Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0026

 

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0026

Улаанбаатар хот

 

 

 

 

                  “В” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Д.Б-Э, Д.О

Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 723 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Д.М

           Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.М

Хариуцагч Д.Б-Э, Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2018/1024/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “В” ХХК нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э, Д.О нарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Оийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 723 дугаар шийдвэрийн

           2.1. 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан “В” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож”

2.2. 2 дахь заалтаар: “Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.Б-Э, Д.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “839,649,463 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь “В” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан, төлбөрийн нэхэмжлэх, гадаад мөнгөн шилжүүлгийн даалгавар зэрэг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ““Е.Э.Я.М.А” ХХК-иас аудитын дүгнэлтэд бараа материалын өглөгийг өсгөх гэж зөвлөгөө өгсөн гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг гаргахдаа эрх зүйн хэм хэмжээнд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам, түүгээр тогтоосон хугацааг баримтлаагүй байна гэж дүгнэсэн.          

3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан, зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах үүднээс шалгалтын хугацааг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгасан. Ҳарин 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шийтгэл оногдуулах шийдвэр буюу шийтгэлийн хуудсыг бичсэн. Гэтэл шалгалтыг 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгасан мэтээр ойлгож шийдвэр гаргасан байна. 

3.3. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.11-д “Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” гэж заасан. Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-ын 4.2.4.3-д “хүртэл” гэсэн холбоос үгийг хуулийн бичвэрт ашиглах явдал түгээмэл байдаг бөгөөд түүнийг зөрүүтэй байдлаар ойлгодог. Тухайлбал, “5,000-гаас 10,000 хүртэл төгрөгөөр торгох” гэсэн нь 10,000 гэсэн тухайн тоо өөрөө ороод 10,001 нь багтахгүй гэсэн санаа боловч амьдрал дээр энэ тохиолдолд 10,000 гэсэн тоо өөрөө орохгүй гэж үзэх явдал байдаг.

3.4.  Зөвлөмж: “хүртэл” холбоос үгийг Эрүүгийн хууль болон бусад хуулийн хариуцлагын хэм хэмжээг томьёолох хэсэгт ашигласнаар хууль хэрэглэгчид зөрүүтэй ойлгодог тул уг холбоосыг илүү ойлгомжтой, тодорхой холбох үгээр орлуулан хэрэглэхэд анхаарах нь зүйтэй гэж аргачилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн явуулдаг Монгол хэлний их тайлбар бичигт “хүртэл” гэдэг үгийг тайлбарлахдаа хүүхэд багачуудаас аваад өвгөд хөгшид хүртэл /бүх хүмүүс/ хамаарахаар тайлбарласан байна. 

3.5. Шүүхээс “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах” хугацааг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байтал Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр дуусахаар дүгнэн хуулийг буруу тайлбарласнаар улсын төсөвт төвлөрөх 220,492,701 төгрөгийн татварыг хэрэгсэхгүй болгож улсын төсөвт хохирол учруулж байна.

3.6. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу Гаалийн байгууллагад мэдүүлнэ”, энэ хуулийн 55.3-д “ ... Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага Монгол Улсын гаалийн хилээр бараа бүтээгдэхүүнийг үнэн зөвөөр мэдүүлж, зохих татварыг төлөх үүрэгтэй атал хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж улсын хилээр бараа нэвтрүүлэхдээ 1,031,079,081 төгрөгийн зөрчил гаргаж, улсын төсөвт бүрдүүлэх 220,492,701 төгрөгийн татварыг хууль бусаар завшсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

3.7. “В” ХХК-ийн 2013-2017 оны гаалийн мэдүүлэгт хамаарах барааны үнийг дутуу мэдүүлсэн зөрчил 2008 оны Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк , зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтад хамаарч байгаа боловч Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан “Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө гэснийг баримтлан Зөрчлийн тухай хуулиар зүйлчлэн шийдвэрлэсэн.

3.8. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг 2018 оны 10 дугаар сард явуулж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-т “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” гэдэгт хамаарч зүйлчилсэн. 

3.9. Гаалийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн зүйлчлэлийн хувьд “Гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна” гэсэн нь нөхөн төлбөр оногдуулах, торгох шийтгэл нь адилхан байгаа нь хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон дордуулсан зүйл байхгүй юм.

3.10.  В” ХХК-ийн 2015-2017 онд 191,429,618 төгрөгийн програм хангамж мэдүүлээгүй зөрчлийн тухайд Дэлхийн гаалийн байгууллагын Үнэлгээний техникийн хорооны 1984 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон хуралдаанаар баталсан 4.1 тоот шийдвэрт мэдээ баримт боловсруулах тоног төхөөрөмжид ашиглах зориулалттай програм бүхий тээгч хэрэгсэл үнэлэх, Гаалийн үнэлгээний хороо тухайн импортын програм хангамжийн зардлыг холбогдох гаалийн үнэд оруулах эсэх асуудлыг гишүүн орнууд өөрсдөө шийдэхээр үлдээсэн. Тухайн барааны гаалийн үнийг тодорхойлохдоо бодит байдал дээр тээгч хэрэгсэл, програм хоёрын хоёулангийнх нь зардлыг үндэслэх, эсхүл зөвхөн тээгч хэрэгслийн зардлыг үндэслэхийг гаалийн холбогдох байгууллага өөрөө шийднэ. 

3.11. Энэ асуудлыг аль ч байдлаар шийдсэн тэр нь Үнэлгээний хэлэлцээрт нийцнэ гэдгийг уг шийдвэр, түүнтэй холбогдуулан гаргасан тайлбар, мэдэгдэл хоёр хоёулаа батлан илэрхийлж байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “бараа” гэж юу болох талаар тодорхойлсон. Харин хараат бус шинжээчийн дүгнэлтэд дурдсан програм хангамжийн талаар тайлбарласан нь “Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр”-ийн зохицуулалтад хамаарах асуудал байсан. Бараа гэдэг ойлголтод тухайн барааны нэрүүдийг бүгдийг нь дурдах боломжгүй учраас “эд юмс” гэдэгт энэ бүгдийг төлөөлүүлэн хуульд оруулсан. Мөн Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд энэ талаар дурдсан.

3.12. Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. 84.1 дүгээр зүйлд “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж тодорхойлсон. Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу тал болгодог хөрөнгийг биет бус хөрөнгө гэдэг. Биет бус хөрөнгөнд програм хангамж хамрагдана. Барааг тодорхойлох, кодлох уялдуулах системийн тухай олон улсын конвенц /БТКУС/-ийн олон улсын конвенци нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

3.13. Тус конвенцийн 4 дүгээр зүйлийн “Хөгжиж буй улс хэсэгчлэн хэрэглэх 3 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 268, 271 дүгээр зүйл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар барааг тодорхойлох, кодлох уялдуулах системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтыг батлахдаа 8523.80.10 онлайнаар худалдаж авсан буюу татаж авсан програм хангамж гэсэн кодыг баталсан.Програм хангамж”-ийг 470 горимоор бүрдүүлэлт хийж татвар авдаг. Гэтэл тус компани огт мэдүүлээгүй байсан.

3.14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “В” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, өөрсдөө хууль бус үйлдэл гаргасан байх тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх” зарчимд нийцсэн гэж үзэж байна.

3.15. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 723 дугаар шийдвэр нь хууль буруу тайлбарласан, нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Гомдол гаргагч гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

            3.1. Маргаан бүхий 0123052 дугаар шийтгэлийн хуудсаар “... “В” ХХК нь 2013-2017 онд 839,649,463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, 50,884,757 төгрөгийн гаалийн татвар, 89,053,442 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139,938,179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх, 41,981,454 төгрөгийн шийтгэл ногдуулах”-аар шийдвэрлэсэн, 0123053 дугаар шийтгэлийн хуудсаар “... “В” ХХК нь 2015-2017 онд 191,429,618 төгрөгийн программ хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргаж 9,571,481 төгрөгийг гаалийн татвар, 20,100,110 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 29,671,591 төгрөгийн нөхөн татварын гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг, 8,901,477 төгрөгийн шийтгэлийг тус тус төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

           3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 595 дугаар магадлалаар “... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын маргасан үндэслэлд дүгнэлт өгөөгүй” гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар тогтоолоор 595 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            3.3. Энэхүү 595 дугаар магадлалд “... 0123052 дугаартай шийтгэлийн хуудсын тухайд “В” ХХК-ийн санхүүгийн тайлангийн дансны өглөгийн эхний болон эцсийн үлдэгдэлтэй тохирч байгаа эсэх, өмнөх жилүүдэд худалдан авсан барааныхаа үнийг шилжүүлсэн байх боломжтой эсэх, бараа нэг бүрийн дутуу мэдүүлсэн үнийн дүнг тогтоох боломжтой эсэх, өглөгийн эхний үлдэгдлийг тухайн жилд барааны үнэд шилжүүлсэн төлбөрөөс хасч тооцсоноор дутуу мэдүүлсэн барааны гаалийн дүнг тодорхойлох нь холбогдох хуульд нийцэх эсэх талаар дүгнэлт хийх, ... 0123053 дугаартай шийтгэлийн хуудсын тухайд “В” ХХК нь гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ ямар хэлбэрээр мэдүүлэх үүргээ зөрчсөн эсэх, хуулийн 73, 74 дүгээр зүйд зааснаар гаалийн бүрдүүлэлтийн аль горимыг сонгож бараагаа байршуулах талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж тодорхой дурдсан байна. 

            3.4. Харин 23 дугаар тогтоолд “... гадаад төлбөрийн баримтаар тогтоосон 839,649,643 төгрөг нь Гаалийн тариф болон гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно” гэсний 10.3.1.1-10.3.1.3 дахь заалтад тодорхойлсон “нэмж тооцох зардал” эсхүл мөн зүйлийн 10.3.2-10.3.5-д заасан “нэмж тооцох үнэ, төлбөр”-ийн аль нь болохыг тогтоогоогүйн зэрэгцээ, хариуцагчийн тооцоолж гаргасан “зөрүү”-тэй маргасан байхад үүнд огт дүгнэлт өгөөгүй, ... шүүх программ хангамжид зориулж төлбөр төлсөн” гэх үйл баримтаар зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай” гэж дүгнэсэн байна.

            3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах үүрэгтэй.

            3.6. Гэтэл анхан шатны шүүх “... 0123052 дугаар шийтгэлийн хуудсын тухайд “В” ХХК нь 2013-2017 онуудад нийт 839,649,463 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь баримтуудаар тогтоогдсон, хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн гомдол гаргагчийн эрхэнд халдаж шийтгэл ногдуулсан, ... мөн уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, уг зөрчил нь Гаалийн тухай хуулийн үйлчлэлийн цаг хугацаанд хамаарч байна” гэж, “ ... 0123053 дугаар шийтгэлийн хуудсын тухайд хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн гомдол гаргагчийн эрхэнд халдаж шийтгэл ногдуулсан, ... мөн нэгэнт 2017 оноос өмнө бараа гэдэгт зөвхөн биет байдалтай зүйлийг ойлгохоор байх тул “В” ХХК-ийн 2015-2017 онд толгой компани болох W.I компаниас онлайнаар татан авч ашигласан санхүүгийн программ хангамжийг Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан гаалийн албан татвар ногдох бараа биш” гэж дүгнэснээс өөрөөр маргааны үйл баримт, талуудын маргаж буй гол үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

3.7. Түүнчлэн анхан шатны шүүх гомдол гаргагчийг “...нийт 839,649,463 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь В” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайлан болон төлбөрийн нэхэмжлэх, гадаад мөнгөн шилжүүлгийн даалгавар зэрэг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өгсөн “Е.Э.Я.М.А” ХХК-иас аудитын дүгнэлтэд бараа материалын өглөгийг өсгөх гэж зөвлөгөө өгсөн гэх тайлбар зэргээр тогтоогдож байна...” гэж дүгнэсэн атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах үүднээс Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийж гүйцэтгэсэн шалгалтынхаа шийтгэл оногдуулах шийдвэр болох шийтгэлийн хуудсаа бичсэнийг хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг нэг хоногоор хэтрүүлж шийтгэл ногдуулсан нь “... “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах” гэснийг хангаж ажиллаагүй байна” гэжээ.

3.8. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг нэг хоногоор хэтрүүлж шийтгэлийг хуудас бичсэн нь гомдол гаргагч шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болох эсэх, хэрэв зөрчил гаргаагүй бол шийтгэл ногдуулсан хариуцагч нарын шийтгэлийн хуудаснууд шууд хүчингүй болох үр дагавартай бөгөөд энэ тохиолдолд Гаалийн тухай хуулийг хэрэглэх шаардлагатай эсэхийг анхаарах ёстой байжээ.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг харьцуулан дүгнээгүй, шүүхийн магадлал, тогтоолд заасан ажиллагааг хийж, маргааны үйл баримт, гомдол гаргагчийн тодорхойлсон гомдлын шаардлагад холбогдуулж бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН