Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

  2020             4            14                                          2020/ДШМ/466                                                                       

 

   С.Б-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 292 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Б-т холбогдох эрүүгийн 1910024160836 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн С.Б, 19.... оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ......... настай, эмэгтэй, .............боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...............тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

С.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамжны 63а байрны 19 тоотод гэрийн үйлчлэгчээр ажиллах хугацаандаа 3.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэ бүхий сувдан даруулга 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг тус тус хулгайлж, иргэн Т.Б-д 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаав.

Үндэслэл нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлохоор,

Мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, ... прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Дамно” ХХК 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, уг тайлангийн алдагдсан хавтагыг 3.000.000 төгрөгийг /хх-ийн 43-44/ үнэлсэн.

Гэтэл уг тайланг хэний ямар шийдвэрээр гаргуулсан нь тодорхойгүй, энэ талаар мөрдөгч, прокурорын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хавтас хэргийн 42 дугаар талд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол авагдсан, уг тогтоолоор шинжээч байгууллагаар “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийг тогтоож, үнэлгээ гаргуулахаар даалгасан, мөн үнэлгээчин, шинжээч Д.Амгаланд эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан атлаа “Дамно” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Б-: “... Гэрээс алдагдсан хөөрөгний даалин нь охины маань хамгийн нандин зүйл байсан, миний эмээгээс охиныг нь маань 16 нас хүрэхэд ирсэн, хавтага гэдэг зүйл. Тухайн хавтагыг Дондогдулам хатан МЭӨ онд амьдарч байхдаа хэрэглэж байсан, 1926 онд дуудлага худалдаагаар худалдан авч манай удамд орж ирсэн, ойролцоогоор 130-140 жилийн өмнө орж ирсэн, яг ижил хавтагыг нь Занабазарын музейн эрхлэгч хараад нандин зүйлийг соёлын өвд оруулна гээд зургийг нь авч байсан. Тухайн эд зүйлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна ...” гэж мэдүүлсэн.

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн тайлангаар алдагдсан хавтагыг 3.000.000 төгрөгөөр /хх-ийн 43-44/ үнэлсэн бөгөөд уг үнэлгээг хохирогч Т.Б-д танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрхийг эдлүүлээгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай, ингэхдээ алдагдсан хавтага нь эртний хийцийн хавтага мөн эсэхийг, соёлын өвд багтах эд зүйл мөн эсэхийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын үнэлгээчинг оролцуулж тодорхойлуулах, үүнтэй холбоотойгоор хавтаганы үнэ цэнэ өөрчлөгдөх эсэхийг нэг мөр шалган тогтоох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж байдлыг үнэн зөв тогтоож тодорхойлоход ач холбогдол бүхий байна.

Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор “ ... С.Б-ийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий сувдан бугуйвч, нэг бүр нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аяга, 648.000 төгрөгийн үнэ бүхий халбага, сэрээний иж бүрдэл, 168.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч нэг ширхэгийг хулгайлсан гэх үйлдлийг ...” хэрэгсэхгүй болгосон, уг тогтоолыг хохирогч Т.Б-д 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулж, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах тухай зохицуулалт бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “оролцогч нь ... хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргана” гэснийг зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон дээрх эрхийг эдлүүлэлгүйгээр, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр шүүгдэгч С.Б-т холбогдох эрүүгийн 1910024160836 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

         Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

 

1. Шүүгчийн захирамжид “...Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг хэний ямар шийдвэрээр гаргуулсан нь тодорхойгүй, мөрдөгч, прокурорын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн 42 дугаар талд Тэнцвэр Эстимэйт ХХК-иар шинжилгээ хийлгэх тогтоол байгаа атлаа Дамно ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргуулсан нь ойлгомжгүй байна...” гэжээ.

 

Гэтэл хавтаст хэргийн 49 дүгээр талд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахаар Дамно ХХК-г томилсон мөрдөгчийн тогтоол байсаар байтал Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг хэний ямар шийдвэрээр гаргуулсан нь тодорхойгүй, мөрдөгч, прокурорын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2. “...хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүхээс шинжээч томилох боломжтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

3. “...яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хохирогч Т.Б-д тухайн өдрөө танилцуулж, мөн өдөр яллах дүгнэлт үйлдсэн нь оролцогчийн эрхийг хязгаарласан...” гэсэн байх ба прокуророос дээрх тогтоолыг хохирогчид танилцуулан гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж танилцуулсан, түүнчлэн яллагдагч С.Б-ийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн зүйлчлэл, бусад байдалд нөлөөлөхгүй бөгөөд энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхээр хохирогчийг оролцуулан шийдвэрлэхээр хэлэлцэхгүй орхин, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дугаар зүйлийг удирдлага болголгүй зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалтуудыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/292 дугаартай хэргийг прокурорт буцаах захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх С.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн зарим заалт үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, тус шүүгчийн захирамжийн “гэмт хэргийн улмаас хулгайд алдагдсан гэх хөөрөгний даалин /хавтага гэх/ нь эртний хийцийн хавтага мөн эсэх, соёлын өвд багтах эд зүйл мөн эсэх, үүнтэй холбоотой үнэлгээ өөрчлөгдөх эсэхийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын үнэлгээчинг оролцуулан тодорхойлох” шаардлагатай тухай заалт нь С.Б-т холбогдох хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой юм.

Иймд шинжээчээр үнэлгээ хийлгэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн эд зүйлийн шинж чанар, биет байдлын талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсний дараа үнэлгээ хийлгэвэл зохистой болохыг тэмдэглэж байна.

Харин шүүгчийн захирамжийн “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн” талаар заасан заалт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, мөрдөгчийн шинжээч томилох тогтоолоор Дамно ХХК-ийг томилж, уг тогтоолын дагуу Дамно ХХК эд зүйлд үнэлгээ хийсэн болох нь тогтоогдож байгаагаас гадна прокуророос яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэх асуудал нь тухайн хэргийн шийдвэрлэлтийн хувьд ноцтой нөлөөлөхгүй, энэ талаар талуудаас маргаан гаргаагүй тул зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэл муутай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/292 дугаартай шүүгчийн захирамжийн дахин үнэлгээ хийлгэх талаар заасан хэсгийг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/137 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ