Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01002

 

З.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаар шийдвэртэй

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар магадлалтай

З.Т-ийн нэхэмжлэлтэй

О.О-, О.О- нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8 905 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.О-, О.О- нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Т- би 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сум, багийн саахалт айл болох малчин О.О-, түүний эхнэр О.О- нартай харилцан тохирч өөрийн хонин сүргээсээ сувай эм хонь 100 толгой /нэг бүрийг нь 95 000 төгрөгөөр/, сувай эм ямаа 50 толгойг /нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр/, нийт 13 000 000 төгрөгөөр худалдсан. О.О-, О.О- нар нь худалдаж авахдаа өөрийн том хүү Баярбаасан, бага хүү Баажаа нарын хамт ирээд манай ач хүү Дамбийжанцан, Очиржанцан нараар туслуулан хонины хашаанд хонь, ямааг хашиж байгаад нэг бүрчлэн шилж ялгаж авсан. Худалдаж авсан хонь, ямааны үнэ болох 13 000 000 төгрөгийг 2016 оны 11 сард өгөхөөр харилцан тохирсон. Гэвч 2016 оны 11 сард О.О-, О.О- нар манайд ирээд тохирсон хугацаандаа мөнгөө өгч чадахгүй нь гэж хэлэхээр нь би ах нь мөнгөө түргэн авмаар байна гэсэн. Түүнээс хойш нэхүүлж байж 4 000 000 төгрөг төлсөн. Мөн хонь, ямаа худалдаж авсан өдрөө нэг хонины үнэ 95 000 төгрөг төлсөн. Би удаа дараа О.О-, О.О- нараас мөнгөө нэхсэн боловч үлдэгдэл мөнгө болох 8 905 000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй арга саам хийгээд бултаж зугтаад байна. 2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр би өөрийн биеэр О.О-ынд очиж үлдэгдэл мөнгөө нэхэхэд эхнэр О.О- нь байсан. Харин нөхөр О.О- нь гэртээ байхгүй байсан. Эхнэр О.О- нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тохирсон ёсоор үлдэгдэл мөнгийг төлнө. 100 хонийг нэг бүрийг нь 95 000 төгрөгөөр, 50 ямааг нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан гэж бичээд гарын үсгээ зурж өгсөн. Иймд хариуцагч О.О-, О.О- нараас малын үнэ болох 8 905 000 төгрөг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын малын хашаа худалдсан гэж ярьж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр З.Т- гуайгаас 100 хонь, 50 ямааг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор үнийг төлөхөөр зээлээр худалдаж авсан нь үнэн. Тухайн үед З.Т- гуай ах нь нас өндөр болж мал маллахад бие дийлэхээ болилоо, хүүхдүүдээ бараадаж Улаанбаатар хот руу шилжих байх, ах нь олон жил малын бэлчээрийг чинь хааж малын хашаа барьж өвөлжлөө, ах нь малын хашаагаа тэд эд гэж үнэлээд яахав, 100 эм хонь, 50 ямаатай нийлүүлээд 13 000 000 төгрөгөөр авчих гэхээр нь бид хоёр зөвшөөрч тохиролцсон. 2017 оны 05 сард З.Т- гуай өөрийн биеэр ирээд ах нь бие өвдөөд хэцүү байна, чи надад 100 эм хонь, 50 эм ямааг нийт 13 000 000 төгрөгөөр авсан нь үнэн гэсэн бичиг хийгээд өг гэхээр нь таны тохиролцсон наймаа буюу малын хашаагаа 13 000 000 төгрөгт оруулах хэвээрээ биз дээ? гэж асуусан. Тэгэхэд З.Т- гуай хэвээрээ байлгүй яахав, манайх малын хашаандаа гэрчилгээгээ гаргуулж аваагүй болохоор зарж болохгүй байна, та хоёр манайхыг зусландаа буухаар хашаагаа янзлаад аваарай, одоо 100 хонийг нэг бүрийг нь 95 000 төгрөгөөр, 50 ямааг нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр тооцоод нийт 13 000 000 төгрөгөөр авсан гэж бичээд малчны тамгаа дараад өгчих гэхээр нь манай эхнэр О.О- хөгшин хүнийг худал хэлэхгүй байх гэж хүндлээд бичээд өгсөн байсан. Дараа нь намайг эхнэрийнхээ бичиж өгсөн бичиг дээр гарын үсгээ зураад малчны тамгаа дараад өгөөч гэж олон удаа гуйхад нь би манайд зарна гэж тохиролцсон малын хашааны чинь гэрчилгээ байна уу, би нэр дээрээ шилжүүлж авчихаад нөгөө бичиг дээр чинь гарын үсгээ зураад тамга дараад өгье гэж хэлсэн. Тэгэхэд малын хашааны гэрчилгээ байхгүй гэхээр нь би гарын үсэг зурж малчны тамгаа дараагүй. Эхнэр бид хоёр З.Т- гуайд малын хашаа болон 150 бог маланд нийт 13 000 000 өгнө гэж бодож байсан. 2017 оны 08 сард З.Т- гуай би эмнэлэгт хэвтсэн, мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь та тохирсон ёсоороо хашаагаа өгөхгүй наймаагаа буцааж байгаа юм чинь таниас авсан 100 эм хонь, 50 ямааг чинь тоо ёсоор нь буцааж өгье гэсэн. Тэгэхэд тэгвэл 100 хонийг нь зараад мөнгийг нь явуулчих гэхээр нь өөрийнхөө малаас хоёр тасдаж нийт 100 эм хонь Улаанбаатар хот руу авч яваад Эмээлт малын зах дээр нэг бүрийг нь 50 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгөөр зарж замын зардалд 1 000 000 төгрөгийг хасч үлдэх 4 000 000 төгрөгийг хоёр тасдаж 8, 9 сард З.Т-ийн охин Т.Батцэцэгийн ХААН банкных нь дансаар шилжүүлсэн. Тэгээд 50 ямааг буцааж өгөх гэсэн боловч шүүхэд өгсөн байна. Одоо нэгэнт З.Т- гуай тохирсон ёсоор малын хашаагаа өгөхөөс татгалзаж байгаа тул анх хийсэн наймаагаа буцааж З.Т- гуайд 100 эм хонь, 50 эм ямааг тоо ёсоор нь өгч, түүнд шилжүүлсэн 4 000 000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна. Тухайн үеийн буюу 2016 оны 07 сарын ханшаар эм хонины үнэ 95 000 төгрөг, эм ямааны үнэ 70 000 төгрөг байгаагүй. Малын хашаагаа л хамт өгнө гэсэн болохоор ийм өндөр үнээр бичиж өгсөн. Сүүлд бид хоёр 100 эм хонио зарж борлуулсандаа хохироод байна гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О-, О.О- нараас 8 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Т-ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 430 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, О.О-, О.О- нараас 157 430 төгрөг гаргуулан З.Т-ид олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар магадлалаар:  Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1, 242 дугаар зүйлийн 242.11” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 157 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 02 сарын 28-ний өдрийн 10 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

...ах нь малын хашаагаа тэд эд гэж үнэлээд яахав, 100 эм хонь, 50 ямаатай нийлүүлээд 13 000 000 төгрөгөнд авчих гэсэн санал тавихаар нь бид хоёр зөвшөөрч наймаагаа тохиролцсон. Малын хашаагаа зарах талаар ярилцаж байсан болохоо З.Т- гуай шүүхэд өгсөн тайлбараараа нотлодог. Дээрх тайлбар хэрэгт чухал хамааралтай гэж бодож байна. Гэтэл гэнэт 2017 оны 05 сард айлууд хаваржаандаа буух цаг дөхөж байх үед З.Т- гуай өөрийн биеэр манай гэрт ирээд танайх хаваржааны хашаан дээрээ хэзээ буух юм бэ, манайх уг хашаан дээр гэрчилгээ гаргуулж аваагүй болохоор нэр дээр чинь шилжүүлж болохгүй байна. Манайхыг зусландаа буухаар зөрөөд очиж буугаарай. Одоо миний дүү нийт 100 хонийг нэг бүрийн үнийг нь 95 000 төгрөгөөр, 50 ямааг нэг бүрийн үнийг нь 70 000 төгрөгөөр тооцоод нийт 13 000 000 төгрөгөнд тааруулаад зээлээр худалдаж авсан нь үнэн гэж бичээд гарын үсгээ зураад өгчих гэж хэлэхээр нь О.О- миний бие тухайн бичгийг бичиж өгсөн. Хөгшин настай хүнд итгэж л бичиж өгсөн.

Тухайн бичиг дээр би өөрөө гарын үсгээ зурж З.Т- гуайн нэрийг бичсэн, З.Т- гуай болон манай нөхөр О.О- хоёр гарын үсгээ зураагүй. Анх гэрт нь очиж 150 тооны бог малаа авахдаа бид хоёр зээлээр авч байгаа юм чинь хишиг болгоод хэдэн төгрөг өгье гэж бодоод өөрсдийн сайн дураараа хишиг болгож З.Т- гуайд 100 000 төгрөг урьдчилж өгсөн. Тэрнээс биш нэг хонины үнэ гэж 95 000 төгрөг өгсөн удаагүй. Үүнийг бид удаа дараа тайлбараараа хэлсэн боловч шүүхүүд шийдвэрээ гаргахдаа үүнийг анхаарч үзэлгүй хэтэрхий нэг талд үйлчилсэн гэж бодож байна.

Нэхэмжлэгч З.Т- гуай анх өөрөө эхэлж хийсэн наймаанаасаа буцаж, бид нарын өмнө хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлээгүйг нь /зарахаар тохирсон хашаагаа хаваржих цаг болоход суллаж өгөөгүй/ бид хоёр тохиролцсон наймаанаасаа татгалзаж байна гэж ойлгоод анх хийсэн наймаагаа бүгдийг нь буюу 100 хонь, 50 ямааг тоо ёсоор нь буцааж өгөх талаар санал тавьсан боловч З.Т- гуай эхэндээ зөвшөөрч байтал сүүлд хүүхдүүд нь шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан.

Бидний наймаанд хүүхдүүд нь хөндлөнгөөс байнга оролцож өдийг хүрлээ. Бид нар тухайн 150 тооны бог малыг үнэ өсгөж зараагүй бөгөөд нэхэмжлэгчийн хэлсэн шиг хонио нэг толгойг 130 000 төгрөгөөр, ямаагаа 100 000 төгрөгөөр зарсан бол ингэж маргалдахгүй байсан. Бидний наймаа 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу улсын баяр наадам өнгөрөөд 10 гаруй хонож байхад болсон /2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болоогүй/ наймаа бөгөөд наадмын дараа хонь, ямааны үнэ унадгийг Монгол хүн бүхний мэддэг, бараг уламжлал болсон зүйл юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж бодож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хянаж, хариуцагч биднийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч З.Т- нь О.О-, О.О- нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 8 905 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

З.Т- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр О.О-, О.О- нарт 100 толгой сувай эм хонь, 50 толгой сувай эм ямааг нийтэд нь 13 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан. Эм хонийг 95 000 төгрөгөөр, эм ямааг 70 000 төгрөгөөр тус тус үнэлсэн, үнийг 11 сард авахаар тохирсон боловч өгөөгүй, түүнээс хойш нэхүүлж байж 4 000 000 төгрөгийг төлсөн. Анх малыг манай хашаанаас тууж гарахдаа нэг хонины үнэ 95 000 төгрөгийг төлсөн, 2017 оны 06 дугаар сарын 20-нд эхнэр О.О- нь 2017 оны 07 дугаар сарын 20-нд үлдэгдэл мөнгөө төлнө гэдгээ зөвшөөрч бичиг хийж өгсөн боловч өгөөгүй байна. Иймд үлдэгдэл 8 905 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү ” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...З.Т- гуайгаас дээрх малыг, малын хашааных нь хамт 13 000 000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцсан байтал хашаагаа өгөхөөс татгалзаж, анх тохиролцсон наймаанаасаа буцаж байна. 2017 оны 08 дугаар сард З.Т- гуай эмнэлэгт хэвтсэн, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийнх нь хүсэлтээр 100 эм хонийг нь зараад мөнгийг нь шилжүүлсэн. Энэ мөнгийг худалдаж авсан хонины үнэд өгөөгүй. Иймд нэхэмжлэгчээс авсан 100 эм хонь, 50 эм ямааг нь тоо ёсоор өгч, 4 000 000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна.” гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэсэн байх бөгөөд тус бичгээр хийх гэрээнд заавал тусгах нөхцөхийг 236.2. дахь заалтаар тогтоож өгсөн байна.

Хэрэгт авагдсан хариуцагч О.О-ын “...З.Т-ээс үнэ тохиролцож, мал худалдаж авсан нь үнэн болно” гэх агуулгатай бичгийн баримтад зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тавигдах шаардлага, нөхцөл тусгагдаагүй байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, худалдсан малын үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн  нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцжээ.

Хариуцагч нь малыг хашааны хамт худалдан авахаар тохирсон байсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй тул “...хэрэгт авагдсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.О-, О.О- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.О-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157 430 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД