Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2017/00988/И |
Дугаар | 001/ХТ2018/00971 |
Огноо | 2018-06-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00971
“Ө” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 397 дугаар магадлалтай
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Б” ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний эрхийн доголдлоос учирсан хохирол
331 528 922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Эрдэнэбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Б” ХХК-тай 10/27, 10/28 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамжинд орших Ү-2203020293 улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилга, Ү-2203020096 улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцны дуусаагүй барилгыг тус тус худалдан авсан.
Гэвч 2011 оноос “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу хамтарч барилгыг барьж байсан “Икс ди эф” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан төлбөр төлж хохирсон иргэдийн тухай мэдэх болсон. Тэдгээр хохирогчид нь бидний барилгын ажилд саад учруулж байсан бөгөөд, “Б” ХХК-иас манайд хүсэлт гаргасны дагуу тийнхүү хохирсон гэх 10 иргэний орон сууцны асуудлыг бид харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Гэтэл 2013 оны 4 дүгээр сард Ч.Болор гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд, 3 шатны шүүхээр хянагдаж, Улсын Дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ манай компаниас 329 722 360 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид 1 806 562 төгрөгийг тус тус гаргуулан Ч.Болорт олгож шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхээс манай компанийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн.
“Б” ХХК-иас уг хохирлыг шаардаж буй шалтгаан нь тус компани уг иргэний тухай худалдан авагч тал болох бидэнд мэдээлээгүйгээс ийм нөхцөл байдал үүссэн учир хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс Ч.Болорыг хохирогчоор тогтоогдсоныг сүүлд мэдсэн мэт тайлбарлаж байгаа боловч “Б” ХХК-ийн захиралд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгч байсан учир мэдээгүй байх учиргүй. Худалдах худалдан авах гэрээн дээр хэн ямар цаг хугацааны хохирлыг хариуцах талаар заасан. 2012 оны 11 дүгээр сарын албан тоотоор мөн тэд хохирлыг хариуцна гэдэг.
2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл нь гэрээ биш юм. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээс хойших хугацааны асуудал хамаарах бөгөөд, хөөн хэлэлцэх хугацааны тухайд шаардах эрх хэзээ үүссэнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Бид анх Ч.Болор гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ талаар мэдсэн. 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Б” ХХК болон орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэдийн түр холбооны байгуулсан хамтран ажиллах гэрээний гол зорилго нь тухайн 2 барилгыг цааш саадгүй барих зорилготой байсан. Энэ гэрээгээр захиалагч нар эрүү, иргэний журмаар гомдол нэхэмжлэлээ татаж авахаар тохирсон байдаг ба, энэ гэрээнд “Ө” ХХК ямар ч хамаагүй.
“Икс ди эф” ХХК нь Ч.Болорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хохирсон гэдэгтэй маргахгүй байх шиг байна. Харин хариуцагчаа буруу тодорхойлсон л гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК-ийн энэхүү нэхэмжлэл нь “Б” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээр Ч.Болортой байгуулсан гэрээг мэдээгүй гэдэг.
Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар яг адил хугацаанд Ч.Болорын талаар мэдсэн байдаг. Нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад шаардлага гаргаж буй нь хуульд нийцээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасныг үндэслэж, шаардаж байна гэдэг. Гэтэл энэ асуудлыг иргэний журмаар өмнө шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь үндэслэл болгон тайлбарлаж байсан бөгөөд энэ талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн.
2010 оны 12 дугаар сарын 11-ний хурлын тэмдэглэлээр хэлцэл хийгдсэн байгаа. Уг хэлцлээр “Ө” ХХК хариуцна гэж заасан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж үзэж байна.
Мөн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсантай холбоотой шаардсан гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацаа дууссан учир нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж үзэж байна.
Улсын Дээд шүүхийн тогтоолын тухайд Ч.Болор гэдэг хүн хэнтэй гэрээ байгуулсан, хэнд мөнгө өгсөн гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.
2010 оны 10 дугаар сарын 31-нд Зу жин зөд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Юн кён ну-д мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд 2 хэргийг нэгтгэж, сүүлд нь хэрэгсэхгүй болгохдоо Юн кён нуд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зарим яллагдагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолын талаар Зу жин зөгөөс өөр бусдад мэдэгдэх талаар заагаагүй, харин Зу жин зөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоход хохирогчдод ...Ч.Болдбаатар байсан.
Нэхэмжлэгч тал хохирсон гэдгээ нотлож чадаагүй. Бидний зүгээс нэхэмжлэгчийг хохирсон гэж үзээгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар нэхэмжлэгч талыг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. “Б” ХХК нь иргэн Ч.Болортой гэрээ байгуулаагүй. Ч.Болорын талаар мэдсэн боловч худалдан авагч талд мэдэгдээгүй гэдэгт хариулахад: талууд гэрээ байгуулахад болон, орон сууц захиалагчид хохирогчоор тогтоогдох явцад Ч.Болор хохирогчоор тогтоогдоогүй байсан бөгөөд 1 жилийн дараа тогтоогдсон байдаг.
2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалагч иргэдийн түр холбоотой хамтран ажиллах гэрээ болон манай 2 байгууллагын хооронд албан бичгээр харилцсан захиалагчдын жагсаалтад ч байгаагүй. Д.Наранцэцэг шүүгчийн захирамжаар 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тухайн маргаан бүхий орон сууцыг бусдад худалдахгүй байхыг даалгаж битүүмжилсэн гэдгийг “Ө” ХХК мэдэж байсан боловч 2013 оны 10 дугаар сард н.Туяа, н.Баясгалан гэх 2 хүнд худалдсан байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл “Ө” ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 16-нд шилжсэн байсан.
Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Гэрээний төлбөрт 7 байр өгнө гэсэн ч өгөөгүй, өмчлөлд авсан байшин байхгүй, 255 айлын орон сууцнаас 20 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олсон байх боломжтой юм. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 331 528 922 төгрөг гаргуулах тухай “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 820 000 төгрөгөөс илүү төлсөн 4 406 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, 1 815 594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 397 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 816 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 397 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хурлын тэмдэглэл нэртэйгээр бичигдсэн энэхүү нотлох баримт нь зөвхөн Н.Гэсэрбаатар нарын 12 хохирогчтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байхад хоёр шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн Юн Кён Ну нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, нэр бүхий 12 хохирогчийн байгуулсан “иргэдийн түр холбоо”-той хийсэн хамтран ажиллах гэрээгээ ажил хэрэг болгох зорилготой байсан болно.
Нөгөө талаас 10/27, 10/28 тоот гэрээнүүд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан талуудын хооронд хийгдсэн гэх 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон ямар ч худалдах худалдан авах гэрээ байхгүй. Байгуулагдаагүй гэрээг үндэслэн хийсэн хурлын тэмдэглэлийг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот худалдах худалдах авах гэрээний 3.6-д “барилга худалдан авагч талын өмчлөлд шилжихээс өмнө энэхүү барилга барихтай болон бусад бүхий л үйл ажиллагаа, үйлдэлтэй холбогдон гарсан үр дагаврыг худалдагч хариуцан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
“Б” ХХК-ийн 114/2012 тоот хүсэлтийг “Ө” ХХК 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан бөгөөд хүсэлтэд дурдагдсан хохирогч нарын асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусгасан.
Хавтаст хэрэгт хуучнаар Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1514 тоот хуулийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байгаа. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Икс ди эф” ХХК-д холбогдох 32 955 202 869 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр дараах нөхцөл байдал тогтоогдоно. “Икс ди эф” ХХК-тай хийсэн маргаж буй барилгатай холбоотой гэрээгээ “Б” ХХК өөрийн санаачилгаараа цуцалсан. Үүний дараа барилгын дүүргэлтийн болон 7-10 хүртэлх давхрын ажлыг “Б” ХХК өөрөө хийж гүйцэтгэсэн.
“Икс ди эф” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсантай холбоотой “Б” ХХК-иас гарсан зардал, зээл, зээлийн хүү, алданги, хохирол, гэм хор, зайлшгүй олох байсан орлого зэргийг “Икс ди эф” ХХК-иас гаргуулан авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 331 528 922 төгрөгийг “Икс ди эф” ХХК биш, харин “Б” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд гэрээ байгуулахаас өмнөх үйл ажиллагаа, үйлдэлтэй холбоотой бүхий л үр дагаврыг “Б” ХХК хариуцна гэж заасан. Энэ нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00416 тоот тогтоолд: “Ө” ХХК нь бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж заасан байгаа. Нэхэмжлэгч тал үүний дагуу “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно.
Маргаан бүхий барилгатай холбоотойгоор “Б” ХХК-ийн захирал Юн Кён Ну-д холбогдуулан үүсгэсэн 21047158 тоот эрүүгийн хэргийг “Икс Ди Эф” ХХК-ийн захирал Зү Жин Зөү-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй нэгтгэж ...хохирогчдын нэрсийн жагсаалтад иргэн Ч.Болор буюу түүний төлөөлөгч Ч.Болдбаатарын нэр байгаа нь хэргийн материалд авагдсан байдаг.
Гэтэл “Б” ХХК-ийн захирал Юн Кён Ну нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа хохирогчоор бүртгэгдсэн Ч.Болор болон бусад иргэдийн талаар мэдэж байсан боловч эдгээр хохирогчдын мэдээллийг “Ө” ХХК-д танилцуулахдаа Ч.Болорын нэрийг огт ирүүлээгүйн улмаас барилгатай холбоотой эрхийн доголдол үүсч, “Ө” ХХК нь өмнө нь уулзаж байгаагүй, гэрээ байгуулаагүй этгээдэд 331 528 922 төгрөг төлж хохирсон.
Бид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тус шүүхээс гаргасан 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 001/ХТ2016/00416 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд уг тогтоолд дурдсан “Ө” ХХК нь бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой гэсэн тайлбарын дагуу “Б” ХХК болон “Икс Ди Эф” ХХК-д холбогдуулан шаардлага гаргах гэсэн боловч “Икс Ди Эф” ХХК нь үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, улсын бүртгэлийн газраас лавлагаа авах боломжгүй тул уг барилгыг гэрээний дагуу шилжүүлж өгсөн худалдагч тал буюу “Б” ХХК-иас хохирлоо гаргуулахаар шаардсан юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн зүгээс “Икс Ди Эф” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангахгүй шийдвэрлэж байсанд гомдолтой байна.
Дээрх асуудлын улмаас “Ө” ХХК нь маш их хэмжээний хохирол амссан бөгөөд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд шүүхийн тэмдэгтийн хураамжид олон сая төгрөг зарлагдаж байгаа тул Улсын Дээд Шүүх хэргийг бүхэлд нь сайтар хянан үзэж, шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.
Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч, хариуцагч талууд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах” 10/27, 10/28 тоот гэрээнүүдийг байгуулсан бөгөөд гэрээг хийснийхээ дараа 2010 оны 12 дугаар сарын 11-нд хуралдаж “...Гэрээ байгуулсан бичиг баримт нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдсон иргэдийн хохирлыг “Ө” ХХК бүрэн хариуцах нь зүйтэйг хэлэлцэн тохиролцов. “Икс Ди Эф” ХХК-тай хийсэн албан ёсны гэрээ, “Б” ХХК-иас баталгаажуулсан нэрс зэргийг үндэслэн дараах нэр бүхий захиалагч нартай шинэчилсэн гэрээ байгуулах ажлыг “Ө” ХХК дангаар хариуцахаа мэдэгдэв” гэсэн 12 хүний нэр бүхий баримтаар “Ө” ХХК нь хохирсон гэх байр захиалсан иргэдийн хохирлыг дангаар хариуцахаар тохирсон нь нотлогддог. /хх-59 тал/
Шүүхүүд дээр дурдагдсан баримтаар талууд захиалагч иргэдийн хохирлыг хэрхэн хариуцахаа хэлэлцэн тохирч “Ө” ХХК бүрэн хариуцахаар болжээ гэж дүгнэсэн нь Иргэний Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэх, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэх, мөн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэх заалтуудад нийцсэн тул хууль зөрчөөгүй. Үүнээс нэхэмжлэгчийн гомдолд дурдсан шүүхүүдийн хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг анхаарч үзнэ үү.
Гомдолд талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.6-д “барилга худалдан авагч талын өмчлөлд шилжихээс өмнө энэхүү барилга барихтай болон бусад бүхий л үйл ажиллагаа, үйлдэлтэй холбогдон гарсан үр дагаврыг худалдагч хариуцан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний 3.6 дахь заалтад Худалдан авагчийн өмчлөлд шилжихээс өмнө үүссэн асуудлыг гэж тодорхой дурджээ. Гэтэл талууд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10/27, 10/28 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан байр захиалж хохирсон гэх нэр бүхий 12 иргэдийн хохирлыг “Ө” ХХК дангаар хариуцна хэмээн тохиролцсон.
“Ө” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14250/ Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжинд байрлах орон сууцны 4338,4 мкв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй А, Б блокын 37, 38 дугаар байруудын хууль ёсны өмчлөгчөөр 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд авсан байдаг. /хх11-17 тал/
Худалдан авагч талын өмчлөлд 37, 38 дугаар байрууд бүртгэгдэн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгогдсоны дараа Ч.Болорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар 2011 оны 01 дүгээр сарын 25-нд хохирогчоор анх тогтоогдож 2012 оны 04 дүгээр сарын 08-нд анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гарган хариуцагчаар “Ө” ХХК болон “Б” ХХК-ийг хоёуланг нь татан хэргийг шийдвэрлүүлэх үед захиалагч Ч.Болорын орон сууцны маргаантай асуудлыг мэдсэн бөгөөд 2010 онд хариуцагч компаниуд хэн аль нь мэдэж байгаагүй нь хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон юм.
Иймээс 10/27, 10/28 тоот гэрээний 3.6 дахь заалтаар “Б” ХХК хариуцахгүй, “Ө” ХХК-ийн өмчлөлд шилжсэнээс хойш 2 жил 4 сар гаруйн дараа Ч.Болорт холбогдох асуудал үүссэн нь тогтоогддог тул “Ө” ХХК Ч.Болорын асуудлыг хариуцах үүрэгтэй нь тогтоогддог.
Түүнчлэн гомдолдоо “Б” ХХК-ийн 114/2012 тоот хүсэлтийг “Ө” ХХК 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан бөгөөд хүсэлтэд дурдагдсан хохирогч нарын асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусгасан гэсэн нь Захиалагч иргэдийн түр хорооны зүгээс “Ө” ХХК-ийн барилгын ажлыг зогсоох “Ө” ХХК-ийн өмчлөлд шилжсэн Б блокыг битүүмжлэх гэж хийж байсан үйл ажиллагаанаас үүдэн “Ө” ХХК-ийн эрх ашгийг хохироохгүйн тулд “Б” ХХК өөртөө хохирол хүлээн “Ө” ХХК-тай гэрээ байгуулсан 10 иргэний хохирлын мөнгөн дүн болох 378,612 ам доллар 37 396 725 төгрөгийг “Б” ХХК-ийн байр худалдсан үнэ, компанитай хийх тооцооноос хасч тооцохыг зөвшөөрсөн албан тоот бичиг байдаг. Уг албан бичгээр дээрх доллар, мөнгийг “Б” ХХК-аас 565 721 853 төгрөгийг хасч тооцсон байдаг тул хохирсон иргэдийн асуудлыг “Ө” ХХК-ийн зүгээс шийдвэрлэж дуусгасан зүйл байхгүй.
Худалдах, худалдан авах 10/27, 10/28 тоот гэрээнүүдийг байгуулах үед эрхийн доголдолтой гэх нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэх заалтад нийцсэн.
Ч.Болорын орон сууцны маргааны талаар талууд нэг цаг хугацаанд буюу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2013 оны 04 дүгээр сарын 08-нд анх зэрэг мэдсэн нь нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч өмнө нь мэдэж байсан мэтээр дурдаж буйгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтын дагуу нотолж чаддаггүй.
Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш бүтэн 8 жилийн хугацаанд “Б” ХХК захиалга хийж хохирсон гэх нэр бүхий 10 иргэний нийт 565 721 853 төгрөг төлж, байр худалдсан мөнгөндөө бартераар авахаар тохирсон 7 байрыг одоог хүртэл өмчлөлдөө авч чадаагүй. Шүүхийн шийдвэр гарсан ч “Икс Ди Эф” ХХК-иас нэг ч төгрөг авч чадаагүй хохирч байгаа атал “Ө” ХХК нь 255 айлын орон сууцны 1 мкв талбайг 1500 ам доллараар худалдан борлуулж 20 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олж дээр нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4442 дугаартай захирамжаар Ч.Болорын захиалсан Сүхбаатар Дүүргийн 4 дүгээр хороо “Ө” ХХК-ийн өмчлөлийн Б блокын 2 дугаар орц 15 давхрын 4 өрөө 107,6 мкв талбайтай байрыг битүүмжилсэн байхад иргэн Ж.Туяад 161 400 ам доллараар худалдаж Ж.Туяад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 10 дугаар сарын 24-нд олгогдсон зэрэг баримтаар 161 400 ам доллар буюу 329 722 360 төгрөгийг “Ө” ХХК авсан нь нотлогддог атал Улсын дээд шүүхийн тогтоолоор 329 722 360 төгрөгөөр хохироод байна гэж “Б” ХХК-иас нэхэмжилж буй нь үндэслэлгүй. /хх-252, 254 тал/
“Б” ХХК нь Худалдах худалдан авах 10/27, 10/28 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж барилгуудыг өмчлөлд нь шилжүүлэн өгч, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж хохироогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтаар хариуцагч биш болох нь тогтоогддог.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устан гэмтээсний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэх заалтаар бусдад байрыг худалдаж үр шимийг нь хүртсэн “Ө” ХХК иргэн Ч.Болорын байрны үнийг төлөх ёстой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний
өдрийн 1514 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр “Б” ХХК нь гарсан зардал, зээл, зээлийн хүү, алданги гэм хор, зайлшгүй олох байсан орлого зэргийг “Икс Ди Эф” ХХК-иас гаргуулан авсан нь тогтоогдсон учир нэхэмжилж буй 331 352 922 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна” хэмээн дурдсан нь ойлгомжгүй. Уг шийдвэрээр захиалагч иргэдийн хохирлын асуудлыг огт шийдээгүй нь шүүхийн шийдвэр болон “Б” ХХК-иас “Ө” ХХК-д явуулсан 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 105/2012 дугаартай албан бичигт “Экс Ди Эф” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 15-нд шүүхэд өгсөн тайлбартаа иргэд нь “Б” ХХК-тай гэрээ хийгээгүй тиймээс хохирогчдын мөнгийг нэхэмжлэх эрхгүй, “Икс Ди Эф” ХХК өөрсдөө хариуцна гэж хариу өгсөн. Иймээс Баянгол дүүргийн шүүхээс захиалгын гэрээ хийсэн иргэдийн хохирлыг манайд олгохоос татгалзсан. Орон сууц захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэд “Икс Ди Эф” ХХК-иас нэхэмжлэх нь зүйн хэрэг юм” гэснээр нотлогддог. Мөн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1514 дугаартай шийдвэрээр шийдэгдсэн хохирол төлбөрт 5 тэрбум төгрөг гаргуулсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг аваагүй хохирч байгааг “Ө” ХХК мэдэж байгаа учраас “Икс Ди Эф” ХХК-ийг төлбөрийн чадваргүй гэж үзээд Ч.Болорын байр захиалсан мөнгийг нэхэмжлэхгүй байна гэж үзэж байна.
Харин Ч.Болорын 329 722 360 төгрөгийн нэхэмжлэлд хамаарах этгээд нь “Ө” ХХК гэдгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2016/00416 дугаартай тогтоолд “Б” ХХК нь “Ө” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан байна. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Болорын 2008 онд захиалсан байранд хамаарах эрх бүхий этгээд нь “Ө” ХХК байна гэж дүгнэн 329 722 360 төгрөг гаргуулж иргэн Ч.Болорт олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд “Б” ХХК болон “Ө” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 дугаар худалдах худалдан авах гэрээг энэ хэрэгт хамааралгүй гэж үзнэ гэж дурдаж шийдвэрлэсэн болно. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтаар дахин нотлохгүй.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 397 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 331 528 922 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай болжээ.
2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 дугаартай Худалдах-худалдан авах гэрээгээр “Ө” ХХК нь “Б” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 5 дугаар хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамжид орших 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилга, 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцны барилгыг тус тус худалдан авсан байна.
Орон сууцны барилгыг худалдан авах үед тус барилгад хөрөнгө оруулж, захиалга өгсөн иргэд байсан бөгөөд тэдний нэрийг нэг бүрчлэн гаргаж, оруулсан хөрөнгийг худалдан авах үнийн дүнгээс хасч тооцон, захиалагч нарт орон сууц олгох үүргийг “Ө” ХХК хүлээсэн байна.
Хөрөнгө оруулсан иргэдийн нэрсийн жагсаалтад ороогүй Ч.Болор орон сууцны захиалга өгч, хөрөнгө оруулсан боловч байр ашиглалтад ороход орон сууцыг олгоогүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, орон сууцны төлбөрт төлсөн 329 722 360 төгрөгийг “Б” ХХК нь “Ө” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн байна.
Ч.Болор нь “Икс Ди Эф” ХХК-тай гэрээ байгуулж барилгад хөрөнгө оруулсан, “Икс Ди Эф” ХХК-ийн хөрөнгийг “Б” ХХК өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар “Ө” ХХК-д худалдсан, тус барилгын өмчлөгч нь “Ө” ХХК болсон гэх үндэслэлээр шүүх “Ө” ХХК-иас 331 528 922 төгрөгийг гаргуулж Ч.Болорт олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
Иймд “Б” ХХК-ийг Ч.Болорын оруулсан хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 397 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 331 528 922 төгрөгийг гаргуулан “Ө” ХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагчаас 1 815 594 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 816 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД