| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясахын Сугар |
| Хэргийн индекс | 121/2017/0021/З |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-06-18 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 07
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Ц
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 12.579.320 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, Р.Шүрхүү, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.О, гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Л.Х, гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Н, гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пн, иргэдийн төлөөлөгч Л.Т, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын цагдаа, шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаагийн дэд ахлагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Би багш мэргэжилтэй. 1970 онд төрсөн. Боловсролын байгууллагад 7 жил ажилласан. Докторын зэрэгтэй. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар ажилласан. Тухайн үед би аймгийн төвд суурин ажилтай байсан. Гэвч аймгийн Засаг даргын зүгээс Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалт хүмүүжил нь доголдолтой байна гээд намайг томилон ажиллуулах болсон. Би томилогдоод явахдаа ар гэр, үр хүүхдээ өвлийн хүйтэнд аваад нутгийн хүүхдүүдийг эрдэм боловсролтой болгоё гэж зориод гарсан. Манай сургууль 1012 суралцагчтай, 78 багш ажилчидтай байгууллага. Бүхэл бүтэн 10 жил хоорондоо хэрүүл маргаантай хагаралтай байгууллагыг хүлээн авч байсан. Түүнээс хойш хүний нөөцийн шилдэг аргуудыг хэрэгжүүлж хамт олны уур амьсгал болон сурлага, урлаг, хүүхдүүдийн суралцах орчин болон сургуулийн нэр хүндийг өргөж чадсан гэж үзэж байна. Намайг тухайн сургуулийн захирлаар очиход Өвөрхангай аймгийн 30 сургуулийн 28-рт жагсдаг байсан. Түүнээс хойш 2016 онд 87 хувьтай үнэлэгдэж Өвөрхангайн сургуулиудын 9 дүгээрт жагссан болсон. 2017 оны 05 дугаар сард Аймгийн мэргэжлийн хяналтийн байцаагч нар ирж ажилласан. Дүгнэлт гарч тэр дүгнэлтээр 72 хувь нь хамт олны сэтгэл ханамж сайн таатай орчин бүрдсэн гэж дүгнэгдсэн. Ингээд ажиллаж байхад аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Энэ захирамжинд тайлбар хийхдээ сумын Засаг дарга чинь тантай хамтарч ажиллах боломжгүй гэсэн гэж тайлбарласан. Миний хийсэн бүтээсэн цагаан гэгээлэг зүйлийг үнэлэхгүй ажлаас халсан. Боловсролын тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар санал аваагүй, хувийн хэргийн бүртгэлгүй ажлаас халсан. Иймд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Сургалт хүмүүжлийн ажил явуулахад хүүхдийн харилцаа хандлага доголдолтой байсан. Би анх удаа нутагтаа 100 буудалт даамны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож байсан. Сургуулийн багш сурагчдийн харилцаа хандлагыг дэшлүүлэн ажиллаж байхад намайг сургуулийн төсвөөс мөнгө шамшигдуулан завшсан, ашигласан байх магадлалтай гэж бичсэн байдаг. Надад тэгж мөнгө завшсан, өөрөө дур мэдэн зарцуулсан зүйл байхгүй. Ийш тийшээ тэмцээн уралдаанд манай сургуулийн хүүхдүүд их явах болсон. Тэр үед нь мах, боорцог, хоол ундыг нь бэлдээд л явуулдаг байсан. Мөн энэ тэндээс шалгалт, сургалт, тэмцээнээр ирсэн хүмүүсийг сургуулийн хүүхдийн хоолноос өгөх зүйл байсан. Түүнээс биш би сайн дураараа дур мэдэн зарцуулсан зүйл байхгүй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж оролцож байна. Аймгийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамж нь хэд хэдэн зүйлээр хууль зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 15-д чөлөөлнө гэж зааж өгсөн байгаа. Гэтэл чөлөөлж өгнө үү гэсэн албан бичиг зөвшөөрөл аваагүй. Зүгээр л Аудитын баримт болон нэг талыг барьж ажлаас халсан. Тухайн хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх буюу дээд шатны шүүхээр удаа дараа орж хянагдсан. Энэ Б/30 тоот захирамж нь 2 талтай нэг талаасаа захиргааны шийдвэр нөгөө талаас үзэхэд акт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2-т шалгуурын заагаад өгсөн байгаа. Энэ акт, шийдвэрийг гаргахдаа Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Үүнийг хэд хэдэн зүйлээр тайлбарлаж болно. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн. Нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй. Сонсох ажиллагааг зөрчсөн. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй өмнө нь уг хэргийг шийдэхэд сонсох ажиллагаа хийсэн баримт байхгүй байсан. Тухайн үед шүүх хуралдааныг завсарлуулж байгаа авсан 2 хуудас баримт л байсан. Энэ баримт нь албан ёсоор сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй баримт юм. Сонсох ажиллагаа хийгдсэн тэмдэглэл дээр миний үйлчлүүлэгч Ц-н гарын үсэг байдаггүй. Өөрөө харин албадан шахалтанд тодорхойлолт бичүүлсэн байсан. Ингэж хууль шүүхийн өмнө адил тэгш байх эрхийг зөрчиж болохгүй байх. Мөн 31-д заасан мэдээлэл өгөх, 32-д бичиг баримт танилцуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй. Энэ байдлуудаас үзэхэд энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж хуулиас гадуур явагдсан үйл ажиллагаа. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сайн мэдэж байгаа байх. Би давах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож үүнийг нь тухай бүр тайлбарласан. Ийм зүйлүүдээр захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байхыг хангасан уу? үгүй юу? гэдгийг шүүх бүрэлдэхүүн харж үзээч ээ гэж хүсмээр байна. Үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болж байна. Анхнаасаа захиргааны акт гаргах журмыг зөрчсөн бол тэр акт хүчин төгөлдөр бус байна. Дараагийн зүйлд Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 5, 41 дүгээр зүйлийн 3-т хамааруулж захирлыг ажлаас халах тийм үндэс байхгүй. Р.Шүрхүү өмгөөлөгч хүртэл тайлбартаа дурдсан сургуулийн захирал бол эд хариуцагч биш шүү дээ. Хөдөлмөрийн хуульд байгаа хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн, итгэлийг эвдсэн гээд Дээд шүүхийн тайлбарт байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг бол сайн мэдэж байгаа байх. Засаг даргын гол үндэслэл болгоод байгаа Аудитын дүгнэлтэнд Цэрэнлхам тийм тийм буруутай гэсэн тодорхой заасан зүйл заалт байхгүй. Тодорхой биш ерөнхий зүйл л дурдсан байдаг. Өөр Дээд шүүхийн бүгд хурлын 2016 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 3 гэдгийг тогтоосон байвал зохино гэж заасан байдаг. Гэтэл энэ байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамж Ц-г ажлаас халах тушаал нь хуульд заасан хугацааны асуудлыг хөсөрдүүлсэн. Хөдөлмөрийн хуулийн 131-д зааж өгсөн байгаа. Сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор Аудитын дүгнэлт 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 18-нд хууль баримтлаагүй захирамж гарсан. Иймд энэ хүнд шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй байна. 09 сарын 18-ны өдөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. 2015, 2016 оны зөрчилд шийтгэл оногдуулсан байдаг энэ бол хууль бус шүү дээ. Мөн 2015 оны баримт дээр ч шийтгэл ноогдуулсан байдаг. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/28 тоот захирамж гаргасан арга хэмжээ авсан шийтгэл ногдуулсан. 2016 оны 1 дүгээр хагасын тайланд Аудитын дүгнэлтийг үндэслэн Ц-н цалинг 20 хувиар суутгасугай гэж шийтгэл оногдуулчихаад 2017 оны 09 дүгээр сарын 18-нд ажлаас нь халах шийтгэл оногдуулсан байдаг. Эхний удаад нь буюу нэг сануулах арга хэмжээ аваад дараа нь яг тэр зөрчлөөр нь ажлаас нь халах арга хэмжээ шийтгэл ноогдуулдаг ийм зүйл байхгүй байх аа. Аудитын дүгнэлт гарснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлаас нь халж шийдсэн. Өөр нэг зүйл бол Ц нь ямар буруутай байсан бэ гэдгийг нотлож заагаагүй байж захирамжаар халж шийдсэн байдаг. Эцэст нь шүүх хуралдаан дээр байгаа шүү даргаа тэр контоортоо, тэр хүмүүсээ худлаа ярь энэ тэр гэж хэлээрэй. Би Монгол Улсын гавъяат ажилтан хүн шүү. Зүгээр нэг нам дагасан боорцог биш шүү. Уучлаарай. Эцэст нь хэлэхэд Б/30 захирамж нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. Ээлжийн амралт тооцоогүй, ажлыг нь өгч авах асуудлыг энэ захирамжинд дурдаагүй. Эцэст нь энэ хүн Контрактаар ажилладаг хүн. Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан. Төсвийн хууль 70.3 дахь хэсэгт гэж заасан энд тийм зүйл байхгүй байсан. Засаг даргын захирамж нь хууль бус байна. Энэ хүн гэмт хэрэг хийгээгүй ёс суртахууны зөрчил гаргаагүй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Ц-г халсан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр халах захирамждаа Боловсролын тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 15-ыг барьж зааж өгсөн байдаг. Энэ нь боловсрол соёлын даргын санал болгосноор энэ ажилтныг халж болно гэсэн заалт байгаа юм. Гэтэл санал болгосон зүйл байдаггүй. Шүүхээс үзлэг хийхэд боловсрол соёлын газрын даргын хүргүүлсэн санал гарч ирдэггүй. Үүнээс үзэхэд тус хуулийн 30.1 дүгээр зүйлийн 15-д заасан зүйл заалт нь үндэслэлгүй болж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 70.1 дэх хэсэгт зааснаар төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан гэж дүгнээд байна. Энэ нь нотлогдохгүй байна. Тухайн яриад байгаа хоол хүнсний зарлага гарсан гэхдээ энэ нь сургалт семинар тэмцээн уралдаанд явсан ирсэн хүмүүсийг хооллож ундлахад гарсан зардлын мөнгөн дүн байгаа юм. Нэг ч удаа өөртөө захиран зарцуулж ашиглан шамшигдуулаагүй гэдгээ удаа дараа илэрхийлж ирсэн. Хариуцагчийн гол үндэслэл болгон тайлбарлаад байдаг зүйл нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аудитын дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтэнд Ц-г алдаа дутагдал гаргасан гэх зүйл илэрдэггүй. Нярав нягтланд үүрэг болгосон зүйл дурдагдсан байдаг. Үүнийг тухайн үед нь алдаа дутагдлаа засаж залруулсан байдаг. Иймд энэ Төсвийн тухай хуулийн 70.1 заасан заалт байхгүй гэж үзэж байна. Дараагийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг заагаад ажлаас халсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтанд ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэсэн заалт байдаг. Үүнд бас мөнгө санхүү хариуцсан этгээд гэж байдаг. Гэтэл Ц-н хувьд мөнгө төгрөг захиран зарцуулсан зүйл байхгүй. Мөн ажил олгогчийн итгэлийг эвдсэн баримт нотолгоо байдаггүй. 2012 оноос хойш л Аудитын шалгалт хийгдэж байсан. Тухай тухайн шалгалтаар бас цалин амралтын мөнгө илүү олгосон гэсэн байгаа. Үүнийг тухайн багш нараас нь гаргуулаад төлсөн зөрчлийг арилгасан байгаа. 12 компьютерийн асуудал 2010 оноос хойш яригдаж байгаа. Энэ асуудал нь мөн Ц-д хамааралгүйн тогтоогдоод явдаг. Гэхдээ Ц нь итгэлийг эвдсэн, төсвийн мөнгө зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн өмгөөлөгчийн хувьд хэлэхэд сургуулийн захирал нь үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Ингээд үр дүнгийн гэрээ хийгээд ажиллаж байгаа юм чинь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Контрактын хэлбэр юм. Хэрэв ажлаас халах байсан юм бол Контрактаар ажлаас халах ёстой байсан. Гэтэл 2017 онд үр дүнгээ дүгнэхэд 87 хувьтай буюу маш сайн дүгнэгдсэн. Ажлаас халах хэмжээнд хүрээгүй юм билээ. Өмгөөлөгчийн хувьд Контрактаар халах ёстой байсан гэж үздэг. Өмнөх хурлуудаар мөн хэлж байсанчлан Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй. Өмнө шийдвэр гаргаж шийдэж байсан шүүх хуралдаанд дээр шүүгч сонсох ажиллагаа хийсэн баримтаа аваад ир гэж бүр завсарлаж байгаа тэр баримтыг нь нөхөж авч хийсэн байдаг. Сонсох ажиллагаа хийсэн гэх тэр баримт нь тухай үед ердөө 2 хуудас баримт л байсан. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 29, 40 дүгээр зүйлд заасан заалтыг хангахгүй байгаа учраас сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй. Харин сүүлд сонсох ажиллагаа хийсэн гэх баримтаа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн шүүх хурлаас хойш нотариатаар батлуулаад 12 дугаар сар гарсан хойно баримтаа хэрэгт нөхөж хийсэн байдаг. Иймээс сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/404 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан иргэн Т.Ц-д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар “Ажлаас халах тухай” гаргасан шийдвэрт Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг удирдлага болгосон. Т.Ц нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аувитын албаны улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт, мөн тухайн байгууллагын аймгийн Засаг даргад ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар “Зөрчил арилгуулах тухай” алыан бичиг, Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн төсвийн зарцуулалт, санхүүд хийсэн аймгийн Аудитын газрын дүгнэлтээр санхүүгийн ноцтой зөрчил гарсан нь тогтоогдсон.
2. Т.Ц нь төсвийн сахилга бат алдагдуулж, 2016-2017 оны байгууллагын төсвийн үйл ажиллагаанд зөрчил дахин давтан гаргаж, өөрөө алдаа дутагдлаа засахгүй, дээд удирдлагын чөлөө зөвшөөрөлгүйгээр удаа дараа ажил тасалж, байгууллагын төсвийн зохион байгуулалт хийж чадавхигүйн тогтоогдсон тул цаашид хамтран ажилллах боломжгүй болно” гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г-д шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Өмгөөлөгч нар хүн доромжилж болдог юм болов уу? би сайн мэдэхгүй байна. Анх удаа шүүх хуралд орж үзэж байна. Шүүх хуралд орж үзээгүй. Гавъяат хуульч хүн байж хүн доромжлоод байгааг би ойлгохгүй байна. Би товч ярина. Захиргааны шүүхэд ирж байгаа гомдол шаардлага нь шалтгаан тоочсон зүйл л байдаг. Би тэгж намын харъяаллаар энэ хүнийг халаагүй. Харин ч энэ хүн бид хоёр нам ярьвал нэг намын хүмүүс. Энэ хүн ажлаа хийж чадахгүй алдаа дутагдал гаргаад байсан учраас аргаа барахдаа л ийм шийдвэр гаргасан. Энэ хүн ажил хийх хугацаандаа ихэнх үед нь сумандаа байгаагүй. Уг сумын иргэдээс асууж тодруулах юм бол бүгд хэлнэ. Доктор хамгаалж байгаа гээд бараг 2 жил ажлаа хийгээгүй. Сумынхан бүгд мэдэж байгаа. Энэ хүн байхгүй байхад сургуулийн сургалтын ажил ард нь хэвийн явсан. Би докторын сургалтанд явах гэж байгаа гэхэд нь хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Сум орон нутгийнхаа ажлыг хаячихаад ингэж явж болохгүй ээ гэж удаа дараа хэлж байсан. Би гаргасан шийдвэрээ Аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэж гаргасан гэж ойлгож байгаа. Хэрэв Аудит нь буруу дүгнэлт гаргаад энэ олон гарсан 20000000, 30000000, 70000000 төгрөгийн зөрчил нь буруу гэж үзэж байгаа бол Ц Аудитын байгууллагыг шүүхэд өгөх ёстой байсан гэж ойлгож байна. Надтай биш аудитын байгууллагатайгаа марга. Сая гавъяат хуульчийн яриад байгаа Аудитын дүгнэлт нь 2 өөр байгууллагын дүгнэлт байгаа юм шүү. Төрийн аудитын байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэнд үндэслэн эхний захирамжийг гаргасан. Мөн 2016 оны Аудитын дүгнэлтээр хязгаарлалттай гэж гарсан. Яагаад гэвэл хязгаарлалттай дүгнэлт нь хуулийг ноцтой зөрчсөн, зөрчил гаргасан эсвэл аудит хийх боломжгүй байдал үүссэн үед тухайн төсвийн байгууллага дээр хязгаарлалттай дүгнэлт гаргадаг. Ийм хязгаарлалтай 6 байгууллагын удирдлагууд дээр цалингийн 20 хувийн арга хэмжээ авсан юм. Дараагийн 8 сарын аудитын дүгнэлт нь санхүүгийн аудитын дүгнэлт байгаа. Нэг нь хөндлөнгийн аудитын байгууллага, нөгөө нь дотоод аудитын байгууллага тус тусдаа дүгнэлтээ гаргасан санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлт юм. Дотоод аудитын байгууллага надад дүгнэлт гаргаж өгөхдөө 5 заалттай ийм олон зөрчил илрүүлсэн гэж мэдээлсэн байдаг. Иймд Төсвийн тухай болон Төрийн албаны тухай хуулиар ийм арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж арга хэмжээ авах шаардлагатай байгаа болохыг мэдэгдсэн. Надад зөрчлийн талаар албан шаардлага акт ирсэн. Үүний дагуу бид шийдвэрээ гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг яриад байна. Тухайн хуульд заасан байдал тусгагдахгүй байсан учраас тусад нь Төсвийн тухай хуулийг оруулж өгсөн. Төсвийн сахилга хариуцлагын гэрээ байгуулсан энэ гэрээнд маш тодорхой заасан гэж үзэж байна. Сумын удирдлагууд ч ярьж байсан. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Гаргасан алдаа дутагдал зөрчлөө арилгахгүй байна гэж хэлж байсан. Намын ялгавар гаргасан гэж яриад байна бид нэг намын хүмүүс. Сүүлдээ аргаа бараад сумын иргэдээс нь одоо энэ хүн чинь килограммын боорцгийг ширхэгээр нь өгдөг боллоо гэж хэлдэг байсан. Бид аргаа барахдаа энэ шийдвэрийг гаргасан. Сонсгол хийсэн үү, сонсох ажиллагаа хийгдсэн үү гэдэг тухайд бол сонсгол хийсэн Төрийн захиргаа, удирдлагын даргатай байж байгаад учир байдлыг нь хэлээд танилцуулсан, хангалттай мэдэгдэж сонсох ажиллагаа хийсэн. Сонсгол хийсэн гарын үсэг байгаа. Тэр гарын үсийг нь шалгуулах нь зүйтэй байх өөрийнх нь л гарын үсэг шүү дээ. Анхны шүүх хурал дээр бид тухайн бичиг баримтыг авчраагүй байсан. Тэгээд шүүх хуралдаан завсарласан үед та өөрөө хэлж болдоггүй юм уу? сонсгол хийсэн биз дээ гэхэд би шийдсэн хүн шүү дээ гэж хэлсэн. Ийм л юм ярьдаг хүн. Хүн чанарын хувьд яг байсан хоёр, гурван хүний нүүр лүү харж байгаад худлаа хэлэхгүй болов уу гэж бодож байна. Бид мөн дараагийн шүүх хурлууд дээр шаардлагатай баримт материалыг гаргаж өгсөн гэж ойлгож байгаа. Зөвшилцөлийн талаар ярьж байна. амаар болон бичгээр аль ч хэлбэрээр зөвшилцөл хийж болдог. Удаа дараа Боловсрол соёлын дарга П-д хэлж ярьж хангалттай зөвшилцөж байсан. Амаар зөвшилцөөд хуулийнх нь дагуу сонсох ажиллагааг хийсэн. Хөдөлмөрийн хуулийн дагуу үндэслэлтэй захирамж байсан гэж үзэж байна. Ц-тай холбоотой заалт байхгүй байсан гэж байна. Ц нь төсвийн шууд захирагч учраас удирдах албан тушаалтанд гэж хуулийн заалт байгаа. Арга хэмжээ авсан нь зүйтэй аудитаас гаргасан маш олон дүгнэлтээр түүний зөрчил нь тогтоогдоод байна. Хэрвээ аудитын байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тус байгууллагыг шүүхэд өгөх байсан байх” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гаргасан захирамжийн хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хууль нарийн журамласан захирамж хяналт үнэлгээ хийх журмыг сайн зохицуулсан гэж бодож байна. Сонсгох ажиллагаа явуулах талаар мэдэгдэж танилцуулсан байдал нь хуулийнхаа хүрээнд явагдсан. Баасан өмгөөлөгч хэлж байна бид хуулийн дагуу байх ёстой гэж үүнтэй санал нэг байна. Хуулийн дагуу чин шударгаар явж хуулийг хэрэгжүүлэх ёстой. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга Ц-г өрөөндөө дуудсан байдаг. Дуудахаас өмнө дарга нар яриад санхүүгийн ямар ямар зөрчил гаргасан. Энэ зөрчлүүдтэй холбогдуулж Ц-д өмнө нь сахилгын шийтгэл ноогдуулж байсан юм уу? үгүй юу гэдэг дээр бүх саналууд солилцоод энэ шийдвэр гаргах ажиллагааны талаар Засаг даргын өрөөнд хийх боломжгүй байсан учраас Хууль зүйн хэлтсийн дарга миний өрөөнд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга бид 2 Засаг даргаас үүрэг аваад сонсох ажиллагааг хийсэн. Тухайн үед Ц нь буруугаа ойлгож ухаарсан. Халахаас өөр арга хэмжээ авч болохгүй юм уу? гэж хүртэл хэлж байсан. Өөрөө бичиж өгсөн тодорхойлолт нь хүртэл бий. Бүгд хуулийн дагуу явагдсан ажиллагаа юм. Шийдвэрийн үндэслэл болох Боловсролын тухай хуулийн 30.1.15-ыг ярьж байна. Бид Боловсрол соёл урлагын даргатай зөвшилцөөгүй байсан бол шийдвэр гаргах шаардлагагүй. Даргатай нь зөвшилцөөд санал аваад үр дүнгийн гэрээ буюу боловсролын хуульд холбогдуулж огт маргаан үүсгээгүй. Энэ хүн чинь төрийн захиргааны удирдах албан тушаалтан төсвийн шууд захирагч гэсэн утгаараа төсвийн хяналт шалгалтаар зөрчил нь тогтоогдсон учраас бид зөвшилцөөд энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ зөвшөлцөөгүй байсан бол Боловсролын тухай хуулийн 30.1.15-ыг оруулахгүй байсан. Бид зөвшилцсөн хангалттай зөвшилцөж ярилцаж байж ийм шийдвэр гарсан байдаг. Төсвийн тухай хуулийн 70.1 дүгээр зүйлд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоод ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа хүний хувьд Төрийн албаны тухай хуулиар сахилгын арга хэмжээ ноогдуулна. Боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулиар буюу арга хэмжээнд сахилгын шийтгэл ноогдуулах арга хэмжээ яригдана. Тийм учраас Төсвийн тухай хуулийн 70.1 дэх заалтыг бариад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-ыг яагаад удирдлага болгосон бэ? гэхээр байгууллагын итгэл алдсан, эрх бүхий байгууллагын ажилтан маань эрх бүхийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Өмгөөлөгч нар хэлсэн эд хариуцсан бидний удирдлага болгоод байгаа Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тайлбарт хариуцагч таслал тавиад тухайн байгууллагын удирдах албан тушаалтан гээд тод заалт нь байгаа. Хамгийн чухал асуудал нь төсвийн хувьд асуудалтай байна уу. Энэ хүн нэгдүгээр гарын үсэг зурж байгаа төсвийг шууд захирч байгаа хүн. Тухайн ерөнхий боловсролын сургууль гэж байгаа боловч сургууль гэдэг нь хэнээр илэрхийлэгдэх юу гэж ойлгохын тухайд бол байгууллагын удирдлага л яригдана шүү дээ. Аймгийн аудитын газрын дүгнэлтүүдийг нотлох баримтаар өгсөн байгаа. Байгууллагын дотоод хяналт шалгалт буюу аймгийн Засаг даргын жил болгон төрийн байгууллагуудад хяналт үнэлгээ хийдэг ажлын хэсэг гардаг. Энэ ажлын хэсгийн үнэлгээгээр, өмч тооллогын дүгнэлтээр, эрх бүхий олон хяналт шалгалтын байгууллагуудын хяналт шалгалтын дүгнэлтүүдээр илэрсэн зөрчлүүдийг нийлүүлж ийм арга хэмжээ авсан байдаг юм. Төсвийн хяналт шалгалт гэж байгаа. Ц-н нэр байдаггүй гээд яриад байна. Тухайн хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрөөгүй бол Ц гарын үсэг зурахгүй байж болно, харин гомдлоо гаргаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраа хэлээд маргаж болно гэтэл огт гомдол санал гаргаагүй байдаг. Харин тэр гаргасан зөрчлөө арилгаж, төлбөр тогтоосныг нь төлсөн баримт хүртэл байгаа. Мөн шинээр гаргаж өгсөн баримтууд дээр ч зөрчлүүд нь тодорхой байгаа. Нярав, нягтлангууд нь удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг л бид биелүүлдэг шүү дээ гэдэг. Гэтэл Ц нь миний нэр байхгүй гээд зайлсхийж, хуулийн хариуцлагаас зутгаж, өөрийгөө өмөөрч хуулийг зөрчсөн байтлаа нярав, нягтлангаа хариуцлагаа хүлээх ёстой байсан гэж үзэж байна. Тийм учраас хариуцагчийн зүгээс гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хууль шинэчлэгдэж батлагдаж гарч ирснээсээ хойш хууль зүйн дотоод хэргийн яам болон хэрэг эрхлэх газраас дагалдаж хууль хэрэгжүүлэх хяналтын журмууд нь одоогоор гараагүй байгаа. Манай аймгийн хувьд энэ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийх тухайд хуульд заасан журмыг харин сайн хэрэгжүүлдэг гэж ойлгож байна” гэв.
Гуравдагч этгээд Д.Э шүүхэд албан бичгээр ирүүлсэн тайлбартаа[1]:
“Богд сумын ЕБСургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Э миний бие Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18 -ны өдрийн захирамжтай танилцлаа. Миний бие "Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд"-ээр оролцохоос татгалзаж байна. Шалтгаан нь: Захирлын түр орлон гүйцэтгэгч Энхнаран миний бие Богд сумын 7 дугаар багийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч болох нь үнэн болно. МУ-ын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасны дагуу эрхээ эдэлж байгаа билээ . Миний бие одоогоор нийгмийн ухааны багш, захирлын түр үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа билээ. Богд сумын ЕБС-ын захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаагүй, шийдэгдээгүй байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 27-нд Богд сумын багш ажилчдын цалинг тавьж ямар нэг асуудал гараагүй сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдаж байна. Багш ажилчдын цалин тавьсан нь төрийн сангийн хуулгаас харагдана. Миний бие Нийгмийн ухааны багш, захирлын түр орлон гүйцэтгэгчийн ажил хавсран гүйцэтгэж байгаа ажлын ачаалал ихтэй ажиллаж байна. Бие даасан гуравдагч этгээдээр оролцоход багшийн үүрэгт ажил зарим тохтолдолд орхигдох, сурагчид хохирох тал байна. Иймд Бие даасан гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байгааг хүлээж авна уу” гэжээ.
Гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“2017 оны 04 дүгээр 17-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд дуудсан. Тэгэхэд Ц-тай холбоотой санхүүгийн асуудал гарсан талаар ярилцсан. Энэ удаагийн ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаан нь санхүүгийн сахилга бат алдсан учраас халагдсан гэж ойлгож байгаа. Бид нар удирдлагын түвшинд асуудлыг авч хэлэлцэж хоорондоо зөвшилцсний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн. Би даргын хувьд Цэрэнлхамтай удаа дараа дуудаж уулзаж бичгээр мэдэгдээгүй ч амаар хэлж сануулж дурдаж байсан. Ц-н ажлаас чөлөөлөгдөх болсон гол шалтгаан нь санхүүгийн зөрчил гаргасан аудитын дүгнэлт байсан. Энэ талаар Ц-д даргын зүгээс удаа дараа хэлж мэдэгдэж байсан. Тухайн ажлаас халагдах болсон үндэслэл нь үндсэн ажлын алдаа дутагдал биш харин санхүүгийн зөрчилтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх болсон. Санхүүгийн зөрчил гарсан талаар өөрт нь тайлбарлаж удаа дараа уулзаж байсан. Амаар бол тайлбарлаж өгсөн. Аймгийн хэмжээнд санхүүгийн ажилтнууд энэ зөвлөгөөнийг хийгээд сахилгын алдаа гаргасан бол тухайн ажилтныг ийм ийм үндэслэлээр ажлаас нь хална гэж гэрээ хийсэн. Засаг даргын өрөөнд тухайн зөвлөгөөнийг хийгээд сахилга хариуцлагын гэрээ гэж хийсэн байгаа. Энэ гэрээнд тодорхой зааж өгсөн. Үр дүнгийн гэрээний нэг хэсэг нь болсон байгаа. Халах талаар ярилцсан. Санхүүгийн хариуцлагын гэрээг ноцтой зөрчсөн, ноцтой алдаа гаргасан талаар хэлэлцсэн” гэв.
Гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Аймгийн санхүүгийн сахилга хариуцлагын зөвлөгөөнөөр аймгийн төсвийн бүх захирагч нарыг дуудаж уулзсан. Төсвийн тухай хуулийг бүрэн гүйцэд сайн хэрэгжүүлсэн байгууллага, хамт олон болох төсвийн хуулийг зөрчихгүй байх гэж уриалга гаргасан. Энэ уриалгын дараагаар Төсвийн сахилга хариуцлагын гэрээг байгуулсан. Энэ гэрээнд зөвлөгөөний үеэр гаргасан шийдвэр, албан даалгаврыг хэрэгжүүлэх, төсвийн хуулийг хэрэгжүүлэх үндэслэлээр гаргасан. Төсвийг төлөвлөх, зарцуулах үүрэгт ажиллагаа эдгээр гэрээнд тусгагдаж намайг гэрээний 1 тал болгосон. Зорилго нь төсвийн хуулийг чанд сахиж, төсөв санхүүгийн сахилга батыг чанд сахиж ажиллана, хэрвээ алдаа дутагдал гаргасан бол ажлаас нь чөлөөлнө, хална гэсэн утга агуулгатай. Уг гэрээг дүгнээд алдаа зөрчил байгаа бол арга хэмжээ аваад, сайн ажилласан бол шагнагдах нь шагнагдаад явж байгаа. Ц-тай холбоотой асуудал нь гэрээг зөрчсөн, аудитаар зөрчил илэрсэн. Ажлаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн. Гэрээний үндэслэлүүдэд зааж бичсэн байгаа. Санхүүгийн төсвийн сахилга зөрчсөн гэдэг нь аудитаар нотлогдсон баримт байгаа” гэв.
Гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Л.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аудитын шалгатаар зөрчил ирүүлсэн. Тухайн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Энэ шалгалтыг Э, Ц нар хийсэн. Энэ шалгалтаар нилээн зөрчил илэрсэн байдаг. 2735000 төгрөгний зөрчил илэрч, мөн хяналт шалгалт үнэлгээний газар очиж шалгалт хийхэд 6673000 төгрөг дутсан зөрчил илэрсэн. Мөн 329000 төгрөгийг бараа илрүүлсэн байсан. 6673000 төгрөгийн бараа дутсан байдаг. Тэгээд 5 сард шалгалт очиход 1570000 төгрөг, 1313400 төгрөг дутсан байдаг. Гаргасан зөрчил нь дандаа зориулалт бусаар зарцуулсан байдаг. Энэ нь няравын тооллого дээр алдаа болон гарч ирдэг. Тухайн илэрсэн зөрчлийг тайлбарлахдаа манай байгууллага тэмцээн уралдаан болон суманд ирж байгаа хүмүүсийг хооллож ундлахдаа зарцуулсан. Тэгээд тухайн зарцуулалтаа байрны хүүхдүүдийн тоог нэмж шингээж гаргадаг гэж тайлбарласан. Энэ нь Төсвийн тухай хууль, Төрийн өмчийн санхүү удирдлагын хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудал болж байгаа юм. Мөн хүүхдүүдийн өдрийн боорцогийг уутаар биш ширхэгээр тооцож авдаг байсан. Тухайн бүтээгдэхүүнийг үнэлж үзэхэд зах зээлийн үнээс маш өндөр гарсан байсан. Энэ зөрчлийг арилгуулахаар удаа дараа мэдэгдэж байсан боловч зөрчлөө арилгахгүй нэмж зөрчил гаргасаар байсан. Тэгээд хяналт шалгалт хийж дуусгаад аймгийн Засаг даргад 75 тоот албан бичиг хүргүүлсэн. Захирал гэрээ хийх ёстой. Гэхдээ захирал бараа эд зүйлийн гэрээ хийхдээ ширхэгээр хийсэн байсан. Биднийг шалгалтаар очиход тухайн гарсан зардлаа ийм ийм зүйлд зарцуулдаг гэж хэлдэг байсан. Гэхдээ зориулалтаар л зарцуулах ёстой. Яг хуулиараа энэ алдаа дутагдал, зөрчилд нь албан шаардлага бичиж өгч байсан ч зөрчлөө арилгасан гэж хариу ирдэг байсан хэдий ч дахин шалгалт хийхэд зөрчил нь хэвээрээ л байдаг байсан. Нэг уралдаан тэмцээн, хяналт шалгалтаар очсон хүмүүсийг хооллож ундлаад зардал зарцуулалт гарсан бол төсөв хооронд шилжүүлэлт хийж болох л байсан. Мөн өөрсдөө зарлага гарсан талаараа үнэн зөв мэдүүлж төсөвт оруулж байсан бол төрийн сангаас зарцуулагдаагүй мөнгөнөөс авч болох л байсан. Би энэ хэрэгт холбоотой бүх бичиг баримтаа өөрөө бүртгэж гаргаж өгсөн. 2015-2016 оныг шалгаж байхад дандаа ширхэгээр л авч байсан шүү дээ. 6673000 төгрөгийг өр үүсгэсэн. Би үүнийг хас гэж хэлэх эрх байхгүй. Хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчил шүү. Уутаар нь авсан хэрнээ ширхэгээр л өгдөг байсан. Зөрчилтэй холбоотой акт тавигдсан. Ашиглангийн хэрэг байж магадгүй гэж бодож байгаа учраас акт тавьсан. Бидэнд мөрдлөгө хийх эрх байхгүй. 2015-2016 он болон 2017 оны эхний хагас жил хүртэл шалгалт хийхэд зөрчил илэрсэн” гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.Т бичгээр гаргасан дүгнэлтэндээ:
“Энэ олон хүний яриаг сонслоо. Энэ хүнд ямар ч буруу байхгүй гэж хэлж чадахгүй байна. Ийм учраас энэ хүнийг хуучин ажилд нь эргүүлэн тогтоож тавьсан нь дээр байх гэж бодож байна. Надад өөр хэлэх зүйл алга байна” гэжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ц Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 12.579.320 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэг. “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамж[2] нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Засгийн газрын 2014 оны “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолыг үндэслэж гарсан байх тул шүүх уг захирамжийн хууль зүйн үндэслэл нэг бүрийг судлав.
1.1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг...ийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 30.1.15-д “аймаг...ийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал…ийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг...ийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх.” гэж заажээ.
Хуулийн уг заалт буюу Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэг нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн захирлыг хэрхэн томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт юм.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамж[3] нь Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-г ажлаас төрийн албанаас халсан утга агуулгатай байх бөгөөд чөлөөлөхтэй холбоогүй болох нь захирамжийн гарчиг болон агуулгаас нь илэрхий байна.
Учир нь халах, чөлөөлөх нь хууль эрх зүйн өөр утга агуулгатай төдийгүй гарах үр дагаврын хувьд эрс ялгаатай эрх зүйн зохицуулалт юм.
Иймд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг буюу ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт бүхий зүйл заалтыг үндэслэл болгон баримталж, нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын саналыг бичгээр авалгүй 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Т.Цэрэнлхамыг ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.2. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжийн үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байсан болохыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч, энэ нь техникийн алдаа байсан, захирамжийн төсөл дээр 70.3 гэж буруу бичигдсэн байсныг 70.1 гэж засвар оруулж зөвтгөсөн[4] байсан боловч шивэхдээ уг засварыг оруулалгүй тэр хэвээр нь шивээд гаргасан байсан зэргээр удаа дараа шүүхэд болон шүүх хуралдаануудад тайлбар өгчээ.
Хэдий хуулийн зүйл заалтыг буруу бичиж техникийн алдаа гаргасан байж болох ч үүнийг шүүх дээр нэхэмжлэл нь ирж захиргааны хэрэг үүсгэн маргааныг нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст шүүхийн шийдвэр гаргахдаа үнэхээр техникийн алдаа гаргасан алдаатай захиргааны акт байжээ гэж буруу бичсэн болохыг залруулж зөвтгөх боломж хууль эрх зүйн хувьд байхгүй байна.
1. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.” гэж хуульчилсан.
Хавтаст хэрэгт Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй[5] харин “Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчаас Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай 2017 онд Засгын газрын болон Засаг даргын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулах Үр дүнгийн гэрээ”[6], “Төсвийн сахилга хариуцлагын гэрээ”[7] байгуулан ажиллаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан тэдгээр гэрээнүүдээр нотлогдож байна.
Ажил олгогчийн зүгээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулаагүй атал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хуулийн зүйл заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Ц-г Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас халсан нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан зохицуулалт байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа харилцаанд огт хамааралгүй зүйл заалт ажээ. Иймд Хөдөлмөрийн хуулийн уг зүйл заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй.
1.4. Засгийн газрын 2014 оны “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолыг хариуцагч захирамжийнхаа 1 үндэслэл болгожээ.
Ажил, алба эрхэлж буй хэнийг ч болов ажил, албан тушаалаас нь халахдаа гагцхүү хуульд үндэслэж, хуульд захирагдаж шийдвэр гаргах үүргийг эрх бүхий албан тушаалтнууд /хариуцагч/-д Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль зэрэг Монгол Улсын иргэний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа суурь хуулиудад маш нарийн тодорхой зааж журамлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийг халахдаа гагцүү тухайн халах эрх олгосон, нөхцөл заасан хуулийн зүйл заалтыг үндэслэж, хуулийн тодорхой зохицуулалт яв цав бүрдсэн үед уг арга хэмжээг авах хууль зүйн зохицуулалт Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.
Үүнд тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 зэрэг хуулийн зүйл заалтыг дурьдах боломжтой.
Иймд засгийн газрын тогтоолыг баримтлан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас халсныг шүүх бүрэлдэхүүн хууль зүйн илэрхий алдаатай, үндэслэлгүй шийдвэр болсон байна гэж дүгнэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж төрийн албан хаагчид ямар хуулиар хариуцлага хүлээлгэх тухай нарийвчлан зохицуулж журамлажээ.
1.5. Хариуцагчийн тайлбар, үндэслэлийн тухай:
Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ төсвийн хууль тогтоомж зөрчигдсөн, шат шатны аудитын байгууллагуудын дүгнэлтүүд гарсан, зөрчил нь тогтоогдсон, удаа дараа төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчигдсөн гэх зэргээр үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган тайлбар хийн маргаж байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хариуцагчийн тайлбарыг огт үгүйсгээгүй бөгөөд ямар ч зөрчил гаргаагүй биш гэхдээ ажлаас халагдах хэмжээний зөрчил гаргаагүй, ганцхан захирлаас болж бүх зөрчил гарсан бүх зөрчилд ганцхан захирал буруутай байсан гэж үзэхэд учир дутагдалтай гэх зэргээр тайлбар хийжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж тус тус хуульчилсан. Хэрэв зөрчил гаргасан бол ямар хугацааны дотор хариуцлага тооцож шийдвэр гаргаж болох талаар Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд хугацааг нарийвчлан хуульчилсан байна.
Өвөрхангай аймгийн Аудитын газрын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай аудитын гэрчилгээгээр[8] “Хязгаарлалттай санал дүгнэлт” авч, Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2017 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж гаргасан Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 тоот дүгнэлт[9], Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн зөрчлийн тухай” 75 тоот албан бичиг зэргээс үзэхэд 2015-2017 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн шалгалт явагджээ.
2015-2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамж гарахаас 6 сарынх өмнөх цаг хугацаанд хамаарах зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 /Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2/-т заасны дагуу хариуцлага тооцож, шийтгэл ногдуулж болохгүй хуулийн зохицуулалтад хамаарч байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн хавтаст хэрэгт хөөн хэлэлцэх хугацаатай холбогдож гарсан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны арга хэмжээ авсан шийтгэврийг хүчингүй болгох тухай”[10] тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолд “... Дээрх зөрчил нь тухайн байгууллагын 2015-2016 оны санхүүгийн анхан шатын баримтуудыг шалгах явцад илэрсэн зөрчил бөгөөд уг зөрчилд ... нь шийтгэвэр ногдуулсан байна... зөрчил гаргагч Т.Цэрэнлхамыг захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар 720.000 төгрөгөөр торгож, хууль буруу хэрэглэсэн байх тул ... 720.000 төгрөгөөр торгосон, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 001212 дугаартай шийтгэврийг хүчингүй болгосугай”[11] гэж шийдвэрлэж, энэхүү прокурорын тогтоолоо 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай Прокурорын мэдэгдэх хуудсаар[12] мэдэгджээ.
Өвөрхангай аймгийн Хяналтын прокурорын тогтоолд дээрх дурьдагдаж буй 2015-2016 оны зөрчилд арга хэмжээ авч хариуцлага тооцох хуульд заасан хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг хоёргүй утгаар хэлсэн байх тул шүүх хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон уг тогтоолыг мөн шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Харин 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу 2 сар 13 хоногийн хугацаанд хамаарах зөрчил нь яг ямар зөрчил болох талаар тодорхойлж, уг цаг хугацаанд хамаарах зөрчлийн талаар тусгайлан хяналт шалгалт хийж дүгнэлт, акт гараагүй байх бөгөөд хариуцагч 2015-2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хамаарах зөрчил гэж хамтатгаж ярьж тайлбарлаж байгаа ба мөн шалгах эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт, албан бичиг нь ялгамжгүй бүхэлдээ 2015-2017 оны эхний хагас жил гэж байгаа тул шүүх үүнд шууд үнэлэлт дүгнэлт хийж хариуцагчийг зөвтгөх эсхүл нэхэмжлэгчийг буруутгах боломж хууль зүйн хувьд байхгүй байсан болохыг тэмдэглэж байна.
Хууль зүйн хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригдаж хэрэглэгдэх тохиолдолд чухам аль хяналт шалгалт болон зөрчил нь тухайн хөөн хэлэлцэх цаг хугацаанд хамаарч, аль нь эс хамаарч байгааг ялгамжтайгаар шалган нарийвчлан тогтоож зааглан өгч, тэдгээрийг тухайлан тусгайлан ялгаж үнэлэлт дүгнэлт өгч байж сая авч үзэх, хянах, үнэлж дүгнэх боломж хууль эрх зүйн хувьд бүрднэ.
Мөн зөрчлийг илрүүлснээс хойш Төрийн албаны туай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудад гагцхүү 1 сарын дотор л хариуцлагын арга хэмжээ авахаар хуульчлан зааж, уг хугацааг өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж сахилга хариуцлагын арга хэмжээ авах боломжгүй байхаар хуульчлан заасан байна. Эрх бүхий байгууллагууд болох шат шатны аудитын байгууллагууд Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд хяналт шалгалт удаа дараа хийж акт, дүгнэлт зэрэг эрхийн актуудыг гаргасан байх ба цаг хугацааны тухайд авч үзвэл эрхийн актуудын хамгийн сүүлд гарсан эрхийн акт нь Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 тоот дүгнэлт[13] байна.
1.6. Маргаан бүхий захиргааны акт Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд нийцэж буй эсэхийг хянавал:
Нэхэмжлэгч талаас Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж маргаж байгаа бөгөөд сонсох ажиллагаа хийгдээгүй, өмнө болсон анхан шатны шүүх хуралдаан дээр завсарлаж байгаад авсан баримтад сонсох ажиллагаатай холбоотой баримт байгаагүй ба 2 хуудас л баримт материал авагдсан байсан, үүнээс өөрөөр сүүлд нэмэгдсэн баримтуудыг шүүх үнэлэх эсэхэд эргэлзэж байна гэх зэргээр тайлбар хийн маргажээ.
Захиргааны аливаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудастай байх ёстой гэж хуульчлан заасан. Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамж нь хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудастай Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасанчлан шийдвэр гаргах бүхий л нөхцлийг хангасан байх бөгөөд эрх бүхий байгууллагын хуулбар үнэн тамга тэмдэг дарагдаж албажсан[14] төдийгүй шүүхийн үзлэгээр авагдсан[15] тэдгээр бичгийн нотлох баримт материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх үндэслэл хууль зүйн хувьд байхгүй болно.
Харин 2017 оны Б/30 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг баримтлаагүй, мөн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 болон Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг тус тус зөрчжээ. Мөн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал 40 дүгээр зүйлийн 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40 дүгээр зүйлийн 40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн зүйл заалтуудыг зөрчжээ.
Тухайлбал хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ төсвийн хууль тогтоомж зөрчигдсөн, шат шатны аудитын байгууллагуудын дүгнэлтүүд гарсан, зөрчил нь тогтоогдсон, Төсвийн тухай хуулийн хариуцлага хүлээлгэх заалтыг хэрэглэсэн гэсэн тайлбар хийж маргаж байгаа боловч Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжид нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар тодорхой дурьдаагүй, захирамжийн 1 дэх хэсэгт ажлаас халсан тухай бичвэр байх атал ямар үндэслэлээр буюу ямар зөрчил дутагдлын улмаас ажлаас нь халж байгаа тухайгаа тодорхой ойлгомжтой байдлаар илэрхийлж бичээгүй, уг захирамжийг гаргаж ажлаас халах болсон нөхцөл байдлыг тодорхой бичиж илэрхийлж дурьдаагүй байна.
Мөн захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг хуулийн 9 дүгээр бүлэгт нарийвчлан заасаар атал Б/30 дугаар захирамжид тус захирамжийг эс зөвшөөрвөл цааш хэнд хэрхэн гомдол гаргах тухай заагаагүй тусгаж өгөөгүй байна.
Иймд дээрх дурьдагдсан бүхий л нөхцөл байдлууд болон хууль эрх зүйн үндэслэлүүдийг дүгнэж үзээд шүүхээс нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Цэрэнлхамыг ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Ц-г урьд эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. “... ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 12.579.320 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Т.Ц-н гаргасан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” батлах тухай 55 дугаар тушаал, уг тушаалын хавсралтын 7 дахь хэсгийн а/-д заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 9 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 9 /ес/ сарын олговор болох 12.579.320 /арван хоёр сая таван зуун далан есөн мянга гурван зуун хорин/ төгрөгийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулах нь зүйтэй.
2.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-г ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Ц-г урьд эрхэлж байсан ажилд буюу Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ц-н ажилгүй байсан хугацааны буюу 9 /ес/ capын цалин 12.579.320 /арван хоёр сая таван зуун далан есөн мянга гурван зуун хорин/ төгрөгийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.Ц-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
.