Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 000005

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

                                                 Б.Б,д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0361/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Ц.Идэрмөнх

               Шүүгдэгч                                           Б.Б

               Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

     

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б.д холбогдох, 1725000000170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 28-нд Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Даваат багийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Б. овогт Б.Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг  тоотод хохирогч Э.Э-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч овгийн Б. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх,

                                                  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2., 4.д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан шаргал иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1.д  зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг надад оногдуулсан ял хүнд байна гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа тул надад оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгнө үү.

Энэ хэрэг гарахад согтуугийн хар гайгаар уур омгоо барьж чадаагүй, миний мунхаглал ямар үр дүнд бий болгодгийг ухааран маш их гэмшиж байна.

 

Хохирогч Э.Э.,д учирсан хохиролд эм тарианы зардал болон банкны зээл 373 000 төгрөг, мөн тээврийн хэрэгслийг нь очиж засч өгсөн. Хохирогч Э.Э.с чин сэтгэлээсээ уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Дахиж би хэзээ ч бусдад хохирол учруулахгүй.

 

Анхан шатны шүүх намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэсэн атлаа 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Миний бие нь бага насны 2 хүүхэдтэй. Хувиараа барилгын засал, чимэглэл, мужааны ажил хийдэг. Одоо энэ ажлаа хийх гэхээр давхар нийтэд тустай ажил хийхэд маш их хүндрэл үүсч байна.

 

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Э.Э давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа Б.Б ах надтай ирж уулзаад хийсэн хэрэгтээ гэмшиж, уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Б.Б ах миний банкны зээл 373 000 төгрөг, эм тарианы зардал, сүүлд ирж тээврийн хэрэгсэлийг минь засч өгсөн. Шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй.

 

Б.Б ахын давж заалдах гомдлын дагуу түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгуулийн ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг манханы 7-25 тоотод оршин Ч.А.д архи уусан үедээ хохирогч Э.Э цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн :

 

Хохирогч Э.Э ...Тухайн өдөр би таксинд явж байгаад Б согтуу байна гэж дуулсан..., Манай дүү Бямбадорж хөдөөнөөс ирээд гэдэс чанаж байна та ирээд идчих гэхээр нь очоод гарах гэж байхад Б У гэдэг залуутай орж ирээд У нь ...юу байна... гэхээр нь би ...юу байхав дээ... гэтэл Б хүнтэй яаж харьцаад байгаа юм гэж маргалдаад барьцалдаад байж байтал тог тасарсан. Б миний цээж рүү хоёр удаа цохитол цээж халуу оргиод явчихсан чинь намайг хутгалсан байсан... гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Б-ийн ...Хохирогч Э нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм...,  тухайн үед би архи уусан байсан бөгөөд эвгүй харьцсан юм шиг байналээ... Болсон асуудлыг хагас дутуу санаж байгаа..., үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Б-ийн ...Э-ийг Б хутгалсан..., миний бодлоор гэрт хутгалсан байх гэж бодож байна..., Ядаж байхад тог тасарчихсан..., энэ үед Э ёо гэсэн чимээ гаргасан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.М-ын ...Би А-ийн гэрт түрүүлж ороод мэндлэхэд хохирогч сахалтай залуу сайн даа сайн гэхэд Б араас орж ирээд чи хүнтэй эвтэйхэн харьцаж болдоггүй юм уу гээд хэрүүл гаргасан. ...хохирогч болон Б хоёр гэрийн үүд хэсэгт зодолдож байх үед тог тасраад гэрээс хамт гарсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.О-ийн ...Э, Б нар хоорондоо барьцалдаж зодолдоод гэрээс гарсан юм..., Энэ үед Б Э-ийг хоёр удаа хутгалсан байсан..., Б зугтаагаад явсан... гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06 ны өдрийн 932 дугаартай

...Э.Э-ийн биед цээжинд нь 2 удаа хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэн..., Шарх тус бүр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., шинэ гэмтэл..., гэсэн дүгнэлт, болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний гэм буруугийн байдалд тохирсон байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан ...Би бага насны хоёр хүүхэдтэй, хувиараа барилгын засал чимэглэл, мужааны ажил хийдэг тул давхар нийтэд тустай ажил хийхэд хүндрэл үүсч байгаа байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

  

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА