Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0722/З |
Дугаар | 221/МА2022/0055 |
Огноо | 2022-01-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0055
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 789 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0722/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосонд тооцохоор шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “З” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө, алдангийн хамт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан.
3.2. Холбогдох эрх бүхий байгууллагаас короновируст цар тахалтай холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа асуудлыг зохицуулаагүй. Нөгөөтэйгүүр Засгийн газрын тогтоолуудаар банк, санхүүгийн үйл ажиллагааг хязгаарлаагүй.
3.3. Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ёстой байснаа мэдэж байсан. Энэ талаар маргаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд ээлжит жилийн төлбөрөө цар тахлын улмаас төлж чадахгүй болохоо төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, хүсэлт гаргаж байсан хэдий ч хуульд заасан цар тахлын улмаас төлбөрийг хойшлуулах тухай зохицуулалт байхгүй байна.
3.4. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаар төсөөтэй харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “Хүндэтгэн үзэх шалтгаан”, 6.1.41.г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж заасан. Гэтэл “З” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө, алдангийн хамт төлөх 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөх байтал Ковид-19 цар тахлын шалтгаан төлж чадаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.5. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсонтойгоор Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байсан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулах талаар аливаа нэг шийдвэр гараагүй, нэхэмжлэгч компанийн санхүүгийн хүндрэл бэрхшээлд орсон нь тусгайлан авч үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,
4. Шүүх хуралдааны өмнө гаргасан гомдолдоо: “З” ХХК-ийн захирал М.Ч-оос компанийг төлөөлөх бүрэн эрхийг 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 3 сарын хугацаагаар С.Б-т олгожээ.
4.1. Гэтэл төлөөлөх бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч биш байна. Гэтэл шүүх мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгаагүйгээр нотлох баримтыг үнэлж мэтгэлцсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх болон хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” хэмээн 4 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “З” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Гарган толгой” нэртэй газарт байрлах ХҮ-00******* дугаартай тусгай зөвшөөрөл багтжээ.
2.2. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “... Ерөнхий захирлын гэрээгээр 10 сая төгрөгөөс дээш дүнтэй санхүүгийн зарцуулалтыг цор ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр шийдвэрлэдэг ... Монгол Улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаал”-д орсны улмаас оффшор бүсэд хамаарах Их Британийн Виржин арлаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг шилжүүлэхтэй холбоотой гүйлгээг хийхэд удаа дараа буцаагдсан ... Ковид-19 цар тахлын улмаас хил хаасан тул хөрөнгө оруулагч Монгол Улсад ирэх боломжгүй байсан” хэмээн тайлбарлах бөгөөд харин тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөөгүй талаар маргахгүй байна.
2.3. Анхан шатны шүүхээс хэрэгт хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг тодруулж, шинжлэн судалж дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж, 34 дүгээр зүйлийн 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/10 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “... Ковид-19 өвчнөөс шалтгаалан төлбөрийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй” байгаа талаараа дурдаж, төлбөр төлөх хугацааг сунгаж өгөхийг хүссэн байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3132 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бүрэн төлж бүртгүүлэхийг” мэдэгдсэн, энэхүү албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан шалтгаан нөхцөлийг судалж, хариу өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.6. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” хэмээн зааснаар хариуцагчаас хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан ажиллагааг хийж, тусгай зөвшөөрөл цуцлах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн судалж, түүний үндсэн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох эсхүл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн аль нэгийг гаргахаар байна.
2.7. Гэтэл энэхүү маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй, мэдэгдэх ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт, холбогдох баримтыг судлалгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг нь цуцалж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй.
2.8. Эрх бүхий байгууллагаас ковид-19 цар тахалтай холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа асуудлыг зохицуулаагүй байх нь хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлтэй холбоотой нотлох баримт, бичгийг хянаж шийдвэр гаргахад нөлөөлөхгүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.9. Ийнхүү хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйн хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нөхцөл байдлыг бүрэн судалж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Монгол Улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаал”-д орсны улмаас оффшор бүсэд хамаарах Их Британийн Виржин арлаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг шилжүүлэхтэй холбоотой гүйлгээг хийхэд удаа дараа буцаагдсан ... Ковид-19 цар тахлын улмаас хил хаасан тул хөрөнгө оруулагч Монгол Улсад ирэх боломжгүй байсан” гэх нөхцөл байдлууд нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэгч “З” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
2.10. Анхан шатны шүүх төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх гомдлын тухайд нэхэмжлэгч “З” ХХК-ийн ерөнхий захирлаас С.Б-т 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу С.Б-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “З” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг төлөөлөх эрхгүй гэж маргаагүйн дээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь ирцтэй холбоотой санал, хүсэлт байхгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн байна.
2.11. Хэдийгээр шүүх хуралдаанд оролцох үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан, шүүх төлөөлөх бүрэн эрхийг шалгаагүй буруутай байх боловч энэхүү үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй.
2.12. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН