Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 470

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910024160836 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 50 настай, тусгай дунд боловсролтой, Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хар хорин сум, Эрдэнэтолгой баг 10-3 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт С-гийн Б- / РД: 0000000/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 63а байрны 19 тоотод гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэ бүхий сувдан даруулга 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөг тус тус хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Т.Б-д 3,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хийж хохирлоо нөхөн төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл С.Б- гэх хүн үйлчлэгчээр манай гэрт ажилласан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт байсан эртний хөөрөгний даалин, үсний сувдан даруулга зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд би 2 хоног хайгаад олдохгүй болохоор нь С.Б-ийг авсан байна гэж бодоод өөрөө хэлэхээсээ санаа зовоод хоёр найз болох Ганбаатар, Батгэрэл нарыг дуудаад уулзуулсан. Тэгтэл С.Б- нь даалин болон сувдан даруулгыг авсанаа хүлээн зөвшөөрсөн, тэгээд авчирч өг гэж гэхэд Хархорин зах дээр хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан өнөөдөр аваад ирье гэж хэлээд явсан, тэгээд алга болчихсон. Мөн өнгөрсөн 1 дэх өдөр цонхны тавцан дээр байсан 20.000 төгрөг алга болсон бөгөөд үүнийг бас С.Б- авсан байсан өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Би С.Б-ийг явсны дараа өөр зүйлс алга болсон эсэхийг шалгаж үзэхэд даалин үсний даруулга, хоёроос гадна 1960-1970 оны үед хэрэглэж байсан 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, сувдан бугуйвч, халбага сэрээний иж бүрдэл, хар ягаан өнгийн үүргэвч зэрэг зүйлс алга болсон байна. Одоогоор мэдэгдэж байгаа нь эдгээр зүйлс алга болсон байна. ...Би эд зүйл алдсанаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн, би С.Б-ээс яг хэзээ манайхаас эд зүйл авсныг асуухад 20.000 төгрөгийг авах үеэр авсан гэж хэлсэн, тухайн өдөр нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байна, би тэр өдрийн С.Б-ийн данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. ...Гомдол санал байхгүй...” /хх-ийн 129, 185-186/ гэсэн,

 

Гэрч Ч.Раднаасэд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би С.Б- гэх хүнийг зүс танина, Чимэгээ гэж өөрийгөө хэлсэн. Тухайн Чимэгээ гэгч нь 2019 оны 9 сарын сүүл 10 сарын эхээр намайг Хархорин зах дээр ажиллаж байхад орой 17 цагийн орчим ирээд надад нэг шүрэн толгой байна гээд үзүүлсэн тэгээд үзтэл тэр нь шүр биш байсан, тэгээд Чимэгээ нь тухайн хөөрөгний толгойг нэг уутнаас гаргаж ирсэн бөгөөд гаднах уутыг нь зарна гэсэн, мөн хамт нэг жижиг сувдан даруулга байсан. Тухайн даалинг, үсний сувдан даруулгатай нь зарна гэхээр нь би 85,000 төгрөгөөр авья гэтэл зөвшөөрөөд өгсөн. Чимэгээ нь үүнээс ойролцоогоор сар орчмын өмнө манай лангуун дээр ирж жижиг тагтай гоёлын сав авах уу гэж байсан, тэгээд тэр савыг нь би 15,000 төгрөгөөр худалдаж авсан, тэр үед миний гар утасны дугаарыг авсан. Тухайн үедээ надад шүрэн толгой байгаа гэж ярьж байсан.

...Надад хөх цоохор өнгөтэй металл утсан оруулгатай жижиг даалин, мөн жижиг сувдан үсний даруулгыг 85,000 төгрөгөөр зарсан. Үүнээс өмнө надад гоёлын жижиг сав 15,000 төгрөгөөр зарж байсан өөр зүйл надад зарж байгаагүй. Тухайн даалинг би лангуун дээрээ 10 орчим хоног тавьж байж байгаад үл таних эрэгтэй хүнд 155,000 төгрөгөөр зарсан, харин үсний даруулгыг 25,000-30,000 төгрөгөөр тухайн үед мөн өөр хүнд зарсан...” /хх-ийн 31/ гэсэн,

 

Гэрч И.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын дундуур 14-ний үед манай найз Т.Б- над руу залгаад манай гэрийн үйлчлэгч С.Б- манайхаас юм хулгайлчихсан юм шиг байна, чи ирээд нэг уулзаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 63а-19 тоотод үдээс хойш очсон. Тэгээд би тэдний гэрт найз Батгэрэлийн хамт С.Б-тэй уулзаж даалин, үсний хавчаар авсан уу, хэрэв авсан бол гаргаж өгөөч гэхэд С.Б- нь нилээн бодож байгаад би авсан гэдгээ хэлсэн...” /хх-ийн 32/ гэсэн,

 

 

 

Шүүгдэгч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 63а байрны 6 давхарт 19 тоот Т.Б-ы гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын эхээр гэрт байсан цэнхэр өнгийн шар хээтэй уут даалин болон үсний хавчаар зэрэг зүйлсийг хулгайлж авсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Т.Б-аас 20,000 төгрөг зээлж авсан, мөн өдөр цонхны тавцан дээр байсан 20,000 төгрөгийг би ажлын өмдний халаасандаа аваад хийсэн байсан. Тухайн өдөр би тэдний гэрт байсан унтлагын өрөөны шүүгээн дотор байсан даалин, үсний даруулга хоёрыг аваад гэрээс 17 цаг 40 минутын үед гарч гэртээ харьсан. Тэгээд миний цүнхэнд 3 хоног уг даалин, үсний даруулга хоёр явсан бөгөөд би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хархорин зах дээр очоод тэр хавиар даалин хавчаар хоёрыг зарах гээд явсан, тэр үед зах бараг хааж байсан, орой 19 цагийн орчим очсон. Тэгээд Хархорин зах дотор 1 давхарт үүдээр нь ороод зүүн гар тийш эргээд явахад байх бурхан, шашны эд зүйл лангууны хүнд нийлүүлээд 80,000 төгрөгөөр зарсан....” /хх-ийн 52, 67, 197/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-15, 17-25/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-41, 43-44/

- Дуудлагын лавлагааны дэлгэрэнгүй /хх-ийн 96-110/,

- Үндэсний төв архивын газрын албан бичиг /хх-ийн 195/,

- Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 75-76/, Банкны дансны хуулга /хх-ийн 90-93/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 63а байрны 19 тоотод гэрийн үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэ бүхий сувдан даруулга 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөгийг тус тус хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Т.Б-д 3,520,000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Т.Б-ы “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт байсан эртний хөөрөгний даалин, сувдан үсний даруулга зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд би 2 хоног хайгаад олдохгүй болохоор нь С.Б-ийг авсан байна гэж бодоод өөрөө хэлэхээсээ санаа зовоод хоёр найз болох Ганбаатар, Батгэрэл нарыг дуудаад уулзуулсан. Тэгтэл С.Б- нь даалин болон сувдан даруулгыг авсанаа хүлээн зөвшөөрсөн, тэгээд авчирч өг гэж гэхэд Хархорин зах дээр хүнд 80,000 төгрөгөөр зарчихсан өнөөдөр аваад ирье гэж хэлээд явсан тэгээд алга болчихсон. Мөн өнгөрсөн 1 дэх өдөр цонхны тавцан дээр байсан 20,000 төгрөг алга болсон бөгөөд үүнийг бас С.Б- авсан байсан өөрөө хүлээн зөвшөөрч байсан. ...Би С.Б-ээс яг хэзээ манайхаас эд зүйл авсаныг асуухад 20,000 төгрөгийг авах үеэр авсан гэж хэлсэн тухайн өдөр нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байна, би тэр өдөр С.Б-ийн данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн...” /хх-ийн 129, 185-186/ гэсэн, гэрч Ч.Раднаасэдийн “...Чимэгээ гэгч нь 2019 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр намайг Хархорин зах дээр ажиллаж байхад орой 17 цагийн орчим ирээд надад шүрэн толгой байна гээд үзүүлсэн, тэгээд үзтэл тэр нь шүр биш байсан, тэгээд Чимэгээ нь тухайн хөөрөгний толгойг нэг уутнаас гаргаж ирсэн бөгөөд мөн жижиг сувдан даруулга байсан. Тухайн даалинг үсний сувдан даруулгатай нь зарна гэхээр нь би 85,000 төгрөгөөр авья гэтэл зөвшөөрөөд өгсөн. Чимэгээ гэгч нь үүнээс ойролцоогоор сар орчмын өмнө манай лангуун дээр ирж жижиг тагтай гоёлын сав авах уу гэж байсан, тэгээд тэр савыг нь би 15,000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх-ийн 31/ гэсэн, гэрч И.Ганбаатарын “...2019 оны 10 дугаар сарын дундуур 14-ний үед манай найз Т.Б- над руу залгаад манай гэрийн үйлчлэгч С.Б- манайхаас юм хулгайлчихсан юм шиг байна, чи ирээд нэг уулзаад өгөөч гэж хэлсэн. ...Найз Батгэрэлийн хамт С.Б-тэй уулзаж даалин, үсний хавчаар авсан уу, хэрэв авсан бол гаргаж өгөөч гэхэд С.Б- нь нилээн бодож байгаад би авсан гэдгээ хэлсэн...” /хх-ийн 32/ гэсэн, шүүгдэгч С.Б-ийн “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б-аас 20,000 төгрөг зээлж авсан, мөн өдөр цонхны тавцан дээр байсан 20,000 төгрөгийг би ажлын өмдний халаасандаа аваад хийсэн байсан. Тухайн өдөр би тэдний гэрт байсан унтлагын өрөөны шүүгээн дотор байсан даалин, үсний даруулга хоёрыг аваад тэдний гэрээс 17 цаг 40 минутын үед гараад гэртээ харьсан. Тэгээд би ...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хархорин зах дотор 1 давхарт үүдээр нь ороод зүүн гар тийш эргээд явахад байх бурхан, шашны эд зүйл лангууны хүнд нийлүүлээд 80,000 төгрөгөөр зарсан....” /хх-ийн 52, 67, 197/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-41, 43-44/ Үндэсний төв архивын газрын албан бичиг /хх-ийн 195/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч  С.Б-ийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-ы эд хөрөнгөд 3,520,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 43-44/, гэмт хэрэг гарсны дараа хохирогч Т.Б- шүүгдэгч С.Б-т цалинг нь өгөхдөө гэрээс хулгайлсан 20,000 төгрөгийг суутгаж авсан, сувдан даруулга, даалингийн хохирол төлөгдөөгүй гэж мэдүүлсэн тул төлөгдөөгүй хохирол болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Б-ээс гаргуулж хохирогч Т.Б-д олгох нь зүйтэй.  

 

Шүүгдэгч С.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал, ажил эрхлэлт, насны байдал, ар гэрийн нөхцөл, хохирлоо нөхөн төлөхөө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд илэрхийлж буй зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь С.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс /хх-ийн 58/ 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл /хх-ийн 126/ нийт 62 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цаг /62 хоног х 8 цаг = 496 цаг/-аар тооцож, 496 цагийг түүнд оногдуулсан 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 54 цагаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910024160836 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Шүүгдэгч Б овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн Б-ийг 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /62 хоног х 8 цаг = 496 цаг/, 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагийг түүнд оногдуулсан 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 54 /тавин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Б- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ээс 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Т.Б--т олгосугай.

 

7. Эрүүгийн 1910024160836 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-т авсан урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийн Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР