нэр дээр байсан” гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Нэгэнт газар эзэмших эрх олгосон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, байхгүй байхад "газрын төлбөрийг төлж байсан” нь “И” ХХК дээрх газрыг хуульд заасан журмын дагуу олж авч, эзэмшсэн гэдгийг нотолж, бас илэрхийлэхгүй.

 

г/ Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 75 дугаар захирамж ба “М” ХХК-д газар эзэмших эрхийг сэргээн, олгосон тухайд;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дээрх жуулчны бааз байрших газрын эзэмших эрх анх 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “М” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Ханхонгор сумын Засаг дарга 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар захирамжаар “М” ХХК-нд олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор үүссэн, улмаар тус компанийн гаргасан “газар эзэмших эрхээ сэргээлгэх” хүсэлтийн дагуу Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж гарсан” гэж тайлбарлана.

Хэрэгт цуглуулсан Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 75 дугаар захирамж, Монголын үндэсний аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийдвэр, В Вайглайнаас Г.Бд олгосон 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан В Вайглайн, Г.Б нарын хүсэлт, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, тус өдөр “М” ХХК-д олгосон 0173586 дугаартай газартай эзэмших эрхийн гэрчилгээ, баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд[12] Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 75 дугаар захирамжаар “... “М” ХХК-д газар эзэмших эрхийг сэргээн олгож, ... “И” ХХК-д олгосон 0039032 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “М” ХХК-д анх газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн[13] ба хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон “Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамж”-ийг тус сумын Засаг даргын 2012 оны А/129 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тул эрх зүйн үйлчлэлгүй буюу нэгэнт хүчингүй болсон уг 75 дугаар захирамжийг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй.

 

г/ Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны А/129 дүгээр захирамж ба “М” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн тухайд;

Хэрэгт цуглуулсан Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны А/129 дүгээр захирамж, В Вайглайнаас Л.Э  д олгосон 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “М” ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар албан бичиг, маргаан бүхий газар болон баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаас[14] дүгнэхэд маргаан бүхий газрын эзэмших эрхийг “М” ХХК гэдэг хуулийн этгээдээс “М” ХХК гэдэг хуулийн этгээдэд шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох баримт бичгийг хавсаргаагүй зэргээр тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “хураамж төлсөн тухай баримт” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Угтаа “М” ХХК нь газар эзэмших эрхгүй, хуульд заасан журмыг зөрчиж газар эзэмшсэн атал Ханхонгор сумын Засаг даргаас эрх сэргээж, улмаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх үндэслэлгүй юм.

Нэгтгэн дүгнэвэл, “М” ХХК-ийг төлөөлж захирал Т.Н хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Н, дараа нь “ГХ” жуулчны баазын нэр дээр гаргуулсан. “ГХ” жуулчны бааз /гэрчилгээ нь “И” ХХК/-д эзэмшүүлсэн, эрх сэргээх нэрээр “М” ХХК-д дахин эзэмшүүлж, улмаар “М” ХХК-д шилжүүлсэн эдгээр харилцаа бүхэлдээ Газрын тухай хуульд заасан Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг зөрчжээ.

Газар эзэмших буюу ашиглах тухай ойлголт, нөхцөл шаардлага; хүсэлт гаргах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, эзэмших эрхийг дуусгавар болгох, бусдад шилжүүлэх зэрэг газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг Газрын тухай хуульд[15] журамлан тогтоосон атал эдгээр хуулийн этгээд тус бүрийн газар эзэмших эрх дээрх байдлаар хуулийн дагуу үүсээгүй байна.

Тухайлбал “И” ХХК-ийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамж гараагүй, “Газрын тухай хуулийг 2002 онд шинээр батлагдахад ГХ жуулчны баазын эзэмшиж байсан газрын хуулийн дагуу шилжүүлж авсан” гэх боловч тус хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүсээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул “хуулийн дагуу үүссэн газар эзэмших эрх” гэдэг ойлголт уг газрын хувьд тус хуулийн этгээдэд үгүй, иймд Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 75, 2012 оны А/129 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчид хуулийн дагуу үүссэн “газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг зөрчихгүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгчийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тодорхойлсон “”И” ХХК-ийн газар эзэмших эрх” сэргэхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. 

Маргаан бүхий газрын байршил хийгээд “М” ХХК, “И” ХХК, “М” ХХК-иудын хэн аль нь тухайн газрын кадастрын зургийг хийлгэж, газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

Шүүх хуралдаанд оролцогчид хүсэлт шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй, хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасныг дагуу хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг, гуравдагч этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй, эзгүйд нь шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дүгээр зүйлийн 27.1, 27.2, 27.4, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан ”И” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


[1] Хэргийн  I хавтасны 23, 226, 229, 240 дэх талд

[2] Хэргийн  I  хавтасны 29-30, 120-133, 226-242, II хавтасны 185 дахь талд

[3] Хэргийн  I хавтасны 52, II хавтасны 126 дахь талд

[4] Хэргийн I хавтасны 107 дахь талд тус хуулийн этгээдийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 99122 дугаартай гэрчилгээ, 110-114 дэх талд компани үүсгэн байгуулах тухай гэрээ, II хавтасны 73-80 дахь талд компанийн дүрэм авагдсан.

[5] Хэргийн III хавтасны 28 дахь талд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.07.18-ны өдрийн 12/542 дугаар албан бичиг авагдсан ба нэхэмжлэгч “Их хаадууд тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А шүүх хуралдаанд “би “Монгол хаад тур” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Компанийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн маргаанаас болж татан буугдах асуудлыг шийдвэрлэж чадаагүй” гэж тайлбарласан болно.                                                               

[6] Хэргийн  I хавтасны 52 дахь талд Монгол хаад тур” ХХК-ийн 1999.06.07-ны өдрийн 17 дугаар дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, 68-69 дэх талд 1999.11.04-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ авагдсан.

[7] Хэргийн III хавтасны 44-68, 70-76 дугаар талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан архивын баримт бичгүүд авагдсан.

[8] Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

[9] Хэргийн III хавтасны 44-68, 70-72, 77-79 дугаар талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан архивын баримт бичгүүд авагдсан.

[10] Хэргийн II хавтасны 7 дахь талд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 15 дахь талд регистрын 2794152 дугаартай “Их хаадууд тур” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 25 дахь талд компанийн үүсгэн байгуулах шийдвэр, 29-31 дэх талд компанийн дүрэм тус тус авагдсан.

[11] Хэргийн I хавтасны 11, 12, 18, 77-80 дахь талд

[12] Хэргийн I хавтасны 53-59, 84-87, 92-93, 208, 212-213, III хавтасны 44-47, 59-63 дахь талд бий.

[13] Үндэслэх хэсгийн а/-д холбогдох эрх зүйн дүгнэлт хийсэн.

[14] Хэргийн I хавтасны 3, 5-8, 215-216, III хавтасны 38-41, 44-47, 59-68 дахь талд

[15] Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 18, 2002 оны 07 дугаар захирамжийн хувьд 1994 оны, 2004 оны 13, 2009 оны 75, 2012 оны А/129 дүгээр захирамжийн хувьд 2004 оны Газрын тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ.