Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0058

 

         

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Батлан хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Бригадын генерал Х.Б-ийг чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 812 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0405/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Бээс Батлан хамгаалахын сайдад холбогдуулан “Батлан хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 812 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 42, 46, 62 дугаар зүйлийн 62.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Батлан хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16 403 914 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Томилогдохоос өмнөх цаг үеийн асуудалд тухайн албан тушаалтан хамаарахгүй гэсэн нь төрийн хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхгүй, төрийн залгамж чанарыг алдагдуулж болно гэсэн хууль тогтоомж, ёс зүйтэй зөрчилдсөн дүгнэлтийг хийжээ. Энэ нь хэрэгт авагдсан Батлах хамгаалахын яамны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1в/2781 тоот “Гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичиг, Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоол, тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “сонсох ажиллагааг зохион байгуулсан тэмдэглэл”, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06-02/03 дугаартай албан бичгийн шаардлага, зэрэг нотлох баримтуудыг шууд үгүйсгэж байна.

3.2. Нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болохоос дахин тушаалаар сахилгын шийтгэл ногдуулаагүй. Тийм баримт байхгүй. Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Х.Б-ийг албан үүрэгт ажлаас чөлөөлж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлснийг хууль зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх, дүгнэх боломжгүй юм.

3.3. “Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй” гэж заасан баталгаагаар хангагдах эрхтэй юм” гэж нэхэмжлэгч гомдол гаргаагүй, маргаагүй асуудлыг хөндснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хэт нэг талыг барьж шүүгч шийдсэн гэж үзэж байна.

3.4. Төрийн албанд түр томилогдсон этгээд гэж үзэхгүй бөгөөд гэсэн нь нэхэмжлэгчийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хуульд заасан зохицуулалтыг хэрэглэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг буруу дүгнэж тайлбарлаад байгааг, “Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож” гэсэн нь эрх бүхий этгээдийн хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийг хуулиас давж  шүүгч шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тушаалд “...Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ... томилсугай” гэж байгааг тус тус дээд шатны шүүх анхаарах биз ээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Батлан хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг үндэслэн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал Х.Б-ийг “албан ажлын шаардлагыг харгалзан” үүрэгт ажлаас нь чөлөөлж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “...бодит байдалд албан ажлын шаардлагаар өөр албан тушаалд шилжүүлэн томилох эрх зүйн орчин нь үүсээгүй ... төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлж ажиллуулж болох байсан” хэмээн тайлбарлан маргажээ.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно” хэмээн цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.

2.4. Энэхүү зохицуулалтын дагуу цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлагыг харгалзан шилжүүлэн томилж болох боловч албан тушаалаас нь шилжүүлэх тохиолдолд “албан ажлын зайлшгүй шаардлага” бий болсон байх, өөр албан тушаалд заавал томилсон байх шаардлага тавигдах учиртай.

2.5. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь Цэргийн албаны тухай хуулийн цэргийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийг “албан ажлын шаардлагыг харгалзан” хэмээн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн атлаа ямар албан тушаалд томилохоор шилжүүлсэн нь тодорхойгүй үлджээ.

2.6. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Х.Бийг өөр ажилд шилжүүлэн томилох ямар зайлшгүй “албан ажлын шаардлага” бий болсон болох нь тодорхойгүй, энэ талаарх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

2.7. Энэ тохиолдолд маргаан бүхий Батлан хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй” заасанд нийцэхгүй.

2.8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Батлан хамгаалахын сайдын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэгчийг Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь буруу байна.

2.9. Учир нь нэхэмжлэгч Х.Б нь Батлан хамгаалахын сайдын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх үүнийг анхааралгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж, ерөнхий захирлын албан тушаалд томилж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй.

3. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 812 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг “... Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН