| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0026/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шинжээч Ш.Даваасүрэн,
Шүүгдэгч Н.Л.Н-, түүний өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М- нарт холбогдох эрүүгийн 1838007710430 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Н-
Монгол Улсын иргэн, С.М-,
Шүүгдэгч Л.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн С.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн зодолдох явцдаа С.М-ын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч С.М- нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын ... тоотод иргэн Л.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэртээ 2 хүүхдийн хамт унтаж байтал гэрийн хаалга хүн тогшсон. Тэгэхээр нь би босч очоод хаалга тайлж өгтөл нэг эмэгтэй хүн орж ирээд үгийн зөрөөгүй шууд намайг үсдэж дараад “чи ямар янхан бэ, 2 хүүхдээ дагуулж ирж нөхрийнхөө толгойг залгичихаад нөхөртэй явдаг ямар их янхан банзал, гичий вэ чамайг алсан ч чадна” гээд үснээс дугтарч зулгаасан. ...Намайг дахиж үсдэж чирээд гадагшаа гарч дайрч давшиж доромжилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Д- бид хоёрыг уг дуудлаган дээр явж очиход хоёр эмэгтэй маргалдаад дуусч байгаа байдалтай хэрэлдээд зогсож байсан. Б.Д- юу болсон талаар асуухад нэг эмэгтэй нь нөхөртэйгээ хардаад хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн. ...хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйгийн дээгүүрээ өмссөн ноосон цамц нь урагдчихсан байдалтай байсан. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйг машиндаа суулгаад шууд цагдаагийн газарт авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа намайг гэртээ нөхөр болон хүүхдүүдийнхээ хамт амрах гээд орондоо орчихсон байж байхад гаднаас гэнэт дээгүүрээ нүцгэн, хөл нүцгэн эмэгтэй ороод ирсэн. Гэрт нүцгэн шахуу орж ирсэн хүүхэн нь орилоод л байгаад байсан. Тэгэхээр нь би юун эмэгтэй хүн ороод ирэв гэж бодоод байж байхад түүний араас С.М- орж ирсэн. Тэр орилж байсан хүүхэн нь С.М-ыг янхан банзал, гичийгээр нь дуудаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр орж ирсэн хүн нь дээгүүрээ лэвчиктэйгээ доогуураа өмдтэйгээ орж ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд удаагүй байхад гаднаас С.М- орж ирсэн. Гаднаас орж ирсэн танихгүй эмэгтэй нь С.М-ыг янхан гичий банзал дээгүүр доогуураа худалдаж иддэг гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 113-114 дүгээр хуудас/,
Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажлаа тараад гэртээд ирэхэд хашаан дотор С.М- зогсож байсан. Тэгээд гэр рүүгээ ороход танихгүй эмэгтэй хүн манай гэрт орилж хашгираад уйлаад сууж байсан. Миний төрсөн дүү Б.А- түүнийг тайвшруулаад байж байсан. Тэр эмэгтэй гараад С.М-тай хамт гэр рүү нь орсон байх үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг маань нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг маань хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсараар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг танихгүй эмэгтэй намайг чи охиныхоо бөгсийг худалдаж иддэг хар архичин гэх мэтээр харааж доромжлоод байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэй охиныг маань зодсон байсан. Мөн хоёр зээг маань айлгасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/,
Гэрч З.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө С.М- багш сургуульд дээр ирэхдээ толгой нь өвдсөн, бөөлжсөн байдалтай ирсэн. Тухайн үед би түүнийг Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг бариач эмээ дээр дагуулж очиж толгойг нь бариулсан. С.М- толгойгоо бариулсныхаа дараа толгойгоо даавуугаар боолгосон. Надад тухайн үед түүнтэй хамт авахуулсан гэрэл зураг байгаа. ...С.М- багш хэлэхдээ хүнд зодуулсан л гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Р.Б- бид хоёрыг уг дуудлаган дээр очиход орон дээр нэг хүүхэд хөнжлөө нөмөрчихсөн, С.М-, Л.Н- гэх хоёр хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Би тухайн үед зөрчил гаргасан Л.Н- гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад энэ эмэгтэй манай нөхөр болон манай гэр бүлийг үймүүлээд байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ ажлаа хийж байхад үдээс хойш байхаа /яг цагийг нь санахгүй байна/ С.М- гэх эмэгтэй хүнд зодуулсан гээд ирж үзүүлж байсан. Түүнийг үзэхэд толгой өвдөнө, бөөлжсөн, хүзүү хөдлөхгүй, чихээр хатгуулж өвдөнө, юм сонсохгүй байна гэсэн зовиуртай байсан. Тархины доргилт гэсэн оношийг тавиад яаралтайгаар мэс заслын тасагт үзүүлж тархины зураг авахуулахыг зөвлөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 498 тоот: 1. С.М-ын биед тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. С.М-ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 онд манай нөхөр С.М-ын байшинг барьж өгч байсан. Үүнээс хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн. Манай нөхөр, С.М- хоёрын харилцааг хүн болгон мэдэж байсан. …2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.М-ын гэрт очих болсон шалтгаан нь манай нөхөр охины маань хажууд С.М-тай яриад намайг муулж байсан. Охин маань очиж уулз гэж хэлсэн. Тэр яриаг сонссон хүү маань аавдаа гомдоод мэгширтэл уйлсан. Тэгээд би С.М-ын гэрт очихоор шийдсэн. ...Би өөрийгөө хамгаалж С.М-тай ноцолдсон. Маргах явцад хөхрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Хохирогч Л.Н-ын цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би хүү Ж-ыгаа сургуулиас нь аваад хүүхэддээ зайрмаг авч өгөх зорилгоор гэрийнхээ хажуу талын дэлгүүрт ороод С.М-тай таарсан. ...тэгэхэд хүү маань “аав яагаад намайг өвдчихөөд байх чинь өвдөөгүй гээд байгаа юм бэ, аав ерөөсөө надтай ярихгүй юм, аав хотод С.М- эгчийн хоёр хүүхэд дээр л байгаа юм биш үү” гээд уйлсан. Тэр үед би хүүгээ уйлахаар нь өөрийн эрхгүй дотор бачуураад тэр хүүхний гэрт явж очсон. Намайг очиход тэр хүүхэн гэрээ дотроосоо цоожилчихсон байсан, би хаалгыг нь тогшиход өөрөө надад хаалгаа тайлж өгсөн. Тэгээд би гэр лүү нь явж ороод түүнтэй уулзаад “чи яах гээд миний хүүхдийг зовоогоод байгаа юм бэ, би чамтай дэлгүүрт юу ч яриагүй биз дээ” гэж хэлэхэд “пизда минь чам шиг яажийсан хөгшин авгай зайл, банзал, янхан, гичий минь” гэж хэлснээ намайг шууд заамдаж аваад хувцсаар маань хоолойг боогоод хойш нь унагаасан. Би унахдаа хатуу юм мөргөж унасан. Намхан мөлхөө тавилганы булан л мөргөж унах шиг болсон. С.М- нь намайг хойш нь дарж унагаачихаад хөл, гар луу өшиглөөд цохиод байсан, нэлээд олон удаа цохисон. Тэгээд намайг зодож байхдаа “чам шиг муу хөгшин авгайг яасан ч яадаг юм, нөхрийг чинь аваад суучихсан байхад яадаг юм, би цагдаа шүүхээр өчнөөн олон танилтай, чамайг аймгийн төвөөр хэн ч биш болгоно” гэж заналхийлж байсан. Би тухайн үед түүнээс “намайг тавьчих л даа” гэж зөндөө гуйсан боловч дээрээс том биеэрээ дарчихаад босохгүй байсан. Надад бол хөдлөх ч бололцоо гараагүй. “Чи намайг тавь л даа, би яг үхлээ шүү дээ, чи намайг яасан гээд ингээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи намайг нөхөртэй чинь банзалдахыг харсан юм уу, зураг байгаа юм уу, нөхөртэй чинь унтаж хэвтэхийг харсан юм уу, хүн гүтгэх хуультай байдаг юм, чамайг шоронгийн хадаас болгоно, яйжийсан авгай минь, цагдаа дуудаж чамайг баривчлуулна” гэж хэлж байгаад миний дээрээс боссон... Тэгээд удаагүй байж байхад гаднаас дуудлагын хоёр цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэхэд би дээгүүрээ левчиктэйгээ, уранхай цамцаа энгэртээ бариад л зогсож байсан. Би цагдаа нар ирсний дараа “С.М-аа чи өөрөө хүн зодчихоод яагаад цагдаа дуудчихсан юм бэ” гэж хэлэхэд “наадах чинь өөрөө цамцаа урсан, өөрийгөө ийм болгосон, энэ согтуу авгайг аваад яв” гэж хэлж байсан. Би тухайн үед С.М-д “цагдаа, шүүхээс ичиж байна, та хоёрын бөгс бөөрний асуудлаас болж хүүхдүүдээ эвгүй байдалд оруулмааргүй байна, би явлаа” гэж хэлэхэд С.М- нь “наад хүүхнээ аваад яв” гэж хэлж байсан. ...Миний толгой үргэлж өвдөж байгаа, зүүн хөлний өвдөг маань гишгэж явахаар үендээ зовиурлаад өвдөөд байгаа. Мөн энэ асуудал болсноос хойш толгой байнгын дүүрч нойронд муу болсон. Гомдол гэж байдаг бол үнэхээр их гомдолтой байна. Биеэ эмчлүүлж эрүүл болгож авмаар байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. ...Дуудлагаар ирсэн цагдаа нар намайг цагдаа дээр авчраад согтуу үгүйг маань шалгаж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 дугаар хуудас/,
Гэрч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед шөнө /одоо яг цагийг нь сайн санахгүй байна/ Мөрөн сумын 12-09-02 тоотод “согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага ирсэн ... Б.Д- бид хоёрыг уг дуудлаган дээр явж очиход хоёр эмэгтэй маргалдаад дуусч байгаа байдалтай хэрэлдээд зогсож байсан. Тухайн хоёр эмэгтэйгээс хэсгийн байцаагч Б.Д- “яасан, юу болсон” талаар асуухад нэг эмэгтэй нь “энэ эмэгтэй намайг нөхөртэйгээ хардаад гэрт маань ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэж ярьж байсан. Хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйгийн дээгүүрээ өмссөн ноосон цамц нь урагдчихсан байдалтай байсан. Дуудлагаар очиход тухайн хоёр эмэгтэй “би ч зодуулсан”, “би ч зодуулсан” гээд байсан. Яг хэн нь хэндээ зодуулсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйг машиндаа суулгаад шууд цагдаагийн газарт авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Ю.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 1994 онд Л.Н-тай танилцан үерхэн нөхөрлөж байгаад 1996 оноос эхлэн гэр бүл болж тусдаа амьдрах болсон. ...Гэхдээ би одоо эхнэрээсээ салах гээд шүүхэд өргөдөл өгсөн байгаа учир тусдаа амьдарч байгаа... Би С.М-тай 2015 онд байшинг нь барьж өгч байгаад танилцаж байсан. Танилцсанаас хойш мессежээр харилцаж байгаад сүүлдээ уулзаж учрах болсон. Ингээд С.М-тай уулзаж учирдаг болсон байхад эхнэр маань Солонгос улс руу ажил хийхээр явсан. Түүнийг явсан хойгуур С.М-тай улам дотносож хааяа, хааяа уулзах болсон. Одоо бол С.М-тай хайр сэтгэлийн холбоотой. Би С.М-ыг “ханиа” гэж дууддаг. Харин С.М- намайг “хайраа” гэж дууддаг. Би эхнэрээсээ салаад ер нь С.М-тай сууна гэж бодож байгаа. Л.Н- надтай их дээрэнгүй харьцдаг. Эр нөхрийн хувиар хүндэлдэггүй байсан. Үүнээс болоод миний сэтгэл их хөндийрч байсан...Тэгээд нэлээд сүүлд холбогдоход “эхнэр чинь шөнө гэрт ирж түйвээгээд намайг зодчихоод зурагтыг минь эвдэлчихээд явлаа” гэж хэлж байсан. Би энэ хоёрыг юунаас болж маргалдаж муудалцсан болохыг нарийн сайн мэдэхгүй байна... Нэг нь миний гурван хүүхдийн ээж, нэг нь миний хайртай бүсгүй учраас би хэн нэгнийх нь талд ормооргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би С.М-, Л.Н- хоёрыг маргалдсан талаар хүмүүсийн ам дамжсан ярианаас сонссон. Хүмүүсийн амнаас сураг сонсоход С.М-ыг л “Л.Н-ын нөхөртэй яваад байгаа” гэж дуулдах юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “С.М- нь миний төрсөн ах С.С-гийн төрсөн охин байгаа юм...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа намайг гэртээ нөхөр болон хүүхдүүдийнхээ хамт амрах гээд орондоо орчихсон байж байхад гаднаас гэнэт дээгүүрээ нүцгэн, хөл нүцгэн эмэгтэй ороод ирсэн. Манай гэрт нүцгэн шахуу орж ирсэн хүүхэн нь орилоод л байгаад байсан. Тэр орилж байсан хүүхэн нь С.М-ыг “янхан, банзал, гичий”-гээр нь дуудаад байсан. Тухайн үед миний даралт ихсээд С.М-ыг “цагдаа дуудаарай, наад хүүхнээ аваад гараарай” гэж хэлсэн. Тэгж байхад С.М- тэр хүүхнийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би яг өдрийг нь сайн санахгүй байнаа. Аав, ээж, охиныхоо хамтаар орой гэртээ амрах гээд байж байхад гэнэт гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн орж ирсэн. Тэр орж ирсэн хүн нь дээгүүрээ лэвчиктэйгээ доогуураа өмдтэйгээ орж ирсэн. Тэр эмэгтэйг орж ирээд удаагүй байж байхад гаднаас С.М- орж ирсэн. Гаднаас орж ирсэн танихгүй эмэгтэй нь С.М-ыг “янхан, гичий, банзал, дээгүүр, доогуураа худалдаж иддэг” гээд орилоод байсан. Би тэр үед “тэр эмэгтэйг тайвшруулж та энэ асуудлаа гэр оронд ороод ярьж учраа ол” гэж хэлсэн. ...Тэгээд байж байхад гаднаас миний төрсөн эгч Б.З- орж ирсэн. Эгч орж ирэнгүүтээ “та юун хүн бэ, ээж маань даралт ихтэй, тийм учраас асуудлаа өөрсдийнхөө гэр орон руу орж шийдээрэй” гэж хэлээд гаргасан. Манай гэрт бол ямар нэгэн маргаан, зодоон цохион болоогүй. Эгч маань орж ирээд ерөөсөө тэр эмэгтэйн биед гар хүрээгүй. Манай эгч “пизда” гэж хэлэхээр соёлгүй хүн биш. Угаасаа манай гэрт тийм хүмүүжилтэй хүн байхгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа, /яг өдрийг нь сайн санахгүй байна/ ажлаа тарчихаад орой 22 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд хашаан дотор С.М- зогсож байсан. Тэгээд гэрлүүгээ яваад ороход нэг танихгүй эмэгтэй манай гэрт орилж хашгираад уйлаад сууж байсан. Тэр эмэгтэй дээгүүрээ лэвчиктэй, доогуураа өмдтэйгээ хөлдөө оймстойгоо байсан. Тэр эмэгтэй манай гэрт есөн шидээр хараал урсгаад байсан. ...Би тэр эмэгтэйг манай гэрт орилж хашгираад байхаар нь “одоо манай гэрээс гар миний ээж даралт муутай” гэж хэлсэн. ..Би тухайн үед тэр эмэгтэйг галзуу эмэгтэй юм байх л гэж бодсон. Тэр эмэгтэй гараад С.М-ын гэр лүү орсон байх. Үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдрийн орой би ээж болон дүүгийнхээ хамтаар гэртээ унтаж амарсан. Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг минь нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг муухай хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч цамцаа өөрөө урж хаяснаа, манай зурагтыг гараараа цохьчихоод гараад явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаартай: “ Л.Н-ын биед баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. Л.Н-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай нэмэлт: Хохирогч Л.Н-ын биед нэмэлтээр тархины дагзны дэлбэнд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байжээ.Л.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас бүрэн хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-04-ний өдөр шилжих шөнө 2 хүүхдийнхээ хамтаар Мөрөн сумын 12-09- 02 тоотод байрлах өөрийн гэртээ амарч байхад шөнийн 01 цагийн үед байшингийн хаалга нүдэхээр нь аав юм байх гэж бодоод байшингийнхаа үүдийг онгойлгож өгсөн. Тэгэхэд аав биш өөр танихгүй эмэгтэй байсан. Тэр эмэгтэй /Л.Н-/ намайг хаалга онгойлгоход шууд намайг “янхан гичий минь, би чамайг алчихсан ч чадна” гэж хэлээд миний толгойноос үсдээд тамборын өрөөнөөс гэрлүү оруулсан. Гэрлүү оруулангуутаа үсдсэн хэвээрээ гэрийн хоймор луу чирсэн. Чирж байхдаа намайг “Булган аймгаас нөхрийнхөө толгойг залгиж, хоёр шээсээ дагуулж ирсэн” гэж доромжилж байсан. Тэгж доромжилж байхдаа би чамайг аль ч талаараа чадна гэж хэлээд урагш нь дугтарч унагаачихаад намайг тавиад хоёр хүүхэд рүү маань гүйсэн. Би түүнийг хоёр хүүхэд рүү маань гүйгээд очихоор нь хоёр хүүхдээ хамгаалах зорилгоор очсон... Би түүнийг тэгж авирлаж байхад нь цагдаагийн газрын 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. ...Би энэ хүнийг огт танихгүй. Тухайн хэрэг болдог шөнө л манай гэрт ирэх үед нь царайг нь харж байсан. Л.Н- нь 2018 оны 6 дугаар сараас эхлээд над руу элдэв янзын үгтэй мессеж бичих болсон. ...Би тухайн үед түүнийг мессеж бичээд байхаар нь “би нөхөртэй чинь ямар ч холбоо байхгүй” гэдгээ хэлдэг байсан. ...Би түүний биед огт гар хүрээгүй. ...Би түүний нөхөр Ю.Д-тэй уулзаж учирдаг байсан нь үнэн. Ю.Д- нь надад сэтгэлээ илчилж байсан. ...Энэ асуудлаас болоод би буруутан мэтээр цагдаагаар явах боллоо. Үүнээс болоод өмгөөлөгч авсан. Иймд Л.Н-д маш их гомдолтой байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/
Шүүгдэгчийн нарын хувийн байдлыг тогтоосон С.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгө эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 67-71, 77-р/, Л.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгө эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 59-64-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн С.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, Мөн зодолдох явцдаа С.М-ын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч С.М- нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын ... тоотод иргэн Л.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь гэрч Р.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-р тал/, гэрч Б.Сэнгээгийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26-р тал/, гэрч С.Э-гийн мэдүүлэг /ххийн 1-р хх-ийн 26-27-р тал/, гэрч Б.А-гийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/, гэрч Б.З-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р тал/, насанд хүрээгүй гэрч Э.Алдрашийн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р тал/, гэрч С.С-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 116- 117-р тал/, гэрч Э.Цолмонзаяагийн мэдүүлэг /хх-ийн 122-123-р тал/, гэрч З.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 125-126-р тал/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /1- р хх-ийн 131-р тал/, хохирогч Л.Н-, С.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч Л.Н-, С.М- нарын гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд, Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нарын гэр бүлийн эхнэр, нөхрийн хардалт, таарамжгүй харилцаа, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Мөнхжарганотлох баримтын хэмжээнд 984.492 төгрөг гаргуулж хохирогч Л.Н-д олгож, хохирогч Л.Н- нь 50.000.000 төрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг. Хохирогч С.М- нь зурагтны үнэ 812.500 төгрөг, эмчилгээний зардал 351.200 төгрөг нийт 1.163.700 төгрөгийн хохирол нэхэмжилж байх бөгөөд зурагтны үнэ 812.500 төгрөг, Онош үүдэн эмнэлгийн КТГ-ын оношилгооны төлбөр 55.000 төгрөг, Үлэмж агар эмийн сангаас эм авсны үнэ 259.200 төгрөг, Хүмүүн эмнэлгийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, Хүмүүн эмнэлгийн шинжилгээний төлбөр 17.000 төгрөг нийт 1.163.700 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Н-аас 1.163.700 төгрөгийг гаргуулж хохирогч С.М-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч цаг хугацааны хувьд 2018 оны 10 дугаар сарын 03- 04-ний шилжих шөнө үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838007710430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.2,36.6, 36.7, 36.8, 36.10,36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт С-гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овогт Л-ийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, С.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 984.492 төгрөг гаргуулж хохирогч Л.Нд олгож, хохирогч Л.Н нь 50.000.000 төрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Маас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар зааснаар шүүгдэгч Л.Наас 1.163.700 /нэг сая нэг зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч С-гийн М-д олгосугай
5. Эрүүгийн 1838007710430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР